sonin.mn

Монголын түүхийн хамгийн эмгэнэлт, өнөөдрийн өндөрлөгөөс харахад дэлхийг эзэлдэггүй юм гэхэд дээл, малгайтны улсаа хөгжил цэцэглэлтэд хүргэх алтан сайхан боломжуудыг алдсан харанхуй, бүдүүлэг, дээдэс нь эрх мэдэл, өнгө мөнгө, эрх ямбанд бялуурсан үе бол яах аргагүй бага хаадын үе билээ.

Монголын үндэсний телевизээр "Бага хаадын үе" гэх түүхэн цуврал кино гарч байна. Үзээд суухад шүүмжилмээр, зарим тал дээр засч залруулмаар зүйл байгаа ч ололттой тал нь илүү юм даа гэсэн сэтгэгдэл давамгайлах. Сүүлийн жилүүдэд Монголын түүхийн талаар энэ мэт дэлгэцийн бүтээл гарч байгаагүй болохоор олзуурхууштай, дэмжүүштэй санагдаж байсныг ч нуугаад яах вэ.

Харин энэхүү киног үзэхэд өнөөгийн нийгмийн дүр төрх, дээдсийн бялуурал, хутган үймүүлэлт, бохир улс төр, эрх мэдлийн төлөөх увайгүйтэл, ялзрал, өнгө, мөнгө, ах дүү, танил талаа татсан арчаагүйдлийн өнгө төрхийг өнгөрсөн үеэс харав. Хараад бид бага хаадын үедээ амьдарч буй мэт санагдав.

Нийгэм, дэлхий нийт хөгжөөд байна гэдэг ч Монголын дээдэс нөгөө л бага хаадын үеийн хэмжээнд сэтгэж, улс төр хийж, увайгүйтэж, улс орноо самууруулж, идэж, ууж, тансаглахын төлөө ард түмнээ золионд гаргасаар байгаа.

Бага хаадын дундаас хамгийн эмгэнэлт түүхтэй, өрөвдөм, бодохоос ч сэтгэл халгам хувь заяатай, хоёр cap хүрэхгүй хугацаанд хаан ширээнд суусан хүн бол бага балчирхан Ренчинбал хаан. Түүнийг түүхнээ "Тоглоомын хаан" хэмээн нэрийддэг. Бага балчирхан Ренчинбал хааныг хэлгүй, суумгай, татанхай, мэдрэл муутай өөрсдийн дуулгавартай зарц болгох гэж байгаад нэгмөсөн нөгөө ертөнцөд залж буй муу санаат Янтөмөр сайд, хатан ахайтан нар өнөөдөр ч манай төрд их байна.

Ард түмнээ "Хаан" хэмээн өнгөн дээрээ ярьдаг ч цаанаа Ренчинбал хаан шиг тоглоомын хүүхэлдэй байлгахыг хүсдэг ардчилсан Монголын төр мөнгөөр гулгиж хаана юу хийхээ мэдэхгүй тансаглаж байхад харин ард түмэн нь жил ирэх тусам цөхөрч, ядуурч, туйлдаж "Ардчилсан төрийн найруулсан" хорын тун хэтрэхдээ тулаад байна.

Ухаант хаан Тогоонтөмөр баруун гарын Чинсан Бааюуд хамаг эрх мэдлийг өгч, өөрөө элдэв лам хуварга залж, бүжигчин хүүхнүүдтэй зугаацаж, зугаа цэнгэлд мансуурч ард түмнээ, улс орноо хөсөрт орхив. Хөсөрт орхигдсон хөх Монголын төр бусармаг үйлтний гарт орж, хамаг Монгол хагацахын үүд нээгдэв.

Их хааны нэрийн өмнөөс төрийн хэргийг мэдсэн Чинсан Бааюу өөрт эс таалагдсаныг хаан эзэнд ховлон хороож, урдын гавьяатныг үгүйсгэн устгаж, өөрийн мэдлийн хүмүүсийг ухаан мулгуу, ужид самуун байсан ч өөд нь татан дэвшүүлэв. Төрийн залгамж халаа алдагдаж, хэн шуналтай, хэн зусарч, хэн бялдууч, эрх мэдэлд дуртай, ичихийг эс мэдэгч нь төрд шургалав.

Төрд буй дээдэс төрөлсөх тусам улс орон улам дордож, уруудахын цондон нүүрлэв. Яг өнөөдрийн төрийн өнгө төрх өнгөрсөн зуунаас амилж сэрэв. Цагаан сарын шинийн нэгэнд арван үе тавгийн идээ засуулж ахмадуудаа хүлээн авсан Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж хүлээн авсан ахмад буурлуудаасаа уучлал гуйсангүй.

Харин алдаа гаргасан төрийн албан хаагчдыг ажлаас нь халуулж, морин жилтэйгээ золгов. Нөгөө урд хөл бүдрэхэд хойд гуяыг нь ташуурдана гээч л болоод өнгөрлөө. Доодост халгаатай Монголын төрийн үнэн нүүр царай нэг иймэрхуү өнгөтэй, бэлгэдэлтэйгээр морин жилээ угтаж байна.

Уг нь Төрийн тэргүүн гэдэг алив юманд гярхай, төр, ёслолын ажиллагаанд гүн хүндэтгэлтэй ханддаг, алив зүйлийг жижиг гэлтгүй анзаардаг байх ёстой. Төрд өчүүхэн, жижиг, дараа нь гэж хойшлуулах нэг ч ажил, нэг ч зүйл байх ёсгүй. Харин өнөөдрийн Монголын төрд, төрийн түшээдэд бол байна аа.

Байх байхдаа өөрсдөд нь хамаагүй бол утаанд иргэд нь хордож, өвчин зовлонд өртөж, үр хүүхдээ амьгүй төрүүлж байх нь огт хамаагүй. Харин ч ард түмнийхээ өвчин зовлон, ядуурал, гачлангаар доог тохуу хийж түүнийгээ улс төр хэмээн эндүүрч суугаа нь харанхуй бүдүүлэг бага хаадын үеэс ч дорд санагдав.

Эдийн засаг, хөгжлийн сайд "Фортуна" Н.Батбаяр Тогоонтөмөр хааны итгэлт хүн гэгдсэн хоёр нүүрт, бусармаг хуурамч Бааюу Чинсан шиг тансаглаж, их хааны исэр дээрээс цагаан сараа арай ядан тэмдэглэж буй ард түмэндээ сайн сайхныг ерөөн мэндчилэв. Ард түмэн тэгэхээр нь инээх ёстой юм байна л даа.

Инээвэл харин ч дараа нь нулимсаа гаргаж цурхиртал уйлах байх даа. Эрхэм сайдын өмссөн нь эртний хаадыг санагдуулах бөгөөд суусан сандал, өргөөлсөн өргөө, өндрөөс өндөр зассан тавгийн идээ, сүүл сайтай хонины ууц гээд ядууралд нэрвэгдсэн ард түмэн нь зүүдэндээ үзэм гайхамшиг тэнд байна аа.

Монголдоо л шилдэгт тооцогдох хамтлаг дуучид ая дуугаа өргөж, морин хуурын гайхамшигт аялгуу цагаан сараар эрхэм сайдын өргөөнд л эгшиглэв үү, яав. Хэн, яаж, хэрхэн баярхаж цагаан сараа яаж тэмдэглэх нь маньд ямар хамаа байх вэ гээд орхиж болно. Хөрөнгөтэй, мөнгөтэй хүмүүс нь лаагаа ч иднэ үү, луувангаа ч иднэ үү ард түмэнд хамаагүй. Хүний хөрөнгө хүнд наалддаггүй тул атаархаад ч яах вэ дээ.

Харин Монгол төрийн хөрөнгө мөнгөнд хуруу дүрдэг, хэдхэн сарын өмнө мөнгөгүй, хөрөнгөгүй шахуу гэж хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөөд ард түмэн та нартайгаа л адилхан шүү гээд алгаа дэлгээд явж байсан төрийн сайд гэнэт ингэж цоортлоо баяжаад, цоройгоод ирэхээр нь хэн ч гайхна шүү дээ.

Ард түмэн тэнэг биш болохоор бүр ч гайхна. Харин төрөөсөө илүү ухаантай Төрийн тэргүүн нь, төрөлсүү Ерөнхий сайд нь энэ бүхнийг олж харахгүй, оноож тоохгүй яваа нь л хөөрхий. Төрийн сайд баян байж бололгүй яах вэ. Харин ч баян төрийн сайдтай байна гэдэг сайхан.

Гэхдээ ард түмэн нь ядуу тарчиг, улс орон нь дорой, нийтээрээ ядууралд өртчихсөн, өрөнд баригдчихсан, өнөө маргаашаа яая даа хэмээн гайхширч, нийтийн унаа нь үнээ нэмэх гэж ард түмнээ айлгачихсан, хүнсний бүтээгдэхүүн нь авч дийлэхгүй үнэтэй болчихсон, Ерөнхий сайд нь өндөр настнуудынхаа тэтгэврийг 0.1 хувиар арай ядан нэмж байгаа энэ цаг үед арай л хэтийдсэн тансаглал болсонд л эмзэглэж буй нь энэ.

Ер нь энэ хэдэн сайд нараа ийм асуудал хариуцсан, тийм яамны сайд гэж байхаар зүгээр л тийм Жонон, ийм Чинсан, тийм хунтайж, тэр удган энэ тэр гээд нэрлэчихвэл яасан юм.

Жишээлбэл, эмнэлэг гэхээс айдаг хирнээ шорон гэхээр ханцуй шамлаад, хууль санаачлаад гүйчихдэг Х.Тэмүжин сайдыг Төрийн Заргач, Хүнс хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг Төрийн их буурч, Эрүүл мэндийн салбарыг элгээр нь хэвтүүлсэн Н.Удвал сайдыг Умаахан самрагч Удган тайху, Зам тээврийн сайд А.Гансүхийг Цам харайгч Чинсан, уул уурхайн сайд А.Гансүх сайдыг Газар тайх тахилгач Дурго Ван зэргээр нэрлэвэл ямар вэ.

Мөн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийг Луугийн улаач Чин бэйж, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт Баруун гарын жонон, БШУ-ны сайд Л.Гантөмөрт Төрийн сударч вам цол олгочихвол манай өнөөгийн төр бага хаадын үеэс ялгарах зүйлээр их л хомс болох мэт.

Учир нь хашиж буй албан тушаал болон хэрэглэж буй хэргэм зэргийн нэршил нь өөр болохоос улираан авчраад нэрлэчихвэл хийж буй үйлдэл, гаргаж буй аяг ааш, явуулж буй бодлогын хувьд нэг их ялгаа харагдахгүй дээ. Бага хаадын үеийн түүхэн кинонд гарч байна аа. Нэг нөхөр хаан болмогцоо л хамаг амьтнаа урьж, дуудаад наргиж, цэнгээд, хамаг сан хөмрөгөө зугаа цэнгэлд зориулаад бусдадаа баярхаад, бардамнаад л...

Харин дараа нь баярхаад-бардамнаад байгаа ухаан муутай, ужид цэнгэлд дуртай хаанаа нөгөөдүүл нь зүгээр л алж орхино. Дахиад нэг хаан олоод ирсэн урдах хаанаасаа ч долоон дор ухаан муутай, ужид цэнгэл, хов живээр улс төр хийсэн нэгэн байх. Ингээд л алаад, найрлаад л, дахиад л хаан болгоод л, тэгээд өнөөдрийг хүртэл тэр нь үргэлжлээд ч байх шиг.

Үнэн түүхээр бүтээсэн кино үзээд өнгөрснийг л харах гэсэн чинь өнөөдрийг ч бас харж, үзэж, дүгнэж болдог юм биш үү. Монголын бага хаадын үеийг тоглоомын хаан Ренчинбалын үеэс эхэлсэн гэж үзвэл өдгөөг хүртэл 700 орчим жил улиран өнгөрсөн байна.

Нийгэм ч хөгжиж, нүүдэлчин Монгол суурин Монгол болж, морин өртөө цахим ертөнцөд хувилж, талын нэг тархай Монгол НҮБ-ын гишүүн, дэлхий нийтийн индэрт өөрийн гэсэн байр суурьтай болсон ч улс төрд буй эрхмүүд нь нөгөө л бага хаадын үеийн баярхсан, бардамнасан, ард түмнээ, улсаа гэхээсээ амиа бодсон сэтгэлгээтэй байгааг нь харахаар өрөвдмөөр, халагламаар, харамсмаар, хамаг Монголын хувь заяаг харамламаар санагдав Бага хаадын ноёрхлоос өнөө ч ангижраагүй хайран ч Монголын төр минь.


Д.Лхагва-Очир

Эх сурвалж: