sonin.mn

-МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдын МАН-ын ахмадуудын зөвлөгөөнд хэлсэн үг-

    Эрхэм хүндэт ахмадууд аа,
    Та бүхнийхээ амрыг эрэн мэндчилье,
    Та бүхэн маань тавтай сайхан хаваржиж байна уу,

Улс оронд маань урин цаг ирж, хаваржилт хаа сайгүй сайхан болж байна. Мал төллөж, Монгол хүн бүр л борви бохисхийлгүй хөдөлмөрлөж байна. Ардын нам, ардын засгийн газар ч их бүтээн байгуулалтад шамдаж ард иргэдээ хөнгөлөлтэй нөхцлөөр орон сууцжуулах, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг тогтвортой байлгах, шинэ төмөр зам, шинэ нисэх буудал барих зэрэг бодлого шийдвэрүүдийг даруй хэрэгжүүлэн зүтгэж байна. Үүнтэй зэрэгцээд улс төрийн хүрээнд сонгуулийн уур амьсгал орж, элдэв өнгө төрхтэй үзэгдэл, үйл явц эрчимжиж байна. Манай намын хувьд ч элдэв сөргөлдөөн зөрчилдөөний үед улс төрийн эвлэрэл зохицлыг эрхэмлэх зарчимаа баримтлан ажиллаж байна.


Энэ удаа манай нам уугуул нэрээ сэргээн авч, Монгол Ардын Нам хэмээх түүхэн эрхэм нэрээрээ анх удаа сонгуульд оролцох гэж байна.
XXVI Их хурлаараа уугуул нэрээ сэргээн авах хамтын шийдвэрээ гаргаж “Монгол Ардын Нам бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл” гэж тодорхой зааж өгсөн. Шинээр бүртгэгдсэн Монгол Ардын Хувьсгалт Нам бол манай Монгол Ардын Намтай ямар ч хамаарал холбоогүй гэдгийг Та бүхэн маань сайн ойлгож байгаа.
Манай намын бодлого, үйл ажиллагаа өнгөрсөн 90 гаруй жилийн турш Монголын ард түмэн, Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний үнэт зүйлст ээлтэй, нийцтэй явж ирсэн. Иймээс ч Монголын ард түмэн, Монгол Ардын Нам хоёрын нэгийг нь нөгөөгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Монгол Ардын Намын хошуучлал, манлайллыг манай ард түмний дийлэнх олонхи ямагт хүлээн зөвшөөрч, талархан дэмжигч нь, үр бүтээлтэй хамтран ажиллагч нь байсаар ирсэн. Олон намын тогтолцоотой улс төрийн өнөөгийн орчинд ч энэ хандлага хэвээр байгаад манай намын олон мянган гишүүд, тэр дундаа тулгын чулууг нь бадраахаас эхлээд өнөөдрийг хүртэл түүнийгээ сэтгэл зүрхэндээ тээж, хувь нэмрээ оруулсаар ирсэн намын маань ахмад гишүүд Та бүхэндээ чин сэтгэлээсээ талархалаа илэрхийлье.


2008 онд манай нам эх орныхоо эрх ашгийг эрхэмлэж, улс төрийн тогтвортой байдлыг хангах, улс орноо хөгжүүлэх нийтлэг эрхэм зорилгыг үндэслэж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах саналыг Ардчилсан намд тавьсан билээ. Ардчилсан нам энэ саналыг хүлээж авсан боловч тэр нь ард түмэн, улс орны төлөө үүргээ ухамсарласан жинхэнэ эх оронч шийдэл байгаагүй гэдгийг цаг хугацаа харуулсан. Тэд Засгийн эрхийг эрх ямба гэж ойлгож, хүлээх үүрэг, үүрэх хариуцлага гэж үзээгүйгээ улигт болчимгүй үйлдэл, шийдлээрээ олон түмэнд нотолж өгсөн.


Манай нам Ардчилсан намтай хамтарч байхдаа ч, одоо дангаараа ачааны хүндийг үүрч байхдаа ч ард түмнийхээ өмнө амласан үүргээ биелүүлэхийн төлөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна.
Манай нам зүүн төвийн буюу Монгол хүнийг хөгжлийнхээ үндэс болгосон улс төрийн хүчний хувьд ахмад настнуудаа халамжлах, тэднийхээ нийгмийн баталгааг дээшлүүлэхийг бодлогынхоо төвд ямагт байлгаж, энэ хүрээнд чамгүй ажил хийж гүйцэтгэлээ. Үүнээс заримыг нь тоймлон хэлбэл:
•Улсын Их Хурлын 2008 оны сонгуульд манай нам улсынхаа эрчимтэй хөгжлийн шинэ үеийг эхлүүлж, эдийн засгийн жилийн дундаж өсөлтийг 10 хувиас доошгүй болгох, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2012 он гэхэд 5 мянган ам.долларт хүргэх зорилт тавьж байлаа. Хэдийгээр бүрэн эрхийн дөрвөн жилийн хоёр нь эдийн засгийн гүнзгий хямралтай байсан ч манай түүхэнд урьд өмнө нь байгаагүй 17.3 хувийн өсөлтөөр 2011 оноо үдлээ. Өнөөдөр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4000 орчим ам доллар болж, 2008 оныхоос бараг хоёр дахин нэмэгджээ. Энэ оны эцэст уг үзүүлэлт 5000 ам долларт хүрэх боломжтой байна. Монгол Улс үсрэнгүй хөгжлийн замдаа хөл тавьж эхэлснийг олон улсын судалгааны байгууллагууд, хөгжлөөр тэргүүлэгч орнууд хүлээн зөвшөөрлөө.
•Эдийн засгийн энэ өсөлтийн үр дүн нь хувь хүнд, нийгмийн амьдралын нэгж салбар бүрт бодитой тусч эхэллээ.
Эх орныхоо эрдэс баялгаас Монгол Улсын иргэн бүр хишиг хувь хүртэж, нийгмийн тэгш хувиарлалтын эхлэлийг бид тавьлаа. “Хүний хөгжлийн сан”-гаас  иргэн бүр сар тутам хишиг хүртэж, оюутан бүрт сургалтын төлбөрт 1.0 сая төгрөг олгож, сонгууль хүртэл ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань 1.5 сая төгрөгөө авч дууснаа.
Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ийн 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гарсан. Ийнхүү эх орны хишиг эзэндээ очиж, монгол хүн бүр хувьцаа эзэмшигчид болсноор зах зээлийн харилцаанд жинхэнэ оролцогч, хөрөнгийн зах зээлд тоглогч байх нөхцөл, бололцоо бүрдлээ. Түүхэн энэ боломжийг манай нам ард түмэндээ олгосондоо баяртай байна.
•2012 оны 5 дугаар сарын 1-нээс тэтгэвэр нэмэгдүүлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр одоо байгаа 165,0 мянган төгрөгийн дундаж тэтгэврийн хэмжээ 222,4 мянган төгрөгт хүрч өнгөрсөн оны тэтгэвэртэй харьцуулахад 75 хувиар, энэ оны 4 дүгээр сарын 1-ний байдалтай харьцуулахад 35 хувиар, 2008 оны тэтгэвэртэй харьцуулахад 2,3 дахин нэмэгдлээ.  Тэтгэвэр авагч бүрийн тэтгэвэр дор хаяж 23 хувь ба түүнээс дээш хэмжээгээр нэмэгдэж байна.
Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хамгийн сүүлд 2007 онд буюу 5 жилийн өмнө шинэчлэн тогтоож байсан бөгөөд энэ удаад иргэдийн тэтгэврээ тогтоолгоход баримталсан олон жилийн өмнөх цалин хөлсийг 2010 оны үнэ, цалин хөлсний  жишигт ойртуулах зорилго тавьсан. Жишээ нь, 1990 оны 500 төгрөгийн цалинг 2010 оны 324500 төгрөгийн цалингийн жишигт хүргэхийг зорьж байна.  
Бүрэн ба хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг тус бүр 40000 төгрөгөөр нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 180,300 төгрөгт, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 145,200 төгрөгт тус тус хүргэлээ. Энэ нь 2008 оны түвшинтэй харьцуулахад бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2,2 дахин, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 2,7 дахин нэмэгдэж байгаа үзүүлэлт юм.  
Нийт тэтгэвэр авагчдын 64 хувь нь буюу 193,4 мянган иргэн 1995 оноос өмнө авч байсан цалин хөлсөндөө үндэслэн тэтгэврээ тогтоолгосон бөгөөд эдгээр иргэдийн тэтгэвэр дунджаар 40 орчим хувиар буюу 62,6 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Харин 1995 оноос хойшхи цалин хөлсөнд үндэслэн тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэвэр дунджаар 28 орчим хувиар буюу 48,1 мянган төгрөгөөр нэмэгдэж байна.
Нийт 1620 ахмад дайчинд орон сууц эсхүл түүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн тусламж олгох ажлыг зохион байгууллаа.
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу 2006 оны 7дугаар сарын 1-ээс “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонтой ахмад настан эхчүүдэд 100.0, 50.0 мянган төгрөгийн мөнгөн тусламжийг жилд нэг удаа олгож эхэлсэн.  2007 оноос нас харгалзахгүйгээр бүх эхчүүдэд олгодог болсон. Энэхүү тусламжийн хэмжээг нэмэгдүүлж “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 100,0 мянган төгрөг, “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200.0 мянган төгрөг болгох арга хэмжээг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс авч хэрэгжүүлж  байна. Энэ арга хэмжээнд жилд нэг удаа 130.0 мянга орчим эх хамрагдсан байна.
“Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ төслөөр “Эхийн алдар” одонтой эхчүүдээс гадна гурав дахь хүүхдээ төрүүлж өсгөсөн эхэд нэг удаагийн мөнгөн шагнал олгох асуудлыг нэмж тусгасан байна.
Ахмад настны аж байдлын судалгаагаар 2011 оны эцсийн байдлаар улсын  хэмжээнд ахмад настны танхим 263 байгаагаас тогтмол идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 111, сувилал 95, чийрэгжүүлэх танхим 238, асрамжийн газар 9 ажиллаж, ахмадуудыг байрлуулах, хооллох, хувцаслах, эмчилгээ, асаргаа, сувилгаа, соёл ахуй, сэтгэл зүй, хөгжлийн зэрэг үйлчилгээг үзүүлж байна.
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийн нэг ор хоногийн хөнгөлөлттэй үнийг тухай бүр шинэчлэн мөрдүүлж ирсэн  бөгөөд  жишиг үнийн дагуу ХХҮГ-тай газартай гэрээ байгуулсан төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын 23, аймаг, дүүргийн ХХҮХ-ийн дэргэдэх 20 амралт сувилалд ахмадуудыг амрааж байна.


•Нийгмийн хайр халамж хэрэгцээтэй хэсгээ ч бид орхигдуулаагүй. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй 55-аас дээш настай эмэгтэй, 60-аас дээш настай эрэгтэй хүмүүс халамжийн тэтгэвэр авах эрхтэй болсон.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн зорилтод бүлгүүдэд манай нам онцгой анхаарч, хүн амын нийгмийн хамгаалал, халамжийн арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг 4,7 дахин нэмэгдүүлж, өнгөрсөн онд нэг их наяд төгрөгт хүргэв. Үүнийг цаашид ч нэмэгдүүлнэ.
Эдгээр тоонуудыг онцолж байгаа нь Монголд хүн бүр, айл өрх бүр, тэр дундаа ахмадууд маань баян цатгалан амьдарч байна гэсэн үг биш юм. Өнөөдөр ч гэсэн монголчууд бидний 29.8 хувь ядуурлын түвшинээс доогуур амьдралтай байна. Гэхдээ 2011 онд ядуурал 10-аад хувиар буурч, өмнө нь 10 хүн тутмын 4 нь ядуу байсан бол өнгөрсөн онд 3 болж багассан. Энэ тоо нь сонгуулийн өмнөх хоосон сурталчилгаа биш. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны судалгаагаар нотлогдсон үзүүлэлт юм.    
Ядуурал буурсан нь ажилгүйдэл багассантай бас яах аргагүй холбоотой. Манай улсын ажилгүйдлийн түвшин энэ оны эхний байдлаар 7.7 хувь болтол буурлаа. Эдийн засгийн өсөлтийг огцом нэмэгдүүлэх замаар олон мянган ажлын байрыг шинээр бий болгож, нийгмийн баялгийг шударга хуваарилах бодлого нь зөв байсны нотолгоо энэ юм.
•Зүүн төвийн үзэлтэй Монгол Ардын Намын бодлого нь ахмад настныхаа эрүүл мэндэд байнга анхаарахад оршдог. Өнгөрсөн дөрвөн жилд монгол хүний дундаж нас уртаслаа. 2016 он гэхэд бид дундаж наслалтаа 72 хүргэх зорилт тавьж байна.
Та бүхэн өнгөрсөн зуунд Монгол орноо үйлдвэржүүлэх үйлсэд хүчин зүтгэж, орчин үеийн аж үйлдвэрийн үндсийг тавьсан билээ. Эдүгээ XXI зууны шинэ үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэх түүхэн үүрэг бас бидэнд ногдож байна.
Аж үйлдвэржүүлэлт алсын зорилго биш өнөөгийн үйл хэрэг, бүтээн байгуулалт хоосон яриа биш бодит ажил болж эхэллээ.
Эдийн засаг, нийгмийн хөгжлийн нөлөөгөөр манай ард иргэдийн сэтгэхүй ч шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Хоосон улс төржилтийг ардаа орхиж, хөдөлмөрлөх, ажил үйлчилгээ эрхлэхийг илүүд үзэх ухамсар, сэтгэлгээ бүрэлдэж байна. Энэ бол асар том дэвшил. Бодол, сэтгэлгээний энэ их өөрчлөлт бол бүтээн байгуулалтын тусгал нөлөө, бас түүнийг түлхэгч их хүч, хөдөлгүүр билээ. Хэн өөрөө хөдөлмөрлөж, хичээж, зүтгэж байна, түүнийг төр засгаас тусламж, дэмжлэг, нөхцөл боломжоор хангах болно.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж амжуулсан ажил төрөл, амжилт, ололтоо нэгтгэн дүгнэж тайлагнах цаг үетэй зэрэгцээд өнөө жилийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө сонгогч түмэндээ өргөн барьж танилцуулах хариуцлагатай мөч тулж ирлээ. Давааны цаана даваа, үүрэг хариуцлагын цаана шинэ үүрэг хариуцлага тосч байдагийг 90 гаруй жилийн түүхтэй манай нам түүхэн туршлагаасаа мэднэ.  

Эрхэм хүндэт ахмадууд аа,

МАН-аас УИХ-ын 2012 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө ахмад настныхаа нийгмийн хамгааллын асуудлыг урьдын адил бодлогынхоо цөмд байлгах болно. Манай нам ч ахмад, дунд, залуу үеийн залгамжинд оршдог, улс төрийн хамгийн тулхтай бодлоготой нам гэдгийг Та бүхэн маань сайн мэднэ.
Хамгийн товчдоо манай нам сонгуульд хөгжлийн Монгол загварыг дэвшүүлэн оролцох гэж байна. Хөгжлийн энэ загвар нь иргэд нь амгалан аж төрөх боломжийг бүрдүүлсэн, хүн байгалийн төгс зохицол бүрдсэн, хүндээ ч, байгальдаа ч ижил шударга хөгжих боломжийг бүрдүүлсэн, тэгш боломж, шударга хувиарлалтад тулгуурласан харьцангуй чинээлэг дундаж давхарга нийгэмд зонхилох хэсгийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.  
•Мөрийн хөтөлбөртөө манай нам монгол хүний сарын дундаж цалинг 1.3 сая төгрөгт хүргэж, “Ирээдүйн тэтгэврийн сан” байгуулан, тэтгэврийн дундаж хэмжээг 3 дахин нэмэгдүүлэхээр тусгалаа. Ингэж байж л Монгол хүн цалингаараа, тэтгэврээрээ Монголдоо сэтгэл хангалуун сайхан амьдардаг болно.
Харин манай нам хавтгайрсан халамжаас татгалзаж байна. Тэхдээ нийгмийн зорилтот бүлэгт төрийн хайр, халамж нэн шаардлагатай байгаа хэсэгтээ “Хүний хөгжил сан”-гаас сар бүр олгох 21.000 төгрөгийг 18 хүртэлх насны хүүхэд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэддээ үргэлжлүүлэн олгох болно.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настанд нийгмийн халамжийн тэтгэвэр, бага тэтгэвэртэй ахмад настанд нийгмийн суурь тэтгэвэр олгохоо манай нам мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Манай ахмадуудын болгоомжилдог нэг зүйл бол тэтгэвэр нэмэхтэй хамт өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг явдал юм. Тийм учраас үнэ цалингийн өсөлттэй уялдуулсан индексийг тогтоох замаар нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн зөрүүг арилгаж, тэтгэврийг инфляцийн түвшинг бүрэн нөхөх хэмжээнд нэмэгдүүлэх бодлогыг манай нам, Засгийн газраас барьж байна.
Манай нам 2012 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлж буй хөтөлбөрөө ард иргэдийн эрэлт, хэрэгцээнд тулгуурласан, хэрэгжих бүрэн бололцоотой, тооцоо судалгаатай хийсэн.
Энэ мөрийн хөтөлбөр бол Та бүхний амьдралаас урган гарсан, Та бүхний төлөөх бодлого, зорилт, үзэл санаа юм.
Тийм ч учраас түүнийг хэрэгжих боломж, хэрэгжүүлэх үйлсэд Та бүхний дэмжлэг, бүтээлч санал бодол, арвин их туршлага нэн чухал ач холбогдолтой гэж миний бие үзэж байна. Ахмадууд Та бүхэн маань энэхүү зөвлөгөөнд идэвхтэй оролцож, үнэтэй сургааль зөвлөмжөө бидэнд хайрлахыг чин сэтгэлээсээ хүсье. Бид Та бүхнийхээ үгийг хатууг нь хатуу гэлгүй, зөөлнийг нь зөөлөн гэлгүй бүхий л талаар үйл ажиллагаандаа тусган хичээн ажиллахын төлөө байна.

Та бүхэндээ баярлалаа.

2012 оны 05 дугаар сарын 16.                                            Тусгаар тогтнолын ордон