sonin.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.


Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: "Нэгдүгээр хэлэлцүүлэг дээр хөгжлийн бодлого төлөвлөлтөд өргөн барьсан төсөв нийцэж байна гээд үзчихсэн учраас Засгийн Газар уг төсвийн төслийг эргэн татах боломжгүй. Мөн УИХ-аас төсвийг буцаах боломжгүй.

Гэхдээ УИХ-ын гишүүдээс төсвийн урсгал зардлыг танах ёстой гэсэн байр суурь гарч байгаа учраас УИХ болон Төсвийн байнгын хорооны зүгээс тогтоолын төслийг санаачилж, өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдаж батлаад төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг дээр хэлэлцүүлэгдэнэ.


Уг тогтоолын төслөөр 2025 оны төсөвтэй Монгол Улсын мөнгөний бодлого уялдаж байгаа эсэх, уг төсөвт УИХ-ын гишүүдийн шаардаж байгаачлан урсгал зардлыг бууруулах нөхцөл байдал байгаа учраас Төсвийн тодотголыг энэ ондоо багтаж хийх тогтоолыг Төсвийн байнгын хороо баталж байгаа.


Төсөв эцэслэн батлагдсаны дараа УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гараад Засгийн Газраас төсвийн тодотголтой холбоотой асуудлаар хамтарч ажиллана. УИХ-ын ажлын хэсэгтэй аудитын байгууллага болон төсвийн тогтвортой байдлын зөвлөл хамтарч ажиллана.

Засгийн Газар, Сангийн яам батлагдсан төсөв дээр үнэлэлт өгч тодотгол хийх үндсэн шаардлагуудаа тодорхой болгож, энэ ондоо багтан, төсвийн тодотголыг өргөн барих зохицуулалт руу орсон." гэв.


Яахав,төсвийн зардлыг бууруулж магадгүй нөхцөл байдал үүсч байгаа нь сайн хэрэг.

Гэхдээ батлагдаа ч үгүй байгаа төсвийг тодотгох тухай ярьдаг болтлоо УИХ, Монгол төр дампуурчээ.

Төсвийн тодотгол гэж тухайн жилийн төсвийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулахыг хэлдэг бөгөөд ингэхдээ орлого тасалдах буюу зайлшгүй шаардлага үүссэн үед л хийдэг юм.

Гэтэл Монгол төр өөрсдийнхөө боловсруулж, хэлэлцэж баталсан төсвөө муу төсөв болчихлоо гэж дүгнээд, атлагдмагцаа тодотгол хийдэг болтлоо дампуурч байна.


Н.Отгон