сонин mn
Монгол цэргийн тэсвэр хатуужил, авхаалж самбааг эх орон, тив дэлхийд гайхуулсан бас нэгэн үйл явдал саяхан тохиолоо. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Зенит, артиллерийн батарейны жолооч, сум зөөгч ахлагч С.Батцэнгэл 1101 удаа сонс эргэж, Гиннесийн дээд амжилтаас давсан амжилтыг үзүүлсэн билээ. Зэвсэгт хүчний цэрэгжлийн спортын аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, хэт холын зайн гүйлтийн Олон улсын хэмжээний мастер энэ залуу Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-өөр мөрдэс, тангараг нэгт анд нөхдөдөө, Зэвсэгт хүчиндээ, эх орондоо ийнхүү маш өвөрмөц бэлэг барьсан юм.
 
Монгол хүний, тэр дундаа монгол цэргийн ид хавыг гайхуулан Гиннесийн дээд амжилтад бүртгүүлэхээр зориглож, 1101 удаа сонс эргэснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө ...
 
-Тийм ээ, “Монгол цэргийн өдөр”-өөр сорил бичлэгээ хийлгээд одоо нутагтаа ирчихсэн, бэлтгэлээ үргэлжлүүлж байна. Зэвсэгт хүчний Жанжин штабаас Гиннесийн амжилтад бүртгүүлэх тухай албан бичгийг сорил бичлэгийн хамт илгээхээр ажиллаж байгаа. Албан бичгийн дагуу эргэлтийг хэрхэн гүйцэтгэх тухай стандарт, заавар, дүрэм ирнэ. Тэр дүрмийнх нь дагуу эргэж, албан ёсоор бүртгүүлнэ гэсэн үг л дээ. 
 
 
Ер нь Гиннесийн амжилтад бүртгүүлье гэсэн санаа хэзээ, хэрхэн төрсөн юм бэ?
 
-2020 онд Зэвсэгт хүчний цэрэгжлийн спортын аварга шалгаруулах тэмцээний сонс эргэлтийн төрөлд түрүүлчхээд яагаад ч юм “Монгол цэрэг Гиннесийн амжилтыг эвдэнэ” гээд амлачихсан. Би 2015 оны 10 дугаар сард сонс эргэлтийг сурч, хичээллэж эхлээд 2016, 2018, 2019 онуудад энэ төрөлдөө түрүүлж, хошой аварга болсон учраас чадна гэдэгтээ итгэлтэй байсан хэрэг. Энэ хугацаанд зорилгоо биелүүлэхийн төлөө их хичээсэн. Миний саналыг ангийн удирдлага, Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний Жанжин штаб дэмжсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар бэлтгэлдээ гарч, ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийнхны гаргасан төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Сургалтын төвийн дарга, хошууч Н.Ганзориг багшийн удирдлагад бэлтгэлээ хийсэн. Мэдээж сунгалтын дасгал, гүйж харайхаас эхэлж 400, 600, 900, 1000, 1100 гэсэн шатлалтайгаар сар бүр нэмэгдүүлсэн. Ер нь дэлхийд цор ганц монгол бөх, морь, уран нугаралт гээд монголчууд амжилтаа дархалсан нь бий. Сонс эргэлтийн энэхүү амжилтаа Гиннест бүртгүүлснээр зөвхөн Батцэнгэл гэсэн нэр бус  Монгол Улсын нэр цэрэгжлийн спортоор дэлхийн дэвжээнд гарч, "Монгол цэрэг-Дэлхийн цэрэг" гэдгийг өөрийнхөөрөө нотлохыг зорьсон хэрэг. Цэргийн хүн болсны бас нэгэн омогшил, бахархал юм даа. 
 
 
Ингэж зорилго тавихын тулд өмнөх амжилтуудын талаар судалгаа хийсэн байх ...
 
-2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Армены тамирчны тогтоосон дэлхийн дээд амжилт 1001 байгаа. “Монгол цэргийн өдөр”-өөр 1101 эргэсэн нь орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ойгоо бэлгэдсэн төдийгүй ойдоо зориулсан миний бэлэг байлаа. Ер нь бол үүнээс ч илүү эргэх боломж, чадвар байсан. 
 
Танхимд үзэгчдийн дуу нүргэлж, хамтдаа тоолсоор...1101 хүрсэн. Зорьсондоо хүрээд бууж ирэхэд юу бодогдож байсан бэ?
 
-Яг албан ёсны Гиннесийн бичлэг биш гэлээ ч зорилгодоо хүрэхэд нэг алхам ойртож байна гэдэг утгаараа сайхан байсан. “Чадчихлаа, чадах юм байна” гэсэн бодол төрсөн. Чамгүй цаг хугацааг зарцуулж, асар их хүч хөдөлмөр, тэвчээр хатуужлын үр дүнд энэхүү амжилтад хүрч байгаа болохоор тэр шүү дээ. Гэхдээ одоо хамгийн чухал даваа маань намайг хүлээж байна. 
 
Сэтгэл зүйн хувьд бахархал, омогшил бялхаж байсан нь мэдээж. Харин бие махбодын хувьд ямар өөрчлөлт орсон байв? Гар бол хэцүү л харагдаж байсан ...
 
-Шууд биш бага багаар дасгаж бэлтгэл сургуулилтаа уйгагүй хийж байсан учир гайгүй ээ. Мэдээж, гар мяндсандаа боогдоно, ус гүйнэ. Бага зэрэг ядарсан. Гэдэс, мөр хөндүүр, шуу маань нэлээд ачаалал авч, дээр нь жаахан амьсгаадсан.  
 
Өнөөдрийн амжилт маш их бэлтгэл сургуулилт, хөлс хүч, хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм даа. Бэлтгэлээ хэрхэн хангасан бэ?
 
-Спортын суурь байсан болохоор түүн дээрээ дөрөөлж, цээж, мөр, гар, нуруундаа хүчний бэлтгэл хийж, амьсгаа задлах, биеийн тэсвэржилт, хурд зэрэг ерөнхий бэлтгэлээ хангахын тулд холын зайн гүйлтээр хичээллэдэг. Ангийн заал хүрэлцээгүй учир хашаандаа, гараашаа өндөрлөж байгаад стандартын турник зоож, бэлтгэлээ хийж эхэлсэн. Ганц энэ Гиннес гэхгүйгээр багаасаа спорт хөөсөн хүний хувьд зорилго тавьдаг, түүндээ ч хүрдэг. Ялагдахыг хүсдэггүй. Би хүнтэй өрсөлддөггүй, хамгийн том өрсөлдөгч болох өөртэйгөө өрсөлдөж, ялан дийлэхийг тэмүүлдэг. Өөрийгөө их зоригжуулж, хурцалж, урам өгч, өөртэйгөө ажилладаг даа. 
 
Бэлтгэлээс гадна уураг, амин дэм, хоол хүнс чухал биз дээ?
 
-Нэг их нэмэлт хэрэглэдэггүй ээ. Хар шөл уугаад, гэрийн хоолоо идээд л явдаг даа. Хөлсөөрөө асар их эрдсээ алддаг. Түүнийг энгийн хоол ундаар нөхөх хэцүү болохоор хааяа нэг амин дэм хийлгэнэ ээ. 
 
Та сонс эргэлтээс гадна хэт холын марафон гүйлтээр хичээллэдэг, бүр энэ амжилтаараа Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн ...
 
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхдаа гүйж харайдаг байсан л даа. Сургуулийн спартакиад, аймгийн аварга шалгаруулах тэмцээн дөхөхөөр л хэд хоног бэлтгэл хийгээд ордог, эсвэл хичээл номдоо гүйж, тоглож яваад л тэмцээн уралдаандаа ордог байсан. Аймаг, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнд ороод медаль хүртээд ирэхээр секцэдээ тогтмол явж, өөрийн гэсэн зорилготой болж тууштай байх сэдэл төрсөн. Гүйлтийн спортоор хичээллэх эхний шалтгаан цэргийн алба хаагч болсонд байгаа юм. Манай Зэвсэгт хүчний 327 дугаар анги Монгол Улсын хэт холын марафон гүйлтийн амжилтуудыг хэд хэдэн төрөлд эвдсэн шилдэг тамирчидтай. Цэргийн ах, эгч нарын нөлөө, өөрийн хүсэл тэмүүлэл ч байсан. 2015 онд энэ төрлөөр идэвхтэй хичээллэж, 2017 оноос уралдаан тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. 2018, 2019 онуудад “Багахангай” хэт холын марафон гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгө, 2018 онд “Мэнэн-Матад” 225 километрийн олон улсын олон өдрийн гүйлтийн тэмцээнд мөнгө, тэр ондоо дахиад улсын аварга шалгаруулах 24 цагийн гүйлтийн тэмцээнд алтан медаль хүртсэн. Үргэлжлүүлээд Тайванд болсон уралдаанд багаараа 4 дүгээр байр эзэлж, 24 цагт 203 км туулсан амжилтаараа Олон улсын хэмжээний мастерын болзлоо хангасан. 2018 ондоо Монголын хэт холын марафон гүйлтийн шилдэг тамирчнаар шалгарсан, одоо ч шигшээ багийнх нь тамирчин хэвээрээ. Мөн 2019 онд БНСУ-д зохион байгуулагдсан “Чежү” олон улсын 100 километрийн марафон гүйлтэд 8 цаг 07 минутын амжилтаар тэргүүн байр, дараа нь БНХАУ-д болсон 50 километрийн Олон улсын марафон гүйлтийн тэмцээнд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож байсан. Гэхдээ одоо тэр амжилт маань 1 минутаар урагшилж, эвдэгдсэн байна лээ.
 
 
Сонс эргэлт, гүйлтийн спортыг хослуулж басхүү аль алинаар нь өндөр амжилттай яваа юм байна. Спортын олон төрлөөс чухам яагаад энэ хоёр төрлийг сонгосон юм бэ?
 
-2015 оны 10 дугаар сард сонс эргэж сураад 2016 онд анх Зэвсэгт хүчний цэрэгжлийн спортын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод түрүүлчихсэн, түүнээс хойш сонс эргэлтээр тууштай хичээллэж байгаа. Мөн гүйлтийн хувьд 2018 онд ОУХМ болсноос гадна Монголын хэт холын марафоны холбооны Шилдэг тамирчин, Дорнод аймгийн Хөнгөн атлетикийн холбооны Шилдэг эрэгтэй тамирчин болсон. Тэр жил үнэхээр амжилт бүтээл арвинтай, шагналын хур буусан жил байлаа. Манай удамд цэргийн, бас спортын хүн байхгүй л дээ. Энэ бол миний л гаргаж байгаа амьдралын минь замнал, нэг жим юм даа. Би багын л гүйх дуртай хүүхэд байсан. Хөдөө морь их унадаг байлаа. Манай тэнд үлийн цагаан оготно ихсээд, унасан морь маань үлийд бүдрэхээр жаахан хүүхэд би уначихдаг байв. Анх үлийд бүдэрчихлээ гээд гэртээ гүйгээд ирдэг байснаа төдхөн өөрөө морио барьж авах гээд хөөцөлддөг, гүйдэг болсон. Мориныхоо араас гүйсээр барьж аваад, өндөр газар очиж мориндоо мордоод, гэртээ ирдэг болсон. Одоо ч дандаа гүйдэг. Ихэвчлэн тамирын хувцас өмсдөг. Спорт хүнийг төлөвшүүлж, тэсвэр хатуужилтай болгоно, мэдээж эрүүл мэнд, биеэ зөв авч явах талаар асар их өгөөжтэй.  
 
Гурван жилийн цэргүүд биеийн хүчний бэлтгэл сайтай, сонс сайн эргэдэг байсан талаар олонтаа сонсож байсан. Тэр үеийнхэн өөрсөдтэйгөө харьцуулж, өнөөгийн залуусын бие бялдар, цэрэгжилтэд сэтгэл дундуур байдгаа ч илэрхийлдэг ... 
 
-Гурав, хоёр жилийн цэргүүд сонс эргэдэг байсан. “Сонс” Баяраа гэж Цэнгэлдэхэд цугласан олныг алмайруулдаг байсан Дорнодын залуугийн талаар дуулж, бахархаж байсан. Одоо бол цэргүүдийг бэртэж гэмтэх эрсдэлтэй гээд турник дээр нэг их гаргадаггүй. Биднээс өмнөх, бидний үеийнхэн морь малтай, бас өөр хоорондоо ноцолдож, тоглож өссөн. Харин одоо хүүхэд залуучууд голдуу цахим тоглоом, ухаалаг утас оролдоод биеийн хүчний хөгжил муутай байгаа нь анзаарагдаж байна. 
 
 
Ажил төрөл, ар гэр, бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд ачаалал ер нь өндөртэй байдаг бололтой ...
 
-Монголын нөхцөлд тамирчин байна гэдэг, ялангуяа ажлын хажуугаар спорт хөөнө гэдэг хэцүү. Гэхдээ л дуртай, бас зорилготой болохоор амжуулдаг, басхүү оролцсон тэмцээн уралдаан болгондоо амжилт гаргахыг хичээдэг. Тиймээс амжилт бүхний минь ард байдаг багш, дасгалжуулагч, анги, хамт олон, гэр бүлдээ маш их талархдаг. Ялангуяа гурван хүүхдийг минь төрүүлж, өсгөн, ажил амьдрал, бэлтгэл сургуулилт, уралдаан тэмцээний арыг дааж, арагшаа сэтгэл зоволгүй амжилт гаргахад минь дэмжиж, халамжилж ирсэн хань А.Даваасүрэндээ маш их баярлаж явдгаа илэрхийлж, хайртай шүү гэж дамжуулъя. Түүнчлэн хөнгөн атлетикийн хамгийн анхны минь багш Батхүү, Монголын хэт холын марафоны холбооны дасгалжуулагч Өнөрбаяр, клубийн багш Доржпалам, сонс эргэлтийн багш Гантөмөр, Ганзориг нартаа талархал илэрхийлж, та бүхнийхээ ачийг амжилтаар хариулна гэдгээ амлаж байна. Зорилго ч их байна даа. Гиннесийн амжилтаа албан ёсоор бүртгүүлэх, 100 км-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга болох, энэ төрөл маань Олимпод орвол түрүүлж, Монгол Улсынхаа нэрийг гаргах гээд зорилго, мөрөөдөл их байна. 
 
 
Д.ГҮНЖИЛМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин