sonin.mn

-Таны төрсөн нутаг ус, бага насны тухай яриагаа эхэлье?

-Би 1988 онд Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. 1-10-р ангиа Баян-Өндөр цогцолбор сургуульд сурч дүүргэсэн. Зуны амралтаараа хөдөө очиж эмээ, өвөөгийнхөө ажилд туслан, мал маллаж, хөдөөний хүүхдүүд юу л хийнэ тэр бүгдийг хийдэг байсан. Багадаа аавыгаа дагаад олон ч наадамд явсан даа.

-Эхээс хэдүүлээ вэ?

-Хоёулаа. Би айлын том. Дороо нэг эмэгтэй дүүтэй.

-Бөхийн спортыг сонгосон шалтгаан тань юу вэ?

-Бөх болъё гэж боддоггүй байсан. 2006 онд манай аймгийн бөхчүүд аймагтаа наадмын бэлтгэлд гарсан юм. Би аавыг дагаж очоод бэлтгэлд гарсан. Тэр үеэр аав намайг улсын харцага Д.Батболд, улсын начин Б.Сэр-Од нарт шавь оруулж байсан. Тэр цагаас хойш л барилдаж эхэлсэн дээ.

-Анхны багш тань хэн бэ?

-Орхон аймгийн биеийн тамир спорт хорооны дасгалжуулагч, самбо, жүдо бөхийн ОУХМ Б.Моломжамц гэж хүн байгаа.

-Анхны цолоо хаана авч байсан бэ?

-2008 онд Орхон аймгийн наадамд улсын харцага Н.Саранцогтоор тав давж аймгийн начин цол хүртээд, зургаагийн даваанд аймгийн начин Г.Бүрэнбаярт унаж байсан. Тэр жил Г.Бүрэнбаяр түрүүлж арслан болсон.

- Танай аавыг бөх сонирхогчид " Хангарьдын Болд" гэдгээр нь андахгүй. Аавынхаа тухай сайхан яриа өрнүүлнэ үү?

-Манай аав Дорждэрэмийн Болд 1962 онд төрсөн. Аав эхээс наймуулаа. Доороо зургаан эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй айлын том. Аав аймгийн наадамд хоёр түрүүлж, гурав үзүүрлэсэн аймгийн хурц арслан цолтой. Улсын наадамд 1995, 2001 онуудад тус бүр дөрөв даваад улсын аварга О.Балжинням, улсын заан Б.Ганбат нарт өвдөг шороодож байсан.

Мөн зургаан удаа Орхон аймгийн аварга болж байсан гэдэг.  Эрдэнэт үйлдвэрт хорь гаруй жил билазын жолооч хийж байгаад 2003 онд тэтгэвэртээ гарсан. Одоо Их богд дэвжээний тэргүүнээр ажиллаж байгаа.

-Аливаа наадам барилдаануудад аавтайгаа хэр олон таарч барилдсан тохиол бий юу?

-2009 онд оны аймгийн наадмын тавын даваанд аав намайг авч байсан. Аавтайгаа таарч барилдсан наадам цөөн ч гэлээ, хамт барилдсан наадам олон шүү.

-2010 онд аймагтаа арслан болсон санагдана?

-Тийм ээ. Тавын даваанд сумын заан Батмөнхийг, зургаад аймгийн начин Батболд, долоод аймгийн заан М.Батцэнгэлийг, үзүүр түрүүнд аймгийн арслан Ч.Баасанбат нарыг давж аймгийн арслан цол хүртсэн.

-Өмнө жил нь арслан болоод Цолоо хураалгасан байх аа?

-2009 онд хангайн бүсийн даншиг наадам болно гээд аймгийн наадам 6-р сарын эхээр болсон юм. Би энэ наадамд аймгийн начин Т.Эрдэнэтуулыг даван түрүүлж байсан.

- Арслан болж ирээд улсад барилдсан уу, эсвэл өмнө барилдаж байв уу?

-Арслан болсныхоо дараа жил буюу 2011 онд улсын наадамд анх удаагаа барилдаж Дорноговийн аймгийн арслан Т.Буянжаргалаар гурав даваад, дөрвийн даваанд улсын харцага (одоогийн улсын заан) Д.Баасандоржид барьц сонгуулаад унаж байсан.

-Энэ жил улсын наадамд хэд дэх жилдээ барилдах гэж байна?

-Дөрөв дэх жилдээ барилдах гэж байна.

-Та өнгөрсөн жилийн улсын наадмын дөрвийн даваанд хүчтэй аварга Г.Эрхэмбаяртай таарч барилдсан, Та хоёрын оноолт таарсныг сонсоод бөх сонирхогчид сайхан барилдаан гарах байхдаа, яасан ч чанга таараа вэ гэж ярьцгааж байсан?

-Тийм ээ гурав даваад, дөрөв дээр аваргатай таарсан. Аваргатай шийдсэн мэхээ хийж барилдаад жаахан алдаа гаргаж элэг бүсний барьцнаас баруун хавируулаад унасан.

-Бөхийн бусад төрлөөр барилддаг уу?

-Самбо, жүдо бөхөөр барилддаг байсан. Самбо бөхөөр    залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс нэг мөнгө, гурван хүрэл медаль авсан.Одоо дан ганц үндэсний бөхөөрөө л барилдаж байна.

-Аль сургуулийг ямар мэргэжлээр төгссөн бэ?

-2006 онд Шонхор биеийн тамирын дээд сургуульд элсэж ороод 2010 онд самбо, жүдо бөхийн багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

-Танай ангиас барилдаж байгаа бөхчүүд бий юу?

-Манай ангиас барилдаад цол авсан бөх одоогоор байхгүй. Харин нөгөө ангиас улсын начин Ц.Одбаяр, аймгийн харцага Дамдин нарын бөхчүүд барилдаж байна.

-Бөхчүүдтэй хэн хэнтэй дотно найзалж нөхөрлөдөг вэ?

-Аймгийн арслан Б.Бат-Орших, аймгийн заан Н.Золбоо тэргүүтэй нутгийнхаа     бөхчүүдтэй нөхөрлөдөг.

-Таны барилдааны онцлог?

-Баруун талтай, золгооноос барилдахыг эрмэлздэг.

-Биеийн өндөр жин хэд байна вэ?

-Өндөр 193 см, жин 147 кг байгаа.



-Анх хэн гэдэг улсын цолтой бөхийг өвдөг шороодуулж байсан бол...?

-2007 оны хавар циркт болсон Ногоон намын ойгоор нэгийн даваанд улсын начин Б.Насандэлгэрийг даваад, хоёрын даваанд улсын начин До.Ганхуяг(улсын арслан) -т унасан.

-Бөхийн өргөөний барилдаануудад улсын харцага Н.Батсуурийг аймгийн цолтой байхад нь олон тунаж барилдсан байх аа. Даваа унааны харьцаа хэд болсон бэ?

-Тийм ээ, бид олон таарч барилдсан. Даваа унааны харьцаа өгөө аваатай л байгаа. Цаашид ч зөндөө таарч барилдах байлгүй дээ.

-Бэлтгэл сургуулилтаа ямар горимоор хийж байна вэ?

-Аврагч спорт хороон дээр улсын харцага Д.Батболдын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг. Долоо хонгогийн гурван өдөр нь үндэсний бөхийн бэлтгэл,хоёр өдөр нь штанг хийж, кроссонд гүйдэг.

-Аймгийн цолтой бөх улсын цолтнуудын барилдаанд түрүүлэх нь ховор байдаг. Та ардчиллын ойд түрүүлээд аймгийн цолтой бөх түрүүлсэн цөөн тохиолдлын нэг болсон байх аа?

-Тэгсэн. Дөрвийн даваанд улсын начин Н.Бүрэнбаатар, тав дээр у.х Л.Пүрэвжавыг, зургаа дээр у.х Ц.Содномдоржийг, долоо дээр у.а П.Бүрэнтөгсийг, үзүүр түрүүнд улсын өсөх идэр начин Б.Гончигдамбыг давж түрүүлсэн юм.

-Та Сүлдэд харъяалагддаг байсан. Одоо "Хангарьд" спорт хороо гэж зарлаж байх шиг байсан?

-2013 оны 6-р сараас Хангарьд спорт кпубийн тамирчин болсон. Эндээсээ цалинжаад бэлтгэлээ хийгээд явдаг даа.

-Санаанаас гардаггүй барилдаан бий юу?

-2008 онд Орхоны наадмын зургаагийн даваанд аймгийн арслан Г.Бүрэнбаярт унасан барилдаан байна. Би тэр барилдаанд яарч барилдаад хий хутгаад, мушгиулаад унаж байсан.

-Их богд дэвжээ шиг cap бүр тогтмол барилдаан зохиож байгаа дэвжээ ховор байх аа?

-Манай аймгийн сумдууд cap болгон нэрэмжит барилдаанаа шилжин явах цомтойгоор явуулж байгаа.

-Гэр бүлээ танилцуулна уу?

-Манай гэр бүлийн хүнийг Э.Мөнхзул гэдэг. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумынх. Бид хоёр охинтой. Том охин Оюундарь намар сургуульд орно. Бага охин Анударь цэцэрлэгт орно.

-Бөх сониноороо дамжуулаад ойр дотны хүмүүстээ мэндчилгээ дэвшүүлж болно шүү?

-Намайг бэлтгэл сургуулилт хийгээд явахад үргэлж тусалж дэмжиж байдаг Орхон аймгийн Хангарьд спорт хороо, Аврагч спорт хорооны хамт олон болон улсын харцага Д.Батболд, улсын начин Б.Сэр-Од нартаа баярлаж талархаж явдгаа хэлье.

 

Ярилцлагынхаа төгсгөлд бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд удахгүй болох наадамдаа улсын цолтны их гэр бүлд багтан, төрүүлж өсгөсөн, аав, ээж болон, нутгийн ард олон, таныг дэмждэг үзэгч олноо баярлуулаарай.

- Ерөөл бат оршиг

ХААИС-ийн оюутан С.Давааням

Эх сурвалж: “Бөх” сонин