sonin.mn

Бусдын адил мэргэжил боловсролыг эзэмшиж, түүндээ цаг хугацааны аясаар дадлагажин туршлагажиж амьдрал ахуйдаа хэрэгжүүлэн, ажил хөдөлмөрийн амтыг мэдрэн алив сайхан бүхнээр шагнуулж амьдрах нь сайн хүний тавилан гэлтэй. Харин бага балчир наснаасаа хүсэж мөрөөдсөн зүйлдээ хичээл зүтгэлээрээ шамдан суралцаж, эрдэм номоор дүүргэсэн арвин богцоо бусдын төлөө харамгүй задлан, зааж зөвлөсөөр өөрөө ч түүнээсээ өдөр бүр суралцаж өсөн дэвжиж байх нь багш мэргэжлийн бахархам онцлог юм болов уу гэлтэй.


“Зууны мэдээ” сонины сурвалжлах баг энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийнхаа эрхэм зочныг Найрамдлын Дархан хотоос онцолсон юм. Баялгийн уурхай болсон олон сайхан эрдэмтдийг төрүүлсэн энэхэн хотоос шавь нартаа “Гавьяат” хэмээн хүндлэгдсэн багш Ё.Цэрэндолгор гуайг олсон нь “Далайгаас сувд шүүрсний дайтай” санагдаж ихээхэн олзуурхсанаа хуваалцахад таатай. Бид үүр хаяарч шинийн сар тэнгэрийн мандлаас бууж амжаагүй байх алдад Улаанбаатараас Дархан хотыг зорин хөдөлсөн юм. Зам болон цаг агаарыг урьдчилан захиалсан юм шиг л ээлтэй байлаа.


Хаврын шар нар цэлмэг тэнгэрт ургаад удаагүй байхад бид зорьсон газраа саадгүй яваад ирлээ. Сайн санааны үзүүрт шар тос гэдэг шиг ажил үйлс ч анхнаасаа бүтэмжтэйгээр эхэлсэн. Олон ч хүнтэй уулзаж, олз омог ч дүүрэн явсан.


Дархан үнэндээ “хот” гэж нэрлэхээс аргагүй бахдам том юм. Бүтээн байгуулалт өдөр өнжихгүй өрнөж, Дарханчууд завгүй хөдөлмөрлөж байгааг энд тэндгүй шинээр босч буй барилга байгууламжууд илтгэнэ. Бид энэ хотын эгэлгүй үйлстэн эрхэм хүмүүсийн талаар явахаасаа өмнө чамгүй арвин мэдээлэл цуглуулсан. Тэднийхээ нэгтэй уулзахаар утсаар ярьж замаа заалгасаар төмөр замын буудлын архантай нэгэн байрны гадна ирж дотогш оров.


Үүднээс эхлэн мэнд ус мэдэлцэж гэр дүүрэн хүмүүс халуун дотноор хүлээж авав. Цэцэрлэгийн хүүхэд шиг жаахан юм гэж намайг өхөөрдөж тэвэр нээж тосоод хоёр хацар үнэрлэсэн намхан буурай Ё.Цэрэндолгор багш байлаа.


Бидний очсон өдөр хаврын тэргүүн сарын шинийн 15 байв. Ё.Цэрэндолгор буюу Цэдо багшийн шавь нар, Барилгын техникумын анхны төгсөгчдийн төлөөлөл тогтсон уламжлал ёсоор багшдаа золгохоор ирсэн үед нь бид очиж таарчээ. Цай, идээ болох зуурт тэдний яриаг сонсон хэсэг суухдаа анх орж ирсэн үеэ эргэн бодоод ч Цэдо багшийг найман арваныг туулж буй настай гэдэгт итгэж чадахгүй л байлаа. Ярьж хэлэх нь цэгцтэй, ой санамж нь янзаараа энэ буурал цовоо цээлхэн дуугаар зочдоо, шавь нараа командалж ид уу хэмээхдээ бүгдийг хайрлаж энхрийлсэн өнгөөр хошуу дэвсэн өхөөрдөх нь сэтгэлд тун чиг сайхан.


Тосонцэнгэлийн сургуулиас багшийн гараагаа эхэлжээ


Ё.Цэрэндолгор нь 1945 онд Завхан аймгийн Сонгино сумд малчин ард Ёндонбалын зургаа дахь охин болж мэндэлжээ. Тэрээр аав ээжийн гар дээр өсөж торниод 1955 онд Сонгино сумын бага сургуульд орж, 1965 онд Нөмрөг сумын 10 жилийн сургуулийг төгсөж, 1965 онд Монгол Улсын багшийн дээд сургуульд элсэн суралцаж, физик-математикийн багш мэргэжил эзэмшсэн гэнэ.


Төгсөөд төрсөн нутаг Завхандаа очиж Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуулийн математикийн багшаар эрдэм түгээх их ажлын гараагаа эхэлснээр хойш тасралтгүй 52 жил боловсролын салбарт ажиллажээ.


Зураг, хөдөлмөрийн багш мэргэжилтэй Б.Нацагдоржтой гэр бүл болж гурван хүү, хоёр охин төрүүлэн өсгөж, Алдарт эхийн II одон хүртжээ. Цэдо багшийн аав Б.Ёндонбал нэгдлийн малчин. Ээж Д.Ренцэнноров нь тухайн үеийн ахуйн үйлчилгээнд оёдолчин нутаг усандаа ажилсаг малчаараа гайхагдсан бусдын төлөө сэтгэл дэвссэн сайхан улс байжээ. Багшийн дээд сургуульд байхдаа ханьтайгаа танилцаж, тэднийх Н.Мөнхцэнгэл, Н.Мөнгөнбаяр, Н.Батцэнгэл, Н.Оюунбилэг, Н.Отгонбилэг гэсэн таван сайхан хүүхдийн ижий аав болсон. Үр хүүхдүүд нь бүгд дурлаж сонгосон мэргэжлээрээ сурч боловсрон, ажил үйлс, амьдрал ахуйгаа өөрсдийн хүчээр авч яваа. Ач зээгийнх нь тоо 20 гарсан гэнэ.


Дархан хот руу шилжсэн 1975 он


Гэр бүлийн хамтаар.


1975 онд тэднийх Дархан хот руу шилжих болж. Гэвч Завхан аймаг шижигнэсэн залуу багшаа явуулахгүй гэж нэлээд үг хэл болж, аргадаж, аашилж янз бүрээр л үзсэн гэдэг. Нөхрөө дагаад явна хэмээн зориг шулуудсан Ё.Цэрэндолгор нутгийнхаа нэрийг шинэ байгуулагдсан хотод сайнаар дуурсгах сайн багш болно гэж амлалт өгч Пүрэвхүү багшийгаа дагаад Дархан хот руу шилжих эрхтэй болсон гэдэг. Дарханд ирээд цоо шинээр үүд хаалгаа нээсэн Барилгын техникумд математикийн багшаар оржээ. Тухайн үед Дарханд ид бүтээн байгуулалт өрнөж, байшин барилга, үйлдвэрүүд босч байсан ч ирсэн залуу гэр бүл бүрийг орон сууцаар хангах боломж хомсхон байж. Тиймээс эхэн үедээ тэд арай түрүүлээд ирчихсэн дүүгийндээ амьдарч байсан гэнэ. Ингээд л их ажлын гараа нь эхэлж, багшлахын хажуугаар олон нийтийн ажилд ханцуй шамлан орсон Цэдо сургуулийнхаа намын үүрийн даргаар сонгогдсон ч намын ажлаас эмэгтэйчүүдтэй ажиллахад өөрийгөө илүү үр дүнтэй байна гэдгийг мэдэж байсан дээрээс нь энд тэндээс ирсэн оюутан охид олонтой сургуулийн багш учраас тэдэн рүүгээ хандсан ажил хийх нь чухал хэмээн өөрийнхөө хүслээр намын даргын албаа өгчихөж байсан гэдэг. Төрсөн хоёр дүүгээ ойр ойрхон алдсан хэцүү үе байсан болохоор ч тэр үү хүүхэд бүр дүү шиг нь харагдаж, ялангуяа гэрээсээ хол дотуур байранд суугаа оюутан охидод сэтгэл дэвсэн ээж шиг нь, эгч шиг нь тусалж дэмжиж зөвлөж ирсэн бөгөөд түүний тэргүүлсэн эмэгтэйчүүдийн зөвлөл Дарханд нэрд гарч бодитой олон ажлыг санаачлан хийснээрээ түүхэнд үлдсэн байдаг юм.


Дарханы эмэгтэйчүүдийн ордонг санаачилж байжээ


1989 оны БТ-4б ангийнхан.


Цэдо багш хүүхэд бүр математикч болохгүй ч эцэг эх болно гэсэн хатуу зарчимд үнэнч явж ирээдүйн зөв эцэг эхчүүд, охид бүсгүйчүүдийг төлөвшүүлэхийн төлөө ихээхэн анхаарч ажилладаг байсан. Барилгын техникумд багшилж байхаасаа цэцэг, жимс тарих, өөрөө өөрсдийгөө боловсруулах хөгжүүлэх ажлыг санаачлан Дарханы хэмжээнд “1000 цэцгийн баяр”-ыг зохион байгуулж хэвшүүлэн, “Соёлжих танхим” байгуулсан нь улсад хоёрдугаар байрт орж, Барилгын техникумын Эмэгтэйчүүдийн зөвлөл Улсын тэргүүний эмэгтэйчүүдийн зөвлөлөөр шалгарсан.


Дарханд Эмэгтэйчүүдийн ордон байгуулах санал гаргасныг Монголын эмэгтэйчүүдийн хороо дэмжиж, хотын намын хороогоор зөвшөөрүүлснээр улсын хэмжээнд анх удаа Эмэгтэйчүүдэд зориулсан ордонтой болсон нь Дархан хот.


Түүний энэ санаачилга, зүтгэлийг үнэлж Дэлхийн эмэгтэйчүүдийн 10 дугаар их хуралд төлөөлөгчөөр оролцуулсныг бахархан ярих дуртай юм билээ. Эмэгтэйчүүдийн ордонг Дарханы бүсгүйчүүдийн санаачлага, олон нийтийн хандиваар долоон сарын дотор барьж байгуулан 1987 оны 12 дугаар сарын 17-нд үүдийг нээсэн юм. Ордны суурийг тавихаас эхлэн барилгын ажлыг гүйцэтгэсэн Дарханы барилгачид, Зөвлөтийн мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн зүтгэсэн Барилгын техникумын оюутнуудыг Ё.Цэрэндолгор багш удирдсан. Тэрбээр өөрийн удирдсан Барилгын техникчийн II курсийн оюутнуудтай энэ ажлыг хийсэн бөгөөд инженер Ц.Ганхүрэл, Хөдөлмөрийн баатар Я.Цэдэнпил нарын туслалцаа дэмжлэг, зөвлөгөөний дагуу оюутнуудаа зөв зохион байгуулан ажилласныг Монгол Улсад цорын ганц Эмэгтэйчүүдийн ордны түүхэнд тодоор бичиж үлдээсэн байдаг юм. Барилгын ажлыг хийхээс гадна ордон ашиглалтад ороход Цэрэндолгор багшийн тарьсан 21 төрлийн 80 гаруй амьд цэцгээр чимэглэн нээлтийг нь хийж байсан. Энэ ордон өнөөг хүртэл тасралтгүй 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж үр өгөөжөө өгч байна. Дарханы эмэгтэйчүүдийн төлөө хичээн зүтгэсэн он жилүүдийнх нь хөдөлмөрийг үнэлж Цэрэндолгор багшийг Монголын болон Дархан хотын эмэгтэйчүүдийн байгууллага, холбоодын хүндэт тэмдгээр шагнаж, Монголын эмэгтэйчүүдийн удаа дараагийн чуулга уулзалтад бүсгүйчүүдийн дуу хоолой болон оролцож, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх нийгмийн бүхий л талын хэрэгцээг бүрэн хангуулахын төлөө санаа бодлоо төр засагт, аймаг орон нутагт хүргэхийн төлөө ажиллаж байсан юм. Тэрээр тун ч зүгээр суудаггүй нэгэн бөгөөд өөрийгөө байнга хөгжүүлж, сурч мэдсэнээ бусадтай харамгүй хуваалцдаг. “Боловсрол судлалын хөгжлийн чиг хандлага”, “Залуу хүний өрсөлдөх чадвар”, “Бие хүний, хөгжил төлөвшил”, “Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн хүмүүжлийн үүрэг, роль”, “Харилцах урлаг”, “ Багаар ажиллах чадвар”, “Өөртөө эзэн байх чадвар”, “Зүрх сэтгэлийн боловсрол” зэрэг сэдвээр лекц яриа хийж, орон нутагт сурталчлах, соён гэгээрүүлэх ажилд байнга хүчин зүтгэл гаргаж ажилладаг байсан байна.


Цэдо багш энэ сургуульдаа тасралтгүй 21 жил ажиллажээ. Ажиллах хугацаандаа Математикийн үлгэр жишээ кабинет гурвыг байгуулан үр дүнтэй ажиллаж, заах арга туршлагаа олон залуу багш нарт түгээн дэлгэрүүлсэн багш юм.


Барилгын техникумд хамгийн анхны Математикийн кабинетыг байгуулж байсан тухайгаа тэрээр “Тэр үед барилгын мэргэжлийн сургуульд ашиглах үзүүлэн таниулах, техник хэрэгсэл хомс байсан. Тиймээс сургуулийнхаа барилгын техникчийн ангийн Т.Жаргалсайхан, сантехникч мэргэжлээр сурч байсан Ч.Батсүх нартайгаа хамтран “Цогцолбор-3” аппарат бүтээсэн. Үүгээр математикийн кабинетаа өргөжүүлэн тусгай мэргэжлийн сургуулиудын үзүүлэх сургалтад заавал эзэмших туршлага болж байлаа” хэмээн ярьсан. Мөн “Жигүүр” цогцолбор сургуулийн Математикийн кабинет, “Дархан дээд” сургуулийн харьяа лицей 24 дүгээр сургуульд Математик-геометр япон хэлний хавсарсан кабинет байгуулан сургалтад хэрэглэж хэвшүүлсэн. Түүнчлэн багшлах хугацаандаа Зөвлөлтийн нэр цуутай, алдар гавьяатай багш нарын туршлага арга барилыг судлан ажилдаа нэвтрүүлэн нутагшуулсныг Дарханы төдийгүй улс даяар математикийн хичээлийн заах аргад ашиглаж байв. Тухайлбал, агуу сурган хүмүүжүүлэгч И.В.Асношовийн сурагчдын мэдлэгийн хоцрогдлын шалтгааныг илрүүлэн тооцож өөртэй нь хамтран шинэ нээлт хийх тооцох аргаар сурагчдыг урагш хөтлөн, өөрийг нь өөрөөр нь давшуулах зарчмаар явуулахад тодорхой хугацаанд урам зориг хөдлөн хөөрхөн хандлага илэрдэг сайн талтайг баталсан туршлагаараа улсын хэмжээний сурган хүмүүжүүлэх уншлагад хоёрдугаар байрт шалгарч нийтээр эзэмших туршлага болгон түгээж байсан.


Түмний олон хүүхдийг өөрийн хүүхэд шиг санаж амьдарчээ


Цэрэндолгор багш багын хурдан шалмаг хөдөлгөөнтэй, нутгийнх нь хүмүүс “Ёндонбалын охиныг гүйцэх аргагүй, малынхаа араас уралдааны морь шиг гүйдэг” гэж ярьдаг байж. Тэр бас багаасаа хэл яриа хурц, ном уншиж, цээжилж тогтоох хичээлд гаргууд байсан. Үеийнхэн дундаа удирдан чиглүүлэх, уриалан хөдөлгөх санаачилга сайтай охин сургуулийнхаа бүлгэмийн зөвлөлийн даргаар сонгогдож олон ч ажлыг санаачлан зохион байгуулдаг адтай охин явжээ.


Бага ангийн багш нарын цалин нэмэх санаачилга гаргав


“Дархан хотын багш нарын V их хуралд оролцох үед тавьсан санал минь одоо л хэрэгжиж байгаа” гэж ярьсныг нь лавлаж тодруулахад цэцэрлэгийн болон бага ангийн багш нарын цалингийн хэмжээтэй холбоотой байсан юм аа гэв. Хурлын төлөөлөгчид галт тэргэнд явж байхад нэг багш нь их хуралд Дарханы багш нарыг төлөөлж Цэрэндолгороор үг хэлүүлье гэж. Тэр боломжийг ашиглан бодож санаж явсан “Цэцэрлэгийн болон бага ангийн багшийн хөдөлмөр хүнд. Хүний жаахан хүүхдүүдийг сурах арга барилд сургах хамгийн анхны алхмыг энэ хүмүүс л тавьдаг. Ийм хүнд, хариуцлагатай ажлыг тэд гардаж хийдэг хэрнээ цалин нь дэндүү бага байгааг анхаарах ёстой” гээд л шулуухан хэлж орхисон гэнэ. Хурлын танхим тэр чигээрээ алга ташин нүргэлэхэд айх ч шиг болсон гэдэг. Хурлын завсарлагаанаар маш олон хүн түүнийг дэмжиж буйгаа илэрхийлж, эрэл сурал болон ирж гар барин, санаа бодлоо хуваалцаж нэг үгээр “од” болсон. Ийм олон хүн дэмжиж байхыг хараад цэцэрлэгийн болон бага ангийн багшийн цалинг төр засаг шуудхан нэмэх байх гэсэн том найдвар төрж, сэтгэл нь хөдөлж байснаа ярьсан.


“Өнөө цагт дээр үеийнхээ аргаар зааж сургадаг байсан бол би ч их муу хүн байх байсан даа. Үг авахгүй хүүхдийг ганц нэг дэлсэх энүүхэнд” хэмээн инээж байсан буурал багшийн үгийг Барилгын техникумын анхны шавь нар нь эрс үгүйсгэсэн юм.


Барилгын техникумын 1985 оны 4Б ангийн төгсөгч Т.Жаргалсайхан шавь нь “Багш хэнийг ч ялгаварладаггүй, бүгдэд нь ижил тэгш, яг л ээж шиг нь ханддаг байлаа. Шавь нараа төрүүлсэн хүүхдээсээ дутахгүй хайрлаж, өөрийн гэртээ шавь нараа хүүхэдтэй нь хүртэл амьдруулдаг байсан хүн. Хааяа зэмлэж, ганц нэг цохиод авсан ч энэ нь хүүхдийг багшаас холдуулах биш харин ч илүү ойртуулдаг байсан. Бидэнд багшийгаа магтан ярих олон сайхан дурсамж бий. Нэг удаа хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгч яваад сурагчдын степенд гурван мянган төгрөгийг алдчихлаа, уучлаарай хүүхдүүдээ гээд уйлаад орж ирсэн. Гурван мянга гэдэг тэр үед маш их мөнгө шүү дээ. Бид багшдаа туслахаар шийдээд Цементийн үйлдвэрт нууцаар ажиллаж байсан юм. Ажил хийж байна ч гэж бодохгүй инээлдэж хөхрөлдөөд, өглөөнийхөө хичээлд амжиж очих гээд нойргүй шахам гүйж явлаа. Хичээл сургуулиа тасалж асуудал гаргахгүй ажиллаж байгаад багшийгаа баярлуулна гэж бодож байсан боловч багш хаанаас ч юм бэ мэдчихсэн тор дүүрэн боорцог хийчихсэн халуун савтай цай бариад хол газар алхаад ирж байсан юм.


Багш минь их зөөлөн хүн. Биднийг яах гэж ингэж байгаа юм гээд уйлаад загнасан. Гэхдээ биднийг ажиллахыг болиулж чадаагүй юм. Цалин буух өдөр болоход бид 3000 төгрөг авна гэж бодсон ч 3500-г аваад хэчнээн и х баярласан гэж санана. Багшийнхаа алдсан мөнгөний өрийг дараад үлдсэнээр зугаалгаар явсан.


Энэ мэтчилэн их олон сайхан дурсамжийг оюутан ахуй насанд багш минь бүтээж өгч байлаа” хэмээн түүний шавь ярьсан юм. Цэдо багш хүүхдийн тухай ярихдаа “Гэгээхэн ертөнц” гэж тодотгох дуртай санагдсан. Ингэж хэлэхдээ хайр дүүрэн харцаар жаргалтай нь аргагүй мишээл тодруулдаг юм билээ. Багш нь сурган хүмүүжүүлэх ажлаа бат итгэлтэй, мэдрэмжтэй хийдэг байхад, хүүхэд шавь нарынхаа хүндлэлийг олж, итгэлийг даасан дотны хүн нь болж чадна гэж залуу сурган хүмүүжүүлэгчдэд Цэдо багш сургадаг гэнэ. Эрдмийн мөр хөөж эцэг эхээсээ холдсон түмний олон хүүхдэд гэр бүлийг орлох сайн багш байна гэдэг хамгийн хариуцлагатай, хамгийн энэрэнгүй, хамгийн буянтай ажил гэдгийг Ёндонбалын Цэрэндолгор багш үлгэрлэж явжээ. Ийм л нэгэн эгэл багштай хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа шавь нарт нь хамгийн сайхан нандин сэтгэгдлийг үлдээж чадсан юм.



Сэлэнгэ УРТНАСАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин