sonin.mn

Монгол Улс байгалийн баялаг, мал сүргээр баян. Мал тоолж баршгүй олон саяар өсч жил жилээр нэмэгдэнэ, төр засаг малчдыг маш их дэмжинэ. Тэжээл бордоог үнэгүй хүргээд өгчихнө бас болоогүй ноос ноолуурын болон зарим бүтээгдэхүүнд нь урамшил олгоно.

Их хурлын гишүүд болон төрийн удирдлагуудад мянга мянган хонь, ямаа. адуу, үхэртэй хүн байдаг гэсэн. Энэ хүмүүсийн мал дээрх урамшуулалд хамрагддаг л байх. Гэтэл малаас гарч буй мах, сүү, цагаан идээ бусад бүтээгдэхүүний үнэ ард иргэдэд дааж давшгүй өндөр үнээр ирж, өдөр сараар шахам нэмэгдэж байна.

Нэг литр сүү 2000-2400, нэг кг мах 8000-10000 төгрөг, бусад цагаан идээ ааруул, тос цөцгий гэх мэт бүтээгдэхүүний үнэ хэлэхэд ч хэцүү. Нэг литр сүүгээр олон ам бүлтэй айл бол хоёр удаа 3-5 литр цай сүлнэ.

Нэг кг махаар хэдэн хоног хоол хийх билээ. Ингээд бодохоор долоо хоногт байнга сүүтэй цай, махтай хоол хэрэглэе гэхэд ядуу хүмүүс, тэтгэврийн хөгшдийн амьжиргааны хаана ч хүрэхгүй байгаа нь тодорхой.

Өдөр тутмын хэрэглээ талх, боов, гурил, цагаан будаа. элсэн чихрийн үнэ бүр талийж өгсөн. Нэг кг элсэн чихэр 1500 байснаа 3000 болсон, цагаан будаа 1-2 жилийн өмнө 600-800 төгрөг байснаа одоо 3500 төгрөгөөс даваад явсан.

Гурилан бүтээгдэхүүн 2000-3000, хар талх 1000-гаас 1200 болсон, цагаан талх 2000 давчихсан энэ үнэ бол зөвхөн борчуудын хэрэглэдэг ойр зуурын цөөн хүнсний зүйл юм. Бусад бүтээгдэхүүний үнийг хэлэхэд хэцүү. Энэ бүхнийг баян, төрийн түшээд, төрийн тэргүүн мэдэхгүй. мэдэхийг ч хүсэхгүй биз ээ.

Сайд дарга нарын гэр бүл жирийн бидний ордог дэлгүүр, захаар шагайж ч үзээгүй байх аа. Ямар сайндаа л Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг индэр дээрээс гараа савчин зурагтын цаанаас бүх юмны үнэ нэмэгдээгүй хэвийн байгаа гээд орилж байх вэ дээ.

За энэ зүйлүүд ч бүр өнгөрсөн. Дээдчүүдийн мэдэлд байдаг ард түмний гол чухал хэрэгцээ болж байгаа цахилгаан, дулаан, усны үнэ бүр дийлдэхээ болив. Хэд хэдэн мянгаар нь нэмсээр усны үнэ дээр суурь үнэ гээд сар бүр 2000 төгрөг нэмчихлээ.

Суурь үнэ гэж юу вэ. Хэрэглээгүй юманд хаанаас ямар тооцоогоор гаргаад ирсэн тоо вэ бас болоогүй ээ цахилгаан дулааны гарсан үнэн дээр НӨАТ-ын татвар гээд хэдэн хувиар баахан мөнгө нэмээд гаргачихна.

Эрчим хүчний хөнгөлөлт өмнө нь шөнийн тариф гээд хямдруулсан нэртэй оройн 19 цагаас өглөөний 6 цаг хүртэл үнэ нь хямдардаг байсан. Гэтэл одоо 21 цагаас хойш хямдрах болжээ. 21 цагаас хойш хэн юу хийх вэ дээ. Энэ нь ойр зуурын арга ааш биз дээ.

Бас зуны улиралд халаалтгүй мөртлөө дулааны үйлчилгээ гээд сар бүр 3500 төгрөг автоматаар авах нь их сонин юм. Дээрх байгууллагуудыг хариуцагчид нь, төр ч гэсэн цаанаа хэдхэн том компаниудын эздийн мэдлийнх учраас том том компанийн эзэд чинь өөрсдөө баяжихыг бодохоос ядарсан иргэн ард түмнээ боддог зөв сэтгэлтэй хүн алга. Бас болоогүй, орон сууцны аль нэг давхрын цонхны дор нэг орцны айлуудын тоолуурыг зоочихно.

Тэгээд хэн хэзээ ирж нөгөө тоолуурынхаа заалтыг бичиж байгаа юм бүү мэд иргэдтэйгээ харьцахгүй сарын эцэст л мөнгө нэхсэн баримт нь банкинд оччихсон бөөн мөнгө бичээд тавьчихсан байна. Амьгүй албатаар алба хааж байгаа юм шиг л ид шидтэй юм болно. Энэ бүхнийг хянадаг шалгадаг газар гэж байдаг эсэхийг мэдэхгүй юм аа.

Ядарсан ард иргэд тэтгэврийн хэдэн хөгшин яая гэхэв, харанхуй сууж, даарч хөлдөлтөө биш, усгүй цангаж. хоолгүй өлсч үхэлтэй биш аргагүйн эрхэнд нөгөө мөнгийг нь төлнө. Муу нэртэй модон улаатай социализмын үед харин улсад үнийн хороо, аймагт үнийн хэлтэс гэж байлаа. Энэ бүхэн чинь улс орноо, ард түмнээ зохицуулаад болж л байсан шүү дээ.

Одоогийн сайд дарга нар том том компанийн эзэд өөрсдийн эрх ашгийг ард түмнийхээс дээгүүрт үзсэнээс өөр юу ч байхгүй. Дашрамд үг дайхад эм, эмийн сангууд гэж газар болгонд байрласан хэдэн арваар шавалдсан газрууд байх, худалч хүнд 5-10 алхаад нэг эмийн сан байрласан байгаа. Гэсэн мөртлөө эмийн үнэ бүр хэтэрсэн.

3000-гаас доош үнэтэй эм гэж ер нь ховор. Ахмадуудад хямдарсан үнээр өгдөг даралтад хэрэгтэй непитепин, денк гэх мэт чухал хэрэгцээтэй эм бүгд хасагдсан байгаа юм. Энэ талаар төрийн томчууд анхааралдаа авах цаг болсон байна. Нөгөө ард түмний үнэнч хань О.Магнай дарга яасан юм бол оо.

Энэ бүхнийг тэрлэж байгаа нь ганц миний санаа биш олон ахмад, ядарсан ард иргэдийн байр байдал, яриа хөөрөө, сэтгэл санаанаас санаа сэдэл аваад бичиж байгаа юм. Бас төрийн томчууд цалин тэтгэвэрийг 10 хувь нэмсэн нь аманд үгүй хамарт ч үгүй гэгчийн үлгэр болсон.

Шүүгчдийн цалинг онцгойлон Монголд байхгүй 3-10 сая хүртэл гэнэт нэмсэн юм чинь адилхан ажил хөдөлмөр хийж ихийг бүтээж явсан ахмадууддаа 500-аас дээш тэтгэвэр өгч, ажилчин албан хаагчдад нэг саяас дээш цалин өгөхөд төрийн хөрөнгө хотойхгүй биз дээ...

Ийм итгэл сэтгэл одоогийн төр толгойлж буй эрхмүүдэд баймаар юм даа. Хөдөлмөрчин ард түмэн үнийн дарамтад үнэхээр сөгдөж байна.

Дашрамд хэлэхэд ченж нэртэй хэт даврагчдад малчдын гараар бүтээсэн сүү цагаан идээ мал, мах, айраг, тараг, ааруул, тос зэрэг бусад бүтээгдэхүүнийг дамжуулан өгөхгүй төрөөс зохион байгуулсан хоршоолол буюу тусгай борлуулагчдаар дамжуулан ард олонд хүргэж байвал төрд ч иргэдэд ч ашигтай байх болно. Энэ бүхэн нь ганц миний санаа биш олон түмний сэтгэл зүрхний хүүрнэл юм.

Ахмад настан Д.Даваа