sonin.mn

Төрийн шагналт кино найруулагч Д.Жигжид агсны "Хүргэн хүү" кино дээр гардаг даа, "Хайдав ирээд..." гээд эхнэрийгээ хэлэхэд нөхөр нь "Энэ Хайдав яах гээд байгаа юм бол..." гэдэг дээ. Тэр нь шиг энэ ШӨХТГ-ын дарга О.Магнай гэдэг залуу яах гээд байна вэ?

Сав л хийвэл, "зав" л гарвал хувийн хэвшлийн хэдэн ААН компани руугаа дайрах. Түүний "довтолгоонд" дэлгүүр хоршооноос аваад ШТС, кино театр, хүнс, барааны зах гээд өртөөгүй юм үгүй. Одоо юуг дайрах бол гэсэн хүлээлтийн дараагийн ээлжинд цирк орсон нь нэлээн шуугиан тарьж байна.

О.Магнайгийн дайралтууд Монгол Улсыг бүхлээр нь, цагдаатай нь, эмчтэй нь, багштай нь, нийгэмтэй нь, эдийн засагтай нь, юутай хээтэй нь авч яваа хувийн хэвшлийн хэдэн ААН-ээ улсынхаа хөгжилд улам ихийг бүтээгээрэй гэхийн оронд болж өгвөл бүгдийг эргэж нийгэмчлэх гээд байгаа юм шиг.

Жаахан урагштай яваа хэдээ арагш нь чангааж тамын тогооны үлгэр шиг чөдөр тушах гээд байгаа ч юм шиг. Болж байгаа үйл явдал, гаргаж байгаа үг, үйлдэл нь ингэж л ойлгогдож буугаад байх юм.

... Анх О.Магнай бизнес рүү, хувийн, өмч рүү хийх дайралтаа олны хөлийн газар "Нарантуул" захаас эхэлж, хүмүүс ороход хураан авдаг байсан 50 төгрөгийг болиулсан. Зайлуул, жижиг зүйлээр баатар болсон юм даа. Уг нь хүмүүст 50 төгрөг бол халааснаас гаргачихаар мөнгө. Өнөөдөр тэр 50 төгрөгөөр нь юу ч худалдаж авч хүрэхгүй, ханш нь навс уначихаад байгаа.

Харин тухайн захдаа бол олны юм бөөгнөрөөд, талбай, хашаагаа тохижуулахад хэрэгтэй мөнгө байсан юм. Гэвч О.Магнай дарга тэрийг болиулж чадсаан. За, тэгээд бензин колонк, сүлжээний дэлгүүр гээд дайрапт үргэлжлэн явсаар одоо цирк дээр ирсэн нь энэ.

Циркийг уг нь багачуул, томчуулгүй үзэж баясдаг соёл урлагийн газар. Гэтэл одоо дан хүүхдийнх болчихож. Хүүхдийн байгууллага циркийг циркээр нь авч явсангүй хэмээн О.Магнай дарга цовхчов. Хүүхдийн гэж ярьж байгаа бол "Элдэв-Очирын кино театр яасан бэ" гээд бүр эхнээс нь эхлэх учиртай.

Монголд ганц байсан хүүхдийн кинотеатр Хөрөнгийн бирж болсноор лав манайд үнэт цаасны зах зээл олигтой хөгжөөгүй. Тэр үед өөр барилга олдоогүй юм уу булаагаад авчихсан.

Дараагаар нь, соёл урлагийн байгууллага гэвэл "Ард" гээд түмний очдог байсан сайхан кинотеатр яасан бэ гэж асуумаар байна. Гавьяат Д.Сосорбарам менежментийн гэрээгээр аль хэдийнэ авсан гэсэн, түүнээс хойш анхнаасаа л мөнгө хүүлэгчдийн газар байсан өнөө яг хэвээрээ. За, тэгээд Хүүхэд, залуучуудын театр гэж бас нэг сайхан газар байлаа....

Энэ мэтээр манайд өнөөдөр хувьчлалаа, тэр дундаа худуутай гэж үзэж байгаа бол эргэж харах, социализмын үе рүүгээ буцаж очиж эргэж нийгэмчлэх гээд байгаа юм бол зөндөө бий.

Менежментийн гэрээний хувьчлалыг ярихад хүрвэл Төрийн ордны хажууд байгаа хуучин хэвлэх үйлдвэрийн барилгаас эхлээд зөвхөн хэвлэл мэдээлллийн байгууллагуудын тухайд ярихад л "UBS" телевиз менежментийн гэрээ гэдэг нэрээр хувь хүнд үнэгүй шахам очсон, яг ийм замаар мөн орсон "Улаанбаатар радио" өнөөдөр зориулалтаар ажиллах нь байтугай, орших эсэхдээ хүрч амь тасрахдаа тулаад байгаа олон жишээг хэлж болно. Гэтэл О.Магнай дарга ийм зүйлүүд рүүгээ эхлээд "дайрахгүй" яагаад өнөөдөр хувийн хэвшил рүүгээ, тэр дундаа амь оршсоор байгаа бизнес рүү өнгийх болов оо...

Хариу нь, ердөө ойлгомжтой. Төр бизнес рүүгээ дайрч түүгээр саапгаж амьдрах гэж л тэр... Төрд хүмүүс ажилладаг. Тэд бас мэдээж оршин тогтнохоо бодно. Гэхдээ манайд энэ нь бизнес рүүгээ дайрах арга замаар явж байна.

Хамгийн сүүлийн жишээнүүдийг хэлэхэд Нийслэлийн газрын алба хотын төвд, гэгээн цагаан өдрөөр "Бишрэлт" компанийн өмч рүү дайрч, хашааг нь нурааж, газрыг нь дээрэмдэж байх юм. АТГ-ынхан "Тэгри холдинг" ХХК-ийн ерөнхий захирал Х.Анхбаярыг үндэслэлгүй гэнэт баривчилчихаад хэрхэн эрүүдэн шүүж байгааг эхнэр нь "АТГ гэж өнөөдөр ногоон малгайтнуудын орчин үеийн хувилбар болсон байна" хэмээн хэвлэлээр ярьж сууна. Юу болж байна аа? УИХ, Засгийн газрын гишүүдээ!

Та нар ухаалаг төр энэ тэр гэж дээгүүрээ сайхан ярьж бичээд л байна, гэтэл амьдрал дээр ийнхүү эсрэгээр байна. Бизнес эрхлэгчид үүнийг тэвчиж, тэсч чадахгүй нь байна шүү... Байдал энэ хэвээр үргэлжилсээр байваас тэд татвараа төлөхөө больж, Төрийн ордны гадна чинь жагсаж эсэргүүцлээ илэрхийлэх гэж байна...

Уг нь О.Магнай гуай 2005 онд гадаадад суугаа Монголчуудын холбооны мөнгөөр Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөнийг удирдан тэр үеийн эрх баригчдын эсрэг жагсаж байхдаа төр өмчөө задалж, хувийн хэвшилд өгөх ёстой хэмээн тэмцэж явсан. Өдгөө түүний харьяалж байгаа төр, засгийн удирдлагад байгаа АН-ын нөхдүүд анх малыг малчдад, орон сууцыг иргэдэд хэмээн хувийн өмчийн төлөө Монголд ардчилсан хувьсгалыг хийлцэж явсан хүмүүс юмсан.

Өнөөдөр болохоор О.Магнай ч тэр, ардчилсан хувьсгапын "Алтан хараацай"-нууд нь ч тэр албан тушаалд хүрчихээд анх дуугарч байснаасаа эсрэг юм хийгээд байгааг юу гэж ойлгох вэ? Буцаад социализм руугаа марш! гэж байгаатай эгээ адил аашилж байна. Уг нь Монголын ардчилсан хүчин нялхсын өвчнөөсөө хэдийнэ салсан юмсан. Эсвэл одоо хөгшрөлтийн зөнсөн өвчтэй болчихоод байна уу гэлтэй...

С.Пүрэв

Эх сурвалж: "Бизнес таймс" сонин