sonin.mn

 

Ховд аймгийн Буянт сумын уугуул. ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны бөх уран мэхт, өсөх идэр, өрнөн дэлгэрэх, xурд шаламгай, уран барилдаант, хурдан шаламгай, улсын заан одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө “Өнөөдөр” сонины сэтгүүлч Б.Бунд. “Таван иагираг”-ийн Б. Цагаанбаатар нар энэхүү сонирхолтой. дэлгэрэнгүй ярилцлагыг хийсан байдаг. Зохиогч энэ ярилцлагаа өөрийн “Хоймор хийморь” хэмээх шинэ номондоо оруулсан агаад энэ ном нь сэтгүүл зүйн салбарт нэгэн шинэлэг уншууртай бүтээл болж чадсан ажээ. Б.Бунд гуайдаа сайн сайхныг ерөөе.
 
Зааны аав нь Чандмань, ээж нь Дарви сумын гаралтай хүмүүс боловч өөрөө Буянт сумын нутагт төржээ. Тэгээд ч Ховд аймгийн Буянт сумаар цоллуулдаг. Гурван салаа гэдэг газар мэндэлсэн байна. Аав, ээжийнхээ 44, 45-тайд олдсон тэрбээр ээжийнхээ гэдсэнд томроод гарахгүй удаж. Тэгээд аав нь Эрдэнэбүрэн сумын Дархи авгай хэмээх мэргэн хүн дээр очиж асуухад:
 
-”Асуух юу байна. Эрэгтэй хүүхэд, гадаа гарна” гэсэн байна. Аав нь “Юу боллоо гэж гадаа гарахав” гэсээр бухимдангуй ирсэн ч гадаа төржээ. Аав нь, мөн ээжийнх нь аав бяртай улс явж. Түүнээс барилдаж явсангүй. Хар ус нуурын шаварт унасан адууг аав нь суга татсан гэдэг.
 
Харин хоёр ах Батаа, Насан нь хоёулаа аймагтаа ширүүн үзнэ. Хоёул аймгийн заан цолтой. Том ах нь барилддаггүй. Ах нарынхаа барилдахыг харж, дуурайн бөх болохыг хүсэх жаал хүү 1962 онд улсын цолтой бөхчүүдийг анх харжээ. Ховд хотын 200 жилийн ойн наадамд Б.Түвдэндорж аварга тэргүүтэй арваад улсын цолтой бөх зодоглосон нь тэр.
 
Наадмын ёслолын гимнастикт оролцсон зургадугаар ангийн жаахан хүү Мягмар Л.Сосорбарам арслан, Г.Баттогтох начингуудыг биширч өдөржин дагана. Хэлэх ярих, хийх хөдлөхийг нь нүд салгалгүй ажиглах. Орой зочид буудалд очтол нь дагаад гэртээ харина. Тэр л үед бөхийн эрдэмд хөтөлсөн ачит багштайгаа учирчээ.
 
Улс орон даяар “уран барилдаант” хэмээн алдаршсан Ш.Ванчинхүү арслан /1940 оны улсын наадамд түрүүлсэн/ нутагтаа ирж. Буянт сумын сургуульд багшлав.
 
Удирдах ажил хашсанаас наадамд төдий л олон зодоглоогүй арслан Булган аймгийн дарга байхдаа бөхчүүдийг нь шалгадаг байсан гэдэг. Наадамд явах бөхчүүдтэй барилдаж бүгдийг нь хаячихаад “Та нараас явах хүн алга. Би явах уу” гэж тоглох. Тэгж байгаад “За сайн барилдаарай” гээд явуулдаг байж. Тэр үедээ нас нь тавь гарсан байсан гэдэг.
 
Багшийнхаа тухайд Д.Мягмар заан “Миний бөхийн төдийгүй эрдмийн багш. Манайд түүх, орос хэлний хичээл орно. Ердөө ч уурлахгүй. Буруу юм хийчихвэл хүний ой тойнд ортол эвтэйхэн хэлээд өгчихнө. Хичээлээ их сонирхолтой заана. Дундуур нь заавал нэг сонин юм ярьж инээлгэчихээд цааш үргэлжлүүлнэ” гэж байна. Багшийнхаа энэ увдисыг заан өөрөө ч сурсан бололтой, яриандаа үе үе чимэг нэмнэ.
 
Анх орж ирээд намайг босгож “Чи чинь хэний хүүхэд билээ” гэж асууж байсан юм. Намайг мэдэхгүй л дээ. Би аавынхаа нэрийг хэллээ. “Аа, тэгвэл Батаа Насан хоёрын дүү байх нь ээ” гэж билээ. Би ангийнхан дотроо арай том харагдсан юм уу, бүү мэд.
 
Анхны цол
 
Д.Мягмар заан Ховдын арван жилийн VIII ангийн сурагч байхдаа өсвөр үеийн УАШТ-д Улаанбаатарт ирж оролцоод мөнгөн медальтай буцлаа. Эндээс л их урам орж, улам барилдах болов. Аймгийнхаа бөхчүүдийг айлгаж эхэллээ. Ес, аравдугаар ангидаа ер нь гаргахаа болив.
 
Есдүгээр ангийн сурагч үедээ баруун аймгуудын үндэсний бөхийн тэмцээнд зодоглон Увсын “улаан гуталт” М.Цэрэндорж начин, Завхан аймгийн арслан А.Данхар, Д.Бат-Амгалан нарыг өвдөг шороодуулж үзсэн байна. Тэр зунаа /1967/ аймгийн заан цол хүртэв. Ер нь тэр Ховдынхоо наадамд хоёрхон удаа барилджээ. Урьд жил нь гурав давсан бөгөөд мөнөөх Завханы Д.Бат-Амгалан /Ховдын хүргэн/ түрүүлсэн байна.
 
Дунд сургуулиа төгсөөд ХААДС-ийн эдийн засгийн ангид элсэн орлоо. Өөрийнх нь хэлснээр “Барилдаад явчихдаг, сурлага муу байснаас” хоёр жил улиран байж ХААДС-ийг дүүргэв. Урьд өмнө ирээч гэж урьсаны дагуу “Хоршоолол” нийгэмлэгийн харъяа Хотын худалдаа бэлтгэлийн удирдах газарт очиж таван cap гаруй ажиллажээ.
 
Тэгээд “байр сэлгэн” Засан хүмүүжүүлэх газарт очсоноос хойш 23 жил алба хашив. Саяхнаас хувийн аж ахуй эрхлэх болжээ.
 
Улсын наадам
 
Аравдугаар анги төгссөн зунаа /1968 онд/ Д.Мягмар спартакиадад ирж оролцов. Долдугаар сарын 6-7-нд спартакиад явагдсан тул наадмаас өмнө нутаг буцаж амжсангүй. Ингээд Хан уулын ар, Хатан Туулын хөвөөн дэх Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаагаа зодоглож үзвэй. Хоёр даваад, гурвын даваанд Баянхонгорын Ч.Баасанхүү начинг барсангүй.
 
Хойтон нь дөрвийн даваанд Ж.Хайдав начинд, харин түүний дараа жил тавын даваанд Д.Долгорсүрэн начинд өвдөг шорооджээ. Энэ тухайгаа заан ийн хуучлав.
 
-Тэр жил би үнэхээр сайн байлаа. Улаанбаатар хотын АШТ-нд бүгдийг нь хаяж түрүүлсэн. Үзүүр түрүүнд нь Д.Дамдин аваргыг давсан. Харин энэ тэмцээнд “хоёр Мөнх” зодоглоогүй, гадаадад тэмцээнд явчихсан байв. Тэгээд л намайг чинь наадмаар начин байтугай заан авна гээд сонинд биччихлээ. Би ч тэгэх юм болов уу гээд явтал байхгүй ээ.
 
Дөрөвт Өмнөговийн “морьт” Пүрвээг орхичихоод туг тойрч явахад начин болчих ч юм шиг санагдаад. Тэгтэл байхгүй, Долгорсүрэн начинтай тунаад өвдөг шороодож билээ. Харин ёстой муу жилээ начин цол авсан. Хавар нь хөлөө хугалчихсан, жаахан доголон. Сайн үедээ аваагүй юм чинь гэж бодож байлаа шүү дээ.
 
Дөрөвт Архангайн Л.Рэнчиндорж бид хоёр туналаа. Тэр үеийнхээ залуус дотор бид гайгүй гэгдэж байсан юм байлгүй. Түүнийг даваад, тавд Ж.Чойжилсүрэн арсланг шороодуулж начин болсон. Зургаагийн даваанд Л.Сосорбарам арсланд унаж билээ.
 
-Их л баяр хөөр болоо байлгүй?
 
-Тэгсээн. Түргэхэн шиг нутаг руугаа явж, аавдаа очих юмсан гэж бодох. Би чинь улсын цол авчих юм гэж итгээгүй явлаа. Нутгийнхаа Найдан гуай, Намбар гуай шиг сайхан аймгийн арслан болохыг хүсдэг байв шүү дээ. Аав намайг бага байхад “Хүүгийнхээ 25 хүрэхийг үзчих юмсан” гэж ярьдаг. 25 хүрэхийг минь үзээгүй ч улсын начин болохыг минь үзсэн, хойтон жил нь нас барж билээ. Ээж 1970 онд өнгөрсөн.
 
-Хамгийн харамсалтай барилдаан?
 
-Начин болсны хойт жил хоёр даваад цэргийн арслан Дармаабазар гэдэг хүнд унасан. Урьд нь ам авч үзээгүй хүн чинь мэдэхгүй “Хэнийг нь авах вэ ” гээд талийгаач Т.Артагаас асуутал “Дармаабазарыг авдаггүй билүү” гэлээ. Гараад иртэл их л том хүн байна. Очиж очиж ийм хүн авах гэж хэмэн бодоод өрлөө. Нохой мордуулаад, эргэж харж яваад унасан. Сүүлд дуулахад улсын цолтнуудыг сөхрүүлж байсан бөхийн аранга юм билээ.
 
-Заан цол авахдаа хэн хэнийг шороодуулав? Ховд аймаг таны үед улсын цолтон бөхгүй болохоор татаж чангаах юм байгаагүй болов уу?
 
-Ер нь тэр үеийн бөхчүүд бүгд тийм байсан шүү. Бор зүрхээрээ л барилддаг байлаа. 1978 онд гурвын даваанд одоогийн улсын арслан Б.Ганбаатартай хүч үзсэн. Цол авна гэж яригдсан, зааланд сүрхий үздэг залуу бөх байлаа. Дөрөвт Д.Даваасүрэн начин, тавд Ё.Ишгэн начин, зургаад Д.Хадбаатар арслан, долоод П.Дагвасүрэн арсланг давж заан цол хүртсэн. Улсын наадамд нийтдээ 11 удаа шөвгөрлөө. Үүнээс 1 удаа 7, таван удаа 6, таван удаа 5 давжээ.
 
Сонгомол, жүдо бөхөөр барилдав
 
-Чөлөөт бөхөөр та хэр амжилттай барилдаж байсан тухайгаа ярина уу?
 
-Дээш 82 кг-д үзэхээр Т.Артагт, 74 кг руу орохоор Д.Сэрээтэрт ялагдана. Аль ч жинд №2 л гэсэн үг. Улсын шигшээ багт дөрвөн жил гаруй хичээллэсэн. З.Ойдов, М.Хойлогдорж бид хэд чинь хамт УАШТ-нд орж байлаа. Чөлөөт бөх надад тохиромжгүй барилдаан. Би хөлд орохгүй, барьцнаас мэх хийдэг болохоор. Тэгээд чөлөөт бөхөө болиод 1975 онд шууд самбод шилжсэн. V спартакиадын самбо бөхийн 82 кг-д түрүүлчихэв ээ. Тэр зун самбогийн ДАШТ болох байв. ДАШТ-ний 90 кг-д Ж.Мөнхбат аварга, -100 кг-д Х.Баянмөнх аварга нар явах боллоо. Спартакиадын 90 кг-д түрүүлсэн Д.Цэнд-Аюуш бид хоёрыг сорилт хийлгээд ДАШТ-ний 82 кг-д би явсан юм.
 
-ДАШТ-нд хэр амжилттай оролцсон бэ?
 
-Дөрөвдүгээр байр эзэлсэн. Дараачийн гурван жилд ДАШТ явагдаагүй, миний нас ч ахиад больсон доо. Чөлөөт бөхийн спортын мастер цолтой. Самбод болзлыг нь биелүүлсэн. За бас жүдо, сонгомол бөхөөр барилдаж байлаа. Сонгомолоор “Универсиад-73″-т орсон. С.Магсар багшаар жаахан юм заалгаж байгаад үзчихсэн. Тэгтэл эхний тойрогт Европын аварга хүнтэй таарч шидүүлсээр байгаад дууссан. Хөл мэх хийхгүй болохоор эвгүй юм билээ.
 
-Таны үндсэн мэх?
 
-Онц юм байхгүй ээ. Баажаа /Ванчинхүү/ арслангаас сурсан ганц хоёр юм бий. Олон угсрааг нь хийж чадахгүй. Өхийлддөг, хагалж цохидог, rap ачдаг, эргүүлж цохидог ухаантай. Яахав хүний хийсэн мэхэнд хариу барина.
 
-Таныг хүмүүс уран барилдаантай гэдэг биш билүү?
 
-Хүмүүсийн ярих, миний бодох хоёр өөр шүү дээ. Манай Баажаа багш үнэхээр олон мэхтэй. Хүний санаанд ороогүйг хийнэ. Тэр хүнтэй өөрийгөө би зүйрлэж боддог. Тэр хүний хаана нь ч хүрэхгүй ээ, би.
 
-Таны үеийн хамгийн сайн бөх хэн бэ? Өөрийнхөө санал бодлыг хуваалцаач?
 
-”Хоёр Мөнх”. Эгэлгүй бөхчүүд. Тухайн үедээ хоорондоо өрсөлдөнө үү гэхээс бусдыг боддоггүй байлаа. Хоёр талаас “цавчсаар л” гараад ирнэ. Нийлээд үндсэндээ 16 жилийг авчихаж. Энэ хугацаанд хичнээн олон бөх гарсан гэхэв. Бүгд “Хоёр Мөнх”-д даруулаад дууссан.
 
-Хамгийн сайн найз тань хэн бол?
 
-М.Мөнгөн арслан бид хоёр их найз. Д.Амгаа заантай бас их зузаан. Говь-Алтайн Д.Цэрэндаш начин байна. Даанч багаасаа архи уусан даа. Уул нь хүний барилдах хугацаа богино, архи уух хугацаа их шүү.
 
-Та гол төлөв улаан, хүрэн өнгийн зодог шуудагтай барилдах юм?
 
-Ер нь л хүрэндүү өнгийн зодог шуудаг өмсөнө. Хүндэтгэлийн өнгө гэдэг шүү дээ. Миний дээл ч бас хүрэндүү өнгөтэй байдаг.
 
-Улсын наадмаас гадна хор шар хөдөлгөсөн барилдаанууд бий дээ?
 
-Ямар ч хүний хор шар хөдөлгөсөн бай, улсын наадамд хийх юмаа тэнд хийж болохгүй. Улсын наадамд л хийхээс биш, наана нь туршиж үзээд яахав. Ямар тэр барилдаанд цол олгох биш.
 
Их аварга ба “хүчийнхэн”
 
-Шавь олонтой юу?
 
-Шавь гэж нэрлэх үгүйг мэдэхгүй. Манай “Хүчийнхэн” л дээ. Эдэнтэйгээ 16-17 жил бэлтгэл хийлээ. Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан, тав зургаан заан, арваад начин төрлөө. Ер нь улсын цолтой 20 орчим бөх төрүүлсэн. Сүүжийн ам гэдэг сайхан хангай шүү. Би тэнд ерөнхий зөвлөх маягтай л байна. Ахмад бөхийн үүднээс ганц нэг мэх заана, ясыг ингэж мөлждөг юм шүү гэх зэргээр зан, заншлаас тайлбарлана. Би бол албан ёсны дасгалжуулагч биш. “Хүч”-д ажиллаж байгаагүй. Нэг системийнх болохоор цуг гардаг байхгүй юу. /Аваргыг хүртэл арваад жил “Хүч”-ийн хамгийн том цолтой бөх нь Д.Мягмар заан байсан билээ Ред./
 
-Ховд нутгийнхаа ахмад бөхчүүдийн сургаалыг дуулж, тэрхүү чанараар залуу бөхчүүдээ үлгэрлэн яваа гавьяаг алтан нутгийнхан тань үнэлдэг. Таныг Ч.Бямбадорж заан, Ч.Батзориг начингийн багш нь гэж үзэж болох уу?
 
-Яахав, “Хүч” нийгэмлэгийн хүмүүс л дээ. Ч.Батзориг бол Ч.Бямбадоржийн яг гарынх нь шавь. Ховдоос өөрөө авчирч, гэртээ хүртэл байлгаж байсан.
 
-Аварга таныг багшаа гэж дуудах уу?
 
-Намайг багшаа гэдэг. Аварга бид хоёр олон жил хамт бэлтгэлд гарлаа. Цуг нэг гэрт байрлана. Аварга бол тэртэй тэргүй байгалиас заяасан бөх хүн. Зүгээр яахав, залуу байхад нь маргааш тохиолдох юмыг нь би өнөөдөр хэлээд өгчихсөн байж болох юм. Өөр би юу заах билээ. Одоо тэртээ тэргүй хий нь арилаад хэлэх юмгүй болсон.
 
-Өнгөрсөн наадмын талаарх таны сэтгэгдэл?
 
-Аварга бол эгэлгүй төрсөн хүн юм. Ямар ч байсан XX зууны тэргүүн бөх болчихлоо. Үлдсэн хоёрхон жилийн дотор түүний амжилтыг эвдэх хэн ч гарахгүй, тийм боломжч байхгүй. Ямар ч төлөвлөгөө боловсруулаад энэ хүнийг яаж ч хаяхгүй юм байна. Хоёр хүнтэй зэрэг барилдахгүйгээс хойш. Аварга ч хийх ёстойгоо хийлээ гэж бодож байна. Бас 11 дэхээ түрүүлж рекорд тогтоож байна. Хүмүүс даншгийнхийг тооцохгүй л гээд байдаг. Даншиг чинь улсын наадмаас ч том болсон юм. Бүх аймаг сумын түрүү бөхчүүд оролцсон. Даншгийн заан, начингуудыг цолоор нь дууддаг мөртлөө яагаад аваргын нэг түрүүг гээчихээд байна вэ?
 
Ууган гавьяат мастер Б.Түвдэндорж гуайн завсартай 7 удаа түрүүлсэн амжилтыг завсаргүй 7 болгож эвдлээ. Одоогоос 2 жилийн өмнө завсаргүй 5 удаа түрүүлж, ирсэн уед түрүүлнэ гэдэг чинь тийм ч хялбар бус. Жар, далаад онд 105 килийн Санжаа гэхээр гайхдаг байлаа. Гэтэл одоогийн улсын цолтой бөхчүүд 100-156 кг-ын хооронд байна. Ингэхээр аргагүй л их бөх. Ж.Мөнхбат аварга ид үедээ 87 кг-д, Х.Баянмөнх аварга -100 кг-д барилддаг байлаа шүү дээ. Л.Сосорбарам арслан спартакиадад түрүүлэхдээ 78 кг жинтэй байсан гэж ярьж байна лээ.
 
Өмнө нь их цуурч байсан ч наадам болдгоороо, сайхан боллоо. Аварга түрүүллээ, миний шавь гэж хэлж болох, нутгийн хүү ч болох Ц.Мягмарсүрэн улсын начин цолд хүрлээ.
 
-Аварга одоо хэд түрүүлэх бол?
 
-Байгаа шүү. Одоо бүр жигдэрнэ. Хорин хэдэн нас бол ааг, бяр багтаж ядсан сайхан нас л даа. Гэхдээ 30 гарч ирэхэд бүх юм жигдэрч, нягт барилдаж эхэлдэг. 40 хүртэл ч сайхан даа. Аварга өөрийгөө их сайн сойно. Зарим өглөө хоол идэхгүй, цай уугаад өөрийгөө их сайн сойно. Зарим орой тараг уугаад унтчихна. Хоолонд нэг их сайн биш.
 
Чи бид хоёр муу бох юм
 
-Бөхчүүд л болсон хойно алиа хошин яриа их гаргаж явдаг даа. Өөрт тохиолдсон, эсвэл сонссон сонин сайхан явдлаас хуучлах уу?
 
-Ө.Чүлтэмсүрэн арслан ингэж ярьж байсан юм. “Ид барилдаж явахад Арслаан, морийг чинь эмээлчихлээ гэдэг байсан. Хэдэн жилийн дараа Арслаан, морийг чинь авчирлаа гээд эмээллээгүй байна. Нэлээд хэдэн жилийн хойно Арслаан, таны морь давааны цаана байна гээд зуг хэлдэг болчихдог юм” гэж ярьж билээ.
Сонин үг шүү. Баажаа багш “Ер нь бөх хүн нас ахихаараа их гутрамтгай болдог. Яагаад гэхээр энгийн хүнээс бөх хүн илүү танилтай, олон мэндэлдэг. Нас ахиад ирэхээр нөгөө хүндлэл мэндлэл нь байхгүй болоод, жирийн хүнийг бодвол илүү гутардаг болчихдог юм шүү” гэж байлаа. Манай аймгийн Рэнчиндорж заан байна.
 
“Хадагт хар” гэхээр хүмүүс андахгүй. Булиа гэж бид авгайлдаг байлаа. Би VIII ангид байсан юм уу даа. Сургуулийн хүүхдүүдийг дайчлан харгана хадуулахаар явууллаа. Тэгтэл бидний очсон газрын хажууханд нэг гэр байна. Яваад хүртэл Булиагийнх. Бас харгана хадаж байгаа гэнэ. Орны хөндийгөөс арвын бидонтой юм гаргаж ирээд “Миний хүү уух биш, амсчих” гэлээ.
 
Амстал цагаан архи. “Булиа, энэ чинь архи байна” гэвэл “Олон юм хангир жингэр хийлгэж явснаас энэ нь амар” гэж билээ. Аймаг ороод ирэхдээ авдар архи “аргалчихсан” нь энэ юм билээ.
 
-Та өөрөө архи дарс хүртэх үү?
 
-Уух цагтаа ууна аа. Зүгээр явж байгаад хэн нэгэнтэй ганц шил юм хуваагаад уучихъя гэж дурлахгүй. Гэрт задалсан архи байж л байдаг, уучихъя гэж бодогдохгүй.
 
-Б.Бат-Эрдэнэ аварга уух уу?
 
-Бараг уухгүй. Нэгэн цагаан сараар манайд есөн хундага ууна гээд уусан юм. Түүнийг нь Барамсай гуай /хадам аав, улсын заан/ дуулчихаж. “Чи ямар зааныд уудаг юм. Хоёулаа шил архи хувааж ууна” гээд сүрхий тэвдүүлсэн сонсогдсон шүү.
 
-Сүүлийн үед нас ахиад ирэхээр Д.Мөнх-Эрдэнэ арслан таныг их авдаг болчихлоо?
 
-Тэгсээн. Хоёр жил дараалан дөрвийн даваанд авсан. Цол ахиу, залуу хүн юм чинь номын дагуу л авч байгаа биз. Яагаад амлачихав гэж хүмүүс асууна. “Би яаж мэдэхэв. Өөрөөс нь асуу” гэж хэлдэг юм / инээв/.
 
-”Бөх л юм бол тэр найраа гэгчид заавал хамрагддаг” гэж Баянмөнх аварга ярьж байсан. Заан өөрөө тэгж байв уу?
 
-Өнгөрсөн жил нэг сонин намайг Ховд аймаг, Хүч нийгэмлэгийн бөхийн найрааг олон жил удирдсан гэж бичсэн шүү /инээв/. Дээр үеийн тунаанаас гаргах гэдэг нь одоо ийм болчихоод байгаа юм. Энэ жил Цэрэнчимэд, Ганбат нар хоёрын даваанд таараагүй, салаад барилдсан бол хоёул начин авах байсан. Энэ мэтийг л тэр тунаанаас гаргах гэдгээр аргалж иржээ. Нутаг ус, нийгэмлэгийн залуу бөхөө дэмжиж буй хэрэг юм уудаа. Хамгийн гол нь тэгж татаж чангаахдаа юм хум өгч авалцдаг гээд байгаа. Машин тэрэг, мөнгө ч гэнэ үү. Би тэрийг үзээгүй. Би нутгийн болон нийгэмлэгийнхээ бөхчүүдийг мэр сэр дэмжиж л байсан. Түүний хариуд юм авч үзээгүй.
 
-Танаар хэн хэн, начин, заан цол авч байв?
 
-Р.Даваадалай, Ч.Бямбадорж, Д.Сүхбат, Т.Бат-Эрдэнэ нар намайг давж начин болсон. Харин заан авсан хүн үгүй.
 
-Заан цолоо батлах бололцоо байсан уу?
 
-Хэрээрээ барилдаад энэ. Хүнд чинь хэмжээ байна шүү. Хоёрын бидонд хоёр литр ус л орно. Гурван литр яагаад ч багтахгүй. Заяасан хэмжээ гэж байна.
 
-Сумынхаа 50 жилийн ойгоор та Балжаа аварга /тэр үед начин цолтой байсан/-тай үлдээд удаж удаж та унасан. Тэгэхэд нутгийн улс дургүйцэнгүй, сэтгэл дундуур байж билээ?
 
-Хий дэмий хүн буулгаснаас тэр нь дээр. Тэр жил М.Мөнгөн сумынхаа наадамд бас Ө.Тулгаад уначихаж. Ирээд бид хоёр утсаар ярилаа. “Чи бид, хоёр муу бөх юм аа. Хоёулаа наадмаа алддаг” гэж. Тэгж утсаар ярьсныг хүмүүс дуулчихсан, “Та хоёр гудамжинд тэгсэн гэл үү” гэчихсэн, асууж байлаа шүү / инээв/. Бид хоёр өмнө нь бас нэг тэгж ярилцаж байв. Ж.Мөнхбат аварга нэг жилийн наадмын долоогийн даваанд Мөнгөнийг, наймын даваанд намайг аваад хаячихсан юм. Дараа жил нь намайг долоод, Мөнгөнийг наймд аваад хаячихлаа. “Өө, чи бид хоёр мөн ч муу бох юм аа. Харьж яваа аваргыг дийлэхгүй” гэж билээ.
 
Бусад зүйлийн тухай
 
-Нутаг руугаа их явдаг уу?
 
-Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт Ховдод Ш.Ванчинхүү арслангийн нэрэмжит тойргийн барилдаан, миний нэрэмжит залуучуудын барилдаан болдог юм. Түүгээр л нутаг руугаа явдаг даа. Би өсвөр үеийн УАШТ-нээс анх удаа медаль авсан Ховдын бөх гэдгээрээ тэр. Хөгшчүүл байхгүй болохоор өөр ч нэг их явахгүй ээ.
 
-Хүүхдүүд тань барилдаж байна уу?
 
-Нэг хэсэг барилдуулсан. Барилдах өөр, бөх болох бүр өөр. Хүнд төрсөн юм байх хэрэгтэй. Одоогоор зах зээл хөөлгөж байгаа. Таван хүүхдийн гурав нь хүү. 24-28 настай. Гурвуулаа улсад хоёр давж байсан удаа бий. Одоо чинь аргагүй сайн нь явдаг цаг, дундаж бөх хол явахгүй. Би хүүхдээ дэмжиж байгаад цол авахууллаа гэхэд аймаг, суманд очоод түрүүлэхгүй бол хэрэг алга.
 
-Гэр бүлийнхээ тухай?
 
-Гэрийн хүн маань Ховдын Буянтынх. Дунд сургуульд цуг сурч байсан. Одоо 58 дугаар сургуулийн хичээлийн эрхлэгч. Нэр нь Д.Хандаа. Ер нь ямар хоол хийж өгөхөө андахгүй шүү. Эхнэрийнхээ хийсэн хоол, дээл хоёроор 30 жил барилдаж байна даа. Бөхчүүдийн эхнэр бүгд тийм.
 
-Одоогийн залуучуудаас өсөж ахих хүн харагдах юм уу?
 
-Тийм хүн бий. Би нэрлээд яахав. Тэгэхээр онцгүй байдаг юм. Ер нь залуучууд бөх их сонирхдог, барилдаанч болж. Нэг хэсэг 1990-1991 онд үндэсний бөх барилдах гэтэл 24-32-хон бөх гардаг байлаа. Бөхчүүд маань урлагийнхан шиг дээл хувцас өмсдөг болоод байна. Энэ бөхчүүд дундаа Ц.Цэрэнпунцаг их бяртай гэж аварга /Б.Бат-Эрдэнэ/ ярьдаг. Өөрт нь мэдрэгддэг биз. Бас Д.Сумъяабазар их бяртай.
 
-Та хэр шүтлэгтэй вэ?
 
-Бурхан шүтэж болно л доо. Гэхдээ би уул ус, байгаль дэлхийдээ сүсэглэж явдаг.
 
-Ан гөрөөнд хэр вэ?
 
-Ер нь дуртай шүү. Янз янзын ан хийж явлаа. Чонотой олон таарсан. Гэхдээ дандаа буудах аргагүй, эвгүй таараад байдаг юм. Том ангаас гахай, үнэг унагасан. Хэнтийн нуруунд буга агнахаар долоо хоног явсан. Яг нүдээр хараад буудахын аргагүй, сүрлэг сайхан амьтан юм билээ. Манай энэ Богд уулынх цус ойртсон юм уу, хачин болчихож. Буга юм уу даа гэмээр. Тарвага их буудсан. Чөлөөт цагаараа ан хийх хорхойтой. Чадсан чадаагүй анд явах дуртай. Б.Бат-Эрдэнэ аварыг аварга болчихоод нутагтаа очиход нь огт усгүй газарт дороосоо нуур гараад ирсэн. Уртаашаа 1 км, өргөөшөө 500-600 метр орчим нуур. Нутгийнхан нь “Аваргын нуур” гээд нэрлэчихсэн байна лээ.
 
“Хиагтын гудамжинд юу гээд бурчихав” гэдэг шиг би ч баахан ярьж орхилоо гэж заан хөгжөөв. Ийнхүү Монгол үндэсний бөхийн шилдэг заануудын нэг Д.Мягмартай бид сайхан хуучиллаа.
 
Эх сурвалж: “Бөх”