sonin.mn

Энэ удаагийн ярилцлагын зочноор Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Я.Ганбаатар оролцож байна. Түүнтэй сүүлийн үед хийж байгаа судалгаа, бүтээл туурвилынх нь талаар хөөрөлдлөө.


Сайн байна уу, Та? Таныг гадаадад ажиллаж байгаад саяхан ирсэн гэж дуулаад нэг сайхан яриа өрнүүлэхээр зорьж ирлээ. Та Берлин, Бээжин, Хөххот, Тайбэй гээд олон газарт эх орноо төлөөлөн ажилласан. Сүүлийн жилүүдэд хаана ажиллав?


Сүүлийн таван жилд би Хятадын Манжуур хотод шинэ Консулын газар байгуулан ажиллаж байгаад ирлээ. 2020 оны 9 дүгээр сард Ковидын хамгийн хэцүү эрсдэлтэй цаг үед явсан. Амаргүй байсан. Хүн төрөлхтөн ийм юм үзээгүй байх. Гэхдээ ажилласаан. Гадаад дахь Элчин сайдын яам, Консулын газрын ажил ямар байдаг вэ, тэр хэмжээнд нь бий болгож, авч явахыг хичээн зүтгэсэн. Үүнийхээ хажуугаар эрдэм номын ажлаа орхиогүй. Энэ удаад очсон газар маань Хятадын зүүн хойд бүсийн Манжуур хот, Хөлөнбуйр, Хянган аймаг гээд монгол үндэстэн олноор оршин суудаг, Монголын мянга мянган жилийн цадиг түүх бичигдсэн уугуул газар орон. Энэ утгаараа тэнд түүхийн дурсгалт газрууд их. Ялангуяа 13 дугаар зууны Монголын түүхэн их үйл явдлууд болж өнгөрсөн, “Монголын нууц товчоон”-д тэмдэглэгдсэн олон газар ус энэ нутагт бий.


Arslan.mn

Жишээлвэл, “Монголын нууц товчоон”-д тэмдэглэгдсэн нийт газар усны нэрс 260 шахам байдаг. Манай др.Б.Равдан багш 240, харин Газарзүйч др.О.Сүхбаатар гуай 250 гаруй гэдэг. Өвөр Монголын эрдэмтэн Мишиг 197-г жагсаасан байдаг. Түүнээс 100 гаруй нь өнөөгийн Монголын нутагт, 57 нь Хятадын нутагт, түүнээс 34 нь Өвөр Монголд, түүнээс 17 нь Хөлөнбуйрт байна гэсэн тоо бий. Би энэ 17 газрыг тойрч үзэж судлахыг хичээсэн, ихэнхийг нь үзсэн.


Чингис хааны эх Өэлүн хатан олхонууд хүн байсан. Олхонууд аймаг тэр цагт Буйр нуур, Хөлөн нуурыг холбон урсдаг Оршуун гол орчимд нутагладаг байж. Мэргидийн Тогтоа буха, Их Чилэдү нар хаа байсан Сэлэнгээс Буйрт хүрч бэр буулган буцаж яваад Бурхан Халдунд нутаглаж байсан Чингис хааны эцэг Есүхэй баатар, түүний дүү Даридай Отчигин нартай таарч Өэлүнг булаалгасан түүхтэй.


Хожим нь Есүхэй баатар Тэмүүжинг есөн настай байхад нь ураг барилдахаар ээжийнх нь олхонууд аймаг руу авч явах замдаа Буйр нуур, Хөлөн нуурын хооронд урсах Оршуун голоор нутагтай Хонгирад аймгийн Дэй сэцэнтэй таарч тэнд саатан, улмаар Дэй сэцэн охин Бөртээгээ үзүүлж ураг барилдсан. “Монголын нууц товчоон”-ы 141-р зүйлд өгүүлсэнчлэн 1201 онд олон монгол аймгийн тэргүүд Гэгээн мөрөн Эргүнэ мөрөнд цутгах Шинийн агуу нуга гэдэг газарт цуглаж Жадран аймгийн Жамухаг Гүр хаанд өргөмжлөн адуу алж тангарагласан тэр газар энд өнөөдөр яг энэ нэрээрээ байж байна. Буйр нуур, Хөлөн нуур их талын цээжинд мэлтэлзэн туналзсаар, Оршуун гол хүйн холбоо мэт урсан жирэлзсээр байна. Энэ хэдэн жилд би олон удаа түүгээр явж, явах бүртээ найман зууны тэртээх хүн зоны амьдрал аж төрөл, түүхэн их үйл явдлуудыг нүдээр үзэх шиг болдог байлаа. “Монголын нууц товчоон”-д цагаан дээр хараар, цаасан дээр бэхээр ингэж бичиж үлдээсэн эртний их бичээч сударчдын эл гайхамшигт түүхэнд өнөөдөр итгэхгүй, эргэлзэх үзэл хандлага бий болж байгаа нь харамсалтай. “Монголын нууц товчоон” бол жинхэнэ түүх биш, зохиомол зүйл, үлгэр, домог, туулийн цуглуулга. Чингис хаан Монголыг нэгтгээгүй, Чингис хаан дэлхийн талыг эзлээгүй,... гэсэн үг яриа, үзэл бодол цухалзах болжээ. Харийнхан гэлтгүй, манайхан өөрсдөө ч ингэж хэлж ярих болж. 


-Та уг нь судлаач, багш хүн. Гэхдээ төрд дипломат албанд олон жил зүтгэжээ. Монгол Улс хоёрхон хөрштэй. Та Монгол-Хятадын харилцааны тэргүүн шугамд ажилласан. Олон чухал үйл явдалд оролцсон байлгүй?


Тийм ээ, би Монгол судлаач, Хятад судлаач, орчуулагч мэргэжилтэй хүн. МУИС-ийн Монгол хэл-утга зохиолын анги, Хятад судлалын ангид суралцаж төгсөн. Социализмын үед төр засаг хаашаа гэнэ, тухайн хүн тийшээ явдаг байсан болохоор сургуулиа төгсөөд Гадаад худалдааны яаманд хуваарилагдан ажиллаж байгаад 1989 онд нийгэм солигдох цаг үеийг дагаад МУИС-д Чой.Лувсанжав багшийнхаа дэргэд ирж ажилласан. Оюутан цагаасаа тэр их эрдэмтэнд тоогдон шавь нь болж ном заалган, насан өөд болтол нь дэргэд нь байж ном сургаалыг нь сонсч өдий зэрэгт хүрсэндээ би өөрийгөө их азтай хүн гэж боддог. 2001 онд дипломат албанд шилжиж өнөөдрийг хүртэл ажиллаад одоо төрийн албаа дуусгаж чөлөөт иргэн болоод байна аа. Улсад 43 жил ажиллаж, яв гэсэн газарт нь явж, хий гэсэн ажлыг нь хийж ирлээ.


Arslan.mn

Энэ хугацаанд Монгол-Хятадын харилцаа зогсонги байсан үеэс сэргэн хэвийн болж, улмаар идэвхжин өргөжиж өнөөдрийн энэ түвшинд хүртэл нь зүтгэлээ. Манай ангийн арван оюутнаас дөрөв нь Консул болж дипломат албанд ажиллажээ. Р.Нармандах, Д.Дамбасүрэн, би, тэгээд Шинэбаяр. Би Н.Багабанди гуайгаас эхлээд С.Төмөр-Очир, Дэмбэрэл, Н.Энхбаяр, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж гээд үе үеийн удирдлагуудад орчуулга хийж, төр засгийн өндөр, дээд хэмжээний айлчлалуудын бэлтгэл ажлыг ханган хэрэгжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн. Хорь гаруй жил зогсонги байсан харилцаа наяад оны дундаас уясан зөөлөрч, хоёр улс харилцаж эхэлсэн. 1985 оны 1 дүгээр сард хоёр улсын анхны хамтын ажиллагааны арга хэмжээ болсон Монголын уран зургийн үзэсгэлэнг Бээжин хотод гаргаж, би орчуулагчаар нь явж анх удаагаа хилийн дээс алхаж байлаа.


Урагшаагаа хүн явдаггүй байсан үед Москва-Бээжингийн галт тэргэнд гурвуулхнаа явж байсан юм. Тэр үеийн ЭМЯ-ны орлогч сайд Нямдорж гуай Австралид хуралд оролцохоор, тэгээд Урчуудын эвлэлийн хорооны зураач Ичинноров бид гурав. Урагшаа хилээр гарахад бүхэл бүтэн цуваа галт тэргэнд өөр зорчигч байхгүй байлаа шүү дээ. Тэр үеэс хойш олон үйл явдал, айлчлал, арга хэмжээнд оролцсон доо.


Одоо ном бичгийнхээ ажлыг дагнан хийнэ. Германд Хумбольдтын нэрэмжит Их сургуулийн Монгол судлалын тэнхимд багшилж, Бээжин, Хөх хот, Тайбэй, Манжуурт дипломат алба хашлаа. Насныхаа гуравны нэгийг буюу 20 гаруй жилийг гадаадад өнгөрүүлсэн байна. Би очсон улс орон бүртээ Монголтой холбоотой, Монголын түүх, соёлтой холбоотой зүйлсийг судалж сурвалжилж ирсэн. Хятадын нийслэл Бээжин хот бол 13 дугаар зууны Монголын их гүрний нийслэл байсан. Өнөөдөр Бээжин хотын төвд Дайду-Хаанбалгасын үлдэгдэл туурь маш том цогцолбор бий. Анхны нийслэл Хархорумыг сэргээж байгаа энэ цаг үед холбогдох хүмүүс энэ цогцолборыг үзэж танилцах, санаа авах, хувь хуулбар авчрах ажил хийх л ёстой. Бээжингийн олон газарт миний мэдэхээр 40 шахам орд харш, сүм хийд, суварга цамхаг, гүүр, хана хэрэм зарим нь бүрэн бүтнээрээ, заримынх нь ор суурь байж байна. Би Бээжинд найман жил ажиллаж амьдрахдаа тэдгээрээс 20 гаруйг нь судалж, тухайн үед Монгол Улсаас БНХАУ-д сууж байсан Элчин сайд Г.Батсүхийн хамт “Их гүрний нийслэл Дайду-Хаанбалгас” нэртэй ном бичиж хэвлүүлсэн. 2010 онд Кино найруулагч Г.Жигжидсүрэн гуайтай хамт тэр газруудаар явж 9 бүлэг цуврал баримтат кино хийсэн.     

                                                    Arslan.mn

Оросын алдарт монголч, хятадач эрдэмтэн Яакинф Бичурин 1808 оноос Бээжинд арав гаруй жил суухдаа үе үеийн хаадын нийслэл хотын гудамж, талбай, байшин барилга бүрийг алхан явж хэмжиж судалсан тухайгаа бичсэн байдаг. Яг 200 жилийн дараа би 2008 онд энэ судалгаагаа хийж байхдаа энэ тухай олж уншаад өөртөө их урам өгч баярлаж байсан даа. Надад ийм санааг манай нэрт түвдэч эрдэмтэн др.Л.Хүрэлбаатар багш санал болгосон юм. Хүрэлбаатар багш 2003 онд Японд багшилж байгаад амралтаараа Бээжингээр дайрч буцсан юм. Тэгээд ЭСЯ-ны буудалд хэд хонохдоо намайг дагуулан явж хоёр гурван газарт очиж Монгол түүх, соёлтой холбоотой өв дурсгалыг үзсэн. Түүний нэг нь дээрх зураг дээр байгаа Хубилай хааны төрийн ёслол дайллагын айраг, сархдын хаш сав юм. Хубилай хааныг хаан ширээнд заларсны таван жилийн ойгоор нь буюу 1265 онд урчуул 4 тонн жинтэй цул ногоон хаш чулуугаар сийлж хийсэн энэ гайхамшигт эд өнөөдөр “Хятадын төрийн нэгдүгээр зэргийн үнэт өв эрдэнэ” гэгдэн хадгалагдаж байдаг. Хүрэлбаатар багш сураг сонссон тул багцаагаар л хаана байдгийг нь мэдэх тул бид хоёр хүмүүсээс асууж сурж явсаар байгаад олж үзлээ. Тэгээд “Явуулын бид нар их юм үзэж чадахгүй. Байран суурин байгаа та нар л энэ бүхнийг хайж олж судалж гаргаж ирэх хэрэгтэй шүү” гэж хэлж байж билээ.


Энэ номыг маань одоо Бээжин дэх Элчин сайдын яамнаас англиар орчуулж гадна дотныхонд өгдөг бэлэг болгон хэвлэх гэж байгаа. Бээжинд дэлхийн 200 шахам улсын ЭСЯ, олон улсын байгууллагууд бий. Хэдэн арван мянган гадныхан ажилладаг байх. Энэ номыг тэдэнд хүргэх нь Монголын түүхийн сайхан сурталчилгаа болно гэж бодож олзуурхаж байгаа. 


Судалгааны ажлаа би Хөх хотод, Тайбэйд, Манжуурт бас үргэлжлүүлэн хийсэн. Бээжин, Хөххотод Монгол судлалын арвин их эх сурвалж, судлагдахуун байна. Тэр их юмны зах зухаас нь барьж авч багцаалж үзсэн. Цаашид манай залуучууд энэ зүгт ихийг хийгээсэй, хаана, юу байгааг нь хэлж зааж өгөх юмсан гэж боддог. Тайванийн “Хааны ордон” музей, “Синика” академи, түүний Архив, Төв Номын санд нь Монгол түүх, соёлын маш их өв хадгалагдаж байдаг. Тэдгээрийг багцаалан бүртгэж, хэд хэдэн альбом ном гаргасан. Монгол үндэстний Библи болох “Монголын нууц товчоон”-ы хамгийн эртний эх тэнд хадгалагдаж байгаа. 1380-аад оны үеийн модон барын хэвлэл. Түүнээс хувь хуулбар авчрах их хүсэл эрмэлдэл бий. Сүүлийн таван жил би Өвөр Монголын Манжуур хотод төрийн томилолтоор шинэ Консулын газар байгуулж ажиллахдаа мөн судалгааныхаа ажлыг нэлээн хийсэн. Манжуур буюу Зүүн хойд Хятадын энэ бүс нутаг бол Монгол үндэстний түүхэнд онцгой байр суурьтай газар. Тэнд Хөлөн нуур, Буйр нуур, Эргүнэ мөрөн, Нууц товчоонд Хараун жидун нэрээр тэмдэглэгдсэн Хянганы нуруу, бүр цаашлаад Сяньби, Хитанчуудын нутаглаж асан Шивэр их ой хөвч бий. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад Өэлүн эх, Бөртэ хатан, Хавт Хасар, Тэмүгэ Отчигин дүү нартаа хуваан хуваарилж өгсөн өргөн уудам газар нутаг. Овог аймгаар нь нэрлэвэл олхонууд, тайчууд, хонгирад, татар, горлос, урианханы нутаг. Товчхон хэлэхэд монгол үндэстний нэг томоохон хэсэг тэнд бүрэлдэн бий болж олшрон хүчирхэгжиж, тэндээс Их хээр тал руу гарч ирж, бусад монголчуудтайгаа нийлэн суугаад, улмаар 13 дугаар зууныг “Монголын зуун” болгож дэлхийн түүхийг бичилцсэн юм аа. Өөрөөр хэлвэл, “Монголын нууц товчоон”-д Чингис хааны язгуурын дээдэс Бөртэ Чоно, Гоо Марал хоёр тэнгис гаталж Онон мөрний эх Бурхан халдун уулнаа ирж нутагласан тэр түүхт их үйл явдлын эх үндэс тэндээс үүдсэн уг угшилыг би энэ хэдэн жилд газар дээр нь явж нүдээр үзэж судаллаа. Зүгээр л “Гайхамшигтай” гэж хэлье. Ийм боломж хүртсэн хувь заяандаа талархая, Монгол Улсын Гадаад харилцааны яаманд талархая, Монголынхоо агуу гайхамшигтай эх түүхээрээ бахархая. Жирийн уншигчид Бөртэ Чоно, Гоо Марал гэдэг хоёр хүн л нүүж ирсэн юм шиг ойлгодог. Тийм биш. Тэр хоёрын Бурхан халдун хэмээх өнөөгийн энэ их Хэнтийн уулсад хүрч ирж нутагласан явдал нь Шивэй Монгол хэмээх язгуурын монгол аймгийн Их нүүдэл байсан юм аа.


Бөртэ Чоно бол Шивэй монгол аймгийн ахлагч, нийтийн тооллын 7 дугаар зууны дунд үед амьдарч байсан хүн. Би тэр Их нүүдлийн үүх түүхийг судар бичгийн хуудаснаас хөөн үзэж, замнасан зам мөрөөр нь хөөн явж судлахыг хичээсэн. Үүнийг манай Монголын эрдэмтэд хийх ёстой юм аа. Хятад, өвөр монгол эрдэмтэд энэ талаар ихийг хийсэн байгаад талархууштай. 


Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн захиалгаар “Чанчунь бумбын өрнө этгээдэд аялсан тэмдэглэл” хэмээх маш чухал түүхэн судрыг шавь агсан Ц.Ганбаатарынхаа хамт орчуулж 2010 онд хэвлүүлсэн. Чингис хаан, Хятадын бумбын шашны их арш Чанчунийг урьж уулзсан энэ үйл явдал гайхалтай. 1219 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөр огноолсон тэр захидал гайхамшигтай түүхэн баримт бичиг. Өнөөдөр эх захидал нь үгүй ч, хувь хуулбар нь Хятадад хадгалагдаж байдаг. 2019 онд энэ түүхэн үйл явдлын 800 жилийн ой тохиосон. Үндсэндээ 1219-1224 оны хооронд болж өнгөрсөн үйл явдал. 2024 оныг дуустал үргэжилсэн энэ түүхт ойн жилүүдэд би Олон улсын эрдэм шинжилгээний хурал хийх, Чанчунь бумбын аяллын маршрутаар хамтарсан экспедиц зохиох, кино хийх зэрэг санал дэвшүүлсэн. Нэг их ажил хэрэг болж чадаагүй. Харин хятадын эрдэмтэд, телевиз киноныхон энэ бүгдийг хийчихсэн дээ. Н.Энхбаяр бид уулзахаараа энэ талаар ярьдаг л юм. Тайбэй хотод ажиллаж байхдаа гурван том ном гаргасан. Тайванийн “Хааны ордон” музейд Монголын түүхийн маш баялаг хадгаламж бий. Хэмжээ далайц, эд үзмэрийн үнэт чанар чансаагаараа дэлхийн бүх музейнүүдийн дотор 17-д жагсдаг музей. 1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн гарахдаа Бээжингийн эртний хаадын ордны мянган жилийн их өв дурсгалыг тэр чигт нь аваад явсан нь тэр гэдэг. Жил бүр үзмэр, хадгаламжаараа дотооддоо болон гадаадад томоохон үзэсгэлэн гаргадаг. Тэр бүгдийн дотор Монголын түүх, соёлын өв үзмэрүүд нь “нүүр тахладаг” гэдэг. Тэнд 1280 онд Хубилай хааны тушаалаар орны зураачийн зурсан Чингис хааны эш хөрөг бий, бусад 24 хаад, хатдын эш хөрөг бий. Тухайн цаг үед Монгол төрийн язгууртнуудын эдэлж хэрэглэж асан эд зүйлс цөөнгүй бий. Монголчууд зөвхөн харанхуй бүдүүлэг, харгис дайнч байсангүй.


Соёлтой, боловсролтой байсны нэг жишээ нь Хубилай хааны хүү Чингимийн хүү Дармабалын охин буюу Хубилай хааны гуч охин Сэнгэ Раги гэдэг гүнж хувийн гайхамшигт цуглуулгатай байсны нэлээд нь тэнд хадгалагдаж байгаагаар үе үе үзэсгэлэн гаргадаг. Өөрөө ч хааны ордонд үе үе үзэсгэлэн гаргаж дээдэс язгууртнуудад толилуулдаг, хүмүүс тэр үеэр гүнжид шинэ уран зураг, судар ном бэлэглэдэг байсан гэдэг.


Яг энэ өдрүүдэд Тайваньд Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан том үзэсгэлэн гарлаа. Харин манайд нам гүмхэн өнгөрч байх шиг. Энэ дашрамд хэлэхэд, “Тэр бол Чингис хааны хөрөг биш. Тэр эрт цагт зураг хөрөг гэж байгаагүй гэх үг яриа гарч байна. Мэдлэг ойлголтгүйн л илрэл л дээ. 1240, 50-иад оны үед Монголын их гүрэн даяар шашин хоорондын асуудал үүсч, хаан төрд хүрч, их хааны зарлиг тушаалаар эцэслэн шийдсэн түүхтэй. Тэр нь юун гэхүл, Хятад газарт бумбын шашин товойн гарч, бусад шашнаа хавчин гадуурхаж, дураар аашлах болсон байдаг. Чингэхүй Буддын шашныхан их хаанд гомдол мэдүүлж, Гүюүг, Мөнх хаан нар биечлэн оролцож шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлвэл, Монголын төр шашин хоорондын асуудлыг шийдсэн хэрэг л дээ. Хэдэн мянгаар тоологдох сүм хийдүүд, шашин номын газарт зарлигаар Бурхан Будда, Бумбын шашны их арш Лаоз, Хятадын номт ёсны их сэтгэгч Күнз гурвын зураг хөргийг залж өлгөдөг байж. Чингэхдээ Хамгийн дээр нь Будда, доор хоёр талд нь Лаоз, Күнзийн хөргийг залдаг байж. Бумбын ёсныхон Чингис хаанаас олж авсан их соёрхол өргөмжлөлөө хэтрүүлэн ашиглаж нөгөө хоёр шашин суртлаа хавчин гадуурхаж сүм хийдийг нь хаалгуулан өөрийн болгох явдал туйлдаа хүрч. Улмаар Лаозын хөргийг дээр нь залж, нөгөө хоёрыг нь доор нь өлгөх болсон байна. Энэ мэтийн явдлаас болж шашин хоорондын зөрчил үүсч хурцдан хаан төрд хүрчээ. Их гүрний анхдугаар нийслэл Хархорумд хааны ордонд болсон эл хэрэг явдалд христ, лал, үнэн алдартны шашны мяндагтан тушаалтнууд ч оролцсон байдаг.


Arslan.mn

Энэ тухай нуршихын учир юун гэвэл, одоогоос найман зууны тэртээх тэр эрт цагийг бид өнөөгийн энэ хөгжлийн түвшнээс харж харанхуй бүдүүлэг, хөгжилгүй байсан гэж үзэж болохгүй. Ер нь аль ч цаг үеийн хүмүүсийн нэг ийм төөрөгдөл байдаг. Өөрийнхөө амьдарч байгаа цаг үеийг л хамгийн орчин үеийн, хамгийн хөгжингүй дэвшингүй гэж.


Өнгөрсөн үеийг харанхуй, бүдүүлэг, хоцрогдсон муу муухай байсан гэж. Хэрэг дээрээ тэр үед ч нийгэм хөгжил дэвшилтэй байсан, өнөөдөр хүн төрөлхтөн эдэлж хэрэглэж байгаа олон зүйлийг тэр үеийн хүмүүс хэдийн олж нээж, эдэлж хэрэглэж байсан гэж хэлмээр байна. Тэр бүхний нэг нь л зураг хөрөг юм.


Харин ч Буддаг, Лаозыг, Күнзийг яаж зурдаг байсан бол, тэдний зураг хөрөг ямар байсныг нь үзэх хэрэгтэй. Бүгд байгаа. Үүнээс ургуулан бас, тэгвэл Чингис хааны зураг хөрөг байсан л байж таарна гэсэн үзэл бодол. Чингис хааныг нас барсных нь дараагаас л түүнийг Богд Чингис хаан хэмээн өргөмжлөн тахиж шүтэх болсон. “Богд Чингис хаан” гэж. Тэгэхлээр монголчууд тэр л үеэс Чингис хааныг бурханчлан тахиж шүтэж эхэлсэн гэсэн үг. Үүнийг нотлох нэг баримт гэвэл Хубилай хаан их гүрний төрийн жолоог булаан авч өнөөгийн Бээжинд нийслэлэн суугаад их зүйлийг сэдэж хийсний нэг нь дээдсийн тахилын сүмүүдийг байгуулсан явдал. Есүхэй баатар, Өэлүн хатан, Чингис хаан, Бөртэ хатан, эцэг Тулуй, эх Сорхугтани нарын тахилын найман сүм байгуулж, зураг хөргийг нь зуруулан залж, тахиж тайх болсон. Тэгэхлээр тэр цаг үед л Чингис хааны зураг хөрөг байсан байх нь. Үүнийг давхар батлах зүйл бол өнөөдөр Тайванийн “Хааны ордон” музейд хадгалагдаж байгаа Чингис хаан тэргүүт хаад хатдын 25 эш хөрөг болно.


Arslan.mn

-Та суусан газар бүртээ ном бүтээл туурвисаар байжээ. Энэ их ажлыг хэзээ нь яаж амжуулдаг байна аа?


Хүн эзэмшсэн мэдлэг мэргэжлээ л дагана шүү дээ. Би Монгол судлал, Хятад судлалын мэргэжилтэй. Энэ бол өргөн утгаараа Дорно дахины судлал юм л даа. Хятад, орос, англи, герман хэлтэй. Худам монголтой. Хэлийг мэргэжил биш, зэвсэг, хэрэглүүр, ажлын багаж гэдэг. Яаж ашиглаж байгаагаас болно. Зарим хүнд ажил мэргэжил нь мөн, зарим хүнд ажлын багаж зэвсэг нь мөн. Монголын түүхийн маш их эх сурвалж хятад хэл бичгээр байдаг.


Өнөөг хүртэл манай түүхчид, судлаачид их судалж, монголоор орчуулж судалгааны эргэлтэнд оруулсан. Цаана нь бас их юм байна. Би тэр зүгт л явж байгаа юм. Тэгэхлээр түүх ч гарч ирнэ, хэл бичиг ч гарч ирнэ, соёл, урлаг, шүлэг найраг, уран зохиол ч гарч ирнэ.


Цаг үеийн хувьд, Хүннүгийн үе ч байна, түүнээс өмнөх үе ч байна, Сяньби, Хитан, 13 дугаар зууны Монголын түүх ч байна. Би тэр бүгдээс чадахынхаа хэрээр наашлуулж монголчилж, Монголдоо авчирч байгаа хэрэг. Би түүхч биш гээд, эсвэл би Хүннүг судалдаг гээд бусдынх нь хажуугаар өнгөрч боломгүй. Тэгээд ч манайд хүн цөөн, судлаач бүр цөөхөн. Хятадад бол нэг чиглэлээр бүхэл бүтэн институт, хүрээлэн, хэдэн арав, зуун эрдэмтэд ажиллаж байдаг юм шүү дээ.  Магадгүй, би хуучны маягийн бичиг номын хүн байх. Их суудаг, их уншдаг, их бичдэг. Би спорт хөөсөнгүй, соёл урлагаар явсангүй, бизнес эрхэлсэнгүй. Миний хийж чадах юм бол бичиг номын ажил үйл л юм. Миний номын багш их эрдэмтэн Чой.Лувсанжавтан над үргэлж захидаг байсан: Амьсгааныхаа тоог дэмий юманд бүү үр. Зөвхөн ном үз. Ном хий! гэж. Би насан туршдаа энэ сургаалыг санаж багшийнхаа явсан замаар замнасан. Тэгэхлээр хуучинсаг маягийн хүн байгаа биз. 1985 онд хожмын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монголын Зохиолчдын хороонд ажиллаж байхдаа Лу багшийг сурвалжлаад “Хоногт 25 цаг ажилладаг хүн” гэсэн том ярилцлага бичиж байсан. Үнэн л дээ. Лу багш унтахаасаа бусад цагийг номонд, өөр юунд ч биш, номонд л зориулсан хүн. Энэ тухай нь домог шиг хачин сонин хууч яриа өчнөөн бий. Би харин тийм байж чадаагүй ээ.


Одооны залууст тэгж суу, тэгж хөдөлмөрлө гэвэл ёстой гайхаж “Энэ одоо юу гэчихэв ээ?” гэх байх. Өнөөдөр юм бүхнийг гар хурууны үзүүрээр, гар утас айпадаар хийх гэдэг болж. Нэг юм орчуул гэвэл тэгдэг л болсон байна. Ингэхээр хүн хүн биш, техник болж байна гэсэн үг. Монголын түүх, хэл бичиг уран зохиол, Хятад судлал, орчуулга гээд энэ хэдэн чиглэлээр гуч шахам ном хийсэн.


1998 онд би Германд ажиллаж байхдаа ойрын таван жилд хийх ажлын төлөвлөгөө гаргасан юм. Тэгээд 25 номын нэр жагсаасан. Залуу насны дэврүүн зан тэр шүү дээ. Тав биш гучин жилийн дараа л тэр төлөвлөгөөнийхөө ард гарч байна даа. Хүн харахад олон чиглэлээр ажилласан юм шиг, “олон туулай хөөсөн” юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ миний сурсан гадаад хэл, эзэмшсэн мэргэжил надад энэ хэдэн чиглэлээр ажиллах боломж олгосон нь энэ. Тухайлбал хятад хэл, Хятад судлалаар дамжуулан би Монгол судлалд жаахан юм хийж байна. Хятад хэлээр манай маш их юм бий. 1980 онд Лу багш хичээл зааж байхдаа “Хятад хэл бичгээр эрдмийн ажил хийх маш их боломж бий. Та арван оюутан докторын зэрэг хамгаалаад зогсохгүй, цаана нь өчнөөн докторын юм байна” гэдэг байсан. Нээрээ л бид өвөг дээдсийнхээ мянга мянган жилийн намтар цадигийг хятад хэл бичгээс л олж авч байна. Одоо ч гэсэн тэр их юмны захад нь л явж байгаа. За тэгээд оросоор, англиар, герман, франц, японоор маш их юм бий, гэхдээ тэдгээр хэлээр байгаа Монголын тухай юмс бүгд хятад хэлнээс орчуулагдсан, хоёрдугаар, гуравдугаар эх сурвалжууд байдаг. Хятад хэлээрх нь анхдагч буюу нэгдүгээр эх сурвалж болдог, үүнд л судалгааны жинхэнэ үнэ цэн нь оршино.


-Таны “Хүннүгийн түүх, соёл”, “Их нүүдэл”, “Гүрний их нийслэл Дайду-хаанбалгас”, “Монголчуудын хятадаар бичиж байсан шүлэг найргийн сонгомол”, “Чанчунь бумбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Тайванийн Хааны ордон музей дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд” гээд олон бүтээл бий. Бас тэдгээрийг дэлгэцийн бүтээл болгосон баримтат кино, контентууд бий. Одоо та ямар ном бүтээл хийж байна?


Хоёр юм хийж байна. Эхнийх нь “Сансарын хүүхдүүд”, “Гүүр” гэж хоёр дурсамж роман бичлээ. Сүүлийн жилүүдэд хийж байгаа өөр нэг ном гэвэл “Монголын нууц товчоон”-ы шинэ судлал” нэртэй судалгааны бүтээл. Энэ агуу бүтээл 1866 онд Оросын эрдэмтэн П.Кафаровын гавьяагаар олон улсын эрдэмтдийн судалгааны эргэлтэд орж, өнөөдөр Олон улсын Монгол судлалын нэг бие даасан том чиглэл болон хөгжиж байна. Гэхдээ Нууц товчооны судлал түүнээс ч урт настай. Бүр түүний бичигдсэн 13 дугаар зууны үеэс нь түүнийг судлах ажил эхэлсэн гэж үзэх ёстой. Өмнөд хөршид тэр үеэс Нууц товчоог орчуулж, хэвлэж, анхдагч хэлбэрээр судалж байсан найман зууны зузаан түүх байна. Түүнийг орчуулахын тулд хэл шинжлэл, хэлбичгийн гүнзгий судалгаа хийж, хятад ханз үсгээр хэрхэн буулгах бүхэл бүтэн систем бүхий тогтолцоог бий болгосон байдаг. Би тэр найман зууны юмыг олж цуглуулж, орчуулж, судлах, монголчууддаа, монголын судлаачдадаа хүргэхийг зорьж байгаа. Нэг хүний барах ажил биш л дээ. Найман зуун жилийн хугацаанд хийгдсэн юмс гэхээр маш их юм байна, тэр бүгдийг өөрийн болгож авах зайлшгүй шаардлага байна. Манай Ерөнхийлөгч “Монголын нууц товчоон” судлалыг онцгой анхаарч байгаа. Энэ ажлыг шинэ шатанд гаргах үүрэг зорилт дэвшүүлсэн. Үүнийг л бид хийх ёстой. Энэ бол маш том сэдэв, маш чухал асуудал учраас нэг удаагийн ярилцлагаар яриад дуусахгүй.  


-Таны дурсамж романуудын нэлээд хэсэг нь зарим сайтад тогтмол нийтлэгдэж байгаа. Сонирхолтой юм аа. Ялангуяа хүүхэд залуучууд тэртээх жар, дал, наяад оны, тэр байтугай энэ зууны эхэн үеийн амьдралыг сайн мэдэхгүй...


-Тийм ээ, сүүлийн жилүүдэд “Сансарын хүүхдүүд”, “Гүүр” гэж хоёр роман бичсэн. Эхнийх нь хүүхэд насны он жилүүдийн тухай, дараагийнх нь залуу, идэр насны он жилүүдийн тухай дурсамж роман юм. Нэг хүний амьдралын өнгөн дээр тухайн цаг үеийн Монгол орны нийгмийн амьдралыг тусган харуулахыг зорьсон. Бидний хүүхэд, залуу үеийн амьдрал ямар байсан, сургууль, ажил алба, анд нөхөд, жаргал, зовлон гээд олон зүйлийг буй аснаар нь тусгахыг зорьсон.


Энэ хоёр романд маань бодитой, болсон үйл явдлууд л тусгагдсан байгаа. 2021 оноос хойш цувралаар сайтуудад гаргаж ирсэн. Хүмүүс ам сайтай байгаа. “Их сонирхолтой юм, дараачийнхыг нь гаргаарай” энэ тэр гээд. Зарим нь болохоор “Битгий бүгдийг нь гарга аа. Ном болохоор нь авч уншихгүй шдээ” гэж ч байсан. Ингээд үзэхээр өнөө үед дурсамж бүтээлийн үнэ цэн их бөгөөд чухал ач холбогдолтой хэвээр, харин ч улам чухал болж байж магадгүй.


Энэ үүднээс би өнгөрсөн зууны жараад оноос хойш буюу өөрийн туулж ирсэн амьдралынхаа он жилүүдийг өгүүлсэн хоёр роман бичсэн юм. Энэ хоёр романд Монгол орны нэгэн жарны бодит үйл явдал, тухайн үеийн монголчуудын үнэн амьдралыг дүрслэн үлдээхийг зорьсон. Өнгөрсөн зууны жараас ерэн он хүртэлх он жилүүд бол социализмын цаг үе. Ерээд оноос хойших цаг үе бол Монгол орон нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжин орсон шилжилтийн үе, ардчилсан нийгэмд дэвшин орсон он жилүүд. Энэ нэгэн жарны он жилүүдэд Монгол оронд, монгол хүний амьдралд маш их үйл явдал өрнөж, маш их өөрчлөлт орсон нь мэдээж. Улс орон урагшлан хөгжиж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боллоо, монголчууд бид хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхаж, тэдний эдэлж хэрэглэдэг бүхнийг эдэлж хэрэглэх боллоо. Социализмын үед ийм байгаагүй. Бид олон талаараа дэлхийгээс хол, хүн төрөлхтнөөс тасархай, хаалттай нийгэмд аж төрж байсан шүү дээ. “Сансарын хүүхдүүд” романаа сая хэвлүүллээ. “Гүүр” романаа удахгүй дуусгахаар ажиллаж байна. 




Ярилцсан: Х.Баатархүү