sonin.mn

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Монгол цэргийн өдрийг тохиолдуулан цэргийн ухааны доктор, тэргүүн ахлагч Ц.Оюунчимэгийг урьж, ярилцлаа. 


Зэвсэгт хүчний 70 орчим хувийг эзэлж буй ахлагч нар эзэлж байна


-Би өөрийн хүсэл сонирхлоор цэргийн мэргэжлийг сонгосон. Энэ албыг сонгож, өндөр шалгууртай элитийн батальонд цэргийн мэргэжлийн сууриа нэлээд сайн тавьсан. Эмэгтэй хүн гэхээсээ илүү цэрэг хүн гэдэг утгаараа мэргэжилдээ ханддаг. 2000 онд элитийн батальоноос Ахлагчийн сургуульд захиалга өгч, 20 эмэгтэйг мэргэжлийн ахлагчаас бэлтгэж байсан. Үүний нэг нь би. Намайг анх Ахлагчийн сургуулийн оюутан болж ирэхэд Зэвсэгт хүчний ахлагчийн албаны ирээдүй их өөдрөг төсөөлөлтэй байлаа. Ахлагчийн алба хөгжинө, мэргэжлийн чиг баримжаатай зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бодлогыг барьж байгаа гэж багш нар, тухайн үеийн удирдлагууд хэлдэг байсан. 


Оюутан байсан учраас бодлого, чиглэлийг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ мэргэжилдээ эзэн байх ёстой гэсэн хандлагаар хичээж ирсэн. Ингээд 2002 онд Монголын зэвсэгт хүчнээс анх удаагаа таван хүн АНУ-ыг зорьж, тэнд Ахлагчийн академид суралцах болсон. Энэ багт мөн миний бие багтаж, цэргийн мэргэжлээр гүнзгийрүүлэн суралцсан.


Төгсөж ирээд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуульд томилогдон ирж байлаа. Ахлагчийн мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх шаталсан сургуулийн шанг татаж, эндээ 20 орчим жил ажиллаж байна. Ер нь олон улсад ахлагч нарын нэр хүнд өндөр байдаг. Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд ч тодорхой шалгууртай. Тэгэхээр Монголын Зэвсэгт хүчний 70 орчим хувийг эзэлж байгаа ахлагчийн албаныхаа нэр хүндийг цаашид ч өсгөх нь чухал юм. Манай ахлагч нар зөвхөн улс эх орныхоо батлан хамгаалах аюулгүй байдалд анхаарахаас гадна олон улсад ч эх орныхоо нэрийг гаргах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг гүйцэтгэж явна. 

 

Зэвсэгт хүчний ахлагчийн алба олон улсын чиг хандлагаар хөгжиж байна


-ҮБХИС-ийн Ахлагчийн сургууль ахлагчийн албаны сургалтын үйл ажиллагааг яг олон улсын чиг хандлагаар нь хөгжүүлэх гэж өнгөрсөн хугацаанд нэлээд хичээж ирлээ. Сургалт, хөтөлбөрүүд маань үр дүнтэй байлаа. Зэвсэгт хүчний ахлагчийн алба бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчийн албатай харьцуулахад үсрэнгүй хөгжиж чадсан юм шүү. Үүнийг би итгэл дүүрэн хэлж чадна. Өнгөрсөн жил манай Ахлагчийн сургууль 30 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Монгол Улсын Зэвсэгт хүчинд мэргэжлийн ахлагч бэлтгэж эхэлсний 30 жилийн ой болсон гэсэн үг. Үүгээр зөвхөн сургуулийн минь ой болсонгүй, энэ сургуулийг төгссөн 6000 гаруй цэргийн албаны хаагчийн баяр болсон. 


30 жилийн түүхт сургуулийнхаа 20 жилийн түүхтэй холбоотой хүний хувьд би сургуулийнхаа тухай бүтээлийг түүхийн ухааны доктор Хүдэрбат багштайгаа хамтран бүтээсэндээ баяртай байдаг. Мөн би докторын ажлаа “Монгол Улсын Зэвсэгт хүчинд ахлагч бэлтгэх сургалтыг боловсронгуй болгох нь” сэдвээр хамгаалсан. 


Ахлагчийн алба өмнө нь дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч гээд зөвхөн гүйцэтгэх албан тушаалтан байсан бол удирдах буюу даргалах албан тушаалд ахлагч нарыг бэлтгэж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Олон улсад штабын болон удирдлагын түвшинд ахлагч нар нь ахлагч нараа удирдан чиглүүлээд явдаг. Ингэх нь тэдний ажилдаа дуртай болох тогтвортой ажиллах нэг суурь нь болж байна. Үүнийг Монгол Улсын Зэвсэгт хүчин бодлогын хэмжээнд амжилттай хэрэгжүүлсэн. Сургагч ахлагч, тэргүүн ахлагч гэж цол бий болсноор ахлагч нар өөрийгөө дайчлах, тэр цолонд хүрэх тэмүүлэлтэй болж байгаа юм. 


Үүрэг хариуцлага нь ч нэмэгдэж байна. Бид тэрхүү цолны таван шатны сургалтуудыг явуулдаг. Бүлэг, тасаг, салаа, батальон, рот түүнээс дээш гэсэн ангиллаар ахлагч нараа бэлтгэдэг.  Энэхүү сургалтын хөтөлбөрийн эрэлт хэрэгцээ, төгсөж очоод ажиллаж байгаа хүмүүсийн харилцаа хандлага маш өндрөөр үнэлэгддэг.


Энэ төрлийн мэргэшүүлэх шатны сургалтын танхим маань 2015 онд байгуулагдсан. Одоогоор Зэвсэгт хүчний ахлагч нарын зургаа орчим хувийг даргалах албан тушаалын ахлагч нар эзэлж байна. Сүүлийн үед хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээний тухай их яригдах боллоо. Цэргийн алба дээр ч энэ асуудал яригдах учиртай. Ямар цолтой байхаас шалтгаалаад хэрхэн хүлээн зөвшөөрөгдөх вэ гэдэг дээр манай ахлагчийн сургалт ч тодорхой үүрэг гүйцэтгэж байна.  Ер нь энэ тогтолцоо маань их зөв цэгцтэй, пирамид хэлбэрээрээ хөгжиж байна гэж хардаг. 


Эмэгтэй ахлагч нарын мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролоо дээшлүүлэх хэрэгцээ хангагдахгүй байна


-Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг Ахлагчийн жил болгон зарласан. Энэ нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчийн бүрэлдэхүүнийг хөгжүүлэх, мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэдний албаны үйл ажиллагааг дэмжих, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төрийн бодлогын илрэл болж байна. Саяхан эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалтыг Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор анх удаа зохион байгуулсан. Энэ хүрээнд бид дараах саналуудыг хүргээд байна. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас дотоод, гадаадын сургалт, дамжаанд мэргэжил боловсролоо дээшлүүлсэн нийт ахлагч нарын 10 орчим хувь, эмэгтэй алба хаагч дотроос сургалт, дамжаанд хамрагдсан эмэгтэй ахлагчийн үзүүлэлт мөн л бага буюу 10 хүрэхгүй хувийг эзэлж байна. Тиймээс энэхүү боловсорч, сурч хөгжиж, мэргэших боломжийн тэгш бус байдлыг арилгах асуудал нь эмэгтэй ахлагч нарын хувьд нэн тулгамдсан асуудал гэж үзэж байна. Мөн эмэгтэй ахлагч нарын 50-70 хувь нь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын сургалтын байгууллагаар бэлтгэгдээгүй, энгийн их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон бүрэн дунд сургууль төгссөн байна. Энэхүү статистик үзүүлэлт нь удирдлагын зүгээс эмэгтэй ахлагч нарыг тэгш сургах дэмжлэг бага, тухайн алба хаагч суралцахаар болсон тохиолдолд албан тушаалын үүргийг нь орлон гүйцэтгэх адил мэргэжлийн хүний нөөц дутагдалтай, ахлагч нарт зориулсан сургалтын хуваарь нэг байгууллагад маш цөөн ирдэг, даргалах болон удирдах албан тушаалд ажилладаг эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад эмэгтэй сонсогч бага элсүүлдэгтэй холбоотой гэж үзэж байна. Эмэгтэй ахлагч нарын мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролыг тасралтгүй дээшлүүлэхэд удирдлагын зүгээс бодлогоор дэмжих, хүний нөөцийн судалгаанд үндэслэж байх, ахлагчийн бүрэлдэхүүний мэргэжлээрээ мэргэших шаталсан сургалтын тогтолцоог бүрдүүлэх, сургалтын байгууллагад явагддаг сургалтыг ажлын байранд нь, бүсчлэн хөдөлгөөнт бүлгээр, ахлагчийн хөгжлийн төвийг түшиглэн зохион байгуулах зэрэг арга хэлбэрээр шийдэх боломжтой гэж бодож байна. 


Гэр бүл, үр хүүхдэдээ анхаарал хандуулах цаг гаргадаг байх нь чухал


-Эмэгтэй ахлагч нарын 60.4 хувь нь 0-7 настай цэцэрлэгийн болон бага ангийн хүүхэдтэй, 12.5 хувь буюу 396 эмэгтэй ахлагч өрх толгойлсон, асуулгын аргаар авсан судалгаанд хамрагдсан эмэгтэй ахлагч нарын 90.4 хувь нь ямар нэг зээлтэй, 60 орчим хувь нь 24/48, 24/24 горимоор байлдааны болон бусад жижүүрийн үүрэг гүйцэтгэж байна.


Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаа эмэгтэйчүүд өргөсөн тангараг, албандаа үнэнчээр зүтгэхээс гадна эх хүн, эхнэр хүн, гэрийн эзэгтэйн хувьд хүүхэд төрүүлэх, үр хүүхдүүдээ хүмүүжүүлэн төлөвшүүлэх, эрүүл мэнд, боловсролд анхаарах, ар гэр, хань нөхрөө халамжлах зэрэг чухал үүрэг гүйцэтгэдгийг бид мэднэ. Төрийн цэргийн болон хууль сахиулах зарим байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа сайн туршлага, санаачилга байна.


Тухайлбал, алба хаагчдынхаа хүүхдүүдийг ажлынхаа ойролцоо харьяалал харгалзалгүй сургууль, цэцэрлэгт хамруулах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, албан байгууллагын орчинд хүүхдийн өдөр өнжүүлэх, цэцэрлэг, сургууль ажиллуулах, шинээр байгуулах зэргээр алба хаагчдад сэтгэл санаа хоёрдолгүй албандаа зүтгэхэд эергээр нөлөөлж, ажлын үзүүлэлт, үр дүнд ч ахиц гарч байна. Гэхдээ ийм байгууллага маш цөөн байна. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагчийн албанд үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй алба хаагч 20 жил ажиллаад цэргийн тэтгэвэр тогтоолгох эрх хуулиар зохицуулагдсан байдаг. Харьцангуй залуу буюу ажиллаж хөдөлмөрлөх боломжтой 40 гаруй насандаа тэтгэвэр тогтоолгосон алба хаагчдаа Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад эзэмшсэн мэргэжил, мэргэшил, ажлын дадлага туршлагыг нь эргүүлэн ашигладаг олон улсын туршлагыг хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Нийгмийн анхдагч нэгж болох алба хаагчдынхаа гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, үл ойлголцол үүсэхээс сэргийлэх, ажлын ачаалал, стрессийг бууруулах болон бусад чиглэлд анхаарах нь алба хаагчдад төдийгүй тэдний гэр бүлийн хувьд бодит дэмжлэг болно гэж үзэж байгаа тул үүнд чиглэсэн ухаалаг бөгөөд уян хатан, зөв зүйтэй бодлогыг боловсруулах, бодитой ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх цаг нь болжээ. 


Эмэгтэй ахлагч нарын нэр хүнд, үнэлэмжийг нэмэгдүүлэх нь чухал байна


-Ахлагчийн албаны нэр хүндийг өргөж, тэдний нийгмийн баталгааг хангаснаар ахлагчийн бүрэлдэхүүн эрхэлсэн ажилдаа сэтгэл ханамжтай тогтвортой ажиллах үндэс суурь бүрэлдэнэ гэж үзэж байна. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын байнгын бүрэлдэхүүний 70 орчим хувийг ахлагч нар эзэлдэг. Ахлагчийн бүрэлдэхүүний 6 хүртэл хувь нь даргалах албан тушаалд үлдсэн хувь нь гүйцэтгэх албан тушаалын үүрэг гүйцэтгэж байна. Даргалах албан тушаалын сургагч ахлагч, тэргүүн ахлагч цолтой эмэгтэй цөөн байна. Эмэгтэй ахлагч нар боловсролын үзүүлэлтээрээ ахлагч нар дунд манлайлж байгаа ч ихэнх эмэгтэй ахлагч нар гүйцэтгэх албан тушаалд, дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч цолтойгоор ажиллаж, цол, албан тушаал дэвших боломж бага байгаа нь бодит зүйл юм. Өнөөгийн төрийн тусгай алба хаагчийн цалингийн сүлжээгээр гүйцэтгэх албан тушаалын ахлагч нарын цалин харьцангуй бага байна. Гүйцэтгэх албан тушаалын ахлагч нарт мэргэжлийн болон мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгох, байлдааны жижүүрийн болон тусгай үүргийн нэмэгдлийг шийдвэрлэн олгох, хүүхэд асрах чөлөөтэй үед олгогддог байсан цэргийн цолны цалинг эргүүлэн олгодог болгох зэрэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Ахлагчийн албанд мэргэжлээрээ мэргэшин тогтвортой ажиллах, нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, даргалах албан тушаалын ахлагчийн сургагч ахлагч цолтой дүйцэхүйц штабын ахлагч, мастер ахлагч цолыг бий болгосноор эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, үүрэг оролцоо нэмэгдэнэ гэж үзэж байна. Ахлагчийн албыг хөгжүүлсэн олон улсын туршлагыг нэвтрүүлж, тусгайлсан Ахлагчийн албаны хөгжлийн хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлэх нь ахлагч нарын нэр хүнд, үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдний албаны итгэлийг бэхжүүлэх нэг хөшүүрэг болно гэж үзэж байна. 



Төмөрбаатарын Батсайхан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин