sonin.mn

Дэлгэсэн тэрлэг шиг уудам Монгол орныхоо баруун хязгаарт орших, Мөнххайрхан, Хөхсэрх, Баатар хайрхан, Мянган Угалзат зэрэг алтайн сүрлэг уулсаар хүрээлүүлсэн, үзэсгэлэнт байгалийн хослол бүхий олон угсаатны өлгий нутаг бол Ховд аймаг билээ. Тэр ч утгаараа түүхийн дахин давтагдашгүй ховор олдворууд ч энэ л нутгаас гаралтай байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаа Ховд аймгийн музейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй ховор, үзмэр, олдворуудын талаар танилцуулж байна. 


Ховд аймгийн Музей нь 1950 оны аравдугаар сарын 18-ны өдөр орон нутаг судлах кабинетыг анх байгуулсан бөгөөд одоогийн Ховд хотын төв талбайн баруун урд нэгэн байшинд байрлуулан ажиллуулжээ.


Тус кабинетыг анх байгуулахдаа Ховд аймгийн ард иргэдэд хадгалагдаж байсан үзмэр, аймгийн түүхтэй холбоотой түүхэн бичиг баримт, эд өлгийн зүйлс болох 300 орчим үзмэрийг цуглуулан бүртгэлд бүртгэн нийтэд дэлгэн үзүүлж эхэлсэн түүхтэй. Аймгийн орон нутаг судлах кабинетын эрхлэгчээр Түнээхүүгийн Нямгэрэл томилогдон ажилласан гэдгийг Ховд аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн хэллээ.

 

Чулуун уур нүдүүрийг хөх саарал боржин чулуугаар үйлджээ


Ховд аймгийн Музейн сан хөмрөгийн хамгийн эрт үед холбогдох үзмэр, олдворын нэг бол Чулуун уур нүдүүр / Шинэ чулуун зэвсгийн үе МЭӨ 7000-4000 жил/. Тус чулуун уур нүдүүрийг хөх саарал боржин чулуугаар үйлджээ. Нүдүүрийн бариул хэсэг нь хонины толгойн хэлбэр гаргаж урласан байна.


Чавхдаст ятгыг Жаргалант Хайрхан уулын Нүхэн хадны оршуулгаас олжээ


Ховд аймгийн Музейн сан хөмрөгийн шинэ үзмэрийн нэг бол чавхдаст ятга /Алтайн ятга/ бөгөөд 2023 онд сэргээн бүтээсэн байна. Чавхдаст ятга нь Ховд аймгийн Манхан сумын Жаргалант Хайрхан уулын Нүхэн хадны оршуулгаас 2008 онд олдсон байна. Уг хөгжмийн зэмсгийн их биеийг хус модоор элдэв залгаа, наалтгүй урласан байна. Харин царны таг болон тээгийг уд модоор хийжээ. 


Ятганы хүзүүний угийн дээд хэсэгт хоёр тийш ташуулдан зурчин сийлсэн нь ташуу дөрвөлжин хээ үүсгэсэн ба 5.5 см урт байна. Эх биеийн урт 72 см, өргөн 10.1 см, эх биеийн доор авиаг гаргах зориулалттай чагт хэлбэрийн нүхний хэмжээ 1.9×2.4 см аж.


 Хөгжмийн хүзүүний хэмжээ нь угны хэсэгт 2.8×3.2 см, дунд хэсэгт 2.4×1.8 см, толгойн талд 2.1×2.7 см. Харин хөгжмийн толгойн хэмжээ нь чихний үзүүрээс хоншоор хүртэл 5.8 см, дагзнаас хоншоор хүртэл 4.9 см байна. Царны урт 35.3 см, өргөн 10 см, зузаан 1.79-4.21 мм. Чавхдасын тээг модны хэмжээ урт 8э.1 см, өргөн 6.03 мм, тээгийн дээрх чавхдасын нүх хоорондын зай 6.28 мм. Царан дээрх том нүхний хэмжээ 8×8.2 мм, жижиг нүхний голч 4.4 мм. Дагзан дээрх нүхний хэмжээ 8.6×6.8 мм аж.

Хөгжмийн ард талд нум барьж сум тавих гэж буй нэгэн анчин, таван нохой, олон салаа эвэртэй зургаан буга, нэг янгир сийлжээ. Мөн хөгжмийн хоёр хажуу талд нь зургаан мөр 60 тэмдэгт бичээстэй. Уг бичээсний утга нь “Аялгуут /хайлал/ суу хүч алдар нь Яая-Огыл чавхдас татаж Чүрэ би бичив /Их туульч хайлан хэлж өгөгтүн/. Хэв алдалгүй хэлж өгөв ” гэжээ. 


Алтайн Урианхай угсаатны эмэгтэй дээл /XIХ-ХХ зуун/


Алтайн Урианхайчууд олон зууны туршид сур харвах, ан гөрөө хийх, товшуур хөгжим тоглох, тууль хайлах, модон цуур үлээх, хоолойн цуур буюу хөөмийлөх, уул ус, тэнгэр лус тахих бөөгийн зан үйлийг язгуур эхээр нь хадгалж ирсэн ард түмэн билээ. Ховд аймгийн Мөнххайрхан,Дуут сум, Жаргалант суманд аж төрдөг.


 ХIХ зуунд хамаарагдах Мянгад угсаатны эмэгтэй дээл


Музейн сан хөмрөгийн шилдэг үзмэрийн нэг нь ХIХ зуунд хамаарагдах Мянгад угсаатны эмэгтэй дээл. Мянгад бол ойрадын Хойд аймгаас үүссэн бөгөөд Хойд аймгийн нэгэн том овог юм. Мөн Хотгойдын дунд олон байдаг овог. Одоогийн мянгадууд нь хотгойдуудтай илүү холбоотой бөгөөд манж нар Чингүнжавын бослогыг дарсны дараа Хотгойдын бүрэлдэхүүнд багтаж байсан Мянгадуудыг Ховдод суулгаснаас үүсжээ. Мянгадчууд Хөвсгөлийн Хотгойдоос 1766 онд нүүж ирсэн үеэсээ эдүгээ хүртэл идээшин дассан Алтан хөхийн өвөрт Хар-ус нуур, Ховд голын хөвөөгөөр нутаглаж байна.


П.АМГАЛАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин