sonin.mn

Бид өнөөдрийн ярилцах буландаа ШИНЭ намын дэд дарга, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Хиймэл оюун ухааныг Монгол Улсад хөгжүүлэх эрдэмтдийн зөвлөлийн орлогч дарга Жадамбын Цолмонг урьж, “Хиймэл оюун ухаан” сэдвийн дор ярилцлаа.  


-Хиймэл оюун ухаан бол манайд шинэ тутам ойлголт. Энэ тухай ойлголт өгөөгүй болохоос манай зарим салбарт нэвтэрсэн. Зарим салбарт оролдлого ч байгаа. Тэгэхээр шууд хиймэл оюун ухаанаар тэр салбарыг хөгжүүлнэ, энд дутуу байна гэхээсээ илүүтэй хиймэл оюун ухаан гэж чухам юу юм гэдгийг тайлбарлаж өгөөд дараа дараагийн асуулт руугаа орох нь зөв байх? 


-Энгийнээр хэлбэл, хиймэл оюун ухаан гэдэг нь ихэвчлэн хүний оюун ухаан шаарддаг даалгавруудыг гүйцэтгэж чаддаг машин эсвэл системийг хэлдэг. Хүний сэтгэхүйг дуурайлгасан ба бараг ижил түвшинд хүргэхийг хичээдэг технологийн төрөл буюу хүний хийдэг зарим үйл ажиллагааг хийж орлуулах үйлдэл юм. Хиймэл оюун ухааны судалгааны салбар нь 1956 онд Дартмутын Коллежийн хотхонд болсон зөвлөгөөн дээр анх яригдаж, үүссэн гэдэг. Мөн 1955 онд “Хиймэл оюун ухаан” хэмээх нэр томьёог Жон Маккарти өөрийн бүтээлдээ ашигласнаар энэ нэр томьёо гарч ирсэн ч гэж үздэг юм билээ. John McCarthy Америкийн нэрт компьютер судлаач, хиймэл оюун ухааны судалгааны салбарыг үндэслэгчийн нэг, нэрт эрдэмтэн юм. Харин Монгол Улсад 2017 оноос энэ нэр томьёог сонсож хэрэглэж ирсэн гэж үздэг. Хиймэл оюун ухааныг дижитал шилжилттэй холбож ярих хэрэгтэй болов уу. Зарим улстөрчдийн ярианаас харахад цахим хөгжлийг дижитал шилжилттэй андуурч хольж яриад байгаа нь буруу санагддаг. Е тодотголтой цахим хөгжил нь ерээд оны сүүл үеэс эхлэлтэй бөгөөд хүний гараар хийгддэг зүйлсийг хөнгөвчлөх зорилгоор цахилгаан машинуудыг ашигладаг болохыг зорьсон хөгжлийн хувьсах процесс юм. Харин transformation буюу шилжилт гэдэг бол цоо шинэ зүйл рүү үсрэлт хийх ойлголт. Хиймэл оюун ухаан, Блокчейн, Үүлэн тооцоолол зэрэг технологийн инновацууд нь дижитал шилжилтийн гол үндэс болно. Одоо үед бүх хүн интернетийг тодорхой түвшинд ухаалаг хэрэгслээр дамжуулан ашиглаж хэрэгтэй мэдээллээ олж авч байгаа нь цахим бол ердийн хэрэглээ болсон гэсэн үг. Харин дижитал шилжилт гэдэг нь дата суурьтай технологуудын хүчтэй нөлөөгөөр өмнө нь байгаагүй бизнес, менежмент, инновацыг бий болгон хүний амьдралын чанарыг дээшлүүлэх бодит хөшүүрэг болох юм. Технологи хөгжсөн орнуудад дижитал шилжилт хийгдэх нь гарцаагүй гэж арваад жилийн өмнө ярьж байсан бол өнөөдөр биеллээ олоод явж байна. GitHUB-ийн судалгаагаар 2023 оны зургаадугаар сарын байдлаар гэхэд шинээр бичигдэж байгаа программуудын 53 хувийг хиймэл оюун ухаанаар бичигдсэн код эзэлж байгаа нь жил бүр өсөж байгаа үзүүлэлт юм. Мөн нийт программ зохиогчдын 92 хувь нь хиймэл оюун ухаанаас туслалцаа авдаг гэсэн тооцоо гарчээ. 


ХИЙМЭЛ ОЮУН УХААН 700 ГАРУЙ АЖЛЫН БАЙР ОРЛОХ МАГАДЛАЛТАЙ


-Хиймэл оюун ухаан нэвтрээгүй салбар гэж бараг байхгүй болж байна. Ялангуяа эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарт хамгийн хурдтай нэвтэрч хэрэглээнд орсон гэж хэлж болно. Хүмүүс өдөр тутмын амьдралаа ч хиймэл оюун ухаангүйгээр төсөөлөхгүй болжээ?


-Хиймэл оюун ухаан (AI) нь эдийн засаг, үйлдвэрлэл, нийгэм, эрүүл мэндийн салбарт чухал нөлөө үзүүлэхээс гадна хувь хүний, бидний амьдралд аль хэдийн шургаж хэв маягийг хүртэл өөрчилж байна. Хүн болгон Chat GPT, Open AI, Dall E гэж сонсохоос гадна бүгд хэрэглэж байгаа. Жишээ нь, эдийн засгийн салбар дахь хиймэл оюун ухааны нөлөөлөл ямар байх вэ гээд хэлбэл асар их олон жишээ дурдаж болно. Хиймэл оюун ухаанаар ажилладаг автоматжуулалт нь бүх салбар дахь үйл явцыг оновчтой болгож, хөдөлмөрийн зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлж байна. Жишээлбэл, үйлдвэрлэлд хиймэл оюун ухаанаар ажилладаг роботууд даалгавруудыг нарийвчлалтай, хурдтайгаар гүйцэтгэх боломжтой бөгөөд ингэснээр үйлдвэрлэлийн циклийг хурдасгаж, зардлыг асар ихээр хэмнэх болжээ. Хиймэл оюун ухаан хөгжсөнөөр зарим ажлын байрыг хиймэл оюун ухаанаар сольж болно гэж үзсэн.


Тухайлбал, Оксфордын их сургуулийн гаргасан судалгаанд 700 гаруй ажлын байр хиймэл оюун ухаанаар орлогдох магадлалтай гэж гарсан. Хэдий тийм ч хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, засвар үйлчилгээ хийх, хяналт тавих чиглэлээр шинэ ажлын байр бий болж байна. Нэмж дурдахад хиймэл оюун ухаан нь өөрөө жолоодлоготой тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл гэх мэт цоо шинэ салбар, зах зээлийг бий болгох боломжийг олгож эхэлсэн. Бас хиймэл оюун ухааны хийсэн юмыг өндөр нарийн мэргэшсэн хүмүүс л хянаж сайжруулахаас өөр арга байхгүй учир зарим ажлын байр орлуулагдах ч шинээр ажлын байрууд гарч ирэх боломж нь бас тэр хэмжээнд байгаа. Аж үйлдвэрийн хөгжилд урьдчилан таамаглах засвар үйлчилгээнүүд хөгжиж байна. AI алгоритмууд нь мэдрэгчийн өгөгдөлд дүн шинжилгээ хийж, төхөөрөмжийн эвдрэл гарахаас өмнө урьдчилан таамаглаж, зогсолт, засвар үйлчилгээний зардлыг бууруулдаг. Жишээлбэл, нисэхийн салбарт хиймэл оюун ухаан нь хөдөлгүүрийн эвдрэлийг урьдчилан таамаглаж, агаарын тээврийн компаниудад засвар үйлчилгээг идэвхтэй хийх боломжийг олгодог. Чанарын хяналт сайжирч байна. Хиймэл оюун ухаанаар ажилладаг компьютерийн харааны систем нь хүний шалгагчаас илүү нарийвчлалтай бүтээгдэхүүний согогийг шалгаж чаддаг. Энэ нь үйлдвэрлэлийн процесст чанарын өндөр стандартыг хангаж, хог хаягдлыг бууруулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Хиймэл оюун ухааны алгоритмууд нь зөвлөмж, үйлчилгээг хувийн болгохын тулд асар их хэмжээний өгөгдөлд дүн шинжилгээ хийдэг.


Жишээлбэл, Netflix гэх мэт стриминг платформууд нь хэрэглэгчдийн үзсэн түүх, сонголт дээр үндэслэн кино, шоу санал болгохын тулд хиймэл оюун ухааныг ашигладаг. Хиймэл оюун ухаанд суурилсан технологиуд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан шийдлүүдийг гаргаж нийгмийг илүү хүртээмжтэй болгож байна. Жишээлбэл, хиймэл оюун ухаанаар ажилладаг яриа таних, байгалийн хэлийг боловсруулах зэрэг дуу хоолойгоор идэвхжүүлдэг интерфэйсийг бий болгож, дижитал контентыг харааны бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй болгож байна. АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судлаачид хиймэл оюун ухааны тусламжтайгаар тархины үйл ажиллагааг текст болгон хувиргадаг “оюуны гар бичмэл” нэртэй системийг танилцуулсан. Уг систем нь хүн нэг үгийг бичих талаар бодох үед дэлгэцэн дээр тухайн үгийг үүсгэж чадах юм. Энэхүү тархи-компьютерийн шинэ интерфейс нь мэдрэлийн эмгэг, нугасны гэмтэлтэй буюу бусадтай харилцаж, ярих чадваргүй байгаа олон мянган хүмүүст харилцааны ур чадвараа сэргээхэд туслах нэгэн төрлийн машин гэж ойлгож болно. Энэхүү системийг ашигласнаар тухайн хүн өөртэйгөө ижил насны хүн бичиж байгаатай адил хэмжээний буюу нэг минутанд 90 орчим тэмдэгтийн хурдтайгаар өгүүлбэр зохиож, бусадтай харилцах боломжтой гэж үздэг. Дүгнэж хэлэхэд, хиймэл оюун ухаан нь аж үйлдвэр, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л салбарт нэвтрэн орж бидний амьдралд хувьсгал хийж байгаа ч нөгөөтэйгүүр алгоритмын гажуудал, ажлын байрны эрэлтийн өөрчлөлт, хувийн мэдээлийн нууцлалаас авахуулаад үндэсний аюулгүй байдалд хиймэл оюун ухааны үзүүлэх нөлөөлөл, үр дүнг бид урьдчилан харж, сэргийлэх учиртай. 


-ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЬ ЭМНЭЛГИЙН АЛДААГ БУУРУУЛАХАД ТУСЛАНА-


-Хиймэл оюун ухааныг Монгол Улсад хөгжүүлэх эрдэмтдийн зөвлөлийг байгуулж, энэ зөвлөлийн орлогч даргаар нь та ажилладаг юм байна. Ямар бүрэлдэхүүнтэй ажилладаг юм. Хиймэл оюун ухаан эрүүл мэндийн салбарт хэр нэвтэртч байгаа юм бол?


-Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Монгол Улсад хиймэл оюун ухаан, тархи судлалын олон улсын эрдэмтэн, бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай А\140-р тушаал 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр гарсан. Хиймэл оюун ухаан, тархи судлалын олон улсын эрдэмтдийн зөвлөлд Норвеги улсаас дэлхий нэрт эрдэмтэн Нобелийн шагналт Эдвард Мозер тэргүүтэй, Швейцариас нэрт эрдэмтэн профессор Норман Сортариус, Португалиас нэрт эрдэмтэн профессор Хуан Лерма, Хятадаас нэрт эрдэмтэн Мү Мин Пү, АНУ-аас нэрт эрдэмтэн Жером Санес тэргүүтэй Брауны их сургуулийн профессор, нэрт эрдэмтэн Томас Сьер, Колумбын их сургуулийн профессор, нэрт эрдэмтэн Кристина Ховен, Австралиас нэрт эрдэмтэн, профессор Ивонне Бонаме, Японоос нэрт эрдэмтэн Тецуя Хирамото, Унгар, Малайз, Гүрж, Монгол Улс гээд нийт 12 орны шилдэг эрдэмтдээс бүрдсэн дэлхийд хаана ч байхгүй том зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөл нь Монгол Улсад сая дурдсан эрдэмтийн тусламжтайгаар хиймэл оюун ухаан тархи судлалын салбарыг хөгжүүлж өнөөгийн олон улсын түвшинд хүргэх, хиймэл оюун ухаан, тархи урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах, эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын сайн туршлагыг нутагшуулах, шаардлагатай судалгаа, туршилтыг хамтарч хийх зорилготой. Зөвлөлийн хурлыг энэ оны хоёрдугаар хагаст зохион байгуулахаар төлөвлөж байна.


Би эрүүл мэндийн салбарын хүн болохоор хиймэл оюун ухаан эрүүл мэндийн салбарт хэрхэн хөгжиж байгаа талаар товч хэлье. Эрүүл мэндийн салбарыг хиймэл оюун ухаангүйгээр одоо төсөөлөх боломжгүй болсон. Улам нарийвчлалтай анагаах ухааныг бий болгож байна. AI нь генетикийн мэдээлэл, эмнэлгийн бүртгэл, эмнэлзүйн туршилтуудын томоохон мэдээллийн багцад дүн шинжилгээ хийж, хувь хүмүүсийн эмчилгээний төлөвлөгөө боловсруулж байна. Жишээлбэл, хиймэл оюун ухааны алгоритмууд нь хорт хавдартай өвчтөн өөр өөр эмчилгээнд ороход хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг урьдчилан таамаглаж, хавдрын эмч нарт эмчилгээг тохируулах боломжийг олгодог. Өвчнийг эрт илрүүлэхэд хиймэл оюун ухаанаар ажилладаг оношлогооны хэрэгслүүд MRI, CT скан, PET, CAD зэрэг системүүдийг ашиглаж, улам боловсронгуй, нарийвчлалтай болж байна. AI-ийн тусламжтайгаар эмч богино хугацаанд их хэмжээний өгөгдөлд дүн шинжилгээ хийж, зөвхөн хүний нүдээр илрүүлэхэд хэцүү эсвэл боломжгүй хэв маяг, хамаарлыг тодорхойлох боломжтой. Тухайлбал, хиймэл оюун ухаанаар ажилладаг системүүд нь нүдийг сканнердах явцад чихрийн шижингийн ретинопатийн шинж тэмдгийг илрүүлж, чихрийн шижинтэй өвчтөнд сохрохоос сэргийлдэг. Эрүүл мэндийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, менежментийг сайжруулах, хүлээх хугацааг багасгах, эрүүл мэндийн нөөцийг илүү үр ашигтай ашиглах боломжийг олгодог. Эмнэлгийн алдааг багасгахад хиймэл оюун ухаан нөлөөлдөг. Хиймэл оюун ухаан нь эмч нарын өгөгдөлд суурилсан шийдвэр гаргахад туслах хэрэгслээр хангаснаар эмнэлгийн алдааг бууруулахад тусална. Жишээлбэл, хиймэл оюун ухаан нь өвчтөний бүртгэлд дүн шинжилгээ хийж, эм бичиж өгөхөөс өмнө эмийн аюултай харилцан үйлчлэл эсвэл эсрэг заалтыг тодорхойлох боломжтой. Өвчтөний менежмент болон эмнэлзүйн боловсон хүчин, тоног төхөөрөмж, хангамжийн үр ашгийг дээшлүүлсний шууд үр дагавар нь бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал эрс буурч, судалгаа шинжилгээ, тоног төхөөрөмж, эмнэлгийн орон зайд шаардагдах хөрөнгийг харж байна. Нөгөө талаас анагаах ухааны салбарт хиймэл оюун ухааныг ашиглахад маш их бэрхшээл, үл итгэх байдал байсаар байгаа. Шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн шалгалт, алгоритмууд дээр суурилсан өгөгдлийг хянахгүйгээр оношилгоо, эмчилгээнд шууд ашиглах боломжгүй, яагаад гэвэл өвчтөнүүдийн эрүүл мэндэд маш ноцтой нөлөөлөх үр дагаварт хүргэж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байгаа. Чухам ийм шалтгаанаар 2022 онд ДЭМБ-аас “Хиймэл оюун ухааны системийг оношилгооны туслах хэрэгсэл” гэсэн баримт бичгийг боловсруулсан байдаг.


ХИЙМЭЛ ОЮУН УХААНААР ДАМЖУУЛАН, МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ ХУВЬСГАЛ ХИЙХ БОЛОМЖТОЙ


-Хиймэл оюун ухааныг хөдөө аж ахуй, тэр тусмаа мал аж ахуйн салбарт ямар арга замаар нэвтрүүлэх юм. Нүүдэлчдийн хөрсөн дээр буулгах нь амаргүй ажил байж магадгүй. Энэ талаар ямар гарц гаргалгаа байна. Төрөөс төлөвлөж гаргасан зүйл байдаг юм уу?


-Монгол Улс нь нүүдлийн соёл иргэншилтэй цөөхөн улс орнуудын нэг бөгөөд нүүдлийн соёл иргэншлийн төв болж яваа орон. Нүүдэлчид бол дэлхийн анхны мэргэжлийн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч малчид бөгөөд малын тэжээхүй ухаан, одон орон, цаг уур, газар зүйн талаар төрмөл мэдлэгтэй, хүн төрөлхтний манлайлагчид байсаар ирсэн. Орчлон ертөнц бүхэлдээ нүүдэл суудлаар орших зүй тогтолт үйл явц тул амьтай, амьгүй байгаль хийгээд тэр аврагч хүч болох хуульд нь захирагдаж ирсэн хүмүүс юм. Нэг ёсондоо нүүдэлчдийн харилцаа байгаль-хүн нийгэм гэсэн гуравласан холбоогоор явж, эргэлдэж ирсэн гэж үзэж болно. Манайх шиг дэд бүтэц дутагдалтай нүүдэлчдийн оронд хиймэл оюун ухаан дээр суурилсан хөдөлгөөнт технологи болон хиймэл дагуулын технологийг хөгжүүлэх шаардлагатай. Хиймэл оюун ухааны алгоритмууд нь бэлчээрийн даац, нөөц, өвс, ургамлын эрүүл мэнд, усны хүртээмжийг хянахын тулд хиймэл дагуулын зургийг шинжлэх боломжтой. Энэ өгөгдлийг гар утасны сүлжээ эсвэл бусад холбооны сувгаар дамжуулан малчдад дамжуулах боломжтой. Хиймэл оюун ухаанаар ажилладаг камер, мэдрэгч нь малын эрүүл мэнд, зан араншин, тэжээллэг байдлыг цаг алдалгүй хянах боломжтой. Энэхүү мэдээлэл нь малчдад малынхаа эрүүл мэндийн талаар эрт мэдээлэлтэй болох, тэжээлийн стратегийг сайжруулах, хөтөлбөрийг оновчтой болгоход тусална. Хиймэл оюун ухаан нь үр ашиг, бүтээмж, тогтвортой байдлыг сайжруулах замаар мал аж ахуйн салбарт хувьсгал хийх боломжтой гэж үздэг юм билээ.


Хөдөө аж ахуйд хиймэл оюун ухааныг ашиглах олон арга замууд байна. Жишээ нь: нарийвчлалтай газар тариаланг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хөгжүүлж байна. Энэ нь яах вэ гэхээр хиймэл оюун ухаанаар ажилладаг мэдрэгч болон дрон нь хөрсний чийгшил, шим тэжээлийн түвшин, ургацын эрүүл мэнд, цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулах боломжтой. Энэ мэдээлэлд дүн шинжилгээ хийж усалгаа, бордоо, пестицидийн хэрэглээг оновчтой болгож, үр тарианы ургацыг нэмэгдүүлж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулна. Нэг том жишээ бол хиймэл оюун ухааны тусламжтайгаар хүнсний ногоог жилийн дөрвөн улиралд ургуулах буюу vertical farming юм. Урьдчилан таамаглах аналитик системийг газар тариаланд өргөнөөр ашиглаж байна. Хиймэл оюун ухааны алгоритмууд нь ургацын ургац, өвчний дэгдэлт, зах зээлийн чиг хандлагыг урьдчилан таамаглахын тулд түүхэн өгөгдөл болон хүрээлэн буй орчны хүчин зүйлсийг шинжлэх боломжтой. Энэхүү мэдээлэл нь тариаланчдад үр тариагаа тарих, хураах, борлуулах талаар мэдээлэлтэй шийдвэр гаргахад тусална. Хиймэл оюун ухаантай автономит трактор, комбайн нь хүний оролцоогүйгээр тарих, шүрших, хураах зэрэг ажлыг гүйцэтгэх боломжтой. Энэ нь хөдөлмөрийн зардлыг бууруулж, газар тариалангийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох боломжтой. Хиймэл оюун ухааны алгоритмууд нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, түгээлт зэрэг нийлүүлэлтийн сүлжээний логистикийг оновчтой болгож чадна. Энэ нь хог хаягдлыг бууруулж, бараа материалын менежментийг сайжруулж, зах зээлд цаг тухайд нь хүргэх боломжийг олгодог гээд хиймэл оюун ухааны тусламжтайгаар хөгжлийг хурдасгах, алдааг залруулах олон шийдлүүд байна. 


АВЛИГАТАЙ ТЭМЦЭХЭД ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ АШИГЛАДАГ ОЛОН УЛСЫН ЖИШИГ БИЙ


-Н.Учрал сайд Монгол Улс авлигатай тэмцье гэвэл хиймэл оюун ухаан ашиглахаас өөр аргагүй гэж хэлж байсан. Авлига бол маш нууц байдалд өрнөж таарна. Хиймэл бүү хэл оюун ухаанаас ангид байдалд өрнөдөг гэж ойлгож байна. Ингэхээр хиймэл оюун ухаанаар яаж илрүүлэх юм. Ийм олон улсын жишээ баримт байдаг юм уу?


-Трансперенси олон улсын байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийн үнэлгээг зарладаг. Монгол Улс нь дэлхийн 180 орноос 116-д авилгын төсөөллийн индексээрээ жагссан нь сүүлийн таван жилийн хамгийн муу үзүүлэлт гэж үзэж байгаа юм билээ. Авлигатай тэмцэхэд хиймэл оюун ухаан (AI) ашигладаг олон улсын жишээ бий. Тэдгээрийн заримыг энд дурдъя. Төрийн худалдан авах ажиллагааны явцад авлигыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан урьдчилан таамаглах аналитик системийг нэвтрүүлсэн байдаг. Эдгээр системүүд нь тендерийн будлиан эсвэл авлигыг харуулсан хэв маягийг тодорхойлохын тулд том өгөгдлийн багцад дүн шинжилгээ хийдэг. AI-ээр ажилладаг чатботууд болон NLP системүүд нь авлигын болзошгүй тохиолдлуудыг илрүүлэхийн тулд мэдээлэгчид болон бусад эх сурвалжаас ирсэн мессежүүдэд дүн шинжилгээ хийхэд ашиглагддаг. Эдгээр систем нь мөрдөн байцаалтад шаардлагатай сэжигтэй мэдээллийг автоматаар тэмдэглэж болно.


Хиймэл оюун ухааны алгоритмуудыг санхүүгийн гүйлгээг хянах, мөнгө угаах, шамшигдуулах болон бусад санхүүгийн гэмт хэргийн шинж тэмдгийг илрүүлэхийн тулд банкны бүртгэлд дүн шинжилгээ хийхэд ашигладаг. Эдгээр системүүд нь авлигын үйл ажиллагааг илтгэж болох ер бусын хэв маяг, гажигийг илрүүлж чаддаг. Хиймэл оюун ухаанаар ажилладаг баримт бичгийн шинжилгээний хэрэгслүүдийг их хэмжээний хууль эрх зүйн баримт бичиг, гэрээ, зохицуулалтыг авлигыг илтгэж болох зөрчил, зөрчлийг шалгахад ашигладаг. Эдгээр хэрэгслүүд нь мөрдөн байцаагчдад холбогдох нотлох баримтыг илүү хурдан бөгөөд үр дүнтэй тодорхойлоход тусалдаг байна. Хиймэл оюун ухааны алгоритмыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан авлигын шинж тэмдэг, тухайлбал хээл хахууль, нөлөөллийн наймаа зэрэгт хяналт тавихад ашигладаг. Эдгээр системүүд нь шинээр гарч ирж буй чиг хандлага эсвэл авлигын болзошгүй тохиолдлуудыг тодорхойлохын тулд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн их хэмжээний өгөгдлийг бодит цаг хугацаанд шинжлэх боломжтой. Үүний тод жишээ бол авлигатай тэмцэхийн тулд хиймэл оюун ухаан, мэдээллийн аналитикийг хэдэн жилийн турш ашиглаж ирсэн Сингапур юм. Сингапур дахь Авлигын Мөрдөн шалгах товчоо (CPIB) авлигыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор санхүүгийн гүйлгээ, худалдан авалтын мэдээлэл болон бусад мэдээллийн эх сурвалжид дүн шинжилгээ хийх хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт системийг боловсруулсан. Ерөнхийдөө авлигатай тэмцэхэд хиймэл оюун ухааныг ашиглахад мэдээллийн нууцлалыг хангах, алгоритмын гажуудлаас урьдчилан сэргийлэх зэрэг сорилтууд байгаа хэдий ч олон улс орон авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологийг ашиглах шинэлэг арга замыг судалж байна.


С.УУГАНБАЯР