sonin.mn

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир нар /2024.08.22/ мэдээлэл хийлээ.


Мэдээллийн эхэнд Комиссын гишүүн Б.Энхболд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлд “Комиссын гишүүн нь бүрэн эрхийнхээ хүрээнд байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулахаар шаардлага, хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй гэж үзвэл шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар зөвлөмж хүргүүлнэ” гэж заасан.


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг 2020 онд шинэчлэн батласнаар Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээж авсан байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй болсон.


Шаардлагын дагуу арга хэмжээ аваагүй албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах, зөвлөмжийн дагуу арга хэмжээ аваагүй албан тушаалтныг албан тушаалаас нь бууруулах саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргана гэж хуульчилсан. Хуулийн энэхүү зохицуулалт үйлчилж эхэлсэнээс хойш 2020 онд 24 шаардлага, 25 зөвлөмж, 2021 онд 46 шаардлага, 58 зөвлөмж, 2022 онд 27 шаардлага, 47 зөвлөмж, 2023 онд 26 шаардлага, 61 зөвлөмж, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 20 шаардлага, 46 зөвлөмж буюу нийт 380 шаардлага, зөвлөмжийг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтийг тооцсон


2024 онд нийт 66 шаардлага, зөвлөмжийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн. Гэвч Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн яам, Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтан Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, хариу ирүүлээгүй учир хариуцлага тооцох санал хүргүүлнэ. Комиссын гишүүний 2024 онд хүргүүлсэн шаардлагын дагуу Дорноговь аймгийн ХХААГ-ын дарга, Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг дарга, Төв аймгийн Баян, Сэргэлэн сумдын Засаг дарга, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга нарт хариуцлага тооцсон гэлээ.


Үргэлжлүүлэн Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар 2024 оны эхний 08 дугаар сарын байдлаар хүргүүлсэн 20 шаардлага, 46 зөвлөмжийн агуулга, хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.


Тэрээр Комиссоос 2024 онд нийт 66 шаардлага, зөвлөмжөөр нийт 369 хүний эрхийн асуудлыг заалт болгон тусгасан байна. Комиссын гишүүд Комисст ирсэн гомдол, мэдээллийн дагуу шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал, удирдамжтай хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, судалгаа, дүн шинжилгээний үр дүнгээр, өөрийн санаачилгаар шаардлага, зөвлөмжийг хүргүүлдэг.


Гомдол, мэдээллийн мөрөөр 11 шаардлага, 18 зөвлөмж, хяналт шалгалтын үр дүнгээр 9 шаардлага, 12 зөвлөмж, дүн шинжилгээний мөрөөр 9 зөвлөмж, Комиссын гишүүний санаачилгаар 7 зөвлөмжийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна гэлээ.


Улмаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд шаардлагыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор, зөвлөмжийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар бичгээр хариу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй эрх бүхий албан тушаалтнуудын талаарх мэдээллийг хүргэлээ.


Тухайлбал:


1.Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил олон жил ашиглалтад орохгүй удсанаас сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөж байх тул тус өргөтгөлийн барилгыг яаралтай ашиглалтад оруулах бүх талын арга хэмжээг авах тухай Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шаардлагын хариуг 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй. Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулагдаж, салбарын сайд өөрчлөгдсөн тул Комиссын гишүүний шаардлагыг шинэ сайдад танилцуулж биелэлтийг ирүүлэх тухай албан бичгийг Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалд хүргүүлсэн боловч мөн хариу ирүүлээгүй.


2.Нийслэлийн хэмжээнд дахин төлөвлөлт хийгдсэн болон ойрын хугацаанд хийгдэхээр төлөвлөж байгаа газруудад оршин суугаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн судалгааг гаргаж, эхний ээлжинд төлөвлөлтөд хамруулах арга хэмжээ авах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хүргүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн зөвлөмжийн хариуг 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй. Салбарын сайд өөрчлөгдсөн тул Комиссын гишүүний зөвлөмжийг шинэ сайдад танилцуулж биелэлтийг ирүүлэх тухай албан бичгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулд хүргүүлсэн боловч мөн хариу ирүүлээгүй байна.


3.Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт хийсэн хөдөлмөрлөх эрхийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн зөлөмжийн хариуг 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй.


4.Орон нутгийн хэмжээнд хүний эрхийн асуудлыг сайжруулах, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах тухай Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Доржсүрэнд хүргүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөмжийн хариуг 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй.


5.Дулааны цахилгаан станц-2 ТӨХК-д хийсэн хяналт шалгалтаар илэрсэн эвлэлдэн нэгдэх, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгуулах тухай Эрчим хүчний сайдад хүргүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн зөвлөмжийн хариуг 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй.


6.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалаар баталсан “Төмөр замын техник ашиглалтын журам”-ын 9 дүгээр бүлэгт заагдсан “Сэлгээний үеийн дуут дохио” хэсгийг Гранд вилла хотхоны оршин суугчид, нэн ялангуяа эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг хангах үүднээс өөрчлөх боломж байгаа эсэхийг бодитойгоор судлан үзэж, шийдвэрлэх тухай Зам, тээврийн сайдад хүргүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн зөвлөмжийн хариуг 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй.


Комиссын гишүүний шаардлага зөвлөмжийн хэрэгжилтийг 2022, 2023 онуудтай харьцуулбал 77.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүлээн авсан эрх бүхий байгууллага албан тушаалтнууд шаардлага зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарч ажиллаж байгаа нь сайшаалтай байна. Гэвч нөгөө талаас Комиссын гишүүний шаардлага зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байх, хэрэгжихгүй байх хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч байна. Үүнд,


1. Шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх зардал тухайн жилийн байгууллагын төсөвт тусгагдаагүй.

2. Байгууллагын удирдлага солигдсоноос үүдэн байгууллагын тасралтгүй үйл ажиллагаа алдагдсан.

3. Шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан албан тушаалтны хууль эрх зүй, хүний эрхийн мэдлэг ойлголт, хандлага дутмаг.

4. Шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх үүргийг харьяа байгууллагад шилжүүлдэг боловч хэрэгжилтийг үнэлж, тооцдоггүй, явцын болон үр дүнгийн хяналт хийдэггүй.

5. Урт хугацаанд хэрэгжүүлэх шинжтэй шаардлага, зөвлөмжийг эхлүүлээд орхидог зэрэг байна.


Хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх чиг үүргийг бүх төрийн байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комисс нь төр энэ үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавьдаг хараат бус, хөндлөнгийн байгууллага юм. Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага тухайн хүний эрхийн зөрчлийг нэн даруй, шуурхай арилгах, таслан зогсоох, цаашид хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй, тасралтгүй зохион байгуулах шаардлагатай байна гэлээ.