sonin.mn

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганд оролцсон нийт гишүүдийн 36 нь дэмжиж, 30 нь татгалзаж, 54.5 хувийн саналаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулсан билээ. Үүнтэй холбоотойгоор өчигдөр АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдаж, АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хороог маргааш хуралдуулахаар тогтоод байна.
Өчигдөр Ерөнхий сайдыг дөнгөж огцруулмагц УИХ-ын дарга З.Энхболд УИХ -д суудал бүхий нам, эвслийн бүлгийн дарга нарыг өрөөндөө дуудан, шинэ Засгийн газрыг хэрхэн байгуулах талаар ярилцаж эхэлсэн аж.


Үүнтэй зэрэгцэн одоогоор АН-ыг удирдаж буй Н.Алтанхуяг ч мөн шинэ Засгийн газрын талаар өөрийн хувилбарыг АН-ын бусад лидерүүддээ санал болгожээ.
Тэрээр Шинэчлэлийн Засгийн газрыг хэвээр ажиллуулж, ЗГХЭГ-ийн дарга, сайд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллуулах хүсэлтэй байгаа аж. Энэ тохиолдолд л "Алтангадас" дараагийн бүрэлдэх Засгийн Газрын эсрэг элдэв ажиллагаа зохион байгуулахгүй 2016 он хүртэл амар тайван байх баталгаа өгөх гэнэ.


Харин үүнтэй зэрэгцэн мэргэжлийн Засгийн газар гэгчийг байгуулах төлөвлөгөө ч яригдаж эхэлсэн байна. Авторууд нь Э.Бат-Үүл тэргүүтэн. Тэд Ерөнхий сайдаар Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжавыг сонгох бөгөөд АН-ын  Да.Ганболд, МҮАН-ын М.Энхсайхан,  МАН-ын Х.Хашчулуун  тэргүүтэй эдийн засагчдыг голлох яамдын сайд нараар томилох аж.


Дээрх хоёр хувилбарын алийг нь ч сонгосон Засгийн газрыг УИХ-д байгаа АН, МАН, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл бүгд хамтран бүрдүүлэх нь гарцаагүй гэнэ.
Ингэхдээ МАН-д 4-5, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэлд 1-2 сайдын суудал өгөх юм байна.

Э.Мягмар