sonin.mn

Монгол Улсын 21 аймгийн хэмжээнд цахимжилтыг эрчимжүүлэх зорилгоор “Цахим хөгжлийн өдөрлөг”-ийг эхлүүлээд байгаа билээ. Говийн бүсээс эхлүүлсэн өдөрлөг хангайн бүсэд үргэлжилсэн бол өнөөдөр баруун бүсэд эхэллээ. Говь-Алтай аймгаар эхэлсэн өдөрлөг ирэх өдрүүдэд Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт болох юм. Энэхүү өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас зарлан хэрэгжүүлж буй “Цахим үндэстэн” болох бодлого хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь ажиллан, үнэлж дүгнэхийн зэрэгцээ салбарын яам, холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс мэргэжил арга зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой. Ингэснээр цахимд хэвшихэд тулгарч буй асуудлыг засаж залруулах, улмаар иргэдийн хэрэглээнд хэвшүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй болгох зорилгодоо хүрнэ хэмээн тооцож буй.   


“Цахимд хэвшье” уриатай энэхүү өдөрлөгийн хүрээнд Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, иргэд, олон нийт оролцож, олон талын мэдээлэл авах бүрэн боломжтой. Өдөрлөгийн хүрээнд ЦХХХЯ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээллийг өгөх бол тус яамны харьяа болон салбар байгууллагуудын төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, сургалтаас гадна  иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалтуудыг эхлүүлээд байна. Бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн 20 гаруй байгууллага төр, хувийн хэвшил, ТББ-ын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаанаас гадна мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгнө.