sonin.mn

Азербайжаны нийслэл Баку хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Глобал Баку” олон улсын хурал энэ сарын 13-16-ний өдрүүдэд боллоо. 12 дахь удаа зохион байгуулагдсан энэхүү форум энэ жил “Дэлхийн дэг журмыг эргэн харах нь: Сорилтуудыг боломж болгон хувиргах нь” сэдэвтэй зохион байгуулагдав. 


Олон улсын форумд улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд, өмнө нь төрийн тэргүүнээр ажиллаж байсан удирдагчид, Нобелийн шагналтнууд, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг 400 гаруй зочин оролцов.


Гурав хоног үргэлжилсэн олон улсын хурлын үеэр “Геополитикийн өөрчлөлт: Хариуцлагатай түншлэл, өрсөлдөөний эсрэг”, “Олон туйлт ертөнцийн олон талт үзлийг дахин төсөөлөх нь”, “Ирээдүйн НҮБ-ын гэрээ: Энх тайвны шинэ дэлхийн зөвшилцлийн замыг бий болгох нь”, “Дэлхийн шинэ дэг журам дахь Дунд улс орнууд”, “Сэргээн босголт: Бүс нутгийн тогтвортой байдал”, “COP29: Белемд хүрэх нээлт - Өөрчлөлтийг хурдасгах” зэрэг сонирхолтой сэдвээр хэлэлцүүлэг өрнөв. Энэхүү форумд Монгол Улсаас гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр уригдан оролцож, “Дэлхийн шинэ Ёс журам ба Дунд улс орнууд” хуралдаанд үг хэлснийг дэлгэрэнгүйгээр нь хүргэе.


Ноёд, хатагтай нар аа,


Энэхүү Бакугийн Форумыг зохион байгуулагч нарт талархлаа дэвшүүлье. Монгол Улс бол жижиг улсын тоонд ордог. Гэхдээ Монгол бол агуу түүхтэй орон мөн. Тэрний нэгэн тод баталгаа бол Монголын Их Эзэнт гүрэн мөн билээ. Монголын Их Эзэнт гүрэн оршиж байсан үед даян дэлхийд “PAX MONGOLICA” буюу “Монголын их амар амгалан орших ёс” тогтсон байжээ. Энэхүү ёсын тухай товчхон хэлвэл чухамхүү тэр үед өөр өөр соёл, шашин энх тайвнаар зэрэгцэн оршиж байсан байна. Түүнчлэн чөлөөт худалдаа өрнөж байсан гэдэг. Мөн татварын тогтолцоо их энгийн, хүн ардад дарамт багатай байсан байна. Харилцаа холбоо барих, мэдээлэл дамжуулах боломж олгож байсан өртөөний алба хэмээх дэд бүтцийн сүлжээтэй байжээ. Тэр үед алс холын зам туулахад аянчинд учрах аюул занал байсангүй гэж бичсэн байдаг.


Өнөөдрийн Монгол Улс бол хоёр том хөрштэй. Урд хөрш нь БНХАУ, хойд хөрш нь ОХУ. Энэ хоёр хөрштэйгээ уламжлалт сайн хөршийн харилцаатай. Дээр нь бид гуравдахь хөршийн бодлого баримталдаг. гуравдахь хөрш гэвэл голлож Энэтхэг, Европын орнууд, Зүүн Хойд Ази, АНУ, Төв Ази гэж хэлж болно.


Монголчууд бид урт удаан жилийн түүхийн цаг хугацаанд өөрийн гэсэн ухаарал, сургамж хуримтлуулсан байна. Тэдгээрээс заримыг нь дурдъя. Жижиг орнууд ганцаараа, бусдаас зожигрон орших бололцоогүй. Жижиг орнууд аль болохоор олон анд нөхөр, холбоотонтой байх шаардлагатай. Харин том орнууд өөрсдөө дангаараа орших боломжтой байдаг. Эдгээр улс орон холбоотонгүй, анд нөхөдгүй ч байж чадна. Түүнчлэн жижиг орнууд алгуурлах, удах, удаах боломжгүй байдаг. Ингэвэл “удах нь үхэлд хүргэнэ” буюу латинаар “Perriculum in mora” гэсэн үгээр болох аюултай. Харин том улс орон аливаа асуудлыг шийдэх гэж яарахгүй байх бололцоотой. Цаг хугацаа дандаа тэдний талд үйлчилдэг. Өнөөдөр та бид их өөрчлөлтийн цаг үед амьдарч байна. Энэ өөрчлөлтийн зангилаа нь Европ ба АНУ-ын хоорондын харилцаа болж байна. Энэхүү харилцааны өөрчлөлтийг ухаарахын тулд эхлээд энэ хоёрын хоорондын ялгааг олж харах нь чухал юм. Европын соёл бол аливааг зөвтгөхийг эрмэлздэг соёл мөн. Европын соёл бол эс үйлдлийн соёл мөн. Энэ бол алдаа хийхээсээ айдаг соёл. Бас зөвшилцөлд тулгуурласан шийдвэр гаргахын тулд цаг хугацаа их зарцуулдаг соёл мөн. Харин АНУ бол үйл ажиллагаа, үйлдлийн соёл мөн. Энэ бол алдаа хийхээсээ айдаггүй соёл, аливаа асуудлын талаар олонхиороо шуурхай шийдвэр гаргадаг соёл мөн. Өнөөдөр өрнөж байгаа томоохон өөрчлөлтүүд Ерөнхийлөгч Трамптай шууд холбоотой гэж хэлвэл хэтрүүлсэн болохгүй.


Ерөнхийлөгч Трамп бол шинэчлэгч мөн. Түүнийг түүхэн өөр шинэчлэгчтэй зүйрлэвэл Горбачёвын нэр санаанд бууж байна. Энэ хоёр шинэчлэгчийн ижил төстэй гэж хэлж болох зүйлсийг дараах байдлаар томъёолж болно.


Аль аль нь тухайн цаг үед тухайн улс оронд оршиж байсан тогтолцоог өөрчлөхийг эрмэлзсэн байна. Горбачёвын санаачилсан “Перестройка” буюу “Өөрчлөн байгуулалт” бол эцсийн дүндээ хуучин ЗХУ-ыг дахин агуу гүрэн болгох зорилготой байсан юм. Тэгвэл Трампын зорилго бол өнөөгийн тогтолцоог өөрчилснөөр АНУ-ыг дахин агуу гүрэн болгоход оршино. Горбачёв тухайн нийгмийн эдит буюу дээд давхаргын илэрхийлэл болсон, зүүн туйлын үнэт зүйлсийг баримталж байсан ЗХУКН-ыг шинэчлэх гэж оролдсон. Трамп бол Америкийн элит буюу “воук” үзэл сурталтай холбоотой дээд давхаргын илэрхийлэл болсон “Deep state” буюу “Нуугдмал төр засаг”-ийн тогтолцоог шинэчлэхийг зорьж байна. Горбачёв Зүүн Европоос нөлөөгөө татсан. Трамп Баруун Европоос нөлөөллөө татахыг эрмэлзэж байна. Горбачёвын үед Варшавын гэрээний байгууллага хэмээх цэргийн холбоо татан буугдсан. Трамп НАТО-гоос гарч, улмаар тус байгууллага татан буугдах магадлал байна. Горбачёв ЗХУ-ын нөлөөний улс орнуудаас санхүү, эдийн засгийн тусламжаа татсан. Трамп Баруун Европын орнуудаас санхүү, эдийн засгийн тусламжаа татахыг зорьж байна. Түүний явуулж буй импортын татварын бодлого энэхүү зорилгын хамгийн тод хэсэг нь юм. Бүр энгийн жишээ хэлвэл, Горбачёв өндөр настай Черненко гэсэн даргын дараа гарч ирсэн харьцангуй залуу удирдагч, харин Трамп бол өндөр настай Байден Ерөнхийлөгчийн дараа сонгогдсон. Хэдийгээр Трамп Байден хоёрын хоорондын насны зөрүү нэг их биш ч Трамп ямар ч залуу хүнээс илүү идэвхитэй ажиллаж байгаа нь харагдаж байна. Горбачёв Зөвлөлтийн цэргийг Афганистанаас гаргасан, харин Трамп бол Америкийн цэргийг Афганистанаас гаргах хэлэлцээрийг талибуудтай хийсэн. Одоо энэ хоёр шинэчлэгчийн хоорондын нэгэн тод ялгааны тухай хэлье. Гол ялгаа нь Горбачёвыг ЗХУ, хожим ОХУ-д хурц шүүмжилдэг, харин гадаадад их дэмждэг байсан.


Харин Трампыг Америкт ихэнх нь дэмжиж байхад, гадаадад ихээхэн шүүмжилж байна. Даян дэлхийд нэгэнт өрнөсөн өөрчлөлтийн энэ цаг үед жижиг орнууд одоо яах ёстой вэ? гэсэн асуулттай өөрийн эрхгүй нүүр тулж байна.


Тэд өөрчлөлтийн магнайд явах уу, эсхүл сүүл мушгих уу? гэсэн сонголтын аль нэгийг хийх хэрэгтэй болжээ. Хүн төрөлхтний түүхийг харахад ихэнх тохиолдолд жижиг орнууд өөрчлөлтийн магнайд явснаар тэсэж үлдсэн, тэр ч байтугай улам хүчирхэгжин хөгжсөн байдаг. Үгийн төгсгөлд энд яригдсан зарим асуудалтай холбогдуулан саналаа та бүхний сонорт хүргэе. НҮБ, түүний үйл ажиллагааны талаар олон шүүмжлэл хэлэгддэгийн нэг гол нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн таван том орны Аюулгүйн зөвлөлийн шийдвэрт хориг тавих эрхийн тухай асуудал байдаг. Тэд ямар нэгэн асуудалд хамтдаа болон тус тусдаа хориг тавьснаар Аюулгүйн Зөвлөлөөс чухал шийдвэр гардаггүй, тийм учир НҮБ хүн төрөлхтний тулгамдсан асуудал, ялангуяа дайн дажиныг зогсоох, буруутантай нь хариуцлага тооцох тухай шийдвэрийг гаргаж чаддаггүй гэж үздэг. Тэгэхээр энэ мухардлаас гарахын тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн том орнуудын тавьсан хоригийг НҮБ-ын гишүүн орнуудын Ерөнхий Ассамблейн дөрөвний гуравын саналаар давах зохицуулалт хийвэл НҮБ амь орж, чухал чухал асуудлаар шийдвэр гаргах, хэрэгжүүлэх чадвартай байгууллага болно гэж үзэж байна. Түүнчлэн өнөөдөр хүн төрөлхтөнд хамгийн их аюул занал учруулж байгаа зэвсэг бол яахын аргагүй цөмийн зэвсэг мөн билээ. Тийм учир даян дэлхийд цөмийн зэвсгийг бүрмөсөн хориглох арга хэмжээг нэн яаралтай авах нь хойшлуулшгүй асуудал болж байна.


Эцэст нь хэлэхэд аливаа улс орны хоорондын харилцаа, олон улсын байгууллага, тухайн улс орны төр засгийн үйл ажиллагааны төвд байх ёстой хамгийн чухал асуудал бол хүний эрх, эрх чөлөөний тухай асуудал мөн.


Хүний эрх, эрх чөлөөний асуудал дотор хамгийн чухал нь хүний амьд явах, амьдрах шиг амьдрах эрх юм. Тийм учир аливаа дайн дажиныг нэн даруй зогсоох шаардлагатай байна. Дайтаж байгаа талуудыг зэвсгээр хангах, тэтгэх тухай ярихын оронд бүгдээрээ дайн дажиныг нэн даруй зогсоохын тулд өөрөөс шалтгаалах бүхнийг хийх хэрэгтэй байна. Анхаарал тавьсанд баярлалаа.



2025 оны 3 сарын 14-ний өдөр Баку хот, Азербайжан Улс

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин