sonin.mn

Наймдугаар сарын 14 дөтлөн тодрон гэрэлтсээр авай. Эдүгээгээс яг зургаан жилийн өмнөх нуур, ногоо хальсан намрын энэ өдөр Монгол улс олимпийн аваргатай болсон дэлхийн 92 дахь орон хэмээн бөмбөрцөг даяар цуурайлж байв.

Зуны спортын хорин ес дэх буюу "Бээжин-2008" олимпийн жүдо бөхийн татами дээр Найдангийн Түвшинбаяр өвдөг шороодолгүй магнайлж олимпийн анхны монгол аварга төрснөөр дээрх дуулианыг дэгдээсэн бөлгөө.

Монголчууд хүн төрөлхтөний цэнгэлийн манлай олимпийн дэвжээнд олон барилдсан, олон ялж байсан. Медаль авч байсан. Гэхдээ түрүүлж байсан нь үгүй. Ялагдалгүй, гагцхүү нэг ч ялагдалгүй босоо үлдэн түрүүлэх нь Чингисийн цусныхны, алтан хялгана долгилсон тал нутгийнханы бүхэл бүтэн чилийсэн дөчин дөрвөн жилийн хүлээлт, мөрөөдөл байлаа.

Тэрхүү их хүлээлтийн хэрмийг цууртал цахисан гялбаа, мөрөөдлийн цангааг тайлж асгарсан их аадар нь Булган аймгийн Сайхан сумын "унаган" Түвшинбаяр.

Түүний барилдсан жин -100 кг. "Бээжин-2008" -ын гараагаа тэр гайхалтай хийсэн. Японы алдарт бөх, олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга Кейжи Сүзүкиг давхар хамж өндөрт өргөн шидэж давсан барилдаан одоо ч олон зүрхийг догдлуулж, олон сэтгэлийн хойморт завилан буй.

Харин Кэйжи Сүзүкид насан туршдаа Монголыг үл мартах таатай, таагүй хоёр дурсамж барлагдан үлдсэн нь маргаангүй. Монголын Үндэсний олимпийн хорооны санаачлагаар Олон улсын олимпийн хороо "Чингис хаан" цомыг бий болгож тулааны спортын төрөлд гайхамшигтай амжилт гаргасан тамирчинд хоёр жил тутам олгож байхаар шийдвэрлэсэн билээ.

Дэлхийн цуут хаанаар нэрлэгдсэн энэ гэрэлт цомын анхны эзэн нь Кейжи Сүзүки. 2007 онд Монголд хүрэлцэн ирж цомо хүндэтгэлтэйгээр гардсан мөч хором түүний амьдралын алтан дуурьслын нэгэн байсан нь гарцаагүй.

Гэтэл ердөө ганцхан жилийн дараа олимпийн дэвжээнд мөнөөхөн их хүндлэлт цом гардсан нутгийн, олонд төдийлөн танигдаагүй залууд ялагдаж олимпийн аваргын алтан медалиа ихэрлүүлэх мөрөөдөлдөө цэг хатгах чинээ зүүдлээгүй л явсан биз ээ.

Мөнхүү тэр өдөр Түвшинбаярт ялагдсан Германы бөх Жан Сун Хо, Азейрбажаны бөх, дэлхийн хүрэл медальт, дэлхийн цомын аварга Мовлуд Миралиав, Казахстаны бөх Асхат Житкеев нар Монголын Түвшинбаяр барилдаагүй бол, түүнтэй таараагүй бол... гэж харамсан бодсон нь мэдээж. Тэгээд аваргыг л барсангүй дээ хэмээн эр сэтгэлийн гунигаа шилгээн тайтгарсан нь баараггүй.

Сайхан уул өгүүлэх ину.
Наян дөрвөн оны зургадугаар сарын нэгний хүүхдийн баяраар шүү дээ. Хүүтэй боллоо гэж Найдан сумаас гэр рүүгээ бэлийн минь салхийг үймүүлэн давхиж байж билээ. Цэнд-Аюуш тэр хоёр их л бэлгэ бодож дэмбэрэл бодож удалгүй хүүдээ Түвшинбаяр гэсэн сайхан нэр хайрласандаг. Тэр сумандаа дунд, аймгийн төвд аравдугаар ангиа дүүргээд л холын хотыг зорьсон доо. Тэр чинь 2002 оны намар.

Хацар нүүрийг нь салхиараа зөөлөн зөөлөн илбэж үлдэхдээ хэзээ нэгэн цагт түүнийг уул усаа, Монголоо дуурсгах аварга хүчит бөх болно оо гэдгийг би мэдэж байсаан...

Хулжийн гол өгүүлэх ину.
Даага, шүдлэнийн "ам хагалж", хөвөөгөөр минь үеийнхэнтэйгээ дарвин чавхдаж, ус үсчүүлэн намайг хөндлөн гулд гатчиж өссөн юм. Уснаас минь амсах гэж өвдөг сөхрөн тонгойдог юм.

Олимпийн аваргын алтан медаль хүзүүндээ зүүх гэж тонгойж байгаа харагдсан. Ариун уснаас минь амсах, алтан медаль авах хоёрт л тонгойхоос бусдад гудайхгүй, эх орныхоо нэрийг ч тонгойлгохгүй сайн хүү...

Аав нь хэлэх ину.
Багын л миний хүү чинь их бага гэлгүй орсон гарсантай ноцолдож явдаг хүү байв. Сургуульд байхдаа бодвол номноос уншсан юм байгаа биз, халхын домогт аварга Намхайн үүзэл суухай мэхийг хийдэг бөх болно гэж ярьдаг байв...

Ээж нь хэлэх ину.
Миний хүү чинь зөвхөн миний хүү биш Монголын ард түмний хүү байсан байна шүү дээ...

Нутгийнх нь ах хэлэх ину.
Манай зэргэлдээ сумын Чойжил хөгшний 70 насны найрт зориулсан барилдаанд Түвшээ хавийн ханхайсан сайхан ах нараа цувуулан хаяж түрүүлж байв. Арван гурав, дөрөвтэй л байхдаа шүү дээ. Магадгүй анхны түрүү нь тэр байх шүү.

Жүдогийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гавьяат хэлэх ину.
Түвшээ бол өөрөөсөө илүү, өөрөөсөө том цолтой бөхтэй л барилдахыг ямагт чухалчилдаг хүн. Энэ бол түүний амжилтын гол түлхүүр нь...

Ярьж байв, монголоороо л нэг ярьж байв. Түүний тухай, Түвшинбаярын тухай. Тэр бадрангуй цаг дор "Түвшинбаяртай хүчирхэг Монгол" гэсэн гурван үг сэтгэлийн тэнгэрт маралтай цуг мандсанаас үүдэн тэрлэсэн шүлэг минь энэ.

Түвшинбаяртай Монгол
Одод чуулсан элбэг тэнгэрт
Монгол хэмээх нэрээ дуурсгаж
Охьюу номин ижий газартаа
Морин туурайн чимээгээр гангарч
Түүхээрээ баярхсан миний Монгол
Түмнээрээ баяссан миний Монгол
Түвшинбаяртай хүчирхэг Монголоо

Саран гэрэлтсэн уужим тэнгэрт
Унаган нутгийнхаа алдрыг дуурсгаж
Салхин сэвэлзсэн буурал газартаа
Уухайн түрлэг өргөн зангирч
Түүхээрээ баярхсан миний Монгол
Түмнээрээ баяссан миний Монгол
Түвшинбаяртай хүчирхэг Монголоо

Наран асгарсан цэлмэг тэнгэрт
Шүтэж залбиран хийморио бадрааж
Насны хишиг, дээдийн ерөөлөөр
Заяа буяндаа омогшин чангарч
Түүхээрээ баярхсан миний Монгол
Түмнээрээ баяссан миний Монгол
Түвшинбаяртай хүчирхэг Монголоо. .. Түүх, могол түүх, түвшинбаяртай түүх ийн цэцэглэсэн болой.

Чингис хаан Их монгол улсыг байгуулсан жил... гэдэг шиг Найдангийн түвшинбаяр аварга болсон жил... Найдангийн Түвшинбаяр олимпийн аварга болсны түрүү жил, Найдангийн Түвшинбаяр олимпийн аварга болсны хойтон.... гэхчилэн цаг хугацаа, үйл явдлыг түүнтэй, түүний амжилттай хамаатуулан Монголын нэн шинэ үеийн түүх үргэлжилж эхэлсэн бөлгөө.

Урьд нь хэн ч хүрээгүй оргилд монголчуудаас тэр л гарч чадсан юм чинь, урьд нь хэн ч аваагүй алдрыг монголчуудаас тэр л хүртсэн юм чинь, урьд нь хэнд ч төрөөгүй мэдрэмжийг монголчууддаа тэр л мэдрүүлсэн юм чинь, урьд нь хэн ч амтлаагүй их баярыг монголчууддаа тэр л авчирсан юм чинь аргагүй ээ, аргагүй.

Зүүлт: Энэхүү таталбарыг тэрлэснээс хойно буюу 2012 оны Лондонгийн олимпоор Н.Түвшинбаяр аварга бахтай сайхан барилдаж мөнгөн медаль хүртсэнээр олимпийн хос медальт анхны монгол болж суу алдраа дахин мандуулсан болой.

Ц.Галбадрах /Монголын цуут номоос/

Эх сурвалж: "Бөх" сонин