Саяхан буюу 12-р сарын 13-нд Монгол улсын далай, даян аварга Г.Өсөхбаяр 40 нас хүрэв. Аваргын аав Ц.Гэлэгжамц гуай нас, бие жагссан хүүгийнхээ төрсөн өдрийг тохиолдуулан бага насных нь олон сайхан дурсамжийг уншигчидтай минь хуваалцахыг хүссэн юм.
Монголчууд ам бүлд хүү төрвөл бөх болно, адуунд унага нэмэхэд аргамаг хүлэг болно гэж дэмбэрэл ерөөлийн дээдийг бэлэгддэг сонин араншин, зөн совинтой ард түмэн. Бид ч бас ард түмнийхээ уламжлал ёс заншлаар хөвгүүдээ төрөхөд удам судраа бодсон ч манай бөхийн удам залгалаа гэж баяр хөөр бялхаж байж билээ. Охидоо эсэн мэнд өсгөж, эрүүл саруул бие бялдартай, эрдэм боловсролтой, хүний дайтай иргэн болгохын төлөө чармайж тэд маань бүгд дээд боловсрол, тусгай мэргэжил эзэмшиж, улс эх орондоо хүчин зүтгэж, нэр төртэй, амжилт бүтээл арвин ажиллаж, амьдарч байгаад эцэг эх бид баяртай байдгаа энэ дашрамд дурдах ёстой. 1973 он. Усан үхэр жил ёстой л өнгө зүсэндээ тохирсон хур бороо шаагисан, газар дэлхий өнгө алаглан дэлгэрсэн сайхан жил болж билээ.
Эртний түүхт, тэр дундаа бөхийн өлгий гэгддэг Далай чойнхор вангийн хошуу, Архангай аймгийн Тариат суманд долоон жил нутаглаад амьдрал, ажлын шаардлагаар алдарт бөх Луу гүний Г.Вандан аваргын нутагт шилжих болсондоо бид бэлгэ дэмбэрэл юм юм л бодож байж дээ. Төрөх хүүхдээ хэвлийдээ тээж яваа эх нь ч, сэтгэлдээ тээж яваа эцэг нь ч хүү төрвөл бидний түмэн хүслийн нэг нь биелнэ гэж боддог, хүсдэг хүсэл тэр байж. Хүний хүсэл мөрөөдөл гэдэг хязгааргүй орчлон, тэр нь бодитой биелнэ гэдэг бүр ч том ертөнц ажээ. Бидний хүсэл биеллээ. Ингэж бодох, хэлэх хүртэл сайхан санагддаг юм. Өвлийн хүйтэн цаг боловч өндөр уулын бүсийн Хоргын дөчин таван хэмийн хүйтнийг бодвол Батцэнгэл сумын өвөл бидэнд намраар л байгаа юм шиг байв.
Арванхоёрдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Насантогтох маань амаржихаар эмнэлэгт очлоо. Эмнэлгийн үүд сахиад сууж байтал эх баригч Энхтуяа "Амаржлаа. Хүү төрлөө" гэх сайхан мэдээ хэлэв. Ингэж бид олон охидынхоо араас анхны хүүтэй боллоо. Охидтой хүн хүүтэй (хүргэн) гэж сэтгэлээ тайвшруулдаг байсан ч өөрийн хүүтэй болно гэдэг юутай ч зүйрлэшгүй сайхан байдгийг бид тэр үед улам тод мэдэрч билээ. Тариат, Их Тамир суманд суугаа хөгшчүүддээ мэдэгдэж, хөл хөөрцөг болцгоов. Хүүдээ ирээдүй хойчийг зөгнөн бодож Өсөхбаяр гэдэг нэр шивнэлээ. Угаас өсгөлүүн товир (хүү маань 4.8 кг жинтэй мэндэлсэн юм) төрсөн хүү маань Тунгалаг тамирын усаар угаагдаж бас ундаалж, агаарын цэвэр сайхнаар амьсгалж, аав, ээжийн энгэр өвөрт, ачит эгч нарынхаа нуруун дээр тарвалзаж энхрийлэгдэн өссөн болохоор эрүүл чийрэг, энэрэнгүй цайлган, зоримог чанарыг багаасаа шингээсэн юм.
Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар байдаггүй болохоор бид "Дахин хүү төрж хоёул тэрсхэн өсвөл мөн сайхан аа" гэж ярьдаг маань биелж, 1977 онд отгон хүү мэндэлж баяр дээр баяр нэмлээ. Өсөхбаяр хүү ээжийгээ хөл хүнд болонгуут аавынхаа өвөрт шилжиж, энэ үеэс ажил, гэрт байх, хөдөө гадаа явахад салахгүй дагадаг амаргүй албатай болж билээ. Албан конторт хамт ирээд хажуугийн сандалд сууна, удвал унтана, хөдөө ажлаар мотоциклиор явбал ардаа бүсээр даруулж аваад явна. Машинтай бол арын суудалд дээлээр хучаад суулгачихна. Ингэсээр сүүлдээ аавын ажлын хамтрагч "дарга" болж билээ. Хүүгээ таван настай байхад аймгийн төвд томилогдон ажиллах болж, Өсөхбаяраа "дарга нарын" гэж нэрлэгддэг хүүхдийн цэцэрлэгт өгч хүмүүжүүлэх болсноор бид хоёрын "хамтын даргалалт" арай өөрчлөгдөж шинэ орчинд дасах болсон. Хүүгийн маань бага балчир үеийн тухай санаанаас гардаггүй дурсамж олон байдаг л даа.
Дүү Батбаяр нь мэндлээд удаагүй (цагаан сарын өмнөхөн мэндэлсэн юм) байтал нэгдэлчдийн баяр цагаан сар болж тогтсон заншлаар би хөдөө малчдаар золголт хийхээр явахдаа Өсөхбаярыгаа аваад явлаа. Олон малчдаар орж бэлэг сэлт тарааж, золгож явсаар орой буцах үед цас орж, хүйтэн шуурга шуурч зам харгуй үзэгдэхгүй хүнд байдалтай болж, хүүгээ зузаан дээлээр хучиж суулгаад жолоочтойгоо /Одоо Батцэнгэл суманд засаг даргын жолоочоор ажиллаж буй Н.Доржготов/ цас малтаж арай гэж сумын төвд эсэн мэнд ирж билээ.
Нэг удаа ажлаар Эрдэнэмандал сум явах болж хүүгээ авч явж ах дүү нартайгаа золгуулъя гээд аваад явлаа. Буянтай буурлуудтайгаа золголт хийгээд буцахдаа модны хаяагаар гэрэлтүүлж, ан хийх санаатай явж байтал шаварт суулаа. Бороо орж байгаа гэж жигтэйхэн, нэвт норлоо. Хүү арын суудалд унтаад л мэдээ ч үгүй байгаа. Машин замгүй хүн амьтан явдаггүй зэлүүд хол газар хүүгээ авч явахаа болих минь л гэж бодож байв. Би ойр зуур мотоциклиэр хөл залгана. Хаашаа л хөдөлнө дагаад мотоциклийн банкин дээр сууна эсвэл ардаа өөртэйгээ бүсэлж аваад явна. Гэрт аятайхан унтуулчихаад сэм гарна. Мотоцикль хаяанд асангуут л нүдээ нухлаад гараад ирнэ Бүр дийлэхээ байгаад мотоциклиэ хүнд өгч санаа амарч билээ.
Он жилүүд улиран хөвгүүд өсөн торниж, ясли, цэцэрлэгээр хүмүүжиж, эгч нар нь эрдэм номын мөр хөөж Нарантуяа, Наранчимэг нар Багшийн дээд сургуульд, Нарангэрэл ЗХУ-д суралцахаар явлаа. Ээж нь сум, аймгийн төвд номын санчаар байнга ажиллаж, хүүхдүүддээ ном хэвлэлтэй багаас нь нөхөрлүүлж, охид хөвгүүд ч балчир үеэсээ "Ном бол ертөнцийг харах цонх мөн" гэсэн уриатай номын санд тэр үед гардаг гоё гоё зурагт хуудас, сэтгүүл орос, монголын үлгэр туульсын зохиолын зургийг сонирхохоос эхлээд уншиж, боловсрох эрхэм үйлсэд оюун ухаанаа зориулцгаасан нь хожим эрдэм номын мөр хөөж, боловсрол мэргэжил эзэмших, төлөв түвшин эгэл даруу, эрч хүчтэй чигч шударга болж төлөвшихөд чухал үүрэг, үр нөлөө үзүүлсэн гэж боддог юм.
Тэр үеийн зургийн цомог үзэж суухад "Таван онцын эзэн", "Номын сайн нөхөр" гэх тэмдэг зүүсэн зургууд манай ихэнх хүүхдүүдийн энгэрт харагддаг.
Монгол мэргэдийн сургаалд:
Эрхэм баян эрдэм ном
Дунд баян үр хүүхэд
Адгийн баян адуу мал гэх
бас шашин номын сургаалд:
Номд мөргөмү
Бурханд мөргөмү
Хуврагт мөргөмү гэж айлдсан нь аль ч цаг үед, ямар ч нөхцөлд хүмүүний нүдийг нээж, замыг заагч нь ном, номоос авсан эрдэм ажээ. Гагцхүү эрдэм номын өгөөмөр өргөн замд үр хүүхдээ багаас нь хөтлөгч нь эцэг эх, ахас дээдэс болой. Хүүхдийн хүмүүжил төлөвшил эхийн хэвлийд байхаас эхэлдэг гэх сурган хүмүүжүүлэгч нарын сургаал айлдварыг санаж байх зүйл яах аргагүй мөн. Ахар бага наснаас нь одоогоор юу мэдэх вэ, бага байна гэж бодож явтал хүүхэд аль хэдийн ухаан суусан, юмны наад цаад учрыг мэддэг болчихсон байдаг.
Иймд хүүхдээ багаас нь анхаарч бай гэж ахмад үе маань сургамжлан захиж байдгийг бид үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхэд чухалчилж байсан шиг одоо бодогддог юм. Өсөхбаяр маань төрөлхийн хөдөлгөөн тайван, дөлгөөн, дуу шуу багатай хүлээцтэй юманд түрүүлж хөдөлж оролцоод байдаггүй хүүхэд байж билээ. Телевизээр кино гарч байгааг үзээд эхэлбэл дуустал нь хөдлөхгүй, ном сэтгүүл сонирхсон л бол эхнээс нь дуустал үзэж, уншихыг хичээнэ. Эгч дүү нараа үө үе хошин үгээр "шүүмжилж" инээлгэнэ. Цэцэрлэгт байхдаа ангийнхаа хүүхдүүдэд их үлгэр дуурайл болдог байсан тухай багш нар магтдаг байж билээ.
Ер нь хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг ардын мэргэн үг байдаг нь манай өвөг дээдэс хичнээн ажигч гярхай, түүнийгээ хойч үедээ алтан сургаал болгон үлдээсэн нь гайхалтай санагддаг. Эгч нар нь гэртээ хог шороо шүүрдэх, авдар саваа арчих, аяга тавгаа угааж цэвэрлэх зэрэг ажлаа өдөр өдрөөр ээлжилж хийнэ. Нэг удаа чиний ээлж, миний ээлж гэж сүрхий маргаж.
Гэтэл Өсөхбаяр: Та нар маргаад яах вэ, орхичих, би янзалчихъя гэж хээвнэг, хэвлүүхэн хэлж билээ хэмээн том эгч нь дурсдаг юм.
Миний ажпын контор, гэр ойрхон байсан. Тэр үеийн Материал техникийн хангамжийн газар гэдэг аймгийн хэмжээний үйлдвэр аж ахуйн газрын хэрэгцээт бараа, түүхий эд машин техникийг татаж дамжуулж байдаг газар тул хашаанд нь хүүхэд үзэж сонирхмоор юм элбэг байх, хүүхдүүд ч тэнд очих их дуртай. Цэцэрлэг, сургуулийнхаа зав чөлөөгөөр дүүгээ дагуулаад хэзээний л тэнд оччихсон, хүмүүс өхөөрдөөд машин техникийн кабинд суулгана. Манаач харуулын хүмүүсийг андахгүй танина. тэд маань тоглоомоор "юу гэж явна" гэхээр манай хоёр "машинаа асаая" гэдэг. "Та нар хэний хүүхэд вэ, зөвшөөрөлгүй оруулахгүй" гэхээр "Орно, даргын хүүхэд" гэдэг гээд л бөөн инээдэм болцгоочихсон суудагсан. Сүүлдээ ачаа өргөгчийн кабинд сууж, жолоодох хүсэлд хөтлөгдсөн Батбаяр маань цэцэрлэгээсээ оргон зугтааж, хамаг хувцастайгаа гол гатлан багш нартаа төвөг учруулдаг болж билээ.
Батбаяр маань хөдөлгөөн ихтэй, юмыг түргэн зуур сэтгээд түүнийгээ биелүүлэх гэж махран зүтгэдэг хүүхэд байв. Нэг удаа мөн л хангамжийн хашаа руу орохоор очиход харуул нь:
-Юу гэж явна гэхэд
-Энэ хашаанд байгаа гөлөгнөөс худалдан авч Бат-Орших ахын нохойд өгье гэж.
-Чамд мөнгө бий юу гэж цаашлуулахад
-Надад мөнгө байгаа гээд гурван төгрөг үзүүлж.
-Наадах чинь хүрэхгүй гэтэл
-Нойноо ахад мөнгө байгаа, би орно гээд шууд зүтгэсэн шүү гэж харуулынхан өхөөрдөн ярина.
Амралтын өдөр, ер нь гэртээ байх үед "Аав аа, гурвуулаа барилдъя" гээд шалаад л, хоёр талаас барьж аваад бид гурав чинь бөөн ноцолдоон болно. Ээж нь "Манайх чинь нэг үе том бага гурван бөхийн барилдаанд хамаг ширдэг, дэвсгэрээ дуусгасан шүү дээ" гэж ярьсан байсан. Барилдахаараа аавыгаа бүрэн төгс ялж байж л санаа нь амарна. Хүн бүрийн хүүхэд ахуй нас, өсч торниж байгаа орчин нь амгалан тайван, эрүүл саруул, чиглэл зорилготой, хүсэл тэмүүлэл нь биелэх бодит боломжтой нөхцөлд өөрөө аваад явчихаар төлөвшил, эрмэлзлэлтэй болдог байх аа. Хоёр хүү минь аавыгаа дагаж барилдаж, ноцолдож, харсан үзсэнээ учрыг нь олох гэж асууж шалгааж байхад нь хүмүүжүүлэх, танин мэдүүлэх үүднээс аль болох зөв хариулж ойлгуулж байсан нь хожмын төлөвшилд их тустай байж гэж бодно.
Унтахаар хэвтмэгцээ л аавынхаа нурууг 100 хүртэл өгсөөж бас уруудуулж тоолно, тэр нь тоог нэмэх, хасах үйлдлийг цээжээр бодох дасгал болно. Нэг үдэш унтахаар цааш хараад хэвтээд өглөө. Яасан бэ гэсэнд "Эртхэн унтья, нуруу маажих ч бас хэцүү шүү" гэж хэлээд биднийг инээлгэж байсан юмдаг. Оройд унтахын өмнө хуүхдүүд ээлжлэн үлгэр ярина. Заримдаа ээж нь улгэр ярьж өгнө. Өвөө нь бөхийн тухай хууч хөөрнө. Бас хоорондоо шатар, даам тоглоно. Зав чөлөөгөө аль болохоор л үр ашигтай өнгөрөөхийг боддог, тийм боломжтой ч байж. Цэцэрлэгээр хүмүүжиж эцэг эх, эгч нарын асрамжаар өсч, цаг хугацаа улирсаар сургуульд элсэх нас нь болж, нэг өдөр Өсөхбаяр маань "Манай ангийнхан бэлтгэл ангид орно гэсэн. Би орох уу" гэсээр цэцэрлэгээсээ ирлээ. Тэгэхэд долоон нас арай хүрээгүй байсанд,
-Миний хүү хойтон жил орно гэхэд,
-Үгүй. Энэ жил орно. Манай ангийнхан одоо орох гэж байгаа гэнэ. Орвол орог гэж ярьцгаагаад цүнх, дэвтэр, харандаа бэлтгээд бүртгэх өдөр нь сургууль дээр нь аваад очлоо.
Сургуулийн захирал А.Нямдорж /Монгол улсын гавьяат багш/ өөрөө бүртгэж байна. Төрсний гэрчилгээг нь үзүүлээд бүртгүүлэх гэтэл 8 нас хүрээгүй тул энэ жил авахгүй ядаж 7 нас хүрэхээр нь дараа жил оруул гэж намайг зэмлэх янзтай авсангүй. Цэцэрлэгийн ахлах ангийхан нь цөм нас болоод орсон учир Өсөхбаяр ч заавал орно гээд зүтгэв ээ. Өөр сургуульд оруулдаг юм билүү гэтэл үгүй энэ ангийхантай хамт байна гээд хөдлөх янзгүй. Аав хүү хоёр сургуулийн гадаа хэсэг зогсоод дахин гуйгаад бэлтгэл ангид элсэж чадсангүй. Ингээд "Аав нь намар сургууль эхлэхэд оруулаад өгье. Одоо ээж дээрээ номын санд оч. Тэнд ном үзээд бэлтгэл хийж бай" хэмээн ятгаж, үүнээс хойш номын сангийн байнгын уншигч болов.
Нэг л мэдсэн 9 сар дөхөж, хүүхдэд худал хэлж болохгүй тул сургуулийн хичээлийн эрхлэгч Шаалайд учраа хэлж шалсаар байгаад уншуулж, бичүүлж, тоо бодуулж шалгуулаад сургуульд орууллаа. Сайн багшийн ангид өгөөрэй гэж хүссэнээр Баяраа гэдэг багшийн ангид орж уг багш нь шаардлага, заах арга сайтай хүн таарч билээ. Эхний хагас жилээр 1 дүгээр ангийн хүүхдүүд 'Цагаан толгойн баяр" хийхэд Нямдорж захирал Өсөхбаярыг таньж, намайг мөн л яаж оруулсан, хэнтэй хуйвалдсан бэ гээд нөхөрсгөөр зэмлэж билээ. Анхны багш заах арга, хүмүүжүүлэх чадвар, шаардлага чанга байх нь хүүхдийн суурь боловсролд голлох үүрэгтэй, цаашдын сурлага сахилга төлөвшилд шийдвэрлэх нөлөөтэй байдаг юм болов уу гэж боддог.
Өсөхбаяр болон манай хүүхдүүдийн ирээдүйн сурлага, хүмүүжил төлөвшилд Цэцэрлэг хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, тэр сургуулийн орчин, захирал багш сурган хүмүүжүүлэгчид ихээхэн ач нөлөө үзүүлсэн буянтай хамт олон байсан юм. Охид, хөвгүүд маань цөм тус сургуульд суралцаж, эрдэмтэн олон багш нараас нь эрдмийн шим хүртэцгээж, алсын замаа олцгоосныг тэр сургуулийн өгөөж хишгийг дурсан санацгаах учиртай. Өсөхбаяр, Батбаяр нараа сургуульд суралцах хугацаанд нь бөх болгох, бэлтгэл хийлгэх талаар ер санаа тавьсангүй, сурлага хүмүүжилдээ цаг заваа зориулаг, нөгөө талаар өсөлт хөгжилт нь гүйцэж байг гэсэн бодлого барьж байв.
Сургуульд суралцаж байх 10 жилийн хугацаандаа ус, түлш бэлтгэх ойр зуур ажилд оролцуулж байснаас өөрөөр бяр хүчний болон барилдааны элдэв бэлтгэл сургуульд явж байсангүй. Өсөхбаярыг тавдугаар анги төгссөн жилийн зун миний тэргийг барьдаг жолоочтой аймгийн наадам үзэхээр яваад ирье гэхээр нь зөвшөөрөөд явуулчихлаа. Гэтэл өнөөх жолооч нь хүүд маань өөр хүүхдийн гутал хувцас өмсүүлж барилдуулаад тэр наадмын хүүхдийн барилдаанд түрүүлж "Аймгийн шонхор" цол авч ээждээ цай авч ирж өгсөн нь анхны барилдаан, анхны цол, анхны шагнал нь байсан даа. Эрхэм дурсгалтай тэмдэглэм явдал болсон, энэ бол 1985 он юм.
Ингээд үргэлжлээд ойр зуур барилдуулж болох байсан ч шамдаж, санаачлаагүй нь хожим зөв байсан санагддаг. Харин бөхийн холбогдолтой ном, хэвлэл цуглуулж уншуулж, өвөөгөөр нь болон бусад ахмад бөхчүүдийн ярианд анхааруулж байсан зэрэг нь сонирхлыг нь татах алхам болж байсан болов уу гэж боддог. Өсөхбаярын ухаан сууж хүмүүсийн ярианы утга учрыг ойлгох болсон 5-6 настай үеэс Н.Жамъян аваргатай бөхийн тухай хууч хөөрөх гэсэн ахмад болон залуучууд, үе тэнгийнх нь алдарт бөхчүүд Босоо Банзар арслан, Даран цагаан Ванчинсүрэн заан, Их аварга Түвдэндорж гуай, Цэнхэрийн Пүрэв заан зэрэг хүмүүс зочлон ирэх, орж гарч яриа хөөрөө өрнүүлж, тэдний үүх түүх, барилдаж явснаа хүүрнэлдэхийг чих тавин бахдан сонсох сайхан завшаан тохиож байсан нь дурсамжтай, сургамжтай үйл явдал байжээ.
Алдар хүндтэй, ариун дагшин зам мөртэй, ахмадуудын алтан сургаал, ажил үйлс, амьдралын замналыг нүдээр үзэж, биеэр мэдэрч, өөрийн болгон мөрдсөн цагт ямар ч хүний ирээдүйн зорилго чиглэл тодорхой өөдлөн дээшлэх, өрнөн дэлгэрэх нигуур тавилантай байдаг ажээ. Өсөхбаяр дунд сургуульд суралцах хугацаандаа хүмүүжлийн хувьд төлөв томоотой, гаж буруу ааш зангүй, нягт нямбай, сургуулиас зохиогдох аливаа ажил, хөдөлмөр зусланд ажиллах намрын ургац хураалтад оролцох зэрэгт хөдөлмөрч гэсэн үнэлгээтэй, сурлагын хувьд "Таван онцын эзэн", "Номын сайн нөхөр"-ийн гэрчилгээтэй, спортын хувьд гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар даамын мэдэгдэхүүнтэй, сургууль дээр зохиогдох аливаа уралдаан тэмцээнд байнга оролцдог байв.
Зуны амралтаараа морь унаж мал хариулах, аргал түлш бэлтгэх, унага татах, үнээ ивэлгэх гээд ойр зуурын ажилд оролцоно. 9-10 дугаар ангидаа биеийн өсөлт нь жигдэрч өндөр биетэй, жин нэмэгдсэнээс мориор хол явахад бэрхшээлтэй, морь нь амархан ядрах болсон санагддаг. 1990 онд Улаанбаатар явахын өмнө бид хоёр Их тамир суманд байсан манай аав Цэвээнийд очихоор Цагаан-Ус (Батцэнгэл сумын нутаг)-аас мориор явсан юм. Энэ хооронд 40-өөд км газар, газрын дунд хэвийн явтал "Аав аа, миний морины хоёр чих нь урагшаа унжаад, хөл нь сулраад байх шиг байна гэж байна. Хоёул буугаад хартал нэлээд ядарч.байгаа бололтой болохоор нь морио сольж унаад цааш явж билээ. Энэ үеэс л ер нь томорч яс нь хүндэрч байсан юм шиг билээ. Аавынд хоёр хоноод буцахад морьд ядрах янзгүй байхад одоо морь чинь яаж байна гэсэнд зүгээр хөл нь хөнгөн сэвэлзээд байна гэхэд одоо морь хагсарч хөнгөрөөд зүгээр, ирэхэд морьд цатгалан байснаас түргэн ядарсан тухай яриад, гэр дөхөөд хоёул уралдсаар харьж билээ.
Бидний монголчууд үр хүүхдээ балчир насаа үдэж, ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж, дээд шатны сургууль соёлын мөр хөөх цаг мөчид ажил амьдралын шинэ хариуцлагатай үе эхэллээ гэж ойлгож, үр хүүхдүүд ч өсвөр насаа эргэн дурсаж, ирээдүйгээ төсөөлж тэлүүлэх сайхан үе аж. Бид Өсөхбаярыгаа урьдчилж тооцож төсөөлж, тохиролцсон ёсоороо элдэв хоёрдмол санаагүйгээр бөхийн зам мөрд оруулахаар наймдугаар сарын сүүлчээр Улаанбаатарт дагуулан ирж шууд л П.Даваасамбуу гуай дээр очлоо.
Дашрамд өгүүлэхэд саяхан энэ агуу хүний тухай нэг ном хэвлэгдэн гарсныг уншлаа. Тэр эрхэм хүний монгол үндэсний болоод монголд хөгжиж байгаа бөхийн олон төрөлд ихээхэн санаачлага гаргаж үр бүтээлтэй ажиллаж, жинхэнэ зүрх сэтгэлээ зориулж, гарамгай гавьяа байгуулсныг, мөн манай Өсөхбаярын хувьд хэчнээн их анхаарал тавьж байсныг бодитойгоор тэмдэглэжээ. Манай гурав дахь охин Нарангэрэлийг 10 дугаар анги төгсөхөд "Тамирчин болго. Шоовдорын араас удахгүй волейболын гавьяат гараад ирнэ...” гэж байсан боловч бид охиныгоо өөрийнх нь саналаар ЗХУ-д сургуульд явуулчихсан юм.
Өсөхбаяр бид хоёрыг конторт нь яваад ороход хөөрхий их л баярлаж, "эгч шиг нь өөр тийш явуулчих вий гэж байж байлаа” гэж хуучилж билээ. Ингээд л хаалгандаа байсан хэмжээсээ нэг үзээд "Одоо гурвуулаа багш дээр нь очно" гээд шууд дагуулаад спортын төв ордон дээр очлоо. Яг тэр жил чөлөөт бөхийн запуучуудын шигшээ баг байгуулах шийдвэр гарч багшаар нь Н.Ганбаатар гэж залуу томилогдсон байв. Энэ багшийг манай улсад болдог байсан Интернациональ олон улсын "А" зэрэглэлийн тэмцээний 7 удаагийн аварга, тив, дэлхийн олон тэмцээний мөдальтай, ОУХМ цолтой, сайн багш гэж надад танилцуулж, би нутгийн идээний дээжээ багшид барьж, хүүгээ шавь болгож байлаа.
Энэ шигшээ багийг байгуулах ажлыг манай Даваасамбуу гуай өөрөө хөөцөлдөж шийдвэр гаргуулж, тамирчдыг нь цалинтай болгох дасгал сургууль хийх боломжоор хангах бүх асуудлыг хариуцуулж шийдүүлж чадсан. Бөхийн төлөө сэдэх, сэдсэнээ ажил болгож чаддаг агуу сэтгэлтэн байжээ гэж цаг мөч улирах тутам бодогдоно. Хүү минь монголчууд бидний хүсэл сэтгэлд олон зууны тэртээгээс мөнхөд оршин ирсэн бөхийн их ертөнц рүү хөл тавьж, сэтгэл шулуудан ороход П.Даваасамбуу гуай болон багш Н.Ганбаатар нараас гадна өөрийн үйлдвэрийн бөх болгон ивээн тэтгэж, цалин, гутал хувцасаар хангаж байсан Ө.Чимэдрэгзэн, тэр үеийн Батлан хамгаалахын сайд Ш.Жадамба, хурандаа Монхор зэрэг хүмүүст бид насан туршдаа талархаж явах учиртай юм.
Хүүг минь үндэсний бөх, чөлөөт бөхөд олон жил хүч хөдөлмөрөө зориулж "Монгол улсын гавьяат тамирчин”, "Монгол улсын далай, даян аварга" цол хүртэхэд барилдаан, тэмцээн бүрийг нь ширтэн харж, шимтэн чагнаж, зөн билгээрээ мэдэрч зүрх сэтгэлээрээ дэмжин итгэл сэтгэлээ идээнийхээ дээжтэй хамт өргөн барьж байдаг монголчууддаа бид үргэлж баярлаж явдаг. Үндэсний бөхийн барилдааны бэлтгэл хангах, мэх арга техник эзэмшихэд байнга анхаарч, өөрийн галд авч наадмын бэлтгэл хангуулж, Монгол улсын заан цолд хүргэсэн дархан аварга Ж.Мөнхбат, мөн хамт бэлтгэл хийж Монгол улсын арслан цол хүртэхэд сэтгэлийн бодит дэм өгсөн дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарт эцэг эх бид гүнээ талархаж, байнга дурсан санаж явдаг билээ.
Өсөхбаярын маань багтан хичээллэдэг чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багт үе тэнгийн олон хүүхэд суралцаж, тэднээс монгол бөхийн түүхэнд нэгэн үеийг төлөөлөх шилдэг тамирчид төрөн гарсныг энд дурдахгүй байхын аргагүй. Тэд улсынхаа болон тив, дэлхий болон олимпийн наадамд Монгол улсынхаа нэрийн хуудас болон оролцож, төрийн далбаагаа дэлхийн дэвжээнд мандуулж, алдартай тамирчид болцгоосныг ард түмэн андахгүй. Төр түмнийхээ итгэлийг тээж дааж явна гэдэг аль ч төрлийн тамирчид, тэр дундаа бөхчүүдэд нэр төртэй үйл байдаг болов уу.
Чухам л ингэж ой ухаанд тунгаан бодож бие сэтгэлээ бөхдөө зориулсан он жилүүд хүүгийн маань хувьд 1990-ээд оноос эхэлсэн юм. Эхний 1-3 жилд бэлтгэл сургуульд голлон суралцаж, ойр зуур тэмцээнд оролцож амжилтын оргил өөд бие хүчний болон барилдааны дадлага, арга барил ахисаар байсан зурвас үе байлаа. Үндэсний бөхийн төрлөөр дасгал сургууль бэлтгэл хийх талаар 20 нас хүртлээ анхаараагүй гэж болно. 1993 онд төрөлх Архангай аймгийн 70 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд өвөг эцэг Н.Жамъян аваргын нэрэмжит барилдаан зохиогдоход анх удаа барилдсанаас эхлэн үндэсний бөхийн дэвжээнд нэрд гарч эхэлсэн.
Гутлын үйлдвэрийн дарга алтан нутгийн хүү Ө.Чимэдрэгзэн санаачлан, өөрийн ажилчин Цэвээндорж гэдэг хүнээр 46 размерийн монгол гутал хийлгэн өгсөн нь тухайн үед сонин хэвлэлд бичигдэж, гутлын зураг гарч их л содон мэдээ болж байж билээ. Уг гутал эхний үед яльгүй томдож байсан ч ер нь их л хичээнгүй бөх бат хийгдсэн жинхэнэ бөх хүний хувцас байсан юм. Тэр жилээ аймгийнхаа 80 жилийн ойд барилдаж дөрөв давсан, дараа нь өвөөгийнх нь төрсөн нутаг Цахир сум дахин байгуулагдаж наадам хийж тэнд барилдаж түрүүлэн сумын заан цол хүртсэн нь анхны том цол байв. Ингэж л хүү маань хорин настайгаасаа монгол үндэсний бөхөөр барилдсан түүх нь эхэлдэг.
Чөлөөт бөхийн хувьд 1990-1993 онд дотооддоо болон олон улсын хэмжээний тэмцээнээс 16 медаль авлаа гэж хэвлэлд тэмдэглэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл бөхийн төрлүүдээр барилдах зохих амжилт гаргах боломж бололцоо Өсөхбаярт байна гэсэн итгэл ард түмэн, хамт олон, анхаарч байсан хүмүүсийн дунд бий болсон юм. Энэ үеэс албан байгууллага, бөхөд элэгтэй хүмүүс анхааралдаа авч цаашдаа хаана, хэний харьяалалд хамаарах, хэнийг түшиглэх, аль байгууллагын нэрээр байх нь зөв бэ зэрэг олон асуудалд хамгийн зөв шийдвэр гаргах шаардлага бидэнд тавигдаж байв.
Ирээдүйг бодоод тэр үедээ манайдаа хүчирхэгт тооцогддог "Хүч" спорт хороо, "Алдар"-аас санал ирж П.Даваасамбуу гуай бид нухацтай ярилцаж байтал тэр үед Батлан хамгаалахын сайд байсан Ш.Жадамба гэдэг хүн уулзъя гэж урилаа. Би мөн л Даваасамбуу гуайтай зөвлөөд хамт очлоо. Өсөхбаярыг "Алдар"-т авах асуудал яригдаж бид ч зөвшилд хүрлээ. Сайдад тавьсан бидний эхний болзол нь орон сууцтай болгох байв. Тэр үед Өсөхөө маань БХЯ-д ажилладаг хүргэн ахындаа амьдардаг байсан юм.
Уг асуудлыг бид даруй шийднэ гэж сайд хэллээ. Өсөхөө маань Монгол Улсын олон алдарт аваргуудыг төрүүлсэн зэвсэгт хүчний хүрээний бөх болох замд ингэж хөл тавьсан. Анх биднийг Ш.Жадамба сайдтай уулзахад манай Алдараас 7 аварга төрсөн гээд товч түүх, зургийн цомгийг үзүүлэхэд нь их л сайхан үүх түүхтэй, бөхийн хийморьтой байгууллага түшлээ гэж бэлэгшээн бодож байсан даа. Хүү маань эрийн цээнд хүрч хүлгийн жолоогоо бөхийн ертөнц рүү залсан нэгэн зурвас үе ингэж эхэлсэн юм аа.
Ц.Гэлэгжамц
Эх сурвалж: "Бөх" сонин
Сэтгэгдэл(49)
манай Өсхөө наадам дээр хэнийг бүлдэгдсэн гэдг билээ. нэрий нь хэлж өгнө үү.
ДОПИНГ Сүба гэдэг хүнийг!!
Buldegduulsen hun ni odoo avgai hed hediig solison gesen kkk
Minii Khuu bulgug Usukhuu archaagui baas
yalj chadakhgui baij yalagdaj suraagui archaagui shees
Их сайхан сонирхолтой зүйл бичжээ. Гэлэгжамц гуай хүүгийхээ тухай бөхөө дээдэлдэг ард түмэндээ сонирхуулах дурсамж бичихийн зэрэгцээ тэр үеийн аав,ээж үр хүүхдүүдийн өөр хоорондын харьцаа амьдралын нэг хэсгийг бичсэн байна шүүдээ.
Архангайх гэж бөөн ХОР НАЙРУУЛАГЧ НАР.
Өсөхөөгийнхөн удмаараа манайхны яьдагаар толгой сайтай гавалууд юм шүү дээ!! Үр хүүхэд өвөг дээдэс нь бүгд л номтой эрдэмтэй, онц сурдаг таван онцын эзэдүүүд!!! Одоогийн Моноглын улс төрчид, томчуул дотор олигтой юмнууд үнэндээ гарын хуруунын тоонд үл хүрнэ!! Луйвар хийх, эрдэм ном хоёр бол өөр өөр ойлголтууд!! Луйвараар баяжихад хүйтэн сэтгэл сувьдаг санаа хэрэгтэй, харин эрдэм номоор гийгүүлэхэд тийм санаа хэрэггүй. Өсөхөөгийн хүүд нар Монголд төдийгүй, ОУ-ын математикийн олимпиадад түрээ байр дээгүүр медалууд авсан!! Гайхалтай хүүхдүүд!! Бөхөөр биш эрдэмээр явахад ч дэлхийд данстай улсууд шүү!! Монголын бахархал мөнөөс мөн!
би л лав хүн бүлдэгддэг бөх гэж Өсхөөгөөс өөр мэдхгүй юм бна. ёс жудаггүй баас
Говь-Алтайхан онгироо гээд байсан, энэ Архангайнх авч өгдөг байна ш дээ.
Өсөхөө аваргын хүүхдүүдийг хотын математикийн олимпиадаас медаль авч байсныг санахгүй юм бн. Улсад бүүр ч байхгүй
Эрэгтэй эмэгтэй аль нь ч төрсөн эрдэмтэй хүн болно гэж ерөөж монголоо аврах цаг иржээ
Gelegjamts gua uneheer shan zuil bichejee.bid buhnii hairtai hundelj yavdag avarga maani ingej l bohiin zamnald hol tavij udam zalgasan avarga boh gedegee ard tumendee notlon haruulsan . shan ch ger bul avarga daa amjilt husee
okey
Aluurchinii ur sad
Hooe chi taivshir ! Ter em tangaa uu ! Tegeed ch ene Mongoliin aldartai bohiin tuhai saihan zuil unshij baihad chin cham metiin mer ser ymnuud yu gej tenegteed eldev utgagui yum bicheed baina !?
aluurchin gedgiig ni togtoogooroi. ataarxana ataarxana gexed arai dendenee
uhsen baasniih ni dayan avarga ve? ovoogiin ner monhbatiin avargiin hor noologoor olon shodoj davsan muu shodooni avarga unasan hoinoo hezee suuld ni hun oshiglono unen maanag gar bn lee shdee 90-d ond orosod neg taarch bileeestoi yu ch yariad oilgohgui daraa ni l ineene
ingej ataarxaj baixaar uuruu bux bolchixgui dee yadaj jaaxan bolovsroltoi bolchixgui dee. bichij baigaa uim chini laaz ushiglugch gedeg ni xaragdaad baixad ineedtei uim
Ta nar bugd mal usuhuu awarga bol turulhiin gentei hun gdgiig bitii mart
Sain boh saihan zalu sain shavi beldeh heregtei tand amjilt husey e
Өсөхөө аварга тун сайхан бөх, ер нь цаанаасаа аваргын буурьтай, шударга, журамтай, зөөлөн гээд гээд аваргын нэр хүндийг тун сайхан авч яваа хүн шүү дээ! Өвөөгөө дууриагаад дээр үеийн нарийн сайхан хийцтэй,тэр том хүн гэхэд барилдааны нарийн мэдрэмжтэй, бас тэрүүхэндээ хэнийг ч хаяна гэж амлаж барилддаг дуугай аатай бөх. Ер нь бидний яриад байдаг дээр үеийн алдарт бөхчүүдийг Өсөхөө аваргаас олж харж болдог. Эр алдаж эрэг нурдаг, насны залууд ганц алдаснаар нь байнга энэ хүнийг дүгнэж, хочилж, гутааж болохгүй! Сайн сайхнийг нь харах хэрэгтэй! Олон жил сайхан л барилдлаа шүү дээ! Аварга, зодоон цохион хийгээд, худлаа хэлж хулгай хийгээд байгаа юм байна үү. Харин ч Монголын аварга хүн биеэ хэрхэн авч явахын үлгэрийг энэ цагт биечлэн харуулж байгаа нэгэн гэж боддог. Энд буруу сэдлээр буруу зүйлийг бичээд байгаа хүмүүс хүүгээ хайрласан эцэг хүний сэтгэлийг битгий ингэж гутаа! Өөрсдөө эцэг эхгүй юм шиг. Уг нь бол их шөвөг өөрт тань байх шиг л байх юм, гэхдээ ажаад байхнаа нэг их хичээж барилдахгүй л байх шиг байна. Ахиад ганц 2 жил дээгүүр барилдчих бололцоо байдаггүй юм болов уу! Ямартаа ч сайн сайхнийг хүсье!
saixan xeljee. neeree Usuxuu abarga shig tuvshin xun odoo ene buxchuud dund baixgui ee.
Usuhuu avarga bolon ger build ni hamgiin Sain saihaniig husen eruuj bna Tsaashdaa olon saihan shavitai hiilgelgui bh boltugai
Монголын сайхан аваргуудын нэг Өсөхбаяр бол цаанаасаа бурханаас заяасан төрмөл,ёстой л аугаа их аварга Жамъян гуайн буян заяа,монголын минь бахархал гэж хэлэх байна.Хамгийн гол нь зан чанар нь их төлөв төвшин ахас дээдсээ хүндэлж явдагт нь баярлууштай.Эрхэм дүү хүү болон аав,ээж,ахан дүүс нарт нь амжилт.хамгийн сайханыг хүсэн ерөөе дөө.
demjij bna
40 хүрч дөнгөж ухаан ордог гэж манай Монголчууд хэлдэг. Одоо аварга маань жаахан ч гэсэн ухаан орох байлгүйдээ...
Avarga uhaanguidee yagaa ve ho !? Chi tiim uhaantai hun guai yu ain !
Ix zantai xun yag yxaantai baij xaragdaach Usuxuu. Xamgiin agyy xun xamgiin daryy baidag um. Yg l Baterdene abarga shig. Symiya, Usuxuu 2 Bol unen teneg abarga ch gej dee.
saihan yumnii door balai yum ereechij suudag ajilgui teneguud zailtsgaa
40 хүрч ухаан суугаад 41-тэйдээ зодог тайлна
Halhiin ih Dayan avarga osohbayr manlai.
Өсөхөө гэж цагийг эзэлсэн сайхан аварга. Архангайхан бид аваргаа дархалчаасай гэж мөн ч олон хүлээсэн дээ. Гэвч яахав бөхийн жудаг хийморийг дээдэлж ард олныхоо хайр хүндэтгэлийг дааж сайхан барилдаарай. Дөчин нас гэдэг ид жагссан сайхан нас шүү дээ дүү минь. Дархан аварга болохыг ерөөе.
Би энэ нийтлэийг бөх сонихн дээрээс уншсан.Өсөхөөгийн аавын бичих ур чадварыг үнэхээр биширсэн.Бичгийн хүн байна лээ. Харин 7 р ангидаа өвөөгийнхөө тухай сонинд бичсэн тухайг нь бичсэн бол бүр гоё болох байлаа.
edniixen unexeer ouinlag xumuus gedeg ni aav eejiinx ni ugch baigaa yariltslgauudaas xaragddag shuu
Esehee avarga bol daruuhan estoi Mongol er hvnii shinjiig gadnaas ni ch dotroos ni ch haruulsan saihan hvn dee. Ta nar hvn medehgvi baij bitgii hudlaa yariad bai.Vneheer sain hvnii udam saihan beh hairlaj hvndelj yavtsgaah heregtei.Hamgiin gol ni daruuhan eldev doloon zangvi hvmvvjiltei avarga sh tee.Bi lav mash hvndelj yavdag .Mongoliin bvh l hvmvvs hairladag sh tee.Ene gants 2 ataach hvn muulahaar setgel sergedeg teneg hvmvvsiig bitgii toogooroi.
улсад түрүүлсэн Өсөхөөд дархан аварга цолыг нь өгмөөр юм даа Ерөнхийлөгч Ээбий,нутгийн ах Гончигоо дарга нараа.
Улсад 4 удаа түрүүлсэн.
Атаархахгуй байхын аргагуй сайхан, хамгийн гол нь жинхэнэ байгалийн гень.
өсөхөө бөхийн хувьд ч сайн л ген л дээ даанч хүн нь тааруухан гэж
Gelegjamts guai jinhene saihan mongol es zanshil udam ugsaagaa deedelj yavdag yr hyyhdee hynii zeregt hyrgej uls mongoliinhoo tuluu er bie erdem chadal ajil yilsiinhee sain saihan byhniig zoriulah uhaant mergen ardiinhaa sain yil bolgoniig ni zalgamjluulah hyyhdyydee zuv hymyyjyyleh jinhen mongol aaviin setgelgeetei egel jiriin bolovch yamar aguu hyn be gedeg ni udam zalgah hyygiinhee tuhai ene niitlel bolon olon olon yariltslaga bas urid ni bichsen nom zergiig ni unshij mederch yavsan. bi Usuhbayar avargaar yneheer baharhadag um mun ene hyntei neg ye turuud olon saihan gaihaltai barildaanuudiig shimten yzej egel daruu chin shudarga negen yeiin buhiin manlai bolj ter saihan es judag nandin ulamjlalaa ner turtei hadgalj avch yavaa aguu uhaaniig ni bishirch yavdag um. Bas l neg bied zayahgyi er byar erdem uhaan ninjin setgeltei aguu hyndee. Tiim ch uchraas unuudur udam zalgah 3 saihan hyytei 1 saihan ohintoi ger byl yr hyyhed ajil mergejil huvid tegsh dyyren amidarch baina tanid az jargal hysie
Ёс суртахуунтайдаа Сүхбат ам мэх хэрэглэсэн юмуу? Ёс суртахуунгуй үйлдэлийн хариуд ёс суртахуунгуй үйлдэл хийж, өс хонзонгоо авах бол зөв зүйтэй зүйл. Новшийг новшийн аргаар дарах хэрэгтэй.
Сүхбатын буруу байсан учраас Өсөхөө буруу хөдөлгөөн хийсэн. Тэр үед үнэндээ ёс зүйгүй жүжгийг хадам аавтайгаа нийлж тавьсан. шанд нь Баянаа аварга охиноо араараа тавиулсан. амьдрал ийм л байна.
s aihan dursamj bn zaluushuud unch
маш сайхан ярилцлага байнаа. үнэхээр л бие бялдарын ч, оюун ухааны ч генитэй төрсөн учраас одоо цагийн бөхчүүд дундаа улсад 4 түрүүлсэн их амжилттай яваа юм байна. Ийм сайхан аав, ээжийн хүүхдүүд сайн явахаас яахав. Энд харин сөрөг юм бичсэн хүмүүс өөрсдийгөө нэг сайн хараадахаа. Монгол улс монгол бөхөөрөө л бахархдаг, Монгол улсыг бөхчүүд л дэлхийд таниулж яваа. Монголын ард түмээн ухаантай байцгаая. Сүхбатыг муулах гээгүй зүгээр л харьцуулаад хар. Сүхбат хэдэн хүүхнийг сэтгэлийн дарамтанд оруулж, хэдэн хүүхдийг эцэггүй өсгөж байна.хэдэн хүнийг архиар угжиж байна. Яаж авах ёсгүй цолыг авч байна. энэний цаана нүдэнд харагдахгүй луйвар явж байна. ТУНГАА БОД
Beh hud teneg byar baihaas tolgoi baihgui shuu dee, Bolohgui butehgui yum buhen behchuudtei holbootoi
Gelegjamts guai taniig hundelj bn gehdee engiin ugeer saihan yarianii helbereer bichihgui yasiin bol het ih nemelt hachirtai zohiol shig boljee setgeld hursengui uuchlaarai unshhad ih zalhuu hurch sonirholgui blaa hucheer hagas dutuu unshlaa
Ардын хувьсгалын жилүүдэд тэгш том ой 9хөн удаа болоход 8 дахь удаагийнх буюу Ардын хувьсгалын 80 жилийн ойг бузарласан бөх бол Өсөхбаяр мөн. 9 удаагийн тэгш ойг бузарласан бөх хэд байдаг вэ, бодох л асуудал. Монгол бөхийн түүхэнд үлдсэн тод хараар үлдсэн.
uneheer saihan hundee