sonin.mn

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотой хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор батлагдсан УИХ-ын 2024 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн тухай мэдээлэл сонслоо. Улмаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг гишүүдийн 57.1 хувь нь дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга  Э.Батшугар “УИХ-ын 2024 оны 05 дугаар тогтоолд төр өөрт байгаа мэдээллийг иргэд, аж, ахуй нэгжээс нэхэхгүй байх тухай чухал заалтыг тусгасан.


Тухайлбал, Монгол Улсын иргэн тэтгэвэрт гарахын тулд олон байгууллагаас бичиг, цаас хөөцөлдөж явах хэрэгтэй болдог. Энэ нь эргээд хүнд суртал үүсгэдэг. Энэ тогтоолтой заалтуудын хэрэгжилт ямар байна вэ. Мөн дотоодын роуминг үйлчилгээг нэвтрүүлэх дэд бүтцийг бий болгох ажил ямар шатанд явж байна гэдгийг албаныхнаас тодруулав.


ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг “Төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс нэхэхгүй байх тал дээр төрийн байгууллагуудтай хамтарсан уулзалтуудыг хийж байгаа. Уг ажлын хүрээнд ХНХЯ-нд салбарын процессын инженерчлэл орсонтой холбогдуулан E-Mongolia аппликейшнд зарим үйлчилгээг холбох, мэдээллийн нэгдсэн санд байгаа мэдээллийг саадгүй солилцох тал дээр анхаарч ажиллаж байна. Мөн төр өөрт байгаа мэдээллээ шаардахгүй байх асуудалд хуулийн зохицуулалтаас  гадна төрийн албан хаагчдын ойлголтод өөрчлөлт оруулах шаардлагатай байна.


Тиймээс “E-Mongolia” академийн Төрийн цахим зохицуулалтын газар төрийн үйлчилгээг цахимаар хүргэхтэй холбоотойгоор цахим хуулийн хэрэгжилтийг хангах талаар сургалт хийж байгаа. Мөн 109 хууль батлагдсантай холбоотой ЦХХХЯ салбар, салбарын байгууллагын төрийн албан хаагчдад чиглэсэн мэдээлэл таниулах сургалтыг хийж байна.  


Дотоодын роуминг үйлчилгээг нэвтрүүлэх асуудлаар Харилцаа, холбооны хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газарт өгсөн. Хуулийн төслийг Засгийн газар хэлэлцээгүй байгаа. Одоогоор энэ чиглэлээр ямар нэгэн ажил хийгдээгүй. Хуулийн төсөл батлагдвал холбогдох зохицуулалтуудыг тусгасан байгаа” гэв.


УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:


-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл хариуцагч нь өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх, хүн, хуулийн этгээд, төрийн байгууллага хоорондоо цахим хэлбэрээр харилцах боломжийг олгосон зохицуулалтыг хийж байна. Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал (opendata.gov.mn)-ын 2.0 хувилбарыг өнгөрсөн гуравдугаар сарын 07-ны өдөр нэвтрүүлж, 471527 хандалт авсан.


“Нээлттэй өгөгдлийн жагсаалт”-д төрийн 59 байгууллагын 606 өгөгдлөөс гадна хувийн хэвшлийн, уул уурхайн компани, иргэний нийгмийн байгууллагын нээлттэй өгөгдөл бий болгох, жагсаалтад нэмэлт оруулахаар ажиллаж байгаа. Төрийн 38 байгууллагын 75 өгөгдлийн санг судалгаанд хамруулсан.


Түүнчлэн хувийн хэвшилтэй хамтран (shilen.gov.mn)-ийн 2.0 хувилбарт хиймэл оюуны технологи(GPT)-ийг нэвтрүүллээ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээллийн сантай холбоотой үйлчилгээнд хиймэл оюуныг ашиглаж эхэлсэн. Төр өөрт байгаа мэдээллээ хиймэл оюунд сурган ажиллуулах нь авлигын эсрэг тэмцэлд хувь нэмэртэй төдийгүй иргэдэд түргэн, шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэж байна гэлээ.


Үргэлжлүүлэн Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив. Монгол Улс НҮБ-ын хоёр жил тутмын “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 2018 болон 2020 онд тус байгууллагын гишүүн 193 орноос 92 дугаар байранд орсон бол 2022 онд 74 дүгээр байранд орж, 18 байр урагшилсан.


Харин Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас жил бүр гаргадаг улс орнуудын инновацын чадавх, амжилтаар нь эрэмбэлдэг “Дэлхийн инновацын индекс”-ээр 2022 онд 71 дүгээр байр эзэлж өмнөх онуудаас 10 гаруй байраар хойшилж, 2023 онд 132 улсаас 68 дугаар байранд жагссан байна. Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, үйлчилгээнээс эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр 0.24 хувьтай байна. Энэ нь мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын ихэнх нь дэлхийн бусад улс орны компаниудтай харьцуулахад бүрэн төлөвшиж амжаагүй, манай улсад инновац, нэмүү өртөг шингэсэн бизнес эрхлэлтийг дэмжих, хөрөнгө оруулалтын талаарх хууль, эрх зүйн таатай орчингүй, төрөөс үзүүлэх дэмжлэг хангалтгүй байгаатай холбоотой юм. Тиймээс энэхүү хуулийн төсөлд сэндбокс орчны талаар тодорхойлж, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбоксын орчин бий болгон, холбогдох журмыг Засгийн газар батлахаар тусгажээ. 



Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин