sonin.mn

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ, мониторингийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Золбоотой төрийн бодлогын хэрэгжилтийг хянан үнэлэх шинэ тогтолцоо, 2025 оны шинэчлэл, олон улсын хамтын ажиллагаа болон цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа.


– Танай газрын үндсэн чиг үүргийг уншигчдад товч танилцуулж өгнө үү?


Б.Золбоо: Манай газрын гол үүрэг бол улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Алсын хараа 2050, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө зэрэг томоохон бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, үр дүнг нэгтгэж тайлагнах юм. Үүнээс гадна үнэлгээний эрх зүйн орчныг сайжруулах, нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагуудын мониторинг, үнэлгээний тогтолцоог нэгдсэн удирдлагаар хангах, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр ажилладаг.


– Хяналт-шинжилгээ болон үнэлгээ хоёрын ялгаа юу вэ? Иргэд ойлгоход хамгийн энгийнээр тайлбарлавал?


Б.Золбоо: Хяналт-шинжилгээ гэдэг нь бодлогын хэрэгжилтийн явцын мэдээллийг тогтмол цуглуулж, гүйцэтгэлийг хянах тасралтгүй процесс. Төсөв, зорилтын биелэлт, гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийн ахиц өөрчлөлтийг ажиглаж, удирдлагад бодит цагийн мэдээлэл өгдөг бөгөөд олон улсад мониторинг гэж хэвшсэн энэ хяналтын төрлийг бодлогын гүйцэтгэгч буюу хэрэгжүүлэгч өөрийн үйл ажиллагаагаа хянах (зөв явж байгаа эсэх, төлөвлөгөөндөө явж байгаа эсэх, үр ашигтай байгаа эсэх), сайжруулах зорилгоор тасралтгүй үргэлжлэх үйл явц юм. Харин үнэлгээ бол тухайн бодлого, төсөл, хөтөлбөрийн үр нөлөө, үр ашигтай байдал, зорилгодоо хүрсэн эсэх, яагаад хүрсэн буюу хүрээгүй шалтгааныг гүнзгийрүүлэн дүгнэх ажиллагаа. Өөрөөр хэлбэл, хяналт-шинжилгээ нь “юу болж байна вэ” гэж хардаг бол үнэлгээ нь “юуны учир ингэх болов” гэдгийг тайлбарладаг.


Өөрөөр хэлбэл, бодлогын хэрэгжилтийн онолд хяналт-шинжилгээ (monitoring), үнэлгээ (evaluation), аудит нь зорилго, хугацаа, хэрэгжүүлэх субьект, хамрах хүрээ, үндсэн аргачлал, эцсийн үр дүн зэргээрээ ялгаатай өөр өөр ойлголт байдаг.


Ер нь бодлогын хэрэгжилтийн онол буюу “policy implementation” гэх шинжлэх ухааны салбар нь харьцангуй хожуу хөгжсөн бөгөөд 1970-1980-аад оны эхэн үед хөгжлийн суурь нь тавигдсан гэж үздэг. Бодлогын хэрэгжилт гэхээр хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудитын тухай асуудал яригддаг. 1970-аас өнөөг хүртэл бодлогын хэрэгжилтийн онолын 3 хандлага хөгжиж ирсэн байдаг тул манай салбарынхан зарим маргаантай нэр томьёо, ойлголт, аргачлал дээр салбар бүхэлдээ ойлголтоо нэгтгэх шаардлага байгаа нь ажиглагддаг.


–Бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээ яагаад зайлшгүй байх ёстой вэ?


Б.Золбоо: Энэ тогтолцоо бол төрийн бодлого үр дүнтэй байх үндсэн баталгаа. ХШҮ нь шийдвэр гаргалтыг бодит эх сурвалжид тулгуурлуулаж, нөөцийн үр ашиггүй зарцуулалтыг бууруулж, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулдаг. Мөн эрсдэлийг эрт илрүүлж, байгууллагын гүйцэтгэлийг тогтмол сайжруулах боломж олгож, өнөөдөр хэрэгжүүлж буй бодлого ирээдүйд тогтвортой үр нөлөөтэй байх эсэхийг тодорхойлох чухал хэрэгсэл юм.


–2025 онд шинэчлэгдсэн журам хяналт-шинжилгээний тогтолцоонд ямар өөрчлөлт авчирсан бэ?


Б.Золбоо: Энэ жил хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоонд маш чухал шинэчлэл хийгдсэн. Засгийн газрын 43 дугаар тогтоолоор гурван тусдаа журам баталж, өмнөх олон тогтоолын давхардлыг арилган, нэг мөр ойлголт, стандарт бий болгосон. Үүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ, байгууллагын гүйцэтгэлийг үнэлэх журмууд тусад нь батлагдсан. Мөн үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүд илүү тодорхой болж, тоон болон чанарын мэдээлэлд суурилсан бодит үнэлгээ хийх нөхцөл бүрдсэн. Хамгийн чухал нь, хяналт-шинжилгээг зөвхөн цахим системээр бус газар дээр нь хийх эрх зүйн орчин бүрдсэн.


–Иргэд болон олон нийт бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл явцад хэрхэн оролцож болох вэ?


Б.Золбоо: Иргэдийн оролцоо бол тогтолцооны чухал хэсэг. Салбарын байгууллагуудын тайлан, дүгнэлт олон нийтэд нээлттэй тул иргэд тайлантай танилцаж, санал, зөвлөмж өгч болно. Мөн иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан бодлогын үр дүнд дүн шинжилгээ хийж оролцох, хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлэх боломж нээлттэй. Ийм оролцоо төрийн бодлого илүү хариуцлагатай, үр нөлөөтэй байх үндэс болдог.


–Танай газар олон улсын байгууллагуудтай ямар чиглэлээр хамтран ажиллаж байна вэ?


Б.Золбоо: Бид Германы Хөгжлийн үнэлгээний хүрээлэн (DEval)-тэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд үнэлгээний стандарт боловсруулах, олон улсын туршлага судлуулах, төрийн албан хаагчдыг сургалт, семинарт хамруулах, хоёр жил тутам үндэсний үнэлгээний индекс тогтоох зэрэг томоохон ажлууд хийгдэж байна. Мөн Дэлхийн банкны GEI санаачилгын хүрээнд MESA үнэлгээ хэрэгжүүлж байна. Канад–Монголын “MERIT” төсөлтэй хамтран төрийн албан хаагчдын чадавхыг сайжруулах чиглэлээр тогтмол сургалт зохион байгуулж байгаа.


–Монгол Улсын үнэлгээний чадавхын индексийг тогтоосон талаар ярьж өгнө үү. Энэ үнэлгээ ямар ач холбогдолтой вэ?


Б.Золбоо: 2025 онд Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индексийг анх удаа тогтоолоо. Нийт 146 байгууллагыг хамруулсан өргөн хүрээний үнэлгээний үр дүнг Төрийн ордонд 400 оролцогчтой танилцуулсан. Үзүүлэлтийн оноо дунджаар 10-аас 4.4 болсон нь манай улсад үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах шаардлага байгааг харуулж байгаа ч энэ индекс тогтоосноор олон улсын арга зүйг нутагшуулах, хөрөнгө оруулалт татах, бодлогын чанарыг сайжруулах боломжууд нээгдсэн.


–Одоогоор ямар бодлогын баримт бичгүүдэд хяналт-шинжилгээ хийж байна вэ?


Б.Золбоо: “Алсын хараа–2050”, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө гэх мэт томоохон бодлогын баримт бичгүүдийн 13 мянга гаруй арга хэмжээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 28 мянга гаруй заалтын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, тайланг Засгийн газрын хуралдаан болон УИХ-ын чуулганд танилцуулж байна.


–Хяналт-шинжилгээг газар дээр нь хийдэг болсныг та дурдлаа. Энэ ямар давуу талтай вэ?


Б.Золбоо: Шинэ журмаар газар дээрх хяналт-шинжилгээ хийх боломж бүрдсэн нь бодит нөхцөлд тулгуурласан дүгнэлт гаргах, байгууллагын гүйцэтгэлийг үнэн бодитоор үнэлэх боломж нээгдсэн. Бид 2025 онд төрийн захиргааны төв болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад газар дээр нь дүн шинжилгээ хийж эхэлсэн.


–Эцэст нь, хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр ямар гол ажил эхлээд байна вэ?


Б.Золбоо: Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд болон бусад холбогдох сайд нарын хамтарсан тушаалаар “Олон улсын үнэлгээний цогц систем (DME)” нэвтрүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Энэ нь Монгол Улсад үнэлгээний стандарт, аргачлал, цахим платформ, дата сан, мэргэшсэн хүний нөөц бүхий нэг мөр тогтолцоо бий болгох урт хугацааны томоохон шинэчлэлийн эхлэл болж байна.