sonin.mn

Сэтгүүлчид Шадар сайд Т.Доржхандаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлохыг шаардаж буй иргэдийн эсэргүүцэлд ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа. 


Тэрбээр, “ХҮН нам бол хамтарсан Засгийн газрийн нэг бүрэлдэхүүн хэсэг. АН, МАН, ХҮН нам нийлээд тулгамдсан асуудлаа шийдье гээд ажиллаж байна. Иргэдийн улс төрийн мэдлэг муу байна.


Бид шал өөр эрхзүйн тогтолцоонд орсон. Өнгөрсөн хугацаанд нэг нь эрх барьдаг, нөгөөх нь сөрөг хүчин гэж явсаар том төслүүдээ ч хөдөлгөж чадаагүй бие биедээ дэгээ тавьсан 35 жилийн амьдрал өрнөсөн. Тэгвэл 2023 онд бид үндсэн хуулийн өөрчлөлт хийж баруун европын загварыг авсан. Энэ загвар бол Германы загвар. Өчигдөр Монгол улс 75 жилийн түүхэнд хоёр дах хил холболтоо хийж байна.


75 жил гэдэг бол маш харамсалтай. Ачааны тэрэгтэй хүмүүсийн лоббигоор төмөр замаа гацаадаг, мөнгөтэй хүмүүсийн лоббигоор төмөр замаа гацааж ирлээ. Үр дүнд нь асар их орлогоо алдсан. 


Том төсөл арай гэж хөдлөх үед өөр хов жив явж буй нь харамсалтай. Хил холболтын асуудлыг шийдэх гэж засгийн газар гурван удаа урагшаа явсан. Анхны удаа явахад төсвийн асуудал сөхөгдөж гарч ирсэн, хоёр дах удаагаа явахад засгийн газар огцор гэсэн асуудал гарч ирсэн, өчигдөр нээлтээ хийхэд ахиад л бужигналаа. 


Монголчууд эдийн засгийнхаа том асуудалд ач холбогдолгүй улс шиг харагдаж байна. Бид шүдээ зуугаад том төслүүдээ явуулъя л гэсэн нэгдсэн зорилготой.


Ер нь улс орны аливаа том төслүүд урагшлахаар өөр элдэв жагсаал, цуглаан, үйл ажиллагаанууд дандаа болдог. Яахав Ерөнхий сайдыг орлогоо нотол гэдэг зарчим нь зөв. Гэхдээ том төслөө явуулах ёстой. Хил холболтын асуудал яригдах тоолонд Засгийн газар огцор гэж жагсдаг. Энэ удаад ч бас адилхан байна. Эдийн засгийн том бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг нөхөдтэй бид хүчтэй үзэлцэнэ. Би Л.Оюун-Эрдэнийг худлаа ярьж, хулгай хийдэг хүн гэж бодохгүй байна. Л.Гантөмрийг ч бас. Бидэнд ашиг сонирхлоор нэгдсэн зүйл байхгүй. Ерөнхий сайд энэ асуудал дээр өөрөө тайлбар хийх байх” гэв.  


Ж.Эгшиглэн