sonin.mn

Бүгд найрамдах засаглал, хэвлэлийн эрх чөлөө, сонгуулийн учир холбогдол


Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол улс 51.3 оноотойгоор эдүгээ 109–д жагсаж буй нь өмнөх оныхоос даруй 21 байраар дордсон (https://rsf.org/en/index?year=2024) байна. Ардчилсан хэмээх Монголын хамгийн доод рекорд, доод цэг. Мөн 40–55 оноо нь хэвлэлийн эрх чөлөө авсанд орохын өмнөх шат. Хэвлэлийн эрх чөлөө ардчилсан гэж нэрлэгдэх өнгөрсөн 30 гаран жилийн хугацааныхаа хамгийн доод цэгт хүрч, үхлийн шатанд орчхоод байна гэсэн үг. 2015 онд 54–т байсан нь МАН-ын эрх барьсан 8 жилд даруй 55 байраар ухарсан байна. Харин 2011/2012 онд 100–д байсан нь АН-ын эрх барьсан 4 жилд 46 байраар урагшилсан байна. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөг МАН устгадаг, АН сэргээдэг гэсэн үг. 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн 1-р зүйлд томьёолсноор хэвлэлийн эрх чөлөөг “хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө” гэж үзвэл МАН та бидний эрх чөлөөг устгадаг, АН та бидэнд эрх чөлөө өгдөг гэсэн үг.


Харин хэвлэлийн эрх чөлөө нь хүний эрх чөлөө төдийгүй ард түмний, бүгдийн, нийтийн эрх чөлөө, бүгд найрамдах улсын эрх чөлөө. Хэвлэлийн эрх чөлөө нь бүгд найрамдах улс бүгд найрамдах улсын ёсоор, бүгд найрамдах засаглал бүгд найрамдах засаглалын ёсоор орших, тогтох үндсэн нөхцөл, арга зам нь.


Тиймээс хэвлэлийн эрх чөлөө орших эсэх нь бүгд найрамдах улс, бүгд найрамдах засаглал орших, эс орших тухай асуудал. Тиймээс хэвлэлийн эрх чөлөө авсанд орохын өмнөх шатанд очоод байна гэдэг нь Монголын бүгд найрамдах засаглал мөхөх шатанд ороод байна гэсэн үг. Учир нь, бүгд найрамдах засаглал гэдэг нь ард түмэн буюу олон нийт нийтийн хэргээ бүгдээрээ хамтдаа эрхлэн явуулах арга, засаглалыг хэлэх бөгөөд тиймээс ч res буюу хэрэг, publicus буюу ард түмэн, нийт гэсэн хоёр үгнээс бүрдсэн respublica нь үгчилбэл ард түмний хэрэг, эсвэл нийтийн хэрэг гэсэн утгатай юм. Мэдээж ард түмэн өөрсдийн хэргээ нийтээрээ эрхлэх, засах гэдэг нь бүгдээрээ ухаанаа уралдуулан нийтээрээ хэлэлцэн тунгааж хамгийн зөв шударга, оновчтой арга замыг олж, хамгийн зөв шударга, чадвартай, итгэлтэйдээ даалган эрхлүүлнэ гэсэн үг. Чухам энэ утгаар буюу бүгдээрээ нийтээрээ оролцож, бүгдэд зөв шударга бодлого, засгийг явуулах гэдэг утгаар respublica-ийг Монголчууд бүгд найрамдах гэж оноосон хэрэг.


Бүгдээрээ ухаанаа уралдуулах, санал онолоо найралдуулахын үндсэн зорилго нь хамгийн зөв шударга, зохистой, оновчтой арга зам, хамгийн зөв шударга, мэдлэгтэй, чадвартай, итгэлтэйгээ хайж, олж тодруулах явдал.


Тиймээс эцсийн эцэст бүгд найрамдах засаглал гэгч нь байнга шударгыг, сайныг, шилдгийг тодруулах, шалгаруулах шигших, сайжруулах тогтолцоо байх учиртай бөгөөд эл ч учир бүгд найрамдах засаглал нь сайны, шилдгийн засаглал төдийгүй сайнаас сайнд, шилдгээс шилдэгт ахих, дэвших, сайжрах сайны (virtue), шилдгийн орчил, цикл, эрчлээ (virtious circle/cycle/spiral) байх учиртай. Харин бүгдээрээ ухаанаа уралдуулах, нийтээрээ хэлэлцэх, магадлах, нягтлах, үнэлэх, цэгнэх, тунгаах, шүүх үндсэн хэрэгсэл нь хэвлэл мэдээлэл. Хэвлэл мэдээлэл нь ард түмний хувьд нийтээрээ хуралдах, хэлэлцэх индэр, танхим, газар нь. Тиймээс хэвлэл мэдээлэл нь ард түмний хурал, парламент гэж хэлж болно. Чухам эл учир хэвлэл мэдээлэл нээлттэй, чөлөөтэй байх учиртай юм. Бүх нийтийн байнгын нээлттэй, чөлөөтэй хэлэлцүүлэг өрнөж байж л аливаа хэрэг, түүнийг шийдэх арга зам, шийдэл төдийгүй хэрэгжүүлэх этгээдийн талаар ч ард түмэн, олон нийт мэдээлэлтэй, мэдлэгтэй, ойлголттой болох төдийгүй, үндэслэлтэй, зөв зүйтэй үзэл баримтлал, байр суурьтай болох боломжтой. Чухам энэ нь нийтийн хэргээ бүгдээрээ ухаанаа уралдуулж, бүгдээрээ засах бүгд найрамдах засаглалын үндсэн үзэл санаа бөгөөд хэлэлцүүлэг нь эцсийн эцэст бүгдийн, нийтийн хэргийг хэн хамгийн зөв, шударга, оновчтой, чадвартай, итгэлтэй эрхэлж чадах вэ гэдгийг тодруулах явдал.


Тиймээс хэвлэл, мэдээлэл нээлттэй, чөлөөтэй байх нь ард түмний үндсэн суурь эрх ашиг, бүгд найрамдах улс бүгд найрамдах улсын ёсоор, бүгд найрамдах засаглал бүгд найрамдах засаглалын ёсоор орших, тогтнох, өөрөөр хэлбэл хамгийн зөв шударга, оновчтой, чадвартай, итгэлтэйг тодруулах тогтолцооны оршин тогтнох үндсэн нөхцөл, арга нь юм.


Тиймээс хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх хүний эрх, эрх чөлөөний биелэл, баталгаа төдийгүй бүгд найрамдах улсын эрх, эрх чөлөө юм. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө нь нийтийн хэрэгт бүгдээрээ эрх тэгш оролцох, хэлэлцэх эрх, эрх чөлөө учир бүгд найрамдах засаглалын уг сурвалж, ундарга нь гэж болох. Харин хэвлэлийн эрх, эрх чөлөө нь нийтийн нээлттэй, чөлөөтэй хэлэлцүүлэг явуулах, нийтээрээ зөвшилцөх, зөв зүйтэй ойлголцол, шийдэлд хүрэх, байр суурьтай болох бүгдийн, нийтийн, бүгд найрамдах улсын амин эрх ашиг, эрх, эрх чөлөө юм. Тиймээс хэвлэл, мэдээллийн эрх чөлөө нь ард түмний бүгдийн, нийтийн улстөрийн эрх, эрх чөлөө. Мэдээж бүгдээрээ найрамдах үндсэн арга нь бүгдээрээ саналаа гаргаж, олонхынхоо саналаар асуудлаа шийдэх явдал бөгөөд үүнийг бид сонгууль, референдум гэж нэрлэх. Үнэндээ бүгд найрамдах засаглал нь бүгдээрээ нийтийн хэргээ байнга хэлэлцэж, байнга үнэлж, цэгнэж, байнга сонголт хийж байх байнгын сонгуулийн дэглэм. Чухам бүгдийн хэлэлцүүлэг явагдах, үзэл баримтлал, байр суурь бүрэлдэх, энэ утгаар бүгдийн санал, сонголт бүрэлдэх индэр учир хэвлэл, мэдээлэл нь бүгд найрамдах засаглалын институци. Чухам эл учир Өрнөдийн ардчилсан улс орнуудад сонгуулийн сурталчилгааны хугацаа гэж байдаггүй бөгөөд үнэндээ сонгууль байнгын шинжтэй институци. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг устгах нь ард түмэн, олон нийт нийтийн хэргээ нийтээрээ хэлэлцэх, магадлах, нягтлах, үнэлэх, цэгнэх, тунгаах, шүүх боломжийг устгаж байгаа хэрэг. Энэ нь ард түмний төрөө барих, нийтийн хэргээ эрхлэх эрх, эрх чөлөөг хасаж, устгаж байгаа хэрэг төдийгүй бүгд найрамдах засаглал орших, ажиллах, тогтнох үндсэн арга, нөхцөлийг устгаж байгаа хэрэг тул бүгд найрамдах засаглалыг үндсэнд нь халж байгаа хэрэг. МАН-ын эрх баригчид Зөрчлийн тухай зэрэг элдэв хууль тогтоомж, хаалтын гэрээ, сүрдүүлэг, заналхийлэл, доромжлол зэргээр хэвлэлийн эрх чөлөөг боомилж ард түмнийг нийтийн хэрэгтээ оролцох эрхгүй болгосон төдийгүй “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” (УИХ-ын Сонгуулийн тухай хууль, 39.1) хэмээн хуульчилж нэр дэвшигчид 6-р сарын 10-нд үнэмлэх олгохоор шийдсэнээр сонгуулийн сурталчилгааг 17 хоногоор хязгаарласан.


Мэдээж энэ богино хугацаа нь бүсчилсэн тойрог, өндөр өртгийн хамтаар МАН-аас бусад нам, эвсэл, нэр дэвшигчдийг үг, үзэл санаа, байр суурийнх нь хамт Монголчуудад хүргэхгүй байх, боомилох, тэгснээрээ МАН-д давуу байдал олгоход оршино.


Мөн богино хугацаанд их хэмжээний сурталчилгаагаар бөмбөгдөх, дайчлах үйл ажиллагаа нь бүгд найрамдах засаглалын үзэл санаанд харш төдийгүй, ард түмэн, сонгогчид асуудалд мэдээлэлтэй, мэдлэгтэй ул суурьтайгаар, ухаалгаар хандах, шүүмжлэлтэйгээр авч үзэх, үндэслэлтэй, зөв зүйтэй үзэл баримтлал, байр суурьтай болох боломжийг нь алдагдуулах нь ч ойлгомжтой. Хамгийн гол нь энэ нь хэвлэлийн эрх чөлөөг боомилсонтой хамтраад эрх баригчдын үйл ажиллагааг 4 жилийн турш хэлэлцэж, магадалж, нягталж, үнэлж, цэгнэж, тунгааж, шүүхийн дээр эрх баригчдын бодлого, үйл ажиллагаанаас илүү зөв шударга, илүү оновчтой бодлого болон илүү чадвартай, илүү итгэлтэй найдвартай нам, улстөрийн зүтгэлтнүүдийг нэг талаас илрүүлэх, нөгөө талаас гарч ирэх боломжийг боомилон хааж байгаа хэрэг. Энэ нь мэдээж бүгд найрамдах засаглалыг сайнаас сайнд, шилдгээс шилдэгт ахих, дэвших, сайжрах сайны, шилдгийн орчил, цикл, эрчлээнийх нь хувьд устгаж байгаа хэрэг. Ард түмнийг ч, бусад улстөрийн нам, эвсэл, зүтгэлтнүүдийг ч боомилох замаар бүгд найрамдах байгуулалд МАН-ын монополыг тогтоож буй нь бүгд найрамдах засаглалыг бүгдийн, нийтийн, ард түмний засаглалынх нь хувьд үгүйсгэж зөвхөн МАН-ын засаглал болгон хувьчлан өмчлөн авч байгаа хэрэг. Энэ нь дор хаяж Монголын хөгжил, цэцэглэлт зөвхөн МАН-ын эрх баригчдын бодлого, чадвараар хэмжигдэнэ, боомилогдоно гэсэн үг.


Зөвхөн МАН-ын дарга л толгойтой, үгтэй, үзэл бодолтой, зөвхөн МАН-ын Үнэн Монголын үг хэл, үнэн болж, МАН-ын засаглал Монголын засаглал болж ирсэн 30 гаруйхан жилийн өмнөх дэглэм эргэн тогтож байгаа хэрэг.


Гэхдээ Цэдэнбалын МАН коммунист нам байсан бол одоогийн МАН авлигын нам. Цэдэнбалын дэглэм коммунист дэглэм байсан бол одоогийн дэглэм клептократ дэглэм. Авлигын нам, клептократ дэглэм Монголын бүгд найрамдах засаглалыг өмчилнө гэдэг нь сайны орчил, цикл, эрчлээ байх ёстой бүгд найрамдах засаглалыг бүрмөсөн урвуулан муугийн (vice), чөтгөрийн орчил, цикл, эрчлээ (vicious cirle, cycle, and spiral) болгон хувиргаж буй хэрэг. Авлигачид хамсаатан, гар хөл, хүүхэлдэйнүүдээ орондоо тавих болсон төдийгүй, авлигачдыг үр хүүхэд нь ч залгамжлах болсон нь авлигын гинж,  тогтсон ёс, төмөр хууль болсон. Авлигын индексээр  эдүгээ Монгол улс 121-д байгаа нь 2015 оныхоос даруй 49 байраар авлига гүнзгийрсэн хэрэг (https://www.transparency.org/en/cpi/2023). Энэ нь Монголын түүхэн дэх авлигын хоёрдох гүн рекорд бөгөөд хамгийн гүнзгий рекорд нь 2010 оны 127-р байр. Хэвлэлийн эрх чөлөөний индекс, эрэмбэ 2002 оноос хойш (Монгол улс 2002 оноос хамрагдаж ирсэн) жил тутам хэвлэгдэж ирсэн бол, Авлигын индекс, эрэмбэ 1995 оноос эхлэн (Монгол улс 2004 оноос хамрагдаж ирсэн) жил тутам хэвлэгдэж ирсэн. Олон жилийн үзүүлэлт нь тодорхой төлөв, чиг хандлагыг илрүүлж байгаа бөгөөд тэр нь АН бидэнд эрх чөлөө өгдөг, МАН бидний эрх чөлөөг хураадаг, АН авлигыг бууруулдаг, МАН авлигыг гааруулдаг гэдгийг бидэнд яруу тод харуулж байна. Мөн одоо МАН-ыг дахиад сонговол амаа тас үдүүлнэ, эрх чөлөөгөө нэгмөсөн алдана, авлигад бүрмөсөн живнэ гэдийг ч бидэнд хурц анхааруулж байна. Үнэндээ сүүлийн жилүүдэд улстөрчид ч, хэвлэл мэдээллийнхэн ч, олон нийт ч уналтын, доройтлын, ялзралын доод цэг, туйл, ёроолдоо тулах тухай тавладаг болоод буй нь авлигын гав гинжинд боомилогдож, авлигын эргүүлэгт живж буйгаа мэдэрч, гасалж, анхааруулж, харанга дэлдэж буй хэрэг ч биз. Авлигын гав гинжийг таслах, эргүүлгээс гарахын тулд хэнийг сонгох ёсгүйг ч хоёр индекс хоёр утгагүй зааж байх.



МУИС-ийн профессор Л. Мөнх-Эрдэнэ