sonin.mn
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанд УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар УИХын 2012 оны ажлын тайланг хэлэлцүүллээ. 
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд парламентын шинэ ордон барих ажилд анхаарал хандуулах хэрэгтэй байгааг онцлов. Дээрх асуудлын тухайд тэрээр “Би 2011-2012 оны хооронд хоёр жилийн хугацаанд Шадар сайдаар ажиллаж байхдаа Засгийн газар талаасаа Парламентын ордныг барих ажлын хэсгийг ахалж байлаа. 
 
Тэр хугацаанд ордны барилгын 30 гаруй ам.метр, 14 давхар барилгын зургийг хийж, газрын геологи судалгааг хийлгэсэн. Монголын талын бүх мэргэжлийн байгууллагууд зурган дээр экспертиз хийгээд барилгын ажил хийхэд бэлэн болсон.
 
Монголын болон Кувейтын талаас тус бүр зургаан хуулийн этгээд байгуулагдаад материалуудаа өгсөн. Жил гаруйн хугацаа өнгөрөхөд энэ ажил зогсонги байдалтай боллоо. 
 
Үүн дээр Тамгын газар анхаарал тавих хэрэгтэй. Хүндрэл бэрхшээлийг бид даван туулалгүй л яахав. Гэхдээ зайлшгүй шаардлагатай зүйлийг зохицуулах ёстой. Байршлын талаар олон байр суурь явдаг. Үүнийг УИХ-ын байнгын хорооны тогтоолын дагуу явах хэрэгтэй. Хүн бэлэглэж байгаа мөнгийг ашиглаж чадахгүй хэдэн жил боллоо. 
 
Төр ямар их хүнд сурталтай юм бэ гэдгийг харуулж байна. Ирэх хавар энэ барилгын ажлыг эхлүүлээч ээ. Ажиллах нөхцөл байдал муу байгааг шинэ барилга барьсанаар шийднэ. Энэ барилгыг хэчнээн тордоод сунахгүй, тэлэхгүй учраас боломж байхгүй” гэсэн юм. 
 
Эцэст нь, Парламентын ордныг барих ажлыг ирэх хавар эрчимжүүлэх ёстой гэх чиглэлийг Засгийн газарт өгөхөөр болов. 
 
Эх сурвалж: