sonin.mn
Өөрийгөө ялан дийлэх арга, алхмуудын нэг нь спортоор хичээллэх юм. Зарим хүн энэ замыг сонгосноор зорилготой болж, мэргэжлийн тамирчин болтлоо өөрийгөө хөгжүүлсэн байдаг. Харин нөгөө хэсэг нь эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарч аль нэг спортын төрлөөр сонирхон хичээллэж, өдөр тутмынхаа амьдралын нэг хэсэг болгодог. Тэднээс гадна бүх зүйлээ спортод зориулан амьдардаг даруухан баатрууд манай улсад цөөнгүй бий. Ийм хүмүүсийн нэг  нь Монгол Улсын тамирчин Б.Буджаргал. Хэт холын зайн гүйлтийн дэлхийн хошой аварга түүнээс манай сонины сэтгүүлч ярилцлага авч уншигчдадаа танилцуулж байсан. Түүнээс хойш тэрбээр олон арван тэмцээн уралдаанд оролцож эх орныхоо нэрийг гаргасан билээ. Тэрбээр олон өдрийн гүйлтийн тэмцээнийг Азид анх удаа, тэр дундаа Хятадад зохион байгуулахад нь оролцож түрүүлсэн.
 
 
Зургаан өдөр, шөнө гүйнэ гэдэг амаргүй даваа. Шаргуу бэлтгэл, хичээл зүтгэлийн дүнд олон өдрийн гүйлтийн спортоос дэлхийн тамирчин төрдөг.
 
 
 
Б.Буджаргалын хувьд ерөнхий боловсролын сургуульд байхаасаа гүйлтийн спортоор хичээллэсэн учраас өдгөө дэлхийн томоохон тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг гаргаж яваа юм. Өөрөөр хэлбэл, 30 жилийн хөдөлмөрийн дүнд Б.Буджаргал дэлхийн тамирчин болсон.
 
 
 
Түүнийг тэмцээнд түрүүлэхэд нэрийг нь дуудахаас илүүтэй Монгол Улсын нэр гарна. Монгол хуний тэсвэр тэвчээр, дайчин зан чанарыг олон улсын тамирчид харна. Харамсалтай нь, Б.Буджаргалын хичээл зүтгэлийг төр засаг болон спортын салбарынхан төдийлөн үнэлдэггүй. Өөрөө өөртэйгөө тэмцээд дэлхийн олон орны тамирчдыг ардаа орхиж түрүүлээд ирэхэд нь тосоод угтдаг хүн хуруу дарам. Хэрвээ тэр олимпын төрлийн спортоор хичээллэдэг, тив дэлхийн аваргаас медаль аваад ирсэн бол хүн бүр дагаж гүйнэ. Хамт зургаа авахуулах гэж, байгууллагынхаа тамирчин болгох гэж хичээх байсан биз ээ. Гэвч тэр олон өдрийн гүйлтийн тамирчин. Тиймээс бэлтгэлээ хийхийн оронд тэмцээн уралдаанд оролцох зардлаа хайж гүйнэ. Өөрт байгаа үнэтэй зүйлээ зарж борлуулан зорьсон тэмцээндээ оролцох боломжтой болно.
Одоо ч гэсэн Б.Буджаргал Тайландад байгаа. Дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас зорьж очсон тэмцээнийг нь цуцалжээ. Өнгөрсөн хугацаанд олон өдрийн гүйлтийн тэмцээнд есөн удаа оролцож, дөрөв түрүүлсэн энэ тамирчин хүний нутагт туйлдаж байгаагаа хэлжээ. Гэхдээ тэр зорилгоосоо ухраагүй, шантраагүй.
 
 
 
Хоолны мөнгөгүй, орох оронгүй болсон ч бэлтгэл сургуулилалтаа  хийсээр байна. Зөвхөн ирэх саруудад оролцохоор төлөвлөсөн тэмцээнд хурд хүчээ сорих боломж олгохыг тэр нийт монголчууд, төр засгаасаа хүсчээ. Б.Буджаргал Тайландад хэдхэн хоногийн дараа болох 12 цагийн гүйлтэд оролцоно. Хэрвээ зардал мөнгөө шийдчихвэл ирэх сард Хятадад болох зургаан өдрийн гүйлт, түүний дараа Америкт болох тэмцээнд оролцох юм.
 
 
 
Б.Буджаргал хэт холын гүйлтийн дэлхийн амжилтыг монгол хүн эзэмшиж чадна гэдэгт бүрэн итгэдэг. Түүнийхээ ч төлөө амьдралаа зориулж явна. Саяхан манай улс Биеийн тамир, спортын улсын хороотой болсон. Мөн хэдхэн хоногийн өмнө Монголын үндэсний олимпын хороо шинэ ерөнхийлөгчтэй боллоо. Аль аль нь тамирчин хүний зовлонг ойлгодог, өөрсдийн биеэр мэдэрсэн хүмүүсээр удирдуулахаар болсон. Тиймээс харьд ядарч яваа нэгнээ хаяхгүй, харин ч зорилгоо биелүүлэхэд нь тусална гэдэгт итгэлтэй байна.
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин