sonin.mn

Саяхан 1938 онд улсын их баяр наадамд тав давж улсын начин цол хүртсэн цэргийн Баясгалан нь Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат Дандарын    Баясгалан мөн болохыг тогтоон цолыг баталгаажуулж, үр хүүхдүүдэд нь цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг, малгайг нь нэхэн олгов. Энэ бөхийн талаар сум орон нутгаас нь олон сонирхолтой баримт бүрдүүлэн ирүүлснээс заримыг нь Бөх сонин уншигчдадаа хүргэж байна.

Д.Баясгалан начны намтарт ийн бичжээ: "Дандар овогтой Баясгалан 1911 онд Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуу, одоогийн Дундговь аймгийн Өндөршил сумын нутаг "Монгол" хэмээх газар төржээ.

1935 онд цэрэгт татагдаж Замын-Үүдийн 34-р ангид байлдагч, 1938-1942 онд химийн мэргэжилтэн, химийн албаны дарга, 1942-1945 онд Матадын 8-р хорооны 32-р морьт хороонд химийн албаны дарга, Хэнтийн 6-р морин хорооны химийн албаны дарга, хуягт бригадын химийн албаны даргаар тус тус ажиллаж байгаад 1946 онд бэлтгэл офицер орон тооны илүүдлээр халагдсан.

Д.Баясгалан нь цэрэгт алба хааж байхдаа 1938 онд Замын-Үүдийн цэргийн ангиас улс хувьсгалын 37 жилийн ойн баяр наадамд барилдах томилолт аваад Булган аймгийн 2 цэргийн хамт Улаанбаатар хотод ирж улсын наадамд барилдан 5 давж улсын начин цолонд хүрч зургаагийн даваанд Архангай аймгийн харьяат "босоо" хэмээх улсын арслан Банзарт унасан байна.

Харамсалтай нь цэрэг хүн нас залуу байсан учир цолны үнэмлэх, бичиг баримтаа олж авч чадсангүй. Сүүлд сумандаа ирээд орон нутгийн наадмуудад барилдаж байсны жишээ нь 1950 оны Өндөршил сумын наадамд Буянт-Овоо сумын уугуул, Данаагийн Түмэн түрүүлж, Өндөршилийн улсын начин Д.Баясгалан үзүүрлэв.

Мөн 1954 оны модон морин жилийн Өндөршил сумын наадамд Баясгалан түрүүлж, өндөр хэмээх Ням үзүүрлэв гэж Дундговь аймгийн 6 сум нэгдлийн даргаар ажиллаж байсан Бадамын Дарамбаатар "Сэтгэлд шингэсэн жаран" номондоо бичсэн байна.

Мөн Д.Баясгалангийн улсын наадамд барилдаж 5 давж начин болсон тухай монгол бөхийн түүх товчоолсон номуудад удаа дараа бичигдэж бөх судлаачдын гаргасан баримт материалуудаар нотлогдсон болно. Эхнэр Цэрэндолгор нь сумын хүн эмнэлэгт тогоочоор ажиллаж байсан. Хүү Б.Сүхээ нь одоо Улаанбаатар хотод амьдардаг, Төрсөн охин Б.Роза нь үр хүүхдүүдийн хамт Өндөршил суманд амьдарч байна.

Розагийн хүү У.Алтанхүү Өндөршил сумын ЗДТГ-ын даргаар ажилладаг" хэмээн уг баримтад бичжээ. Тус баримтуудаас Өндөршил сумын засаг даргын орлогч Ё.Дашнямын өндөр настан Л.Ухнатай хийсэн дурсамж ярилцлагыг хүргье.

Ё.Д: Та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу?

-Л.У: Би Дундговь аймгийн Өндөршил суманд 1947 оны 9-р сарын 17-нд Гурван сүүжийн нуруу гэдэг газар төрсөн. 2-р багийн харьяат Лувсанцэдэнгийн Ухна гэдэг хүн байна. Би бага наснаасаа 4-р анги төгсөөд хөдөө аж ахуйд гарч мал маллаж байгаад 1967 онд цэрэгт яваад 1970 онд халагдаж ирээд сум нэгдэлд жолоочоор ерэн хэдэн он хүртэл, компани болсон хойно нь 1993 он хүртэл ажилласан.

Ё.Д:  -Дандарын Баясгалан гэж хүн манай суманд байсан. Та тэр хүний талаар мэдэх үү?

Л.У: -Сайн мэднэ. Өндөр гоолоиг нуруутай, өргөн ханхар цээжтэй, шанаа тууш өргөнтэй, их сайхан хүн байсан. Волейбол сайхан тоглоно. Бөх хүн байсныг нь сүүлд том болсон хойноо мэдсэн. 1977 онд Баясгалан гуай хүүгээ эргэх гэж Гашуун сухайт явахад нэгдлийн жолооч байсан намайг авч явж байсан юм. Тэгэхэд би Баясгалан гуайгаар олон сайхан барилдааных нь талаар яриулж явлаа.

Ё.Д: -Баясгалан гуайн хүү нь хэн билээ?

Л.У: Сүхээ. Гашуун Сухайтад цэргийн алба хааж байсан. Түүнийг эргэх гэж явж байсан юм. Баясгалан гуай ярихдаа: "1938 онд урд хязгаараас 3 цэрэг улсын наадамд барилдах томилолт аваад улааны зар бичүүлж байлаа. Тэгэхэд Булганы Чойжамц /Чой/ гэж надтай өгөө өвөөтай барилддаг сайхан залуу байсан.

Мөн Булганы Даш гэж жаахан цэрэг хамт явлаа. Гүйхээс өөр мэхгүй, гүйлгэхгүй бариад авбал хэн ч хаячихдаг хариугүй цэрэг байсан даа. Биднийг явуулахдаа "Гурав даваагүй цэргээр улааны зар төлүүлнэ" гэв. Чой бид хоёр ярихдаа "Бид хоёр ч гурав давж магадгүй. Энэ Даш чадахгүй байх. Эр улс байна, Дашийнхаа мөнгийг хувааж төлнө" ухааны юм ярьж явлаа.

Тэгээд олон өртөө явж Улаанбаатарт очин улсынхаа наадамд барилдсан. Чой бид хоёр гурав, гурав давтал өнөөх Даш маань мөн гурав давчихсан зогсож байсан. Дөрөв даваад иртэл зөрөөд гарч байна.

Чой бид хоёр тав давж начин болоод иртэл "Би та хоёроос түрүүлээд начин болчихсон. Та хоёрыг амлах эрхтэй" гээд инээгээд зогсож байсан. Зургаагийн даваанд Даш даваад, би Банзар арсланд унаж байсан" гэж хуучилсан.

ё.Д: -Чой нь яасан бэ?

Л.У:-Чой нь бас л зургаагийн даваанд ойчсон гэдэг.

Ё.Д: -Банзар гэдэг нь улсын арслан мөн байх даа?

Л.У: Тийм. Халхын "босоо" Банзар арслан гэнэ лээ. Баясгалан гуай: "Би түүнийг далавчилж аваад, хэд халаад далбаагаа дэвүүлж бариад гүйгээд гуядахад далбаа нь гарт хүрээд ирсэн. Тэгсэн хашир хүн элэг бүсээ хуурамч уясан байсан юм билээ. Тэр үед элэг бүс тайлагдахыг тооцдоггүй байсан. Тэгж л би ойчиж байсан" гэж ярьж билээ. Даш нь долоо давж заан цол аваад, нөгөө хоёр нь тав давж начин цол авч байсан гэдэг. Мөн өөр олон сайхан барилдааныхаа тухай дурсан ярисан.

Ё.Д: Тэр талаар нь дэлгэрүүлж ярьж өгөөч. Баясгалан гуай суманд ямар ажил эрхэлж байсан юм бэ?

Л.У: -Дээхнэ үед сумын дарга байсан. 1947 онд цэргээс халагдаж ирээд сумын даргаар ажилласан. Сумын дарга байхдаа аймгийн төлөөлөгчидтэй жаахан зөрж байж 1948 онд халагдсан байх. Тэгээд намын хэсэг ч байсан, бригадын дарга хийж байсан. Цэрэгт явахаасаа өмнө 1930 онд эвлэлийн үүрийн дарга байсан гэж ярьдаг байсан.

Ё.Д: -Цэрэгт хэдэн онд яваад, хэдэн онд халагдсан юм бол?

Л.У: Мэдэхгүй.1947 онд халагдсан гэж ярьдаг байсан. Ахмад цолтой байсан гэдэг шүү. Нянтайсүрэнгийн хуягт бригадын химийн албаны даргаар Жанчхүүгийн даваанд тулалдсан ахмад дайчин хүн гэж ярьдаг байсан.

Ё.Д:-Суманд барилдаж байсан үеийг нь та мэдэх үү?

Л.У: -Миний бага насанд барилдаж л байсан байлгүй, тэрийг сайн мэддэггүй. Намайг том болох үед Баясгалан гуай өвгөрчихсөн байсан.

Ё.Д: -Начин цолтой бөх гэдгийг ер нь хүнээс сонсож байсан уу?

Л.У: -Өө, сонсолгүй яахав. Бүдүүн Төмөр гуай гэж сумын заан хүн байсан. "1944 онд Хэнтийн 6 дугаар морин бригад нүүгээд Ховдын Үенчид 7 сард очиж буусан. Хорио хязгаарыг хамгаалах нэмэгдэл цэргийн хүчээр очиж байсан гэдэг. Тэгээд бүх цэргийн жанжнаас тушаал ирж 7 сард Үенч сумын ард түмэнтэй нийлж, их наадам хий гэж.

Ямарч гэсэн 500-600 бөх барилдсан байх" гэж бүдүүн Төмөр ярьдаг байсан. "Аймаг, цэргийн цолтой бөх бол тоймгүй олон байсан. Мань мэт нь нэгийн даваанд л явж байсан. Би хүн эмнэлэгийн машины маневель эргүүлдэг хүн байлаа. Тэр наадамд химийн албаны дарга, ахмад Баясгалан гэж өндөр цагаан хүн 500 хэдэн бөх дотор хаалтгүй гуралзаж байгаад л дийлдэхгүй түрүүлж байсан" Төмөр гуай ярьж байсан. "Та Үенчид нэг сайн түрүүлсэн үү" гэж би өөрөө асууж байсан.

Тэгэхэд Баясгалан гуай "Түрүүлсний нэргүй ээ. Булган сум наадам хийгээд намайг улсын начин гээд урьсан юм. Тэгтэл хоёрын даваанд хөл нүцгэн торгууд эр цогиж гарч ирээд хар сүвээгээр арчиж хаячихаад давхиад явчихсан. Тэгээд ичээд мордоод явчихаж байсан" гэсэн. Олон сайхан бөхчүүдтэй барилдаж байснаа ярьдаг байсан.

Ё.Д:-Жишээлбэл...?

Л.У: -"Ховдын Ванчинхүү арсланд нэг айхтар чанга унасан юм. Дорноговийн клуб гэж их том гэр байсан. Бид хоёр үзүүр түрүүнд үлдээд Ванчинхүү их ширүүн хүн, би ч ширүүн. Хоёул өөдөөсөө дайрсан байх. Би дээшээ хөөрчихсөн, намайг татчихсан. Тэр том гэрийн тоононд тулав уу, багананд хүрэв үү мэдэхгүй. Толгойгоо цохиод л ойчсон юмдаг. Хэзээ хойно нь аманд цус амтагдаад байсан" гэж ярьж байсан шүү.

Ё.Д: Баясгалан гуайн ах дүү, ойр дотны хүмүүс нь хэр олон байна, манай суманд?

Л.У: Төрсөн охин нь Роза гэж хүн байна даа. Розагийн хүүхдүүдийг мэднэ. Өөр ах дүү гэвэл тэмээн Дандарынх гэж айл байсан. Нэг эхийн хэдэн улс байсан юм билээ. Овоохой Чимэддорж гуай гэж их том сайхан эр байсан. Баясгалан гуайн дүү Санжмятав гэж аргил мундаг их бяртай эр байлаа. Тэмээний хөл хүзүүн дээгүүрээ тохож байсан гэдэг.

Ё.Дашням: Рэнцэн гуай мөн үү?

Л.У: Рэнцэн гуайг одоо сайн мэдэхгүй юм аа. Мөн байх. Юмжир гуайтай нэг эхтэй гэдэг билүү дээ. Юмжир гуай, Далхаа гуай, Рэнцэн гуай гурав Баясгалан гуайн дүүгээс төрсөн хүүхдүүд. Далхаа гуай их бяртай, барилддаг хүн байсан. Нэлээд баараг, мэх муутайхан хүн байсан.

Ё.Д: Өөр нэмж хэлэх зүйл байна уу?

Л.У: Бас нэг удаа ярихдаа: "намайг начин болж байхад жанжин Мижид улсын заан авч байсан" гэж байсан. Мөн "1945 онд баруун хязгаараас жанжин штабаас дуудсан байсан. Тэгээд нэг булуу тэрэгтэй 27 хоног явж байж ирсэн. Тэгээд Розагийн эх нас бараад 7 хонож байсан. Роза 3 настай үлдсэн. Тэгээд жанжин штабт орсон.

"Чи Нянтайсүрэнгийн хуягт бригадад химийн албаны даргаар дайнд яв" гэсэн. Би "Нялх хүүхэдтэй, тиймээ, иймээ" гэсэн чинь "Тэр хамаагүй, эх орны тушаал" гэсэн. Засаг ч хатуу юм тушаахдаа даанч хатуу шүү. Дорноговьд Должинсүрэн энэ хоёрыгоо айлд захиж орхичихоод хуягт бригад дээрээ очоод хил гарах гээд чулуу авч байхад "Амьд ирэх болов уу, үгүй болов уу" гэж бодогдож байсан шүү" гэж ярьж байсан удаатай. Ганц муу өнчин хүүхдэдээ хоргодолгүй яахав. Гэхдээ уйлж унжаад байгаагүй шиг байгаа юм.

Ё.Д:-Сонирхолтой зүйл ярьж өгсөнд баярлалаа.

Эх сурвалж: "Бөх" сонин