
Энэ удаагийн “Трэнд зочин”-оор Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, “Хилчин” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх, цэргийн арслан, дэслэгч Дэлгэрийн Цэрэннямыг урьж, ярилцлаа.
Миний аав өвгөн ноён, Хардэл жанжин, бэйс М.Пүрэвжав гэж Галшар адууг үндэслэгч хүний зургаа дахь үе нь
-Хоёулаа ярилцлагаа таны нутаг ус, хүүхэд насных нь дурсамжаас эхэлье?
-Би Хэнтий аймгийн Галшар сумын харьяат. Манай сум хурдан удмын адууны өлгий нутаг. Миний аав өвгөн ноён, Хардэл жанжин, бэйс М.Пүрэвжав гэж Галшар адууг үндэслэгч хүний зургаа дахь үе нь.
Говь, хангай хосолсон сайхан нутаг. Миний хүүхэд насны дурсамж Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн Төгрөг, Жаргалант гэдэг сайхан газартай салшгүй холбоотой. Аав минь морь уядаг байсан болохоор моринд дуртай хүүхэд байлаа.
Тиймээс төдийлөн бөх сонирхдоггүй байв. Нэгээс долоодугаар анги хүртлээ аймгийн нэгдүгээр 10 жилийн сургуульд сурч, математикийн сонгоны ангийг төгссөн. Хичээлийнхээ хажуугаар ном их уншина. Арван жилдээ бол спортоор хичээллэдэггүй байсан.
-Тэгвэл бөхийн спорттой холбогдсон түүх тань сонирхол татаж байна?
-Намайг бөхийн спортод дуртай болгосон хүн бол миний ах. Би дээрээ гурван ахтай. Миний дээд талын ах Д.Гэндэнрагчаа үндэсний бөхөөр барилддаг байсан. Долоодугаар ангид байхад манайх Хийдийн суурин руу нүүхэд гэрийнхээ ойрхон байрладаг ахынхаа сурдаг гуравдугаар сургуульд шилжиж очсон юм. Тэр үед “Гайгүй биетэй хүүхэд байна. Би ангидаа авъя” гэсэн нь манай ангийн багш Нэргүй байсан. Тэр үед аав бид хоёр сургуулиас гарч явахад ахынхаа бөхийн багштай таарсан юм. Би “Ахын багш явж байна. Би энэ багшийн дугуйланд явж бөх барилдаж үзмээр байна” гэж хэлж байлаа. Тэгээд л 13 настайдаа Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, аймгийн начин Л.Мөнхбаяр багшийн удирдлага дор үндэсний бөхөөр хичээллэж, анхны гараагаа эхэлж байлаа.
-Таныг бөхийн спортод дуртай болоход ах тань нөлөөлжээ?
-Тийм ээ. Ахыг аймгийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнд ороход нь аав ээж хоёр зодог шуудаг, монгол гутал авч өгөөд очиж үзэхэд нь хамт очсон. Тэгээд ахынхаа барилдахыг хараад их гоё мэдрэмж төрсөн.
Миний бөхөд дурласан бас нэг шалтгаан нь ах маань нэг удаа барилдаанд түрүүлээд “Шилдэг 100 барилдаан”, “Зургаан залуу зааны барилдаан” гэсэн CD-гээр шагнуулсан юм.
Энэ CD-нд ардын хувьсгалын наадмын бүх он жилийн үзүүр түрүү болон Бөхийн өргөөнд болдог шилдэг барилдааны бичлэг байсан. Эндээс анх Д.Сумъяабазар аваргыг хараад түүн шиг бөх болохыг хүсэж байлаа. Тэр бичлэгээ өдөр бүр үзнэ. Сүүлдээ бөхчүүдийн нэрийг нь хүртэл цээжилчихсэн байсан.
Их засаг их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн
-Сонирхолтой дурсамж байна. Анх бөхийн зодог шуудаг өмсөж барилдсан үеэ хуваалцаач?
-Барилдаж эхлээд долоо хоногийн дараа сургуулийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Түүнд анх удаа зодог шуудаг өмсөж барилдаад насныхаа ангилалд түрүүлсэн юм. Тэгээд багштайгаа аймгийн аваргад бэлдсэн. Ингэж бөхөд сонирхолтой болж эргэлт буцалтгүйгээр энэ спортод дурласан. Үндэсний бөх хүнийг дурлуулдаг спорт юм билээ.
-Аав ээжийнх нь талд бөхийн удам бий юу?
-Ээжийн дээд удамд хуучнаар Хэнтий аймгийн Идэрмэг суманд Майдарын Мөррэнчин гэж даншгийн аварга байсан юм билээ. Барилдахаас гадна уртын дуу сайхан дуулдаг хүн байсан гэсэн. Харин аавын ээж Дарьсүрэн Хэнтий аймгийн Галшар сумын өвгөн ноён, Хардэл жанжин, бэйс М.Пүрэвжав гэж хүний удам.
-Та жүдо бөхөөр хичээллэдэг байсан. Их спортод хэрхэн хөл тавьж байв?
-Нэг өдөр манай сургуулийн математикийн багш Авираа “Миний хүү яваад Спорт хорооны дарга Ганболд /Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц арслан/ ахтайгаа уулзаад ир. Чамайг дуудаж байна” гэсэн. Очоод уулзахад “Японд жүдогийн тэмцээн болох юм байна.
Аймгаас гайгүй биетэй хүүхэд явуул гэж байна. Чи очоод барилдчихаад ир” гэлээ. Ингээд аймгийн жүдо бөхийн Н.Алтанцог багштай хоёулаа хот руу явсан юм.
Тэгээд “Аварга” сургууль дээр очиж, анх кимоно өмсөж үзэж, бүсээ бүсэлж чадахгүй би тэр хүүхдүүдтэй барилдаанд түрүүлж байсан юм. Ингээд л Япон явж сурах боломжтой болсон. Тэгээд аав ээжтэйгээ зөвлөлдөөд Япон руу суралцахаар явсан юм. Тухайн үед багш маань “Чамайг ирээдүйд жүдогоор барилдуулах зорилготой. Ирэхээр чинь шигшээ багт бэлдэнэ” гэсэн. Ингээд Японд хоёр жил сурч ирээд улсынхаа шигшээ багт бэлтгэл хийдэг болсон. Хажуугаар нь оюутан болчихсон хичээлдээ явна.
-Аль сургуульд ямар мэргэжлээр сурав?
-2014-2018 онд Их засаг их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн.
-Үндэсний бөхөөс гадна жүдогоор багагүй амжилт гаргаж ОУХМ болжээ. Энэ талаар хуваалцвал?
-Японд байхдаа Ишикава мужид хоёр түрүүлж, хоёр удаа хоёрдугаар байрт орж байсан. Японы мужид түрүүлнэ гэдэг бидний хувьд том амжилт. Нэг мужийнх нь хүн ам гэхэд Монгол Улсынхаас их байдаг. Японы Зүүн бүсийн аваргад гуравдугаар байрт орж байсан. Монголдоо ирээд залуучуудын дэлхийн аварга, Зүүн Азийн аваргад -100 кг-д барилдаад түрүүлсэн. Дэлхийн цомд тавдугаар байр, Монгол Улсын аваргаас гурван мөнгө, гурван хүрэл медаль авсан.
2017 онд Галшар сумынхаа наадамд түрүүлж сумын заан цолоо баталсан
-Хэзээнээс сумын наадамд барилдав?
-2014 онд сумын тойргийн цол олгох барилдаанд ахтайгаа таарч, ах маань элэг бүсээ тайлж өгөөд намайг сумын заан болгож байлаа. 2017 онд Галшар сумынхаа наадамд түрүүлж сумын заан цолоо баталсан.
-Өнгөрсөн жилийн хувьд сумын заанаас цэргийн цолтны эгнээнд багтсан бахдам сайхан амжилттай цаг хугацаа болж өнгөрлөө. Цэргийн арслан болоход ямар сэтгэгдэл төрж байв?
-2014-2019 он хүртэл байнга жүдогийн бэлтгэл хийж байсан. Гадаад, дотоодын аварга шалгаруулах тэмцээнд их явна. Улсын аварга шалгаруулах тэмцээнд ч амжилттай оролцсон. Мөн энэ үедээ Залуучуудын дэлхийн аваргад нэг удаа явсан. Харин үндэсний бөхөөрөө 2019 оноос барилдаж эхэлсэн. Олон ч барилдаанд барилдсан. Дөрөв, тавын даваанд их унасан даа. Сумын зааны барилдаанд ч их барилдсан. Ингээд таван жил хичээсний үр дүнд өнгөрсөн жил зорилгоо биелүүлж цэргийн арслан болсон. Одоо илүү том зорилго тавиад бэлтгэлээ хийж байна.
-Сумын заанаас цэргийн арслан болоход өөртөө хэр итгэлтэй байв?
-Цэргийн наадамд хууль, хүчнийхэн ордог болохоор нэг их юм бодоогүй начин болчих юмсан л гэж бодсон. Хүмүүс ч намайг арслан болох хэмжээнд үнэлж байгаагүй. Цэргийн наадам болохоос хоёр өдрийн өмнө Дорнод аймагт Зүүн бүсийн сумын заануудын аварга шалгаруулах барилдаанд оролцохоор төлөвлөж байсан юм. Тэгсэн улсын начин Д.Пүрэвсүрэн багш залгаж байна. “Би зүүн бүсийн сумын заануудын барилдаанд барилдахаар явах гэж байна” гэхэд “Цэргийн наадамд барилдана шүү” гээд утсаа тасалчихсан. Хэрэв Дорнод руу явсан бол арслан болж чадахгүй байсан. Цэргийн наадамд 108 аймгийн арслан, сумын заанууд барилдсан. Би тэр барилдаанд арслангуудтай барилдаж түрүүлсэн.
-Та цэргийн наадамд түрүүлэхдээ бусгаж, харваж тахимдаж байгаа харагдсан?
-Тийм ээ. Миний хамгийн сайн хийдэг мэх гэвэл бусгаа, харваж тахимдах. Энэ хоёр мэх намайг цэргийн арслан болгосон. Дархан мэх гэхээсээ илүүтэй ямар ч хий, зайгүй алдаа гаргахгүй барилдахыг хичээдэг. Багш нар маань ч тэгж зөвлөдөг.
-Нутгийн уул ус үргэлж харж авшиг буянаа хайрладаг гэдэг. Танд энэ хэр мэдрэгддэг вэ?
-Би ер нь сүсэг бишрэл муутай хүн. Аав ээж хоёр маань л засал ном уншуулдаг байсан. Би нутгийнхаа Галшар ууландаа нэг ч гарч үзээгүй. Өмнө нь аймгийн наадамд барилдаад унаж гэмтсэнээс хойш ойр ойрхон бэртээд байдаг болсон. Тэгээд ах дүү нарынхаа хамт нутгийнхаа Галшар хайрхныг тахисан юм. Удалгүй бүх цэргийн наадмын барилдаанд арслан цол хүртэхэд нутгийн минь уул, ус түшсэн гэж боддог. Нутгийн уул, ус наадамд хамт явдаг гэдэг үнэн юм байна лээ.
-Та өнгөрсөн жилийн сар шинийн барилдаанд зодоглосон хоёр сумын зааны нэг. Нэгийн даваанд Ц.Содномдорж арслантай таарсан байх аа?
-Тийм ээ. Нэгийн даваанд Ц.Содномдорж арслантай таарч, тэр барилдаанаасаа их урам зориг авсан. Миний хүндэлж явдаг бөхчүүдийн нэг бол Ц.Содномдорж арслан.
-Ц.Содномдорж арслангаас гадна ямар бөхөөс үлгэр дуурайлал авдаг вэ?
-Хүүхэд байхдаа Д.Сумъяабазар аварга шиг сайхан биетэй, цэвэрхэн бөхийг болохыг хүсдэг байсан. Энэ цаг үед гэвэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Г.Эрхэмбаяр аварга. Би нэг удаа хамт бэлтгэлд гарч байхад аваргын харилцаа хандлага, гүндүүгүй зан нь сайхан санагдсан.
-Анх том цолтой бөхтэй барилдахад сүрдэж байв уу?
-Анх Г.Эрхэмбаяр аварга намайг амлаад дэвжээнд гарч барилдахад халгамаар, биед нь хүрэхэд хүртэл хүндэлмээр мэдрэмж төрж байсан.
-Бөхчүүдийн хувьд хамгийн том дэвжээний нэг нь Монгол бөхийн өргөө байдаг. Анх гарч барилдахад ямар мэдрэмж төрж байв?
-Анх бөхийн өргөөнд барилдахдаа хоёулхнаа тунаж үлдээд барилдаж байгаа бөхчүүд гоё санагддаг байсан. Ингэж удаан барилдаж үзэх юмсан гэж бодсон доо. Үүнээс хойш олон жил Бөхийн өргөөнийхөө дэвжээнд барилдсан байна.
-Одоо цагт бөхчүүдийн бэлтгэл жигд, өрсөлдөөн тэнцүүхэн болжээ. Дэвжээн дээр ямар сэтгэл зүйтэй гардаг вэ?
-Тийм ээ. Бөхийн өргөөнд улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан тогтмол болж, аймгийн арслан, хурц арслан цолтнууд олонтой түрүүлж байна. Би барилдаан бүрээсээ туршлага хуримтлуулдаг. Өөртэйгөө ярилцана. Өдөр бүр бэлтгэлээ хийж өөрийгөө дайчилдаг. Бэлтгэл сайн хангагдсан байхад сэтгэл зүй өндөр байдаг.
-Та их спортын суурьтай болохоор үндэсний бөхөөр барилдахад давуу тал болдог байх?
-Тэгэлгүй яах вэ. Цэргийн наадамд түрүүлэхдээ Сүхбаатар аймгийн хурц арслан Өсөхбаярыг дайраад ирэнгүүт нь ухарч гишгээд гишгэгдлийг нь тааруулаад этэж унагаж байсан.
-Та цэргийн арслан болтлоо багагүй хугацааг зарцуулсан гэлээ. Энэ хугацаанд шантрах үе байв уу?
-Сумын заан байхдаа аймгийн наадамд олон зодоглосон. Олон ч унасан. Хоёр удаа тавын даваа хүртэл барилдаж, цолны босго давахын өмнө уначихдаг байлаа. Шантарч, болимоор үе багагүй байсан. Бөхийн амьдрал хэцүү. Амьдрал зохиогоод эхнэр, хүүхэдтэй болчихсон байдаг. Сумын заан хүн тэр бүр сайн орлого олж чадахгүй. Гэхдээ тууштай байсны хүчинд цэргийн арслан боллоо. 2022 оны аймгийн наадамд дөрвийн даваанд барилдаж байгаад тохойгоо мултлаад бэртсэн. Бэртэл маань эдгэж өгөхгүй их удсан. Энэ үед барилдахаа больдог ч юм уу гэж анх удаа бодсон. Гэхдээ үндэсний бөхдөө хайртай болохоор орхиж чадахгүй юм байна лээ. Тэгээд тууштай бэлтгэлээ хийсэн дээ.
-Тамирчин хүн бэртэл гэмтэлтэй байх нь хамгийн хүнд цаг үе байдаг байх. Таныг бэртэлтэй байхад хамгийн их урмын үг өгсөн хүн хэн байв?
-Бид дэвжээгээрээ хамт бэлтгэл хийдэг. Бэртсэний дараа аймгийн арслан Г.Ганцоож ахтай хүчний бэлтгэл хийж байхад “Наад бэртэл чинь яах вэ эдгэчихнэ. Бэлтгэлээ сайн хийгээд явж бай. Чи угаасаа арслан болно. Дээшээ улсын цол гэж ярина. Чи угаасаа улсын цол авна” гэж хэлж билээ. Энэ үгнээс нь их урам авч байсан.
Би “Хилчин” спорт хороондоо хилчин тамирчин хэмээн овоглож явдаг даа бахархалтай сайхан санагддаг
-Та бөхчүүдээс хэнтэй илүү дотно найзалж, нөхөрлөдөг вэ?
-Нутгийнхаа нэг дэвжээний бөхчүүдтэй сайхан нөхөрлөдөг. Бас хамгийн сайн найз гэвэл Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн заан Э.Түмэндэмбэрэл маань байна.
-Та бөхийн жудгийн талаар юу гэж боддог вэ. Жудагтай бөх гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Улсын аварга С.Мөнхбаттай “Өв түгээ” төсөлд сумын заан цолтой барилдаанд нь шалгараад хамт бэлтгэл хийлээ. Тэгэхэд “Жудаг гэдэг ёс зүй, ёс суртахууны хамгийн дээд хэм хэмжээг хэлдэг” гэж байсан юм. Хүмүүс жудаг гэдгийг ганцхан бөхөөс хардаг. Бөхчүүдийн зарим нь хүн харахаараа худлаа жудагтай юм шиг царайлдаг. Сумын заан дүү нартайгаа, баг, хамт олныхоо хажууд өөр болдог. Миний хувьд сайхан нэг зангаараа хамгийн гол нь гэр бүлдээ сайн аав, сайн нөхөр, аав ээжийнхээ сайн хүү байж чадвал тэр хүнийг жудагтай гэнэ. Жудаг гэдэг хүн хүний ойлголт өөр, хүмүүжил л байхдаа. Жаахан буруу юм хийхэд сошиалаар сэвэгддэг. Энэ тал дээр багш нар сайн зааж, зөвлөх байх.
-Та үндэсний бөх хэмээх том өв соёлыг тээхээс гадна “Хилчин” спорт хороонд ажилладаг. Хилээр овоглох бахархалтай байдаг байх?
-Тэгэлгүй яах вэ. Миний хүүхэд насны нэг мөрөөдөл цэргийн хүн болох байсан. “Хилчин” спорт хороондоо харьяалагдаад зургаан жил болж байна. 2021 онд дэд ахлагч, өнгөрсөн зун цэргийн арслан болоод дэслэгч цолтой болсон. ДХИС-ийн ахлагч бэлтгэх 45 хоногийн дамжаанд суралцаж офицер цолоо авсан. Би “Хилчин” спорт хороондоо хилчин тамирчин хэмээн овоглож явдаг даа бахархалтай сайхан санагддаг. Буянтай байгууллага гэж боддог. Бөхийн карьераа дуусгахаар энэ байгууллагадаа ажиллах зорилготой.
Улсын цолтны эгнээнд багтахыг зорьж өдөр бүр бэлтгэлээ хийж байна
-Төр түмний цэнгэл үндэсний их баяр наадамд нэгийг бодож, хоёрыг тунгааж барилддаг болов уу. Цэргийн арслан цолтой анх зодоглоход ямар мэдрэмж төрсөн бэ?
-Өнгөрсөн зун аймагтаа барилдах зорилготой байтал хавар нь цэргийн арслан боллоо. Гэтэл багш маань “Энэ эрчээрээ улсын наадамд барилдаад тавхан удаа дайрчих” гэж зоригжуулаад өнгөрсөн жилийн улсын наадамд анх удаа зодоглосон юм. Хоёр даваад гурвын даваанд Н.Золбоо харцагад амлуулаад гайгүй сайн барилдсан юм. Би халтирч унасан бөхчүүдийн нэг. Сэрвээн дээрээс нь явж барилддаг болохоор барьцаа ахиулах гээд дарсан чинь урд талын хөл халтираад доошоо бөгсөөрөө суучихсан. Бөхийн дүрэмд халтирч унасан бол тэгнэ гэсэн юм байхгүй. Өнгөрсөн жилийн наадам бороотой, дэвжээ их халтиргаатай байсан. Босоод маргаж болохгүй, эвгүй юм байна лээ. Маргах гэхээр муухай, жудаггүй санагдаад элэг бүсээ тайлсан. Гэхдээ л харамсалтай санагдсан. Ер нь бэлтгэл сайн байсан.
-Улсын наадам ойртож байна. Удахгүй наадмын бэлтгэлдээ гарах уу?
-Тийм ээ. Би “Хан Хэнтийн аварга” дэвжээнийхээ галаар наадмын бэлтгэлд гарна.
-Мэдээж улсын их баяр наадмынхаа зүлэг ногоон дэвжээнд барилдаж улсын цолтны эгнээнд багтах нь таны энэ жилийн том зорилго байх гэж бодож байна?
-Улсын цолтны эгнээнд багтахыг зорьж өдөр бүр бэлтгэлээ хийж байна. Намайг бэлтгэлээ хий гээд эхнэр маань ажлаасаа чөлөө авчихсан байгаа.
-Мэдээж танд хамгийн их урмын үг хэлдэг, ойлгож ярилцдаг хүн эхнэр тань байх. Эхнэрээ танилцуулахгүй юу?
-Эхнэрийг маань Б.Цэндмаа гэдэг. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат. Бид хоёр адилхан эрхзүйч мэргэжилтэй. Мэдээж миний багагүй амжилт бүхэн эхнэртэй минь холбоотой. Эхнэр маань миний барилдааныг энэ жилийн “Алтан базер”-ын үеэр анх удаа үзсэн.
Гэртээ ирээд “Өмнөөс чинь сандраад хэцүү юм байна лээ” гэж байсан. Бид хоёр ихэр охин, нэг хүүтэй. Намайг барилдахаар явахад хүүхдүүд маань “Амжилт, хайртай шүү аав аа” гээд дандаа үнсдэг.
Өнгөрсөн жил сумын зааны барилдаанд барилдахаар явах гэсэн чинь охин “Аав зайрмаг авчрах юм уу” гэхэд нь “Тэгнэ тэгнэ, аав нь түрүүлчхээд зайрмаг аваад ирье” гэж хэлээд түрүүлж байсан.
-Ярилцлагаа Д.Цэрэнням гэдэг хувь хүн амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ гэсэн асуултаар төгсгөе?
-Би хөдөлмөрч, тууштай байхыг хичээдэг. Ямар ч ажилтай, хоцорсон байсан заал руугаа л явдаг даа.
Рагчаагийн ОЮУН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл2
Шуналын тулам бүү болоосой Бөхчүүд бараг цөм ШУНАЛЫН ГАЛ байдаг юм билээ
Хардэл жанжин бээсийн удмаас манжид хятдад урвасан урвагч нар байдаг байх шүү. Өвгөн ноён сонсоод их гутарсан гэдэг.