sonin.mn
Канад улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Цэргийн сургалт хамтын ажиллагааны хөтөлбөр"-ийн хүрээнд Монгол Улс болон Канад улсын БХЯ хоорондын байгуулсан гэрээний дагуу 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд болж өндөрлөж байгаа " Олон нийттэй харилцах ажиллагаа" сургалтад оролцсон олон улсын цэргийнхэнтэй уулзан ярилцлаа.
 
Монгол Улс, Пакистан, Филиппин, Бангладеш, Балба орны 60 гаруй офицеруудад Канад, Укриан, Бразилийн сургагч багш нар номын дуу сонсгоод зэвсэг нэгт ахан дүүс болтлоо дасчээ.
 
Канад улсын Элчин сайдын хэргийг түр хамаарагч, хатагтай Нэнси Фостор, Монгол Улсын БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, хэлтсийн дарга, бригадын генерал Даваадорж, ЗХЖШ-ын Ажиллагааны Удирдлагын газрын Цэрэг иргэний хэлтсийн дарга, хурандаа С.Төмөрхуяг, Батлан хамгаалахын сайдын хэвлэлийн төлөөлөгч Б.Батцэцэг нарын албаныхан сургалтаа амжилттай өндөрлөсөн офицеруудад сертификат буюу батламж, дурсгалын зүйл гардуулан өгч баяр хүргэлээ.
 

Сургагч багшаар ажилласан Канадын Үндэсний БХЯ-ны Ажиллагааны удирдлагын газрын ажилтан, ноён Жайн Нерон, Канадын Хуурай замын цэргийн штабын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан, хошууч, хатагтай Никол Месзарос, Петавава гарнизоны Олон нийттэй харилцах албаны ажилтан, хатагтай Дафни Тиркотте, Украины Цэргийн төв телевиз, радиогийн Олон нийттэй харилцах албаны ажилтан хошууч, ноён Олексий Мазурин, Бразилийн Тэнгисийн цэргийн Олон нийттэй харилцах албаны ажилтан, тэнгисийн цэргийн дэслэгч Родриго Стреб нар монголын цэргийнхэн заасныг овсгоотой сурах чанараараа бусад орноос давуу юм гэж ярилаа.

Элчин сайдын хэргийг түр хамаарагч, хатагтай Нэнси Фортор " Канадын Засгийн газрыг төлөөлж сургалтын хаалтад оролцож байгаадаа баяртай байна. Сургалтад оролцсон цэргийнхэнтэй уулзахад маш амжилттай боллоо гэсэн үгийг сонслоо. Энэ нь Канад Монголын найрамдал, хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй юм. Сургалтыг амжилттай зохион байгуулсан Монголын БХЯ, ЗХЖШ-т баярлалаа" гэв.

Ноён Жайн Нерон " Монголд буунгуутаа сургалтынхаа тухай БХЯ-ны удирдлагуудтай ярилцахад маш өөдрөг сэтгэлээр угтсан. Сургалтыг монголд анх удаа амжилттай хийлээ. Энэ удаа зөвхөн хэвлэл мэдээлэл, соёлын ажилтнуудыг хамрууллаа. Цаашид өөр олон салбар, сэдвээр сургалт явуулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. Бид өмнө Канаддаа цэргийн эрдэм, англи хэлний сургалтад Монголын цэргийнхнийг сургасан.Тэгэхэд монголын суралцагсад сайн, манлайлагчид байсан. Энэ удаа Улаанбаатарын цэргийн хүрээнийхэн хамрагдсан ч гэлээ бас л үлгэр жишээч, манлайлагч байлаа" гэж онцлов.
 
Сургагч багш, хатагтай Дафни Тиркотте " 10 хоногийн сургалтаар Канадын туршлагаар зогсохгүй Украин, Бразилийн багш нар туршлагаа хуваалцлаа. Сургалтад оролцсон 8 орны төлөөлөгч бид монголын соёлын их өв, түүхийн мэдээлэл авлаа. Бид цаашдын хамтран ажиллах боломжоо бүрэн нээлээ" гэж бахархав.

МОНЦАМЭ агентлагын сэтгүүлчийн " Монголд цэрэг иргэний харилцааг ихэд дээдлэх уламжлалтай. Энхийг сахиулагчдын ар гэрийнхэн дэлхийн халуун цэгт очсон цэрэг дайчидтайгаа сэтгэл зүрхээрээ хамт байж чаддаг. Тиймээс ч дэлхийн бусад орны цэргүүдэд үлгэрлэж чаддаг. БХЯ, ЗХЖШ нь дэргэдээ " Хар сүлдний хийморь" сэтгүүлч, уран бүтээлчдийн холбоо байгуулан дэмжиж ажиллаж эхэлсэн.
 
Танай оронд ийм хэлбэрийн харилцаа, хамтын ажиллагаа байдаг уу...байдаг бол туршлагаасаа сонирхуулаач ?" гэсэн асуултад Канадын хошууч, хатагтай Никол Месзарос " Канадад монголын нэг адил цэргийн сэдвээр бичдэг сэтгүүлчид байдаг. Бид цэргийн сэдвээр олон жил бичсэн туршлагатай сэтгүүлчдийг сонгож хамтран ажилладаг. Мэдээллийн бие даасан байдлыг их анхаардаг. Цэргийнхэн бид сэтгүүлчдэд үнэн зөв мэдээлэл өгч, сэтгүүлчид олон нийтэд мөн л зөв мэдээлэл түгээхэд анхаардаг. Танайхаас ч авах туршлага их байна. Бид цаашдын олон улсын сургалтдаа танай туршлагаас авч хөтөлбөртөө тусган ажиллана" гэж хариуллаа.

Манай оронд анх удаа ирсэн ч байгалийн содон өнгө, өвөрмөц цаг улирлыг мэдэрч, Цонжин болдогт очиж ЧИНГИС хааны сүрлэг хөшөө цогцолборыг үзэн биширч, орой бүр орон орныхоо дуу хуур, соёлын тоглолт хийж, монгол үндэсний хувцасны гоёмсог байдал, дуу хөгжмийн чадварлаг үзвэрт гайхан бахархлаа гэж ярих Пакистан, Филиппин, Бангладеш, Балбын цэргийнхэнтэй зураг хөргөө татуулж нэрийн хуудсаа солилцон найзаллаа.

Пакистанаас дэд хурандаа Sajid Nawaz, хошууч Kanwal Kiani, Misbah Attigue, Haseeb Md Norul, Бангладешээс дэд хурандаа Islam Momen Ullan, Hasan Mohammad, хошууч Rahman Mohammad, Балбаас хошууч Bista Kamal Sinoh, ахмад Deula Sanjay, Karki Rishay, Филиппинээс дэд хурандаа Marineth R Domingo, хошууч Celeste Frank Sayson, Marcelino Jesus Cabusas, ахмад Gemira Kdy нарын офицерууд ирж монгол нөхөдтэй болсондоо баярлан талархаж байгаагаа дахин дахин илэрхийлж байв.
 
Ийнхүү олон улсын цэргийн сор болсон офицеруудтай оройн зоог бариад дахин уулзахын өлзийтэй ерөөл тавин салсан юм.
"Эр хүний замын хүзүү урт" гэгчээр бид дэлхийн хаа нэгтээ ахин дахин учрах л буйзаа...
 
Ж.Батсайхан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг