sonin.mn

ХЕЛЬСИНКИ, 2025 оны тавдугаар сарын 20 /DW/. Финланд улс Оросын царцаасан хөрөнгөөс олсон орлогыг ашиглан Украинд зэвсэг нийлүүлэхээр төлөвлөж байгаа тухай тус улсын Батлан хамгаалах яам даваа гарагт мэдэгджээ.


Мэдэгдэлд дурдсанаар, Европын энх тайвны сангийн (EPF) санхүүжилтээр Украинд цэргийн тусламж үзүүлэх Европын Холбооны арга хэмжээг хэрэгжүүлэх орнуудын нэгээр Финландыг сонгосон байна. 


Финландын эрх баригчид Европын Комисстой 90 сая еврогийн үнийн дүн бүхий гэрээ байгуулжээ. Украины Зэвсэгт хүчинд нийлүүлэх сум, зэвсгийг Финландын үйлдвэрлэгчдээс худалдан авахаар төлөвлөсөн бөгөөд ингэснээр ажлын байр нэмэгдэнэ гэж Батлан хамгаалахын сайд Антти Хяккянен мэдэгджээ. Тэрбээр Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалж буй Украиныг Финланд улс тууштай дэмжинэ гэдгийг онцлон тэмдэглээд, тус улс Украиныг дэмжих 660 сая еврогийн хөтөлбөр хэрэгжүүлж буйг дурдав.


“Энэ бол Финландын батлан хамгаалах үйлдвэрлэлийн чадавхыг харуулсан жишээ бөгөөд сум, зэвсгийн үйлдвэрлэлд хийж буй хөрөнгө оруулалт үр дүнгээ өгч байгааг нотолж байна” хэмээн А.Хяккянен нэмж хэлсэн боловч Оросын царцаасан хөрөнгөөс олсон орлогоор Украинд үзүүлэх цэргийн тусламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. 


Финланд улс Украин болон НАТО-д зориулан дрон үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж буй тухай өмнө нь мэдээлж байсан юм. Батлан хамгаалахын үйлдвэрлэлийн "Summa Defence" компанийн мэдээлснээр, Украины дайнд ашиглаж буй нисгэгчгүй төхөөрөмжийн үйлдвэрлэлийг богино хугацаанд өргөтгөх зорилгоор Финландын нутагт шинэ үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг