sonin.mn

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай Панамын хуулийн фирмийн оффшор бүсэд данстай байсан тухай мэдээлэл зарлагдсан. Энэ талаар Хотын дарга Э.Бат-Үүлээс тодруулсан юм. 
 
Тэрбээр "Энэ талаарх мэдээллийг би хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж мэдсэн. Тэр үед л хүүгээ оффшор бүсэд данстай компанитай байсныг олж мэдлээ. Мэдсэн даруйдаа хүү Б.Чулуудайтай утсаар ярьсан. Хүү маань “Хөрөнгө оруулалт хийх шаардлагаар 2011 онд оффшор компани байгуулсан.
 
Гэхдээ нэг ч төгрөгийн гүйлгээ хийгээгүй хаасан” гэж надад тайлбарласан. Хүү маань 3 хүүхэдтэй, бие даасан, насанд хүрсэн бизнесмен хүн. Би ажилд нь тэр бүр ороод байхыг хүсдэггүй. Гэхдээ би хүүдээ “Бүх зүйлийг хуулийн дагуу хийж байгаарай” гэж байнга захидаг. Тиймдээ ч Б.Чулуудайгийн хийж байгаа бизнес, үйл ажиллагаа нийтэд ил байдаг” гэж хариулсан юм. 
 
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагаас энэ сарын 10-нд нийтэд Панамын оффшор бүсэд данстай 200 гаруй компани, хувь хүний мэдээллийг ил тод болгосон. Энэхүү мэдээлэлд манай улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор данс дурдагдаад байгаа юм. 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг