sonin.mn
Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар, Бүртгэл статистикийн ерөнхий газраас өчигдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
 
Сонгуулийн тухай хуулиар энэ сарын 1-нээс өмнө нам эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох, сонгуулийн хэсэг байгуулах ажлыг хийж дуусгах ёстой. Үүнээс зардлыг Үндэсний аудитын газар, сонгуулийн хэсэг байгуулах, сонгогчийн нэрстэй холбоотой асуудлыг Бүртгэл, статистикийн ерөнхий газар хариуцаж буй.
 
СОНГУУЛИЙН ЗАРДАЛД АУДИТ ХИЙНЭ
 
Нам, эвсэл бүр сонгуульд зарцуулах санхүүжилт хамгийн ихдээ 3.4 тэрбум төгрөг байхаар Үндэсний аудитын газраас тогтоожээ. Харин орон нутгийн иргэдийн хурлын сонгуулийн зардлын хэмжээг санал авах өдрөөс 90 хоногийн дотор тогтоох хуулийн заалттай учир одоогоор орон нутгийн аудитын газрууд ажиллаж байгааг мэдээлэв.
 
Нэр дэвшигчдийн хувьд 26 тойрогт газар нутгийн байршил, хүн амаас шалтаалан 171-378 сая төгрөгийн хооронд байна. Хамгийн бага зардалтай нь 15 дугаар тойрог Увс аймагт нэр дэвшигчид 171 сая төгрөгөөс хэтрүүлж болохгүй бол Баянзүрх, Налайх дүүргийн 22 дугаар тойргийнхны дээд хэмжээ 378 сая төгрөг байхаар тогтжээ. 2016 оны сонгуулийн зардал өмнөх сонгуулиас буурсан байгаа.
 
Энэ нь шинэ хуулиар сурталчилгааны өдөр болон телевизийн эфирийн цагийг хязгаарласан, ухуулагч нарыг сайн дураар ажиллуулах заалттай холбоотойг хурал зохион байгуулагчид ярилаа. Зардлын хэмжээнд тавих хяналтыг Үндэсний аудитын газар хариуцах бөгөөд сонгууль болсноос хойш нам эвсэл, нэр дэвшигч зардлаа СЕХ-нд хүргүүлнэ. Тэндээс Үндэсний аудитын газарт ирүүлсэн мэдээллийг 90 хоногийн дотор аудит хийж баталгаажуулна. Сонгуулийн зардлыг хэтрүүлсэн мөнгөн торгуулиас эхлээд нэр дэвшигчээс хасах хүртэл заалттай. Торгуулийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-26 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгоно.
 
 
2 004 048 ИРГЭН САНАЛ ӨГӨХ БОЛОМЖТОЙ
 
Энэ удаагийн сон­гуульд 2 004 048  иргэн санал өгөх тооцоог Бүртгэл, статистикийн ерөнхий газраас танилцуулав. Үүнд гадаадад амьдарч байгаа, хорих ялтай, эрхзүйн чадамжгүй иргэдийн мэдээлэл багтжээ. Хуулиар шилжилт хөдөлгөөн санал авахаас 60 хоногийн өмнө зогсооно. Энэ нь дөрөвдүгээр сарын 30 гэхэд шилжилт хөдөлгөөнийг зогсох ёстой гэсэн үг. Өчигдрийн байдлаар тус газарт орон даяар 2091 хэсэг байгуулсан тогтоолыг дүүрэг, сумын хурлын тэргүүлэгчдээс ирүүлжээ. Сонгогчид www.burtgel.mn цахим хуудсаар орж өөрийн регистрийн дугаараар өөрийн тухай мэдээллийг лавлах боломжтой аж. Хэрэв иргэний мэдээлэл зөрсөн тохиолдолд цахимаар зөрчлийг арилгаж болно.
 
Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “Сонгогчийн тухайн хэсэг дээрээ нэрсийн жагсаалтад орсон бол санал авах өдрөөс 14 хоногийн өмнө шилжин явж болно. Тухайн хэсэг дэх мэдээллийн баазаа нөгөө хэсэгтээ шилжүүлж болно.
 
Сонгогчийн бүртгэлтэй холбоотой маргаан өмнө нь хэдэнтээ гарч байсан. Харин манай улсад иргэний шинэчилсэн бүртгэл явагдсанаар цэгцэрч, сонгогчийн мэдээлэл давхцах боломжгүй болсон. Манай энэ туршлагыг Киргиз улс ашиглаж, өнгөрсөн аравдугаар сард болсон сонгуулиар иргэний шинэчилсэн бүртгэл явуулж сонгогчдын хурууны хээгээр санал авах үйл ажиллагаа явуулсан” гэв.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин