sonin.mn

Бөхийн өлмий бат оршиг
Бөхөө дээдэлсэн ард түмний мэлмий бат оршиг
Төрийн минь алтан соёмбол сүлд өршөө...


"Арзгай" Пүрэвжав, "Арал" Жанчив хэмээн нутгийн зон олон нэрлэж заншсан аав, хүү хоёрынх Тамирын голын дэнж, хөвөө, Хөх даваа, Бумбат хавиар нутагладаг байж билээ. Улсын сайн малчин Пүрэвжав гэвэл нутаг нугийнхан андахгүй сайн мэдэх агаад ихэд хүндэтгэдэг азай буурлуудын нэг байлаа. Түүний хүүг "Арал" Жанчив хэмээн нэрлэнэ.

Аралынх хаана нутаглаж байгаа вэ гэж сураглавал, таван настнаас таяг тулсан эмээ ч хэлээд өгнө. Тэрээр 205 см, 99 кг жинтэй. Өтгөн хар хөмсөгтэй, шаравтар царайтай эрхэм байсан юм. Харин архи, тамхи огт хэрэглэдэггүй, агсан согтуу тавьдаггүй, нас бие гүйцсэн том шарын ширэнд боосон үхрийн бүтэн махыг машин дээр хээв нэг өргөөд тавьчихдаг тэнхээтэй хүн байлаа.

Эмнэг хангалын булгианд барагтай бол унахгүй булгианд хазайвал өрөөсөн хөлөөрөө газар гишгэж суудлаа засаж суугаад тогтоно. Хамгийн том эсэн морь унаж явахын харахад хоёр өвдөг нь морины далнаас хэтэрч хүзүү орчим харагдана.

Тэрээр нас бие гүйцсэн догшин хангал морийг чихдэн дарахад чихдүүлсэн хангалын хөх мах чичирч хар хөлс нь цувж шээс алдан хөдөлж чадахгүй зогсож байсныг би бээр хараад бахархаж байсан минь саяхан мэт бөлгөө. Ан гөрөө хийх дуртай, шархадсан бодон гахай дайрахад урд хоёр хөлийг нь шүүрэн авч бүсэндээ байсан хутаараа өрийг нь цоолж өвчүүг нь хадаж байсан хэмээн анд хамт явагсад бахархалтай нь аргагүй хуучилдаг болой.

Ихтамир сум, Гэрэлт зам нэгдлийн 50 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд Доржготов хэмээх бөхийг цэвэр орхиж дөрвийн даваанд Цэнхэр сумын заан Самбууг, тавын даваанд хотоос очиж барилдсан Уранцогийг, зургаагийн даваанд аймгийн заан Цандэлэгрэнцэнг өвдөг шороодуулан, Сөртийн голоор нутагтай МБАТ-ний спартакиадаар аймгийн арслан цол хүртсэн С.Дамбийравжаатай үзүүр түрүү булаалдахаар шалгаран үлджээ.

Хоёр хүчтэн бярыг гаргаж, уран мэхийг уралдуулан барилдсаар хэн хэнээ хаяж чадалгүй 30 гаруй минут болов. /Энэ үед бөхийн барилдааны нарийн дүрэм байгаагүй/. Наадамчид дээд, доод Тамираараа хоёр талцан зээглэж суугаад Жанчивыг мэдрэмж алдахад доод Тамирынхан уухайлж, Дамбийравжааг гишгэдэл алдаж барьц задрахад дээд Тамирынхан уухайлан босч суух аж.

Найрын гурван дуутай, наадмын таван даваатай хал үзэж халуун чулуу долоож, цацаж цалгиж явсан Гэндэн дүү шиг ах тэртэй холоо "Хөөе, Аралаа мэх муухайтах гэж байдаггүй юм. Нохой мордоод түрж хөөгөөд давчих" хэмээн сөөнгө хоолойгоор хашгирах нь наадамчдын дотроос содон сонсогдож билээ.

Арал гэнэт ухаан орж сэхээ аван нохой мордох мэхээр өрсөлдөгчөө өвдөг шороодуулан төрийн соёмбот тугаа тойрон дээд Тамирынхныг баярлуулж, заан цолоор мялаалгаж билээ.

"Арал" П.Жанчив сумынхаа наадамд гурван удаа түрүүлсэн заан бөлгөө. Тэрээр хэд хэдэн сумын наадмыг авсан хүчтэний нэг. Цэргийн алба хашиж шинэ цэрэг байхдаа улсын наадамд нэг давж, хоёрын даваанд даян аварга С.Цэрэнд өвдөг шороодож байсан байна.

МҮБХ, БӨХ СОНИН
Бөх сонирхогч Ш.Гантөмөр