sonin.mn

Монгол бөхийн үе үеийн түүхэнд ах дүү бөх олон байдаг. Тэдний нэг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Л. Үйтүмэн, аймгийн арслан Л.Шинэбаатар, аймгийн начин Л.Отгонбаатар нарыг бөх сонирхогчид андахгүй. Багахан хугацаанд уран хурц барилдаанаар үзэгчдийн анхаарлыг татаж, тухайн үедээ улсын цолны тааварт нэлээд яригддаг байсан ч гэмтлийн улмаас бөхөө орхисон Л. Үйтүмэн арслантай шинэ оны дараахан уулзаж ярилцсанаа уншигчдадаа хүргэж байна.

-Таны бага нас, нутаг усны тухай уламжлалт асуултаар яриагаа эхлэх үү?

-Би Архангай аймгийн Батцэнгэл суманд төрж өссөн. Манай нутаг олон сайхан бөхтэй. Аргагүй л бөхийн өлгий нутаг даа. Манай сум улсын цолтой бөх олонтой. Харин ойрын хэдэн жил л улсын цолтон төрөлгүй тасраад байгаа. 2004 оноос хойш 10-аад жил улсын шинэ цолтон төрөөгүй л байна. Янз бүрийн л шалтгаан байдаг байх.

-Нэлээд биерхүү, том хүмүүс байдаг гэх юм билээ, Батцэнгэлийнхнийг...?

-Тийм шүү. Уул, уснаасаа болдог юм уу, өндөр том хүмүүс ихтэй. Эмэгтэйчүүд нь ч гэсэн том биерхүү. Бас бөх нь голоо дагаж ихэвчлэн төрсөн байдаг юм. Тамирын гол чинь манай сумаар дайрч урсдаг юм. Тийм болохоор Тамирын голоо дагаж бөхчүүд олноор төрөөд байна уу гэж би боддог.

-Аав ээж тань ямар ажил мэргэжлийн хүмүүс вэ?

-Биднийг багад аав, ээж маань сумын төвд алба хашдаг байлаа. Бид зундаа хөдөө өвөө, эмээ дээрээ очиж мал ахуйн ажилд нь тусалдаг байсан. Сүүлд манайх хөдөөлөөд, бид мал маллаж өссөн дөө, ерөнхийдөө.

-Танайхыг ам бүл олуулаа гэж сонссон юм байна?

-Бид эцэг эхээс наймуулаа. Би дээрээсээ хоёр дахь хүү. Нэг ахтай, зургаан дүүтэй.

-Банди нар дийлэнх үү?

-Тийм ээ. Ихэнх нь банди.

-Олон банди нар ч бужигнуулна биз?

-Тийм шүү. Бид их тэрсхэн өссөн. Хоёр, хоёр насны л зөрөөтэй. Хоорондоо барилдана. Адуу малтай ноцолдоно. Иймэрхүү л байдалтай өсцгөөсөн дөө.

-Бөхийн удам бий юу?

-Бий. Аав, ээжийн аль аль талд бий. Ихэвчлэн орон нутагтаа л барилддаг сумын цолтой бөхчүүд байдаг. Манай аав бас их том хүн. Шинээ, Отгоо бид нар ааваас жижигхэн шүү дээ.

-Бөх болох хүсэл мөрөөдөл хэзээ эхлэв?

-1997 оны намар оюутан болоод хотод анх орж ирж байлаа. 10 жилд байхдаа л сургуулийнхаа бөхийн секцэнд явдаг байсан. Тэр үеэс л бөхөд дуртай болж, бөх болъё гэж бодож эхэлсэн юм уу даа. Сургуулийнхаа аварга шалгаруулах барилдаанд түрүүлээд аймаг руу явж байсан.

Манай сумын сургуулийн секц тэр үед нэлээд алдартай байсан шүү. Улсын аваргад гэхэд Архангай аймгийн Батцэнгэл сумын "Харцага" клуб гээд бие дааж оролцдог байлаа. Тэр үед сумаас баг бүрдүүлж оролцох нь ховор байсан байх. Тэгэхэд сумаасаа "Харцага" клубийнхан гэж ирж оролцоод багаараа түрүүлж ч байсан, мөнгөн медаль ч авч байсан.

Намайг улсын аваргад ордог жил том насанд Х.Оргилсайхан арслан түрүүлж, багаараа 4-т орж байсан. Манай 10 жилийн Бөөрөө багш биднийг дасгалжуулна. Харин клубын багшийг Батбаяр гэдэг байв. Ер нь сайн клуб байсан юм шиг байгаа юм, одоо бодож байхад. Харцага клубээс төрсөн бөхчүүд гэвэл у.х Т.Мөнгөнцоож, Н.Алтансүх, а.а Т.Алтаншагай, Х.Оргилсайхан, би, сумын заан Төмөрчөдөр гээд нэлээд олон бий дээ.

-Өсвөрийн аваргаас анхны медалиа авч байсан уу?

- Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргад хоёр оролцсон. Аймгийнхаа аварга шалгаруулах барилдаанд түрүүлчихээд улсын аваргад ирж бага насанд оролцоод 12-т шалгарч байлаа. Налайхын Х.Хүрлээ түрүүлж, сумогийн Дагваа аварга мөнгө авч, Завханы Я.Моломжамц хүрэл авсан жил. Би Дагваа аваргатай зоондоо таарч давхар хамж байгаад сунаад уначихсан /инээв/. Сүүлд оюутан болж нэгдүгээр курст байхдаа дээд насанд нь бас ороод 11-т орж байсан.

-Тэр улсын аваргад оролцсон хүүхдүүдээс хожим нь нэлээд олон улсын цолтон төрсөн юм билээ?

-Тийм ээ. Их олон улсын цолтон төрсөн. Д.Азжаргал, Б.Сайнбаяр, Т.Санчир, Т.Мөнгөнцоож, Н.Бүрэнбаатар, Б.Сэр-Од, аймгийн цолтнуудаас М.Бат -Отгон, Н.Гантулга гээд нэрлэвэл олон бий. Х.Мөнхбаатар арслан биднээс хоёр дүү, араас нь гарч ирсэн хүчтэнүүдийн нэг.

-Аль сургуулийг ямар мэргэжлээр төгссөн бэ?

-Үндэсний биеийн тамирын дээд сургуульд суралцаж төгссөн. Багш дасгалжуулагч мэргэжилтэй. Манай ангийнхнаас Б.Сайнбаяр улсын заан, Б.Сэр-Од улсын начин болсон байна. Тэгээд аймаг, сумын цолтнууд бий.

-Ангиараа л барилддаг байв уу?

-Манай ангид барилддаг хөвгүүд цөөхөн байсан. Сургууль маань тамирын сургууль болохоор төрөл бүрийн спортын тамирчидтай байлаа. Тухайн үедээ манай анги чинь гурван ч аймгийн арслантай болохоор бөхчүүдтэй анги гэгдэж байсан шүү..

-Та аймгийн наадамд хэзээ түрүүлсэн юм бэ?

-2000 онд түрүүлсэн юм шүү дээ. Архангай аймгийнхаа наадамд. Чулуутын Даваажаргал үзүүрлэж аймгийн заан болж байлаа.

-Өмнө нь аймгийн наадамд барилдаж байв уу?

-Үгүй. Анхны жилээ ирж барилдаад л түрүүлсэн. Би багадаа нэг их сүйдтэй сайн барилддаггүй байсан. 18-тай байхдаа суманд Түрүүлж чаддаггүй л байлаа. Тэгээд 20-тойдоо сумандаа түрүүлээд, 21-тэй аймагт түрүүлсэн. Аймгийн арслан цолтой нэг жил барилдаад 22-тойдоо улсын наадамд анх барилдаад гурав даваад дөрөв дээр тунаад унаж байсан. Сүүлд бодож байхад богино хугацаанд сайжирсан юм шиг байгаа юм.

-Тэгэхэд дөрвийн давааны оноолт эхэлсэн байл уу?

-Тэр чинь 2001 он шүү дээ. Оноолт арай эхлээгүй байсан. Харин 2002 онд дөрвийн даваа оноолтоор барилддаг болоод би Сумъяабазар аваргатай таарч унасан. Би ерөөсөө хоёр л удаа улсын наадамд барилдсан хүн. Эхний жил Мөнхбаатартай / арслан/ дөрвийн даваанд тунаж унаад, дараа жил нь бас дөрөв дээр Сумъяа аваргыг заан байхад нь таарч унадаг юм.

Мөнхбаатартай тунадаг жил 80 жилийн ой болж 1024 бөх барилдсан. Хоёр дээр а,н Батжаргалтай таараад, гурав дээр Завханы Бадамдорж / начин/-той нугарсан. Тэгээд дөрөв дээр Мөнхбаатар бид хоёр аймгийн арслан цолтой тунаж байсан.

-Та хоёрыг дотно найз гэх юм билээ? Тэр үед бие биенээ таньдаг байв уу?

-Бид хоёр нэг жилийн арслан л даа. Мөнхбаатар тэр жил намайг даваад цаашаа тав давж начин болсон юм шүү дээ. Бид хоёр найз аа. 1997-1998 оны үед хотод анх орж ирээд л танилцаж нөхөрлөсөн. Одоо хүртэл сайхан найзлаад л явж байна. Манай найз одоо том цолтой том бөх болсон шүү дээ. Өөрөө их хөдөлмөрч, мундаг бөх.

Улсын наадамд 10-аад шөвгөрчихсөн. Үеийнхэн дотроосоо олон жил ийм тогтмол амжилттай барилдаж байгааг нь хараад аргагүй л сайн бөх юм гэж бодож явдаг. Тэр үед бид хоёр бөхийн өргөөнд хоёр таарч барилдаад нэг нэг даваатай болчихсон байсан.

Бас чөлөөтөөр би нэг ялчихсан. Тухайн үедээ би хаячихна л гэсэн бодолтой гарсан. Тэгсэн бярдуулаад уначихсан /инээв/. Мань хүн ч бяртай шүү. Би хөлд нь орж л аргалж ганц нэг хаядаг байсан юм шиг байгаа юм.

-Та тэгэхэд давчихсан бол начин цолонд бас л ойртсон байж шүү?

-Анх удаа улсад барилдсан болохоор бодож санах юмгүй, таарсан хүнтэйгээ сайхан барилдчихъя гээд л гарч байлаа. Цол энэ тэр бодох юмгүй. Харин дараагийнх нь жил би цол авна гээд бодчихсон, өөртөө зорилго тавйад барилдаж байсан. Нэлээд нервтэй барилдсан санагддаг юм.

Тэр жил чинь дөрвийн давааг оноолт болгочихсон. Хэнтэй таарах бол... гэж шаналаад л... Тэр үе бол зургаан залуу зааны үе байлаа шүү дээ. Тэд нарын нэгтэй л таарах гээд байна гэсэн. Нээрээ л Сумъяабазар заантай таарч байгаа юм чинь.

Тэд ч ёстой зайгүй байсан үе нь. Бүгдээрээ л улсын наадамд үзүүр түрүүнд үлдэнэ... гээд барилдаж байсан үе. Сумъяабазар аваргаас мултарлаа гэхэд дээр нь Өсөхбаяр заан / аварга/, дор нь Ганбат заан /арслан/ байж байгаа юм чинь.


-Та чинь Анагаахын дээдийн барилдаанд сайн үздэг байсан биз дээ?

-Анагаахын барилдаанд аймгийн арслан цолтой 2 жил барилдаад л гэмтсэн. Түрүүлж үзээгүй юм шүү дээ. Ц.Цогтжаргалтай, Д.Азжаргалтай, Д.Амгаланбаатар заантай үлдэж үзүүрлэж байсан. Олон удаа шөвгийн дөрөвт үлдсэн. Эргээд бодоход түрүүлэх ёсгүй л байсан юм шиг байгаа юм. Дөрөвт бол амархан үлдчихнэ.

-Хэнд нь хамгийн олон унасан байдаг вэ?

-Бүгдэнтэй нь л өгөө аваатай байсан.

-Барилдааны үед гэмтсэн юм уу, та?

-Үгүй ээ. Автомашины аваарт орсон юм шүү дээ. Тэгээд нуруундаа хүнд гэмтэл авсан.

-Та ямархуу онцлогтой барилддаг байсан бол..?

-Ихэвчлэн хөлд ордог, зайнаас, сэнжигнээс л барилддаг байсан. Бас жаахан хурдтай. Өөрийнхөө биеийн онцлогт л тааруулж барилдана. Түүнээс биш том хүмүүстэй золгоод байвал намайг өргөөд л тавьчихна шүү дээ /инээв/. Том биетэй хүмүүсийг нэг хөдөлж байхад би хоёр хөдөлнө... гэсэн бодлоор л барилддаг байж.

-Таныг нэлээд яргай биетэй байсан гэж тэр үеийнхэн ярих юм билээ?

-Тийм ээ. Би тэр үед жин багатай, өндөрдүү нарийхаан "нөхөр" л байлаа. Шинээ, Отгоо гээд манайхан ер нь жин багатай, яргай талдаа биетэй улс. Манай Шинээ сүүлийн үеийн бөхчүүд дотор бас л жижгэвтэр талдаа ороод байгаа биз дээ? Туранхай, жин багатай. Би ч гэсэн ялгаагүй, иймэрхүү л бие бялдартай байсан. Нэг их таргалдаггүй, нимгэн талдаа гэх юм уу даа.

-Дүү нар бас сайхан барилдаж байна шүү. Их спортоор түлхүү хичээллэдэг бололтой?

-Дүү нараас Шинээ, Отгоо хоёр маань аймгийн цолтой барилдаж байна. Хүргэн дүү Гончигдамба улсын гарьд боллоо. Одоо ч эд нарыгаа чиглүүлэх маягтай л байна. Бөхийн амьдралд хүнд хэцүү янз бүрийн л зүйл тохиолдох юм. Сайн барилдана гэдэг эд нарын маань өөрсдийнх нь хичээл зүтгэлээс их шалтгаална даа.

-Дүү нарын барилдаан сэтгэлд хэр хүрч байна?

-Яахав ээ, дор дороо хичээгээд явцгааж байгаа. Хүмүүс өнгөцхөн хараад дүгнээд байдаг. Энэ нэг иймэрхүү байна, хойтон гэхэд бараг начин болчихно гэдэг ч юм уу. Гэтэл бөх барилдана, бэлтгэл сургууль хийнэ гэдэг чинь тийм амархан ажил биш шүү дээ. Өөрийн хичээл зүтгэлээс гадна бөхийн ногоон дэвжээ ивээх хүнээ ивээдэг, ивээхгүй хүнээ ивээхгүй шүү дээ.

-Хүргэн дүү төрийн наадмын түрүү булаалдахад сайхан байсан биз?

-Тэгэлгүй яахав сайхан байсан. Төрийн наадмын үзүүр түрүүнд үлдэхэд нь их л өөр мэдрэмж төрдөг юм билээ. Сайн барилдсан шүү. Өөрөө ч их хичээж зүтгэсэн. Хүнд хичээл зүтгэл байвал нэг л өдөр наадмын дэвжээ хардаг, түшдэг юм байна аа гэж л бодож байсан шүү.

-Гончигдамбыг их хөдөлмөрч залуу гэдэг?

-Тийм шүү. Хөдөлмөрийг овоо хийж байгаа. Хажууд нь ойр байгаагийн хувьд ямар их хүч хөдөлмөр, зүтгэл гаргаж байгааг нь мэдэрдэг юм.

-Дүү нарыгаа хэрхэн ирлэж, хурцалж байна?

-Тэр чинь л одоо миний ажил юм даа. Аль болох шантруулахгүй байх талаас нь өөрийнхөө алдсан, харамссан зүйлүүдээ хэлж өгөхийг боддог. Миний хэлснийг ойлгож хүлээж авах нь ч бий, чихнийхээ хажуугаар өнгөрөөчих нь ч байна. Би ч тэдэнд бөхийн арга мэх заахаас илүү өөрийнхөө гаргасан алдаа онооноос л хэлж, сургах гээд байдаг хүн дээ. Сэтгэл зүй талаас нь...

-Шинээ чөлөөт, Отгоо нь жүдогоор дагнаад байна уу?

-Тийм ээ. Шинээ Алдар нийгэмлэгийн багш Цогтбаяр, Хосбаяр нарын шавь даа. Отгоо болохоор самбо, жүдогоор барилддаг, Шийрэв багшийн шавь. Манай эд нар бөхдөө дуртай л даа. Багаасаа л намайг дагаад бөх, бөх гээд л гүйцгээдэг байсан. Саяхан Отгоо маань жүдогийн УАШТ-ээс мөнгөн медаль авлаа. Бас самбын УАШТ-д түрүүлсэн. Дүү нарыгаа тодорхой амжилт үзүүлээд ирэхээр баяртай байх юм аа.

-Шинэбаатарыг улсын цолд хүрэх болов уу гэж хүмүүс нэлээд хардаг юм билээ?

-Улсын цол авна гээд л зүтгэж яваа залуусын нэг. Энэ жил дөрөв дээр гарч ирээд Доржсамбуу гарьдад унасан. Бэлтгэлээ сайн хийгээд өөрийгөө шавхаж чадвал болно доо. Бидний үед залуусынх нь сэтгэл зүй их өөр байж. Улсын начин болно гэсэн л ганц зорилго, бодолтой. Том цолтнууд нь үнэхээр тасархай байсан.

Дээр нь Бат-Эрдэнэ аварга, Мөнх-Эрдэнэ арслан гээд луухгарууд ид байлаа. Араас нь зургаан залуу заан зайгүй чихэлдээд л. Доржсамбуу, Одгэрэл, Батзориг, Бумбаяр, Жамъянпүрэв гээд шилдэг бөхчүүд олон. Тэднээс дор хаяж 2-3-ыг нь хаяж байж том цолд хүрнэ, тэгэхээр том цол авна гэж бодоход бэрх үе байлаа.

-Гэтэл одоо аймгийн цолтой бөх улсын наадамд түрүүлнэ гэсэн зорилготой явдаг болж...?

-Харин тийм. Сумын цолтой бөх ч яваандаа улсын наадамд түрүүлнэ гэсэн мөрөөдөлтэй байж мэднэ шүү. Гайгүй барилддаг залуус харцага, заан цол авбал өөрийгөө муу барилдлаа гэх шинжтэй.

-Таныг чөлөөт, самбо, жүдо аль алинаар нь барилдчихдаг байсан гэж сонссон юм байна?

-Тийм ээ. Хөдөөнөөс ирэхдээ өсвөрөөс нас мултраад ирж байгаа юм шүү дээ. Тэгээд оюутан болоод залуучуудын улсын аваргад ордог боллоо. Чөлөөт, самбо, жүдо аль алинд нь ороод л медаль авчихдаг байсан. Заримынх нь дүрмийг бараг мэдэхгүй ээ. Хөдөөнөөс ирэхдээ самбо, жүдог огт мэдэхгүй хүүхэд байлаа. Биеийн тамирын дээдэд ороод МУГТ Г.Батсүх багшийн гар дээр ирээд жүдо, самбын жаахан дөртэй болж байгаа юм.

-Аль нэгээр нь амжилт гаргах боломж байсан болов уу?

-Би аль нэгээр дагнаж тууштай хичээллээгүй л дээ. Чөлөөт бөхөөр тогтмол бэлтгэл хийгээд барилдсан бол боломж байсан байж магадгүй.

-Та ямар мэхийг голлож хийдэг байв?

-Ихэвчлэн сэнжигнээс таллаж барилддаг байсан. Гар урттай, атгалт гайгүй байсан, тухайн үед. Тийм болохоор сэнжиг авч барилдах сонирхолтой, сэнжиг авчихвал хонгодох, таллах, этэх мэхийг голлож хийнэ дээ.

-Та үеийнхээ бөхчүүдийн барилдааны онцлогийн талаар ярьж өгөхгүй юу?

-Сайн бөх олон бий шүү. Эрхэмбаяр,Мөнхбаатар, Азжаргал, Баяржавхлан гээд бяртай, жинтэй бөхчүүд байна. Манай Мөнгөнцоож бас л бяртай даа. Сайнбаяр бол уран, мэдрэмжтэй, уян. Амгаланбаатар бас сайхан бөх. Бүрэнбаатарыг би нэлээд том цолонд хүрэх бөх гэж боддог байсан. Анх гарч ирэхдээ ёстой бужигнуулдаг байлаа шүү дээ. Рагчаа гарьд мундаг бөх. Би Рагчаагаа их үнэлдэг. Мундаг хөдөлмөрч. Одоо хэр нь хүнд бэлтгэлийг тогтмол хийсээр байна.

-Амжилт нь ч тогтмол. Барилдсан барилдаан бүртээ шөвгийн дөрөвт баараггүй үлдэнэ дээ?

-Харин тийм. Үеийнхэн нь хариад барилдах нь цөөрөөд байхад мань хүн дүү нартай ид л үзэж байгаа. Ийм олон жил тогтмол амжилттай барилдана гэдэг хувь хүнээс их тэсвэр тэвчээр, хөлс хүч шаардана шүү дээ. Өөрөө ч их нээлттэй хүн. Залуусдаа туршлагаасаа харамгүй хэлж, зөвлөдөг. Би дүү нартаа Рагчаагаас сурах, үлгэр авах зүйл мөн ч их байна даа гэж үргэлж хэлдэг юм.

-Залуучуудын барилдааныг харж байхад магтаж сайшаамаар, шүүмжилмээр зүйл анзаарагдах юм уу?

-Нэг их шүүмжлээд байх ч юу байхав дээ. Бүгд л бөхдөө хайртай, дуртай болоод бүх амьдралаа зориулаад явж байгаа улс. Залуучууд бэлтгэлийг мундаг хийдэг болсон байна. Яахав, анзаараад байхад сүүлийн үеийн бөхчүүд ерөнхийдөө жин нэмээд хөдөлгөөн удаан болсон тал ажиглагддаг. Сумын цолтой бөх гэхэд 100 гарчихсан жинтэй бөх их олон байх жишээтэй.

-Үүнийг зохицуулах зогсоох талаар танд санаа оноо байдаг уу?

-Дүрмээ л жаахан чангалаад өгмөөр санагддаг. Барилдах хугацаандаа ажиллах чадвар, идэвх шаардсан заалт, дүрэм журам нэмээд өгвөл зүгээр юм шиг. Барилдааны үндсэн хугацаандаа зогсоо зайгүй ажиллах дүрэмтэй болчихвол бөхчүүдийн хөдөлгөөн хурдасч, сайхан барилдаанууд ч гарна, жингийн илүүдэл ч буурах болов уу гэж боддог.

-Ер нь жин багатай Баасанхүү, Пүрэвгарьд гэх мэт бөхчүүдээс уран хурц барилдаан элбэг гардаг шүү?

-Тийм шүү. Хөнгөн жинтэй хүн чинь хурдтай байдаг. Хурдтай хүн чинь тэсрэлттэй, гоё барилдаан үзүүлнэ. Хүнд жинтэй бөхчүүд барьж байгаад л бярдахыг бодно уу гэхээс биш "тонгочиж" байгаад унахыг хэн хүсэх билээ, тийм ээ? Ер нь одоо бөхчүүд хүчний, жин нэмэх бэлтгэл түлхүү хийдэг болжээ.

Том жинтэй бөхчүүд барьж баглаж, зогсдог барилдаан их болсон байна. Өмнөх үеийн бөхчүүд их спортын бэлтгэл их хийдэг, тэр хэрээрээ аль алинд нь амжилт сайн гаргадаг байсан шүү дээ. Харин одоо их спорт, үндэсний бөх хоёр хол хөндий, их тусдаа зүйл болчихсон байна.

Үндэсний бөхийнхөн их спортын бэлтгэл хийдэггүйн улмаас дэвжээн дээр гараад ажиллах чадвар дулимаг байдаг. Харин их спортынхон үндэсний бөхрүү орж ирэхээрээ жин багадаад, бярдуулаад байдаг тал бий. Энэ мэт зүйлүүд анзаарагдаад байгаа.

Өмнөх үеийн бүх аваргууд, том цолтой бөхчүүд бүгд их спортоор хичээллэж, дэлхийд амжилт гаргадаг байсан. Одоо тийм зүйл том цолтой бөхчүүдэд байхгүй байна. Үндэсний бөхийн барилдааны дүрмийг их спортын бэлтгэлжилт, дүрэмтэй ойртуулаад өгөх юм бол манай бөхчүүд аль алинаар нь том амжилт үзүүлээд явах боломжтой. Энэ нь одоо нуүрлээд байгаа жингийн илүүдлээс гарах гарц байх гэж боддог.

-Та нээрээ морь уядаг гэв үү?

-Морь яахав ээ. Нэг их уяад сүйд болсон юмгүй. Миний дээд талын ах хөдөө нутагтаа амьдардаг юм. Улсын сайн малчин хүн. Малаа маллаад, морио уяад л явж байдаг. Би бол ахдаа туслах маягтай. Амны л нэмэртэй хүн. Зун ийш тийшээ морьдыг нь авч явж, наадам хэсдэг ажилтай. Ахын маань морьд сум, орон нутагтай гайгүй хурдлаад л байгаа. Ах дүүсийн болон хүргэн Гончигийн маань хэдэн морьд бас бий. Яваандаа гайгүй хурдалцгаах байх аа.

-Сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа.

Ярилцсан С.Бадамгарав

Эх сурвалж: "Бөх" сонин