sonin.mn
Монголын үндэсний бөхийн холбоо тайлбар гаргажээ.
 
Уг тайлбарт: “Улсын арслан Э.Оюунболдод МҮБХ-ны 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрийн цэцдийн зөвлөлийн хурлаас баталсан "Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн долоодугаар бүлгийн гурав дахь хэсгийн "о"-д "...допингийн жагсаалтад орсон хориотой эм бэлдмэл хэрэглэхийг цээрлэнэ.
Энэ цээрийг зөрчсөн бөхийг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцэн дөрвөн жил, давтан илэрвэл найм ба түүнээс дээш жилээр гадаад, дотоодын бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг хасна" хэмээн заасны дагуу хариуцлага ноогдуулсан. Энэхүү хариуцлагыг нэг хүн гаргах бус МҮБХ-ны Тэргүүлэгчдийн дүрмийн дагуу хамтын шийдвэрээр гаргасан болно.
 
Иймд допингийн зөрчил гаргасан бөхчүүд, тэдний дэмжигчид зөвхөн өөрсдийн амин хувийн эрх ашгийг урьтал болгох биш гагцхүү Монгол бөх хэмээх эрхэм зүйлээ нэн тэргүүнд бодож, ёс зүйтэй байхыг хүсэж, уриалж байна.
 
МҮБХ нь Монгол бөхөд хар сүүдэр болоод байгаа допинг хэмээх тахалтай хатуу байр суурийг баримтлан, хойч үедээ олон зуунаас уламжлан ирсэн Монгол бөхийг ёс бус зүйлээс ангид уламжлуулан үлдээхэд анхаарч ажиллах болно” гэжээ.