Хүмүүс бид шинэ он гарлаа хэмээн баярлаж шинэ онд ямар нэг шинэ юм болно хэмээн хүлээдэг. Монгол хүн бол “Бүх юм сайхан болно, Монголчууд бид дээд тэнгэрээс заяатай хүмүүс, монгол хүний зовхи нь дээшээ байдаг юм” гээд л зүгээр суугаад байдаг. Гэвч зүгээр суугаад байвал бүх юм бүтнэ гэдэг үлгэр юм. “Зүгээр сууснаас зүлгэж суу” гэсэн үг ч бий. Үнэн хэрэгтээ хүн сэтгэлээ өөрчилж сайжруулахгүй бол бүх юм хуучин хэвээрээ байдаг. Тийм ч учраас гэгээнтнүүд хүмүүст сэтгэлээ сайжруул, сэтгэлээ ариусга, дотоод ухамсраа сэрээ хэмээн зөвлөдөг.
Хүний тархи бол хүнийг яаж ч үймүүлж чаддаг. Элдэв ятгалга, элдэв зөвлөлгөө, элдэв үймээн самуунд тархи хамгийн түрүүнд амархан автдаг. Бусдыг дууриаж буруу зөвлөлгөө авч баларсан хүн ч байдаг. Зөв юмнаас зугтаагаад буруу замд орсон хүн ч байдаг. Сэтгэлээ өөрчилж сайжруулахын тулд хүмүүс бясалгал хийдэг.
Хүмүүс сүнслэг, оюунлаг байх хэрэгтэй л дээ. Хэрэв хүмүүс зөвхөн идэж уугаад байвал ямар ч сүнслэг оюунлаг чанар түүнд оршихгүй, харин ийм хүмүүс яг л амьтан шиг идсээр байгаад алга болдог.Бясалгал хүнийг өөрчилж чадна. Бясалгалын нэг арга бол юмыг зүгээр ажиглаад л байх арга юм. Дэлхий үймж л байдаг, бясалгагч ер үймээнд автдаггүй юм. Орчин үеийн хүмүүс аливаа юманд шуналтахдаа эсхүл буруу зүйлд татагдахдаа тун амархан байдаг, эсхүл өнгөрсөн зүйлд учиргүй их харамсаад байдаг. Гэтэл орчлон эргэдгээрээ эргэж, цаг хугацаа урсдагаараа урсаж л байдаг. Үүнийг хэн ч зогсоож чаахгүй. Байгалийн хуулийг хэн ч зогсоож чадахгүй. Аливаа юм хэтрэхээрээ утгагүй болдог. Төрийн хууль ч гэсэн хэт олшрохоороо аль нь хэрэгтэй, хэрэггүй гэдэг нь мэдэгдэхээ больдог. Хууль журам олширвол хүнд суртал ихэсдэг. Дарга нар олширвол улс орон нурдаг. Хулгайч, худалч олширвол улс орон сүйрдэг. Дээр үед монгол хүн нэг дор цугларвал цэрэг болдог гэдэг байв. Орчин үед монгол хүн нэг дор цугларвал гамшиг болдог гэдэг болжээ. Хэт их идэж уувал өвчин болдог. Хэт их дэлгэц харвал дэлгэцийн донтон болдог. Хэт их архи дарс уувал архичин болдог. Хэт их тоглоомд автвал тоглоомын донтон болдог. Хэт их зугаа цэнгэлд автвал зугаа цэнгэлийн донтон болдог. Орчин үеийн монголчуудыг хар л даа. Үргэлж л ямар нэг ойн баяр наадам хийж бөх барилдуулж, дуу хөгжим тоглож, архи дарс уух аж. Зугаа цэнгэлд дуртай гэж жигтэйхэн. Ингэлээ гээд улс орон хөгжиж, хүмүүсийн зовлон нимгэрч гэгээрсэн зүйл алга. Тэхлээр хэр хэмжээндээ бай, хөнжлийнхөө хэрээр хөлөө жий, адууныхаа хэрээр исгэр гэдэг их чухал үг юм.
Орчин үеийн хүмүүс үлэмж их реклам, бараа таваарт дарагдаад байна. Гэрээрээ дүүрэн бараанд дарагдсан айл ч байдаг. Өрөөндөө дүүрэн тавилга, элдэв бараа өрчихсөн бол тэр өрөө нэг л новширсон таагүй харагддаг. Харин зайтай, чөлөөтэй, цэвэрхэн өрөө сайхан харагддаг.
Монгол орон дэлгүүрээр дүүрчээ.Энд тэндгүй элдэв дэлгүүр нээгдэж, харин үйлдвэр нээгдсэнгүй. Монгол нутаг маань цөлжжээ, харин ой мод, цэцэрлэг нэмэгдсэнгүй.Уул, ус, хангай дэлхийгээ хамгаалан хайрладаг монголчууд эдүгээ энд тэндгүй уурхай байгуулж газар ухаж гүний усыг нь соруулж эх байгалиа эвдлэн сүйтгэгч болжээ. Дэлхий маань хэт их новшинд дарагджээ.Том хотууд, төмөр зам, авто зам, тариан талбайнууд, үйлдвэрүүд, уурхайнууд дэлхийг дүүргэжээ. Газраар дүүрэн машинууд, тэнгэрээр дүүрэн онгоцнууд, далайгаар дүүрэн хөлөг онгоцнууд. Сансар дахь дэлхий орчмын тойрог замыг хүртэл хиймэл дагуул болон төмрийн хогоор дүүргэжээ. Удахгүй сарыг хүртэл төмрийн хогоор дүүргэх биз. Хүмүүс хэт их мэдээлэл, бараа бүтээгдэхүүүн, хөрөнгөнд дарагдаж тархи нь хэт их новшоор дүүрчээ. Хүмүүсийг урьдын адил уур, шунал, мунхаглал гурав зовоосоор байна.
Хүмүүс нисваанисийн боол хэвээрээ байна.Хүмүүс таван мянган жилийн өмнөх шигээ газар нутаг, хөрөнгө мөнгөний төлөө эдүгээ ч дайн байлдаан хийсээр байна.
Хүн үргэлж нэг хотод үй түмэн машин, үй түмэн хүний дунд амьдарч байгаад гэнэт тэднийг орхиж сайхан байгальтай нам гүмхэн газар очиход сэтгэл сэргээд явчихдаг. Үүнтэй адил хүмүүс хуучин муу зуршил, хуучин муу бодлоосоо салаад нам гүмхэн газар очиж бясалгахад сэтгэл хөнгөрөөд амар амгалан болчихдог. Бум бужигнаж түм түжигнэсэн газар тархиа зогсоо зайгүй ажиллуулах ч бас ядаргаатай байдаг даа. Хүмүүс бидний амьдралд элдэв зовлон хямрал тохиолддог. Гэвч хүн зовлон жаргалыг туулж сэтгэлээ өөрчлөн сайжруулж амар амгаланд хүрч байж л амьдрал утга учиртай болдог. Сэтгэл амгалан бол амьдрал амгалан. Амар амгалан өөрөө гэнэт хүрээд ирдэг зүйл биш. Амар амгаланг бясалгалаар олдог юм. Сэтгэлээ өөрчлөхгүйгээр хүн хичнээн шинэ хувцас өмссөн ч, хичнээн амттай хоол идсэн ч юү ч өөрчлөгдөхгүй. Учир иймд хүн сэтгэлээ өөрчлөн сайжруулж, сэтгэлээ амар амгалан болгох нь чухал.Үүний тулд хүн эхлээд сэтгэлийн элдэв хүнд ачаанаас чөлөөлөгдөх хэрэгтэй.
Сэтгэлийн хүнд ачаанаас хэрхэн чөлөөлөгдөх тухай Түвдийн нэгэн гэгээнтэн айлдахдаа: “Самсарaд тохиодог бидний эцэс төгсгөлгүй тэнүүчлэл нь бидний сөрөг сэтгэл хөдлөлийн үр дүн юм. Гэвч оршихуйн хүрдний жинхэнэ шалтгаан болж, биднийг ингэтлээ барьж авдаг эдгээр сэтгэл хөдлөлийн мөн чанарыг хичээнгүйлэн шинжилбэл, тэдэнд бодит оршихуйн өчүүхэн ч ул мөр байхгүйг олж харна. Та тэнд хоосон чанараас өөр юу ч олж харахгүй.
Жинхэнэ нирваан нь анхдагч билгийн ухааны хязгааргүй, үгээр илэрхийлэхийн аргагүй чанаруудыг агуулдаг. Эдгээр чанарууд нь оюун ухаанд төрөлхөөсөө байдаг. Тэднийг зохиох, бүтээх шаардлагагүй. Замын явцад гэгээрэл тэднийг илрүүлэн гаргаж ирдэг. Эдгээр чанарууд өөрсдөө ч эцсийн үүднээсээ хоосон чанар юм.
Иймээс самсара ч, нирваан ч хоосон чанар билээ. Тэгэхээр тэдний аль нэгийг нь муу, эсвэл сайн гэж хэлэх боломжгүй. Оюуны мөн чанарыг танин мэдэх үедээ та самсарааг няцааж, нирвааныг хөөцөлдөх хэрэгцээнээс ангижирна. Ертөнцийг балчир хүүхдийн гэм хоргүй, энгийн цайлган харцаар харж, гоё сайхан ба муухай, сайн ба муу гэсэн ойлголтуудаас ангид болж, хүсэл таталцал ба жигшил түлхэлтийн зөрчилт хандлагад дахин автагдахгүй. Элдэв савлагаатай өдөр тутмын амьдралын төлөө яагаад өөрийгөө зовоох ёстой гэж? Энэ нь элсэн цамхаг бариад баясаж, нурахад нь уйлдаг хүүхэдтэй адил биш гэж үү? Хүссэнээ олж, дургүйгээсээ ангижрахын тулд хүмүүс гэрлийн дөл рүү нисэн ордог эрвээхэй мэт өөрсдийгөө хэрхэн зовлон руу шидэж байгааг хараач Зүүд мэт төөрөгдлөөс бүтсэн тэр хүнд ачаагаа нэг мөр авчихвал илүү дээр биш гэж үү?” хэмээжээ. Сэтгэлээ сайжруулах хамгийн зөв зам бол Бурханы номыг оюундаа дадуулах юм.
Сүсэгтэн хүн Бурханы номыг оюундаа хэрхэн дадуулах вэ?
Богд ламын сургаалийн дагуу Мөрийн гурван эрхэмийг бясалгах нь зүйтэй. Эхлээд өөрийгөө шинж. Надад сүжиг төрж байна уу, үгүй юу? Савны гурван гэм надад байна уу, үгүй юу? гэдгийг шинж. Савны гурван гэм болвоос нэгд, хөмөрсөн савны гэм гэдэг нь юу ч хэлсэн хүлээж авахгүй, тогтоохгүй, буцаж ойгоод байна гэсэн үг, хоёрт, цоорхой савны гэм нь ямар ч сайн сургаал ном хэлсэн ч ой санаанд нь тогтдоггүй, цоорхой сав шиг гоожуулаад асгачихдаг гэсэн үг, гуравт, бохир савны гэм нь ямар ч сайхан сүү хийсэн гашилаад хэрэггүй зүйл болчихтой адил ариусаагүй сэтгэлтэй хүнд юу ч хэлсэн бохир болгочихдог гэсэн үг.
Эхлээд Мөрийн гурван эрхэмийн нэгд байдаг Орчлонгоос уйдах сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй. Ахуй ертөнцөд шунасан хүн шаварт шигдсэн заан мэт хэзээ ч намагнаасаа гарч чаддаггүй. Эргэн тойрон үхлийн шалтгаан оршиж байна.
Хоол идэж байгаад хахаад үхэж байна, гэмт хэргээс болж үхэж байна, замын ослоос болж үхэж байна, өвчин тусаад үхэж байна,аянганд ниргүүлээд үхэж байна, ууланд авираад унаж үхэж байна, өргөсөнд эсхүл могойд хатгуулаад үхэж байна, идэх нь ихдээд,залхуу нь ихдээд, хөдөлгөөн дутагдаад, хэт таргалаад, архи тамхи хэрэглэх нь ихдээд, стресс нь ихдээд үхэж байна.Бүсгүй хүн төрөхөөс болж үхэж байна.Энд тэндгүй л үхлийн шалтгаан хорвоогоор дүүрэн байна. Иймд үхэл, мөнх бусыг сайтар бясалга. Ертөнцийг огоорох хэрэгтэй. Тэгж байж номын аньс нээгдэнэ.
Паадамба Богд айлдахдаа: “Хүн бүхэн үхдэгийг мэдсээр байж үхэхгүй мэт авирлана. Үхсэн хойно үйлийн үр нэхэхийг мэдсээр байж гэтэлсэн мэт загнана. Муу заяаны зовлон нүдэн дээр нь илт байгаа атал зүрх шимшрэхгүй. Гаднаас жаргал хайгаад нэмэргүйг үзсээр байж горьдлого тасрахгүй. Дотогшоо нэвтэрвэл ашдын амгаланг олохыг сонссоор байж нүүр буруулна. Ганцаар ертөнцөд ирээд, ганцаараа ертөнцөөс буцахыг мэдсээр байж амраг садан хэмээн амь тэмцэн уялдана.Хураасан хөрөнгө мөнгөнөөсөө хумсын чинээг өвөртлөөд явахгүй байж хармын хар санаагаа үхэн үхтэл тавихгүй.
Нэр цол, жаргал зугаа бүгд зүүд болон замхрахыг мэдсээр байж үүний төлөө сүнсээ золин хөөцөлдөнө. Нүдтэй мөртлөө сохор гэж үүнийг л хэлдэг юм.Тэгж мэдэрсэн бол билгийн нүдээ нээж ажигла. Ажиглаад ухаар. Ухаарснаа хэрэгжүүл. Энэ л Бурханы номын мөр юм” гэжээ.
Дараагийн эрхэм мөр бол Боди сэтгэлийг олох зам мөр юм. Боди сэтгэлийг олох бясалгал хийхэд урт хугацаа орно.Богд Адишаа боди сэтгэлийн эрдмийг сурах гэж уудам далай тэнгисийг гатлан алс оронд суугаа Сэрлинба багшид шавь орж 12 жил багшаараа боди сэтгэлийг олох эрдмийг заалгаж бясалгаж байж сурсан гэдэг. Энэтхэгийн гэгээнтэн Бодидарма Хятадад 62 настайдаа очиж нэгэн уулын агуйд 9 жил бясалгаж гэгээрэлд хүрч алдарт Ушугийн дасгалуудаа нээсэн байдаг. Боди сэтгэл төрөөгүй хүн гэгээрэх болоогүй байна гэсэн үг. Боди сэтгэлээс Бурхан гарна. Боди сэтгэлийн тухай Буддын олон боть ном буй. Хамгийн алдартай судар бол Шантидева гэгээнтний “Бодисадвагийн явдалд орохуй” болон Богд Зонхабагийн “Ламрим” судар юм.
Лам багш нар: Боди сэтгэлийг төрүүлэх хоёр эрдэм байна.
Нэгд: Богд Адишаагаас дамжин ирсэн “Уг үрийн долоон увдис”, хоёрт, Шантидева гэгээнээс дамжин ирсэн “Өөр бусдыг тэгш арилжих увдис” болой хэмээн айлдсан байдаг. Боди сэтгэлийг төрүүлэх уг үрийн долоон увдис буюу Боди сэтгэл нь үлэмж санаанаас, үлэмж санаа нь нигүүлсэхүйгээс, нигүүлсэхүй нь асралаас, асрал нь ачийг нь хариулахаас ,ачийг хариулах нь ачийг дурдахаас, ачийг дурдах нь эх дор мэдэхээс тус бүр шалтгаалан төрдөг болой.
Өөр бусдыг тэгш арилжих тухайтад Шантидева гэгээний “Бодисадвагийн явдалд орохуй” сударт: “Алимад нэгэн өөр хийгээд бусдыг түргэн аврахыг хүсвээс өөр хийгээд бусдыг арилж. Ертөнцийн амгалан бүгд бусдын төлөө гэсэн хүслээс гардаг, ертөнцийн зовлон бүгд өөрийн амгалангийн төлөө хүслээс гардаг.
Нялхас өөрийн тусыг үйлдэнэ, Бурхан бусдын тусыг үйлдэнэ. Энэ хоёрын ялгааг сайтар мэдэж, өөрийн амгаланг бусдын зовлонгоор арилжиж эс үйлдвээс гэгээрнэ гэж үгүй, орчлонд амгалан гэж үгүй. Өөрийгөө энхрийлэх нь зовлон бүгдийн үүд, Бусдыг энхрийлэх нь жаргал бүгдийн үүд” хэмээн зарлигласан ажээ.
Бодисадын мөрд суралцаж бодисадвагийн мөрд орох нь зургаан билиг барамидыг эзэмшихээс шалтгаалдаг ажээ.Энэ нь өглөг, шагшаабад, тэвчээр, хичээл, дияан, билгүүн бөлгөө. Эдгээр билиг барамидын ач тус нь: “Нэгд, Өглөгөөр ядуу хоосонг арилгана,элдэв эд хөрөнгөнд үл шунана,харамын сэтгэлийг арилгана, Хоёрд, Шагшаабадиар бусдын хорлолыг тэвчиж хөнөөл аюулгүй болно, сэрэмжгүй үйлээс хамгаална, элдэв шунал,алгасралыг боомтолно, Гуравт,Тэвчээрээр бусад хорлосон ч хариу хор үл хүргэнэ, зовлонг хүлээн авах зориг тэвчээртэй болно, Дөрөвт, Хичээлээр бусдын тусыг үйлдэхэд тохиолдох элдэв бэрхшээл саадыг даван гарна, бэрхшээлд үл шантарна, буяныг улам арвидуулна, Тавд, Дияанаар бүтээлийг олж, бусдын сэтгэлийг татна, бие сэтгэлийг тогтоон барьж чадсанаар зовлон бүгдийн үндэс нисваанисыг арилгана, Зургаад, Билгүүнээр элдэв эргэлзээ төөрөгдлийг үгүй болгоно, юмс үзэгдлийг нарийн нягт шинжилж чадна, мэдэгдэхүүний түйтгэр арилна” хэмээжээ. Сүсэгтэн хүний сүүлчийн буюу таалал төгсөх цагтаа хийх бясалгал бол Боди сэтгэл, Хоосон чанарын тухай байх ёстой ажээ. Лам хувраг болон сүсэгтэн хүн сахилаа алдаж уналд орохоос сэргийлэх хэрэгтэй. Уналд орох дөрвөн үүд байдаг аж.
Энэ нь: Үл мэдэх, Сэрэмж алдах, Үл бишрэх, Нисваанис арвидах эдгээр дөрөв ажээ. Дараагийн гурав дахь эрхэм мөр бол Хоосон чанарыг онох юм. Амирлан оршихуй хийгээд Үлэмж үзэхүй хоёрыг хослон бясалгах нь чухал аж. Огторгуй мэт хоосон чанарт сэтгэлээ тэгш агуулан бясалгаснаар “Юмс үнэхээр бүтсэн” гэдэг буруу үзлийг хорих хийгээд юмс үзэгдэл сэтгэлд ургасан ч үнэхээр бүтээгүй, илбэ мэт хоосон үзэгдэл хэмээн бясалгах аж.
“Би” гэгч нэр төдий зүйл нь хоосон чанартай. “Бүх юмыг хоосон чанартай” гэсэн хоосон чанарын агаараас бясалгал хийж Нууц тарний мөрд орох ёстой аж.
Багшийг шүтэх ёсноос эхлээд Үлэмж үзэхүй хүртэл мөрийн зэргийг ёсчлон судалж, Нууц тарний номонд мэргэшсэн Очирт хөлгөний багшийг шүтэж, тантарын дөрвөн аймгийн нууц тарний номлолыг судалдаг ажээ. Сайн лам багшаар заалгавал сударын ёсыг 12 жил, нууц тарний номыг 6 жил судалж эзэмшдэг гэдэг Ийнхүү бясалгалын хүчээр сэтгэл дотроо илбийн биеийг олдог аж. Илбийн биеэр гэрлийн биеийг олдог аж. Энэ хоёр эрдмийг хослон барьж, нууц тарний авшгийг Лам багшаас авсны хүчээр Гэгээрэлийн хутгийг түргэн олдог ажээ. Тэхлээр сэтгэлээ сайжруулна гэдэг гэгээрэлд хүрэхийг л хэлээд байгаа юм. Хамаг амьтан Бурханы сургаалтай учирч, Гэгээрэлийн хутгийг олох болтугай.
Доржийн СҮХБААТАР
2026.01.5
Даваа - 01 сарын 05,
2026

Сэтгэгдэл7
Путинг шүтсэн эргүү хүмүүс ихтэй улс шүү
Монгол улс өдөр бүр 14 тэрбум төгрөг зээлийн хүү гэж Рио Тинтод төлж байна. Ийм гадаадын хөрөнгө оруулалт гэж байхгүй шүү. Мөлжлөгт өртсөн Монгол улсын хувьд Рио Тинто гэж колончлогчоос бидний хоолой дээр хутга тулгаж байна. Юу бодож байна вэ Монгол хүн та.
Монгол улс өдөр бүр 14 тэрбум төгрөг зээлийн хүү гэж Рио Тинтод төлж байна. Ийм гадаадын хөрөнгө оруулалт гэж байхгүй шүү. Мөлжлөгт өртсөн Монгол улсын хувьд Рио Тинто гэж колончлогчоос бидний хоолой дээр хутга тулгаж байна. Юу бодож байна вэ Монгол хүн та.
Шашин бол хар тамхи юм ! Христийн шашин бол марихуан ! Буддын шашин бол кокиан ! Лалын шашин бол гeрион юм ! Бусад шашин урсгалууд бол мөн янз бүрийн нэртэй мансууруулах бодиснууд юм ! Тэгээд хар тамхиа хэрэглэчихээд мансуураад сууж байдаг юм ! Энэ Сүхээ бичээч өнөөдөр бага зэрэг кокиан хэрэглэчихсэн байна !
Шашин бол хар тамхи юм ! Христийн шашин бол марихуан ! Буддын шашин бол кокиан ! Лалын шашин бол гeрион юм ! Бусад шашин урсгалууд бол мөн янз бүрийн нэртэй мансууруулах бодиснууд юм ! Тэгээд хар тамхиа хэрэглэчихээд мансуураад сууж байдаг юм ! Энэ Сүхээ бичээч өнөөдөр бага зэрэг кокиан хэрэглэчихсэн байна !
Юу бодохов дээ, авлигчидыг цаазаар авдаг болоосой гэж! Хятад улс авлигчидыг цаазлан хороож, хайр найргүй тэмцсээр хөгжлийн манлайд хүрэхэд ойрхон байна ш дээ!
chaaldaa badmaaa yun nisvanis