Жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг баяр-амралтын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил, өнөөдөр нэгэн зууных нь ой тохиож байгаа тул бүр ч нижгэр тэмдэглэх нь лавтай. Хэвлэл ТВ-үүдээр “Тусгаар тогтнолоо зарласан өдөр”, “Тусгаар тогтнолын баярын өдөр” гэх мэтээр мэдээлж ярихыг залруулж энэхүү нийтлэлээ хүргэж байна. Тэр баярын утга агуулга, ач холбогдлыг ийм зураглалаар гаргая. Манж дайчин улсаас салж тусгаар тогтнолоо зарласан нь 1911.12.29-ний билэгт сайн өдөр. Тэр бол манай улсын тусгаар тогтнолын баярын өдөр (Independence Day) болно.
2007 оноос үндэсний эрх чөлөөний өдөр болгон улс даяараа тэмдэглэж байхаар УИХ-аас шийдвэрлэсэн нь манай төр үндэсний их мэдрэмжтэй, түүхээ хүндэлдэг дээдэлдэгийн жишээ.
2007 оныг хүртэл ард түмэн маань энэ үйл явдлыг бараг мэдэхгүй явж ирсэн гэхэд хилсдэл болохгүй. Үнэндээ бол “Үндсэний баяр” (National Day) гээч тэмдэглэлт ойг дэлхийн жишгээр тэмдэглэх өдөр маань чухам энэ юм. Яагаад? Монголын их эзэнт гүрэн задран унаж тарж бутарсаар тусгаар тогтнолоо алдаж, Манжийн эрхшээлд 200 гаран жил явсны эцэст 1911.12.29-нд тусгаар тогтнолоо эгүүлэн авч, Монгол Улсаа дахин байгуулсан өдөр нь яг тэр билээ.
Ийнхүү тусгаар тогтнолоо зарласнаас хойшхи этгээд түүхийг сөхье. Гадаад Монголын өөртөө засахыг зөвшөөрөх тухай Орос-Монголын хэлэлцээр гэдгийг 1912.10.21-нд Өргөө хотноо анхлан байгуулж байсан ба жилийн дараа 1913 онд Хаант Оросоос Хятадын бүгд найрамдах улс буюу Дундад Иргэн Улсыг хүлээн зөвшөөрч, чингэхдээ 1913.10.23-нд “Гадаад Монголын автономыг хүлээн зөвшөөрөх тухай Орос, Хятадын Тунхаглал” гэх баримт бичиг Бээжинд байгуулж, мөн өдрөө Оросын Засгийн газар ноот илгээж Гадаад Монгол нь Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг мөн гэдгийг Орос хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгджээ.
Хоёр хөрш гүрэн нь энэ тохиролцоогоо Хиагтын гурван улсын хэлэлцээ гэдгээр монголчуудад тулгаж 1915.05.25-нд гурван улсын хэлэлцээрээр (гэрээ) Монголыг Хятадын сюзерен дорхи өөртөө засах улс гэдгийг тунхаглуулж дөнгөжээ.
Энэ гэрээ Октябрийн хувьсгалын дүнд хүчингүй болж, мөн монгол ноёдын эв түнжингүй байдлаас шалтгаалан Хятадын гамин цэрэг 1919 онд Нийслэл Хүрээнд ирж Монголын автономитыг устган, үүнээс улбаалан Монголд Ардын хувьсгал ялах тохироо бүрдэж, Цагаан Орос ба Улаан Оросын аль алиных нь тусламжтайгаар тэр нь ялж тусгаар тогтнолоо эргүүлэн авсан түүх 1921 оноос бичигдэнэ.
Тодорхой хэлбэл Хүрээнээс гамин цэргийг хөөж гарган Богд хааныг эргүүлж сэнтийд нь залсан 1921.02.04-нийг Тусгаар тогтнолоо дахин сэргээсэн өдөр (Re-Independence Day) гэж үзнэ. Цаашаа Шивээ Хиагт, Ардын хувьсгал гээд түүх бичигдэнэ.
Монголчуудад төдийлөн танил болоогүй байж мэдэх гадны хүний бичсэн хоёр номоос дор эшлэе. Энэ хоёр номын зарим бичвэр адил утгыг илтгэж байгааг би дор товчлон буулгана. Номуудад бичсэнээс үзвэл, 1921.11.05-ны Монгол-Зөвлөлтийн Найрсаг харилцаа тогтоох тухай хэлэлцээр, Зөвлөлт Оросын байр суурь гэж нэгэн бүрхэг асуудал 1920-иод онд монголчуудыг алмайруулж байжээ. Манай улс дахин олж авсан тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, эрх тэгш хоёр улсын хооронд Найрсаг харилцаа тогтоолоо гэж үзсэн. Гэтэл уг хэлэлцээрийн заалтууд яаж ч гуйвуулж ойлгохоор. Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрлөө гэсэн үг өгүүлбэр тэрхүү баримт бичигт байхгүй. Хоёр улсын хууль ёсны Засгийн газруудыг харилцан хүлээн зөвшөөрч, найрсаг харилцаа тогтоож буй тухай заалтууд оржээ. Энэ үйл явдалтай зэрэгцүүлэн Зөвлөлт Орос нь ДИУ-тай харилцаагаа сайжруулах тухай цуврал хэлэлцээ 1920 оноос явуулсаар 1924.05.31-нд “ЗСБНХУ ба Дундад Иргэн Улсын хоорондын асуудлыг зохицуулах үндсэн зарчмуудын тухай хэлэлцээр”байгуулахдаа Хавсралтын 5-р зүйлд Гадаад Монгол нь ДИУ-ын нэг хэсэг мөн бөгөөд тэндэх Хятадын бүрэн эрхийг хүндэтгэж байна хэмээн зааж өгчээ. Хятадтай байгуулсан энэ хэлэлцээрээр 1921 оны Монгол-Зөвлөлтийн хэлэлцээрийг бүрмөсөн үгүйсгэжээ хэмээн оросын түүхч Евгений Трифонов дүгнэж байна.
Мягмар - 11 сарын 18,
2025
