sonin.mn

Төрт ёс хаадын сангийн тэргүүн, зохиолч, орчуулагч, түүх судлаач, соён гэгээрүүлэгч Д.Гүн-Үйлстэй ярилцлаа.  

 

- Сайн байна уу? Төрт Ёс, Хаадын Сангийн зорилго, зорилтын тухай танилцуулахгүй юу, яг одоо ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?


-Манай Сан ирэх жил 30 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Өнөөдөр бид их хаад, эх түүх гээд ярихад хүмүүс таашаан хүлээж авна. Харин өнөөдрөөс 30 жилийн өмнө байдал өөр байсан. Ардчилсан хувьсгал гарч, оюун санааны эрх чөлөөг тунхаглаад удаагүй байсан болохоор аргагүй биз. Тэр үед Монгол хаадын тухай, эх түүхээ үнэн зөвөөр бичье гэсэн санал санаачлага гарахад ихэнх хүмүүс талархан хүлээж авч байсан. Гэхдээ бас Зөвлөлтийн түүхчдийн бичсэн түүхийг та нар засах гэж байгаа юм уу, та нар агуу их Орос гүрний түүхчдийн бичсэнийг засдаг хэн бэ? гэх нь холгүй гайхаж байсан хүмүүс ч бий. Манай Сантай хамтарч байсан эрдэмтэд маань том эрдэмтэд байсан. Төрт Ёс, Хаадын Санг хамгийн анх миний аав, профессор Дугарсүрэн, нэрт соён гэгээрүүлэгч Л.Түдэв, Ч.Далай, Н.Ишжамц тэргүүтэй манай түүх судлалын ноён оргилууд болон улс төр бизнесийн төлөөлөлүүд байгуулж байлаа. Тийм болохоор үйл ажиллагаагаа яг юунаас эхлэх вэ гэдгийг тооцож үзээд, ер нь монгол хаадынхаа түүхийг тухайлан толилуулах нь зөв юм байна гэж үзсэн.


Бид дэлхийн талыг эзэлсэн гээд байдаг боловч бодит байдал дээр дэлхийг бүтнээр нь эзэлсэн улс үндэстэн. Тэгэхээр ийм том улс үндэстнийг байгуулж байсан мөртлөө их хаадынхаа намтар цадигийг тухайлан бичээгүй байна гэдэг өөрөө их түүхийн том цагаан орон зай юм. Тэгээд энэ цагаан орон зайг бид нар нөхөхөөр мачийн зүтгэсэн.


Ер нь түүхийг бүтээхэд ард түмэн голлох үүрэгтэй боловч цэрэг, жанжид, хатад, түшмэд, хамгийн гол нь тэднийг удирдан чиглүүлж явсан хаад гол үүргийг гүйцэтгэдэг нь тодорхой. Тэгэхээр үндсэндээ монгол хаадын түүх гэдэг бол Монголын түүх юм. Тэр утгаараа бид хаадынхаа түүхийг үнэн зөвөөр баримт судалгаанд тулгуурлаж бичиж эхэлсэн хэрэг. Тэгээд тэр үеэс хойш 30 жил өнгөрчээ. Миний хувьд, энэ Санг удирдаад 10 гаруй жил болж байна. Энэ дэлхий дээр цор ганцаараа бүтээж туурвиад явдаг хүн гэж хаа ч байхгүй. Бүх зүйл өмнөх үеийнхний оюун бодол, хүсэл мөрөөдөл, үйл хэрэг, яс чөмгөн дээр тогтдог. Манай байгууллага бол яг энэ дагуу л явж байна. Манай Сангийн үйл ажиллагааны гол чиглэл бол эх түүх, их хаадын сэдэв агуулгаар ном бүтээл туурвихаас гадна уран зураг, баримал шуумал бүтээх ажил. Их хаадын маань тухай бичигдээд яригдаад байдаг мөртлөө яг харагдах үзэгдэх байдал нь ямар байсан юм бэ гэдийг судалдаг гэсэн үг.


Хаадын царай төрхөөс гадна дээл хувцас, бүс малгай тэргүүтэн хувцасны соёл, сэнтийний соёл гээд судална. Энэ бүхнийг бид хойч үедээ үнэн зөвөөр таниулан үлдээхийг зорьдог.


Энэ талаар тодорхой хэмжээнд судалгаа, эх сурвалж, эш авахаар бүтээлүүд их байна. Жишээлбэл, Юань гүрний найман хаан, 15 хатны хөрөг байдаг. Мөн Рашид-ад-Диний “Судрын чуулган”-ы миниатюр зургууд, түүнчлэн үлдэж хоцорсон биет үзмэр, археологийн олдворууд гээд олон зүйл бий. Дорнод Монголын тал нутагт байдаг хүн чулуунууд хүртэл бас л нэг эх сурвалж. Энэ бүхнээс үндэслэн их хаадынхаа харагдах үзэгдэх байдлыг түүхэн үнэнд ойртуулахаар эрдэмтэн судлаачидтайгаа хамтарч ажилладаг. Ерөнхийдөө энэ ажил маань боломжийн сайн явж байна. Найман хааны эш хөрөг байгаа учраас эдгээрийг хийхэд харьцангуй хэцүү биш. Зураасан зургийг л реалист хэв маягт хөрвүүлнэ гэсэн үг. Тийм учраас эш хөрөгтэй хаадын дүр төрх бодит байдлаас их хол зөрөхгүй. Түүнээс хойших зарим нэг хаадынхыг бид нар төсөөлөн сэтгэж хийсэн. Ач зээ нь аавтайгаа, өвөөтэйгээ тодорхой хэмжээнд төсийг агуулдаг хүн судлалын онол байдаг.


Бас Т.Мандир гуайн зурсан хаадын зураг байдаг. Тэр зургийг зохиомол зураг гэж хэлдэг ч хүмүүс аль хэдийн хүлээж аваад, нэгэнт ийм жишиг дүр үүсчихсэн учраас эдгээр дүрүүдийг бид улам цааш нь хөгжүүлсэн. Ер нь хүн төрөлхтний нийтлэг жишиг ч тийм юм. 


Яагаад гэвэл, тухай нь яригдаад байдаг боловч тэр үед зургийн аппарат байсангүй, дэргэд нь байнга зураач дагаж явсангүй. Тийм болохоор тэр хүмүүсийн дүр төрийг хэрхэн бий болгох вэ гэдгийг хүн төрөлхтөн бодсоор ер нь жишиг дүр төрх зохиох нь зөв юм байна гэсэн шийдлийг олсон. Тэгээд түүндээ өөрсдөө итгэнэ, шүтнэ. Хэдий олон хүн шүтэж итгэх тусам нөгөө хөрөг зураг маань улам амь орж, сүнслэг чанар нь сэргэнэ. Тэгээд дээрээс нь уран зургаас гадна баримал шуумал хийж байна. Мөн түүхэн сэдвээр баримтат кино хийж байна. Ер нь л нэг үгээр хэлэхэд яг л энэ эх түүх, их хаадаа ард түмэндээ улам илүү ойр мэдүүлэх юм сан гэж л бид хичээн зүтгэж явна. 


-Сүүлийн үед Казахстан улсын зүгээс Чингис хааныг казах хүн байсан, өнөөгийн Монголчууд манж, хятад гаралтай гэж их ярих болсон. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?


-Дэлхийд алдартай, хаадын хааныг маш олон улс үндэстнүүд өөр дээрээ авахыг эрмэлзэх нь бараг зүй ёсны хэрэг. Угаасаа Монголын түүх хавиралдаагүй улс гэж бараг байхгүй шүү дээ. Казахуудын тухайд ярих юм бол казахуудын хаан нь Зүчи хаан байсан. Зүчийн удмын хаад л үеийн үед казахуудыг хаанчилж ирсэн. Казахууд өөрсдөө ч энийг хүлээн зөвшөөрдөг. Тэд Зүчийг өөрийнхөө хаан гэж болно, Чингис хааныг ч манай хаан гэж болно. Гэхдээ тэднийг казах хүн байсан гэж хэлж болохгүй.

Угаасаа түүхэн эх сурвалж, ураг удмыг нь хөөгөөд үзсэн ч гэсэн Чингис, Өгэдэй, Хубилай гээд хаадын үр удам нь үргэлжлээд л явж байгаа. Үргэлжилсээр яваад өнөөдөр ч гэсэн бидний дунд Алтан ургийн хүмүүс бий.


Гэхдээ нэр нөлөөтэй Алтан ургийн хүмүүсийг ардын хувьсгалаас хойш ихэнхийг нь байхгүй болгосон. 1937 оны айхтар хядлагын үеэр ч түүж тэр хядлагын машиндаа оруулсан гашуун түүх байдаг.


Хэдий тийм боловч олны дунд танигдаагүй, төр засагт өндөр алба хашиж байгаагүй Алтан ургийн хүмүүс үлдсэн. Тэр бол ойлгомжтой. Энэ талаарх тодорхой тоо баримт судалгааг их нарийн бүртгэж тооцох юм бол бүгдээрээ гараад ирнэ. Яахав зарим нь түүнийгээ мартсан байж болно. Зарим нь 90-ээд оноос бүгдээрээ овгоо өөрчлөх үед овог нь өөрчлөгдсөн байж болно. Гэхдээ Боржигон овгийнхон энэ эрхэм овгоо нэг их өөрчлөөгүй болов уу. Саяхан би Савечус гээд Прибалтикийн нэг сэтгүүлчид нүүдэлч соёлын талаар нэг ярилцлага өгсөн юм. Би энэ ярилцлагадаа нүүдэлч соёл бол дэлхийн хамгийн шилдэг, хамгийн хүмүүнлэг, байгаль орчиндоо хамгийн ээлтэй соёл, хүн төрөлхтөн удаан оршин тогтноё гэвэл мөрдөхөөс аргагүй соёл юмаа гэдгийг баталж ярьсан юм.


Нүүдэлч соёлын хүмүүсийн хувьд эв нэгдэл үнэ цэнэтэй, өрсөлдөөн үнэ цэнэ багатай байсан. Ингэж байж энэ орчлон дэлхийгээ хүн амьдрах боломжтой орчлон дэлхий болгож авч үлдэх ёстой.


Нөгөөтэйгүүр нүүдлийн соёлд энэ орчлон дэлхийд тийм их ядарсан ядруу зүдрүү хүмүүсийн тоо харьцангуй багасах ёстой. Тиймээс нүүдэлч соёл гэдэг бол хүн төрөлхтөнд барьж байгаа монголчуудын том бэлэг юм гэхчлэн яриад Чингис хааныг жинхэнэ монгол хүн байсан гэдгийг тэр хүнд баталж хэлсэн. Тэр хүн өөрөө асуултыг эхэлж тавьсан юм л даа. Энэ нь маш олон баримтаар батлагддаг. Хэрэв та Чингис хааныг монгол хүн байгаагүй гэдгийг батлах гэж байгаа бол миний мэдэхгүй олон баримтыг гаргаж ирэх хэрэгтэй болно гэж би тэр хүнд хэлсэн. Гэхдээ тийм баримт бараг гарч ирэхгүй л болов уу. Тэгэхээр бүх үүх түүхээр батлагдчихсан баримтыг тэгж үгүйсгэнэ гэдэг бол их л увайгүй зүйл. Нөгөө талаасаа их бүдүүн зүрх. Жишээлбэл, бид Наполеоныг монгол хүн байсан гээд дайраад байвал хүн төрөлхтний инээдэм, доог тохуу болно биз дээ. Түүн шиг л юм. Гэтэл гадаадын зарим нэг оронд олон ном бүтээл туурвисан доктор профессор цолтой олны танил болсон судлаач хүнийхээ үгэнд итгэчихдэг явдал байдаг. Тэгээд тэр хүнийхээ үгэнд итгээд тэрнийгээ цээжиндээ бат суулгачихаад нөгөө яриагаа тархаагаад байдаг. Энэ бол тэдний буруу биш. Гагцхүү бид үүнийг баримтаар нотлоод Чингис хаан монгол хүн байсан гэдгийг дэлхий нийтэд тунхаглах ёстой.


Би нэг зүйлд их таашаалтай ханддаг. Тэр нь юу гэвэл манай ерөнхийлөгч, ерөнхий сайд нар гадаадаас өндөр хэмжээний зочид төлөөлөгчид ирэхэд талбай дээрээ тосч аваад Чингис хааныхаа өмнө аваачиж мөргүүлдэг явдлыг би маш зөв гэж үздэг.


Тухайн улсын зочид төлөөлөгчдийг дагалдаад маш олон сэтгүүлчид ирдэг. Тэр утгаараа энэ бол бид Чингис хааныгаа дэлхий нийтэд танилцуулж байгаа нэг хэлбэр юм. Мөн нөгөө талаар энэ бол бас том пиар. Нөгөө талаар, бид Чингис хаанаа алдаршуулахын тулд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц кино хийх хэрэгтэй. Бусад хаадынхаа талаар ч ялгаагүй. Зүгээр төсөөлж үзэхэд, Холливудын том одтой гэрээ хийж, тодорхой хэмжээний мөнгийг улсаас гаргаж, гол дүрд нь монгол хүн тоглуулахаар тохирч уран бүтээл хийх хэрэгтэй. Нөгөө Холливудын жүжигчин нь Чингис хаанд үйлчилж байсан гадны эрдэмтэн мэргэдийн дүрд тоглож болно. Тэгэх юм бол нэг том жүжигчний далайцаар л дэлхийд гарчих боломжтой. Монголоо сурталчлахын тулд үүн шиг дэлхийн хэмжээний топ дуучинтай хамтран ажиллахад болохгүй гэх зүйлгүй. Жишээлбэл, дэлхийд түгсэн Касабаланка гээд нэг дуу байдаг. Касабаланка бол хүн гайхаад байхаар тийм сүртэй гоё газар ч биш. Гэтэл Касабаланка гэдэг дууг дэлхий нийтээрээ мэддэг болчихсон. Гэх мэтчилэн ийм жишээнүүд маш олон байна. Тэр утгаараа Монголоо сурталчлах арга зам их бий. Манай Сангийн хувьд ч энэ талаар төлөвлөгөө нэлээд байдаг.


-Сар шинийн өмнөхөн их Эзэн Чингис хааны алтан хөшөө шүтээнийг бүтээсэн. Үүнийг та хэрхэн үзэж байна вэ? Ер нь бид Их Эзэн хааныгаа хэрхэн хүндэлж, дээдэлж байх ёстой юм бэ?


-Ер нь монголчууд бид яагаад Чингис хаанаа шүтэж хүндэлдэг вэ? Үүнд хэд хэдэн учир шалтгаан бий. Чингис хаан өөрөө үлгэр домогт гардаг шиг хаа нэг газраас, цэцгэн дундаас ч юм уу, мэндлээгүй. Тэр их хүн монголчуудын дундаас, Монголын ард түмний дундаас, яг чи бидэн шиг царай зүстэй, магадгүй бидэн шиг бие хаатай, бидэн шиг оюун санаатай тийм л монгол хүмүүсээс төрсөн монгол хүн. Гагцхүү монгол хүний оюун санааны дээд чадварыг, сэтгэх боломжийг харуулж чадсан тийм хүн. Хоёрдугаарт гэвэл, эв нэгдэл ямар чухал болохыг бидэнд харуулж чадсан. Эв нэгдлийг хүчээр бий болгосон уу гэвэл болгосон. Гэхдээ эв нэгдэл гэдэг бол хүний оюун санаанд байдаг гэдгийг бидэнд харуулж чадсанаараа бидний үлгэрлэл. Гуравдугаарт, Чингис хааны билиг сургааль гээд маш том зүйл бий. Эндээс тэр хүний философийг бэлхнээ харж болно. Дөрөвдүгээрт, хамгийн чухал зүйл бол өнөөдөр монголчууд бид өөрийн гэх газар нутагтай байгаа маань тэр их хааны маань ач гавьяа шүү дээ. Хэрэлдээд зодолдоод ч гэсэн өөрийн гэх газар нутагтай байх ямар сайхан билээ.


Уул ус, хангай, говь гээд бидэнд байхгүй юм алга. Газар дээрээ болон доороо маш их баялагтай. Энэ олон сая мал сүрэг, за тэгээд соёл сэтгэхүй бусдаас ялгарах онцлогтой. Энэ бүх зүйлийг үлдээж өгсөн их хаандаа талархахгүй байж болно гэж үү.


Зөвхөн талархаад зогсохгүй байнга санаж, шүтэж биширч байх учиртай юм. Эртний монголчуудын нүүдэлч ухаанд, тэнгэр үзлээр ч гэсэн ер аливаа нэг зүйлд нэг тийм сүнслэг чанар байдаг. Бурхны шашинд ч тийм домог нэг биш. Ээж нь хүүдээ нэг бурхан захидаг. Хүү нь нөгөө бурхныг нь ололгүй газраас нэг чулуу аваад хадганд ороогоод ээждээ аваачаад өгдөг. За энийг ээж минь та задалж үзэж л болохгүй шүү. Задлах юм бол наадах чинь чулуу болоод хувирчихна гэдэг. Тэгээд ээж нь нөгөө хадганд ороосон зүйлийг маш олон жил хадгалж залбираад л явдаг. Тэгээд ээж нь тэнгэрт халихынхаа өмнө хүүдээ одоо бүх насаараа залбирсан бурханаа нэг нээж харья гэдэг. Хүү нь ёстой л зөв харан инээж, буруу харан уйлж байж задалтал эгэлгүй их бурхан гэгээ татуулан гараад ирсэн гэдэг нэг домог байдаг. Хөөрхий ээж, чулууг бурхан болтол нь шүтсэн байна шүү дээ. Яг үүн шиг бид нар их хаанаа хэдий их шүтнэ, тэр хэрээр сүнслэг чанар сэргэж, бидэнд ач ивээл үзүүлнэ, сүр хүч, суу билгээ хайрлана. Ер нь үндэсний үнэт зүйл гэж юу байдаг юм гэхээр ард түмнийг нэгтгэж байгаа юм бүхэн үнэт зүйл. Тэгэхээр их хаан маань биднийг эдүгээ ч нэгтгэх ёстой юм. Үе үеийн үндэсний үзэлтнүүд, үе үеийн монгол сэхээтнүүд, үе үеийн ард түмний чин зоригт охид хөвгүүд бүгдээрээ л Чингис хаанаа шүтсээр ирсэн. Хэлмэгдүүлэлтийн үеэс авахуулаад Зөвлөлтийн эрхшээлд байх үед, оросууд Чингис хаан бол агуу их алан хядагч гэж дэлхий нийтэд сурталчилж, Монголд маш хүчтэй пиар явуулж байх тэр үед ч шүтсээр ирсэн. Гэтэл цаг үе ийм сайхан болж, оюун санааны эрх чөлөө тавигдчихаад байхад бид энийгээ мартах гэж үү. Яасан ч болохгүй.


Миний хувьд Чингис хааны хөшөөг алтаар бүрж, тодорхой хэсгийг нь шууд алтаар хийснийг буруу зүйл биш гэж бодож байгаа. Яагаад гэвэл, монголчууд бас тодорхой хэмжээнд ялгарч, Чингис хаан үнэхээр монгол хүн байсан гэдгийг гадныханд мэдрүүлсэн үйл явдал болсон.


Чингис хаан үнэхээр монгол хүн, монголчуудын хаан учраас л тэд их хааныхаа хөшөөг ийм их хүч хөрөнгө, авьяас билэг зарж бүтээлээ гэж харна шүү дээ. Гэтэл Чингис хааны алтан хөшөө өнөөдөр дэлхий дээр Монголоос өөр хаана ч байхгүй. Дэлхийн бусад улс орнууд энийг бас анзаарч харна. Гагцхүү алтан хөшөөг зөв өнцгийг нь олж, жинхэнэ мэргэжлийн аппаратаар буулгах хэрэгтэй. Чингис хааны алтан хөшөөний талаар эрдэмтэн судлаачдаас санал авсан. Би ч саналаа хэлсэн. Гол нь миний хэлсэн зүйл бол бэлгэдэл, урлагийн шедеврийн хэмжээнд байхаас гадна их хааны сэнтий өргөн хийгдэх ёстой гэж хэлсэн. Миний саналыг тодорхой хэмжээнд бодолцсонд би баяртай байгаа. Ер нь манайхан, уран бүтээлчид ч гэлтгүй төр засгийн хэмжээнд их хааныхаа хөшөө баримлыг бүтээлгэх нөхцөлд сэнтийг их өргөн хийж байх нь зөв юм. Их хааны сэнтий өргөн байсныг батлах цөөнгүй баримт байдаг. Би нэг ярилцлаган дээр ярьж байсан санагдаж байна. Л.Нямсүрэн гавьяат гэж Эх бүрдийн домог гэдэг кинонд тоглосон сайхан жүжигчин байлаа. Их сайхан сахал үстэй тоглосон. Тэгээд тэр хүн эртний Ил хаант улсын нутагт кино фестивальд очсон юм байна лээ. Кино фестивальд очоод байтал гадны хүмүүс монголын кино жүжигчнийг нэг их тоож анзаарсангүй. Тэгээд байж байтал хотын дарга нь нэг өдөр нөгөө бүх жүжигчид, киночдоо дагуулаад хотоо танилцуулахаар дагуулаад явж. Хотоо танилцуулаад явж байхдаа нэг музейд дагуулж оржээ. Гэтэл тэр музей дотор нэг их том өргөн сэнтий байна гэнэ.


Хотын дарга түүнийг заагаад “Энэ бол монгол хааны сэнтий, та нарын дунд монгол хүн байна уу?” гэсэн чинь Л.Нямсүрэн гуайн сэтгэл хөөрөөд л “Би байна!“ л гэлгүй яахав. Тэгсэн чинь хотын дарга Л.Нямсүрэн гуай руу хараад “За та хэрвээ монгол хүн бол хааныхаа сэнтий дээр гарч сууж болно“ гэжээ.


Л.Нямсүрэн гуай урам зориг ороод, угаасаа сахал үс нь ургачихсан байсныг ч хэлэх үү, сүрлэг байдалтай дээш шатаар өгсөөд монгол хааныхаа сэнтийнээс нэг адис аваад гутлаа тайлж, сэнтийн дээр завилж суусан байгаа юм. Тэгээд завилаад суухад хоёр талд нь нэг нэг Л.Нямсүрэн багтчихаар зай байсан гэнэ. Эрт үед их хааны сэнтий тийм л өргөн байж. Монгол хаад жаахан алжаах аваас хажуулсхийгээд түшмэдийнхээ үгийг сонсдог байсан ч байж мэднэ. Түүнээс биш яг одооны буйдан шиг хоёр гар нь шууд тулчихдаг тийм сандал дээр монгол хаад суухгүй.


-Их эзэн хааны билиг сургааль гэж байдаг. Монголчууд бид өнөөдөр эзэн хааныхаа сургааль, захиасаас юуг илүү анхаарч, санаж явах ёстой гэж та боддог вэ?


-Чингис хааны билиг сургааль, Чингис хааны түүх цадиг, Чингис хааны түүхэн замнал энэ бүх зүйлээ бид сайн судлах хэрэгтэй юм. Хүний нэг онцлог байдаг. Жишээлбэл, зүгээр билиг сургааль уншлаа гэхээс эхлээд тэр хүний түүхэн замналыг уншиж судлах хэрэгтэй.


Түүхэн эх сурвалжуудыг үзэх нь зөв. Өнөөдөр Соёмбо принтингээс гаргасан 30 гаруй түүхэн сурвалж байна. Мөн дэлхий дээр хятад, перс, орос гээд олон хэл дээр бичигдсэн түүхэн сурвалжууд байна. Эдгээрийг тодорхой хэмжээнд баримтлаж бичсэн манай түүхчдийн ном зохиолууд бас их байна.   


Энэ бүхнийг уншиж танилцаад, магадгүй түүхэн үнэнд нийцсэн кино үзээд, том түүхчдийн яриа сэлтийг сонсож энэ хүний туулж ирсэн түүхэн замналыг ойлгох юм бол мэдлэг мэдээлэлтэй болохоос гадна энэ хүний философийг ойлгоно. Жишээлбэл хэн нэгнийг ойлгоё гэвэл хэлсэн үгийг нь сонсох сонин биш. Харин явж ирсэн амьдралыг нь судлах хэрэгтэй. Хэрвээ тэгэх юм бол хүнийг илүү сайн ойлгоно гэсэн үг. Тэгээд энийгээ ойлгосны дараа билиг сургаалийг нь унших юм бол бүр илүү ойлгоно. Жишээ нь Чингис хааны үед нэг талаас баримт, нөгөө талаас гүн ухаан гэж хэлж болохуйц нэг тийм сонин баримт байдаг. 


Нэрт эрдэмтэн Лев Гумилев нэг нөхөртөө тусалсангүй гэж шийтгэдэг улс дэлхий дээр Монголоос өөр байгаагүй гэсэн байдаг. Сонин байгаа биз. Бусад улс оронд нэг нөхөртөө туслаагүй байвал “За, чи тусалсангүй дээ” гээд орхидог байсан байх.


Гэтэл Монголд чи яагаад тусалсангүй вэ гээд ял асуудаг байсан. Энэ нь нэг нөхөртөө тусалсангүй гээд шийтгэхийн сацуу нэг нөхөртөө тусалж ирсэн эртний ёсыг чи яагаад зөрчив гэдэг том уламжлал байсан. Өөрөөр хэлбэл, ёс уламжлалаа зөрчсөнийх нь төлөө шийтгэдэг байсан. Тэгэхээр ёс уламжлал гэдэг бол монгол хүний язгуур гүн ухаан юм. Манай монголчууд язгууртан гэж ярьдаг. Язгууртан гэдэг бол ямар нэгэн угсаа сурвалжтай хүнийг хэлдэггүй. Язгуур сэтгэлгээтэй хүнийг язгууртан гэдэг. Монголчууд хэзээ хүчтэй байсан бэ гэхээр язгуур сэтгэлгээтэй байх үедээ хүчтэй байжээ. Нэг үгээр хэлэхэд язгууртнууд олон байх үед хүчтэй байсан.


-Хамгийн сүүлд та ямар ном бүтээл туурвисан бэ? 


-Миний анхны ном гараад 30 гаруй жил өнгөрсөн байна. Анхны ном гараад 30 жил болно гэдэг миний хувьд тэгш дүүрэн ой, бас намтрын их том хуудас болж таарч байна. Тэгээд энэ 30 жилдээ зориулж би өгүүллэг тууж, роман орчуулгын зохиол гээд түүвэр бүтээлээ гурван ботиор гаргасан. Илүү гаргая гэвэл зөндөө л юм байна. Бичиг цаасны их навтарган дундаас юм шүүрдэх бас их төвөгтэй.


Монголчуудыг маань тодорхой хэмжээнд сэрээж, урам зориг өгсөн “Монгол заяатан” гэж ном байгаа. “Монгол заяатан” бол нүүдэлч соёл сэтгэлгээтэй монгол хүмүүс яаж амьдарч ирсэн юм, монгол хүн гэж яг ямар хүн юм, монгол хүний мөн чанар, менталитет ямар юм, энийгээ ямар учраас бид гээчих вэ гэсэн тухай ном.


Монгол хүний зүрх сэтгэлд нь унтаа байгаа тэр унаган чанарыг нь сэрээх гэсэн миний эрмэлзлэл энэ номонд шингэсэн. Энэ ном маань олон монгол хүнд их урам зориг өгсөн гэж би боддог. Ард түмэн маань сэрээсэй гэснээс нэг зүйлийг би энэ ташрамд хэлье. Өнөөдөр бид их хаадынхаа голомтыг сахиж сууна. Бид бол туурга тусгаар Монгол Улстай. Бидний асуудалд хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй. Гэтэл Өвөр Монгол гээд яг бидэнтэй адилхан хүмүүс байна. Өнөөдөр манайхан Өвөр Монголчуудыг “аа муусайн хужаанууд” гээд янз бүрээр хэлдэг. Үнэн хэрэгтээ өвөр монголчууд болоод бидний өвөг дээдэс дэлхийг эзэлсэн хөлгөн их улсыг байгуулахаар цугтаа сэлэм эргүүлж явсан сүнс нэгтэй ахан дүүс шүү дээ. Тийм учраас бид өвөр монголчуудаа дэмжих хэрэгтэй, өвөр монголчуудаа хайрлах хэрэгтэй. Дэмжлэгийг бүх талаар үзүүлэх хэрэгтэй гэж би боддог. Тэгээд би энэ “Монгол заяатан” номоо тэдэндээ бас үнэгүй сонсгож байна, үнэгүй орчуулж түгээн дэлгэрүүлэх тэр эрхийг нь өгч байна. Өвөр Монголын номын фонд баяжих хэрэгтэй. Бусад бүх түүхчид болоод зохиолчид маань ч гэсэн яг энэ жишгийг бариасай гэж би хүсч байна. Олон Өвөр Монголчуудынхаа сэтгэлийг сэргээж, олон олон өвөр монголчуудынхаа баяр баясалын шалтгаан нь болох хэрэгтэй.


Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ирж ярилцлага өгсөнд танд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсэн ерөөе.


Ярилцсан Ж.Батдорж