sonin.mn

Энэ жилийн наадам мөн 7 дугаар сарын 11-13-нд болж 512 хүчит бөхийн дотор хэн хэн гэдэг хүчтэнүүд зодоглосныг Үндэсний төв архивт буй бөхийн бүртгэлээс шүүрдэн үзвэл дараах хүчтэнүүдийн нэрс тодорч байна.

Үүнд: Архангайн "буур" Н.Жамьян, Булганы Б.Түвдэндорж аваргууд зүүн барууныг магнайлан босч, улсын арслангуудаас Архангайн "төмөр дэгээ" Ш.Төмөрбаатар, "босоо" Б.Банзар, Төвийн "молиго бүргэд" П.Бат-Очир, "улаан хүзүүт" Х.Дэлэг, Төвийн Л.Чимэд, Дорнодын "хумбаан хар" Л.Балсан, Архангайн "эрээн хавиргат" Б.Төрбат, Өвөрхангайн Ц.Банди, "гулзгай" У.Дамчаа, Хөвсгөлийн "хужаа" Ө.Чүлтэмсүрэн, Завханы "нахиу" Ш.Санжсүрэн, Архангайн "аат" Д.Лувсанжамц, "суудаг" Ц.Содов,

Улсын заануудаас Архангайн Б.Санжаа1, Булганы Ч.Цэвээн-Очир.Ж.Хорлоо, Ловон2,Лувсанжамбазаан,"цагдаа" До.Содном, Дундговийн Д.Цэдэнгомбо, Төвийн О.ДүгэржавЗ заан, Хөвсгөлийн "пүг" хэмээх С.Жамьян, "мундаг" Т.Дорж4, Булганы Б.Товуу, "довцог" Б.Пүрэвжав, Завханы "дөш" Л.Рэнчинсамбуу, "гогор" Я.Дорлиг, Архангайн Д.Санжмятав, "пампиан" Д.Жамьяншарав, "даран цагаан" Д.Ванчинсүрэн, Өвөрхангайн Орги буюу Ж.Дорж, Баянхонгорын Ц.Готовб, Дорнодын "нахиу" Д.Гонгор, Архангайн Д.Махшир, Булганы Дэ.Содном, "мундаг" Г.Наваан, "буханхүү" А.Моломжамц, Төвийн "мойл" Э.Зундуй, Дундговийн "жанжин" Ч.Мижид,

Улсын начингуудаас Төвийн Данигай, Ц.Гүндэл, Б.Хас6, О.Цоодол7, Архангайн "майжиг" Л.Банзар, "сөлөнгөө" М.Ёндон, Булганы "хөнхөр" М.Гомбодорж8, Сэлэнгийн Д.Төмөр-Очир, Өвөрхангайн Ш.Жанцандорж, Хэнтийн А.Цогоо, Б.Надмид, Хөвсгөлийн Д.ТөмөрЭ, Ө.Шаравжамц, Увсын В.Малиа зэрэг хүчтэнүүд зодогложээ.

Одоо эдгээр хүчтэнүүдээс хэн хэн шөвгөрч, бас шөвөгт тулж очсоныг Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа бай шагнал олгосон данс(ҮТА, Д-7, Х-2, ХН-780)-аас та бүхэнд толилуулья.

1. 9 давж түрүүлсэн: Цэдэндоржийн Чимэд-Очир начин, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат бөх, /улсын арслан цол шинээр авсан/

2. 8 давж үзүүрлэсэн: Сэрээнэнгийн Түвдэндорж аварга, Булган аймгийн Хангал сумын харьяат бөх,

3. 7 давж дөрөвт үлдсэн "хужаа" хэмээх Өлзийтийн Чүлтэмсүрэн арслан, Хөвсгөл аймгийн Түнэл сумын харьяат бөх

4. 7 давж дөрөвт үлдсэн: цэргийн Гялдангийн Цоодол10, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат бөх /шинээр улсын заан цол авсан/

5. 6 давж наймд үлдсэн: Хасын Өлзийсайхан арслан11, Дорнод аймгийн Халхгол сумын харьяат бөх, /"тонж гарамгай" чимэг нэмсэн/

6. 6 давж наймд үлдсэн: Жамсрангийн Цэвээнравдан заан12, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат бөх

7. 6 давж наймд үлдсэн: ЦЕС-ийн Дашийн Самбуу начин, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат бөх /шинээр улсын заан цол авсан/

8. 6 давж наймд үлдсэн: Пэрэнлэйн Сундуй, Төв аймгийн Баянцагаан сумын харьяат бөх /шинээр улсын начин цол авсан/

5 давж 16-д үлдэн шөвгөрсөн 8 бөх:

1. Лувсанмөрийн Чимэд арслан, Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат бөх,

2. Баатарын Төрбат арслан, Архангай аймгийн Жаргалант сумын харьяат бөх,

3. "аат" хэмээх Довчингийн Лувсанжамц арслан, Архангай аймгийн Хайрхан сум

4. "довцог" хэмээх Бямбын Пүрэвжав заан, Булган аймгийн Баян-Агт сум

5. Жаргалын Дорж заан, Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат бөх

6. "жонго" хэмээх Дэндэвийн Даваасүрэн, Архангай аймгийн Чулуут сумын харьяат бөх (шинээр улсын начин цол авсан)

7. Сундуйн Дамдинбазар13, Архангай аймгийн Цахир сумын харьяат бөх (шинээр улсын начин цол авсан)

8. Тамсагын хэмээх Сэнгийн Бугандай, Дорнод аймгийн Булган сумын харьяат бөх (шинээр улсын начин цол авсан)

4 давж шөвөгт тулсан бөхчүүд:

1.  "Чиваан" хэмээх Цэдэн-Ишийн Цэвээн, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат бөх,

2.  Чойнзон, Өмнөговь аймгийн харьяат

3.  Дашийн Чоймбол заан, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат

4.  "пүг" хэмээх Содовын Жамьян заан, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат

5.  ЦЕС-ийн Тогтох14

6.  "хөнхөр" хэмээх Магсарын Гомбодорж начин, Булган аймгийн Орхон сумын харьяат бөх

7.  "Пярлай" хэмээх Батын Пэрэнлэй, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат

8.  "дэрэн бор" хэмээх Сүнрэвийн Самданжигмэд, Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат

9.  Байшинтын цэргийн ангийн Мял, Архангай аймгийн харьяат

10. "мундаг" хэмээх Гонгорын Наваан заан, Булган аймгийн Хишиг-Өндөр сум

11. "муухай" хэмээх Пунцагийн Норов, Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат

12. "гогор" хэмээх Ядамсүрэнгийн Дорлиг заан, Завхан аймгийн Ургамал сум

13. Борын Данчогдон, Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат бөх   

14. Готовын Баасанжав, Архангай аймгийн Жаргалант сум

15. цэргийн Дагва15, Төв аймгийн харьяат

16. цэргийн морин хорооны Самдан16, Өвөрхангай аймгийн харьяат

Энэ мэт хоёроос дээш давсан бөхчүүдийн нэр тодорхой болохоор хамгийн гол нь хэн хэнтэйгээ барилдсан нь буюу оноолт амлалтын талаар таамаг дэвшүүлэх гэсэн юм. Н.Жамьян аварга цэргийн Содномпилээр 3 даваад өвдөг шороодсон бол Б.Түвдэндорж аварга гурвын даваанд Төв сургуулийн Баатарыг, дөрвийн даваанд Өвөрхангайн Нямхүүг, тавын даваанд Завханы Ц.Цэвээн, зургаад С.Бугандай, долоод П.Сундуй, наймд Ө.Чүлтэмсүрэн нарыг даваад Ц.Чимэд-Очир аваргад есийн даваанд унасан болов уу.

Гялдангийн Цоодол гэнэт цоорч энэ наадмын зургаагийн даваанд "аат" Д.Лувсанжамцыг, долоод Дашийн Самбууг даваад наймд Ц.Чимэд-Очирт унасан гэдэг. Ж.Цэвээнравдан аварга урьд жил нь Ц.Чимэд-Очир аваргатай зургаад тунаж хаяад шууд заан болсон бол энэ жил долоогийн даваанд амлаж авч унасан тухай хуучилж байсан.

Х.Өлзийсайхан гуай, Чүлтэмсүрэн гуайн жинхэнэ нэрийг мэдэлгүй будилж амлаж авсан гэдэг нь энэ жил гарцаагүй мөн байх. Тэгэхээр долоогийн даваанд Б.Түвдэндорж аварга П.Сундуйг, Х.Өлзийсайхан арслан Ө.Чүлтэмсүрэн арсланг, Ж.Цэвээнравдан заан Ц.Чимэд-Очир начинг амлаж, Д.Самбуу заан Г.Цоодол нар тунасан болж таарна.

Харин зургаагийн даваанд Б.Түвдэндорж аварга С.Бугандайг, Л.Чимэд арслан П.Сундуйг, Б.Төрбат арслан Д.Самбууг, Х.Өлзийсайхан арслан Ж.Дорж зааныг, Ө.Чүлтэмсүрэн арслан С.Дамдинбазарыг, Д.Лувсанжамц арслан Г.Цоодолыг, Б.Пүрэвжав заан Ц.Чимэд-Очир начинг амлаж Ж.Цэвээнравдан Д.Даваасүрэн нар тунасан болов уу гэсэн таамаглалыг дэвшүүлж байна. Та бүхэн санал бодлоо солилцоно уу. Тэр нь тэрэнтэй барилдсан гэдгийг баттай мэдэж дуулсан бол МҮБХ, "Бөх" сонинд хандаарай гэж хүсч байна.

Сонирхуулахад наадмын төгсгөлийн өдөр болсон шигшмэл 64 бөхийн барилдаанд цэргийн яамны цэрэг С.Самданжигмэд (хожмын арслан) хоёр дахиа түрүүлж, Өвөрхангайн Ш.Жанцандорж начин үзүүрлэсэн байна. Тухайн он жилүүдэд гадны ялангуяа хоёр хөршийн зочид ирж наадам үзэж сонирхох нь түгээмэл байсан бөгөөд энэ 1943 онд ирсэн ЗХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Власов монгол бөхийн цог заль, хүч тамирын гайхамшгийг сайшаан, Түвдэндорж аварга, Ц.Чимэд-Очир аварга, П.Бат-Очир арслан, Х.Өлзийсайхан арслан нарт тус бүр монгол дээл, гутал, цай, цаг тэргүүтнийг бэлэглэсэн байна (гэрэл зургийг хавсаргав).



Үндэсний их баяр наадмын өмнө тэртээх наадмын бөхийн сонин сайхнаас өөрийн хэрээр дуулж мэдсэнээ хуучлан сонирхууллаа. 1945 оноос хойших бүх наадмын барилдааны оноо дүйз тодорхой тул энэ хүргээд өндөрлөе. Харин та бүхэн миний цуврал нийтлэлийн талаар санал бодлоо сонины хаягаар харамгүй ирүүлнэ гэдэгт найдаж байна.

ТАЙЛБАР:

1.  Архангай аймгийн Цахир сумын харьяат улсын заан Батдуламын Санжаа мөн. Лавтай мэдээгээр 1926 онд 5 давж шөвгөрсөн бөх.

2.  1930-аад оны наадамд барилдсан бөхчүүдийн дотор ганц нэг нэр нь гарч байдаг Ловон заан хэмээх энэ бөхийг судлан тодруулууштай.

3.  Завхан аймгийн уугуул сүүлдээ Төв аймагт амьдарч байсан Онинбуугийн Дүгэржав гэдэг бөх энэ наадамд заан цолтойгоор бүртгүүлэн барилджээ. Уг нь улсын начин цолтойгоор ном хэвлэлд бичигдэж ирсэн боловч албан баримтаар батлагдаагүй.

4.  Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат "мундаг" хэмээх Түдэвийн Дорж улсын начин цолтой бөх болов уу. Улсын наадамд 1946 онд заан цолтой барилдан 4 давж 5-д унасан билээ.

5.  Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат Цэдэнжавын Готов 1934 оны улсын наадамд 6 давж улсын заан болсон билээ.

6.  Төв аймгийн харьяат Бүтэдийн Хас начин хэмээн бүртгүүлсэн байна. Өөр өөр овогтой олон Хасыг ялгаж салгахад бэрхтэй.

7.  Мөн л Төв аймгийн харьяат Оригийн Цоодол начин хэмээн бүртгүүлэн барилдсан энэ бөхийг нарийвчлан тодруулах шаардлагатай.

8.  Булган аймгийн Орхон сумын харьяат "хөнхөр" хэмээх М.Гомбодорж энэ онд улсын начин цолтой бүртгүүлэн барилдсан болохоор улсын заан гэж үзэх үндэслэлгүй болж байна.

9.  Энэ бөх 1940 онд 5 давсан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат Дунжаагийн Төмөр мөн болов уу даа.

10. Гя.Цоодол арслан энэ онд Булганы Л.Нямжаваар тав, "аат" Лувсанжамцаар зургаа, Ерөнхийн Самбуугаар долоо давж заан болсон бөгөөд аат арслангийн шуудгийг зад татсан наадам бөлгөө.

11. Өлзийсайхан, Чүлтэмсрэн арслангууд андууд байсан бөгөөд хоёулаа хичээж барилдвал дөрөв цаашлаад үзүүр түрүүнд хүрч болох юм гэж ярилцсан ч хужаа арслангийн жинхэнэ нэрийг мэдэлгүй Өлзийсайхан нь амлан авчихсан байсан гэдэг.

12. Хойтон жил нь үзүүрлэж арслан болсон Цэвээнравдан энэ онд өмнөх жил нь тавд тунасан Чимэд-Очирыг зургаад амлаад унасан гэдэг.

13. Архангай аймгийн Цэнхэр биш Цахир сумын харьяат Ардын хувьсгалын партизан Сундуйн Дамдинбазар улсын начин болоод Чүлтэмсүрэн арсланд унасан тухай хүү аймгийн заан Д.Нарангэрэл нь ярьж байсан.

14. Энэ бөх Өмнөговь аймгийн харьяат Хандын Тогтох мөн болов уу гэж таамаглаж байна.

15. Дагва гэгч энэ бөх Төв аймгийн Лүн сумын харьяат хожим улсын наадамд гурав, дөрөв давж байсан "хар" хэмээх Дагва мөн болов уу даа.

16. Энэ Самдан гэгч бөх хойтон жил нь буюу 1945 онд тав давж улсын начин болсон "бага" хэмээх Түндэвдаваагийн Самдан бараг мөн байх.

МҮБХ-ны нарийн бичгийн дарга, бөх судлаач Б.Цогтбаатар

Эх сурвалж: "Бөх" сонин