sonin.mn
Энэ асуудлыг нарийн судлах цаг болсон
 
Улс төрийн хэлмэгдүүлэлт гэж чухам юу юм бэ? Өнөөдөр үүний мөн чанарыг уудлан илчилж, шинжлэн судлах цаг нэгэнт болсон. Он цаг улиран одсон ч хүмүүс үүнд эргэлзсээр байна. Үнэхээр Монголд Японы бүлэг тагнуул байсан уу, үгүй юү? Үүнд хэн буруутай юм бэ? Сталин уу, эсвэл Чойбалсан уу? гэх мэтээр.
 
Одоо үүний зөв гаргалгааг гаргах нь манай түүхчид, судлаач эрдэмтдийн өмнө тулгараад байна. Хэлмэгдүүлэлтийн эхэн үеийг яривал бүр 1922 оноос эхэлж хөөнө. Тэр үед Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд Бодоо, Чагдаржав нарыг баривчлан байцаасны дараа Богдын төрөл Саж лам болоод бусад хүмүүсийн хамт Шархаданд аваачиж буудан хороосон.
 
Дараа нь Ардын намын анхны долоогийн нэг, Сангийн яамны тэргүүн сайд Бүх цэргийн жанжин С.Данзанг мөн л буудан хороосон. Сүүлдээ баруунтан, зүүнтэн болцгоож нэг нэгнийгээ багагүй хэмлэцгээсэн. Харин хэлмэгдүүлэлтийн хамгийн оргил үе нь 1930-аад оны дунд үеэс эхэлсэн.
 
Үүнд чухам хэн буруутай вэ? Гэндэн үү? Чойбалсан уу? үүнтэй холбогдох нэгэн баримтыг дурдахад, "Гэндэн өөртөө дургүй, муугаар үзэгдсэн хүнийг... хувьсгалын эсэргүүчүүдийн нэрийн жагсаалтанд оруулж гүйцэтгэнэ," "Та нар амаа хавчихгүй бол та нарыг Лхүмбийн хэрэгт холбогдогсдын дотор нэрийг чинь оруулна шүү" гэж Б.Элдэв-Очирт шууд хэлж байсан тухай 1936 оны гуравдугаар сард болсон МАХН-ын Төв Хорооны хоёрдугаар бүгд хурал дээр Чойбалсан хэлсэн үгэндээ тэмдэглэжээ.
 
Тиймээс Гэндэн өөртөө "муу харагдсан" Чойбалсанг Сүрэнхороор тагнуулж улмаар Лхүмбийн хэрэгт холбогдлуусан байж ч болох юм. 1934 оны есдүгээр сард П.Гэндэн, ХЧойбалсан нар Москвад очоод цөллөгөнд байсан Ц.Баттөмөр, Ө.Бадрах, Ц.Гиваапил нартай Чойбалсанг явуулан уулзуулж “Та нар хэргээ яагаад мэдэхгүй байна вэ? Та нарын хэрэг илэрсэн.
 
Тиймээс та нарыг энд суулгахгүй, өөр тийш явуулна" гэх зэрэг үг хэлүүлэхэд тэд "Бидний амьдрал дорой байгаа ч коммунизмын нийслэлээс гарахгүй. Зүүний үед алдаа дутагдал гаргасан тухайд бол чамтай ярихгүй. Харин тэр Гэндэнгээ уулзуулж өг" хэмээн цөм нэгэн адил Гэвч Гэндэн тэдэнтэй уулзахаас зайлсхийжээ.
 
Тэр уулзалт дээр Гиваапил Чойбалсанд хэлэхдээ: "Өөрөө ноднин энд 5-6 сар суухдаа мөн миний нэгэн адил энэ хэрэгт (Лхүмбийн хэргийг хэлж байна) холбогдоод ирж сууж байсан болно... Та яасан тэнэг хүн бэ? Таны биеийг Японы төлөөлөгчдийг Улаанбаатарт ирээд хурал хийхэд хамт байсан гэж хэд хэдэн ялтны мэдүүлэгт байгаа учраас энд 5-6 сар суулгасан..." гэжээ.
 
Улсыг аюулаас хамгаалах ажилд гарч байсан алдаа завхарлыг шалгасан комиссын ажлын дүнгийн тухай 1962 оны нэгдүгээр сард МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоогоор хэлэлцэхэд комиссын гишүүн Н.Лхамсүрэн "Баруунтан ба Лхүмбийн хэрэгт Чойбалсангийн нэр гарч байжээ. Тэрээр Лхүмбийн хэргийг нэлээд бодитой үзэх гээд өөрөө орчихсон юм." гэж нотолж байв.
 
Үүнээс үзэхэд, ЗХУ-ын Дотоод явдлын яам ("НКВД") ба Улсын аюулгүй байдлын хороо ("КГБ")-ын хатгалгаар Гэндэн, Намсрай нарын бүрдүүлсэн "Лхүмбийн хэрэг" гэгчид Чойбалсан хилс орооцолдсон нь үнэн бололтой. 1933 оны долоодугаар сарын 22-нд Намын Төв хорооны нарын бичгийн дарга Б.Элдэв-Очир, Ерөнхий сайд П.Гэндэн нарын зөвшөөрснөөр Ж.Лхүмбийг баривчилж хэрэг үүсгэжээ. 1934 оны эцэс хүртэл Х.Чойбалсан, И.Сталинтай улс төрийн асуудлаар нүүр учирч уулзаагүй, ЗХУ-ын Дотоод явдлын яамтай ч шууд холбоогүй, тус яамны сайд Г.Ягодаг ч танихгүй байв.
 
 
Гэндэнгийн алдаатай бодлого өөрийг нь “ороожээ”
 
Японы зүгээс Монголд довтлох аюул занал тулгарч байсан 1936 оны нэгдүгээр сарын эхээр П.Гэндэн, Ц.Намсрай, Г.Дэмид нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид Москвад айлчилж бий болсон түгшүүрт байдлын талаар И.Сталин болон бусад хүмүүстэй ярилцжээ.
 
Гэндэн улс орноо батлан хамгаалах талаар Зөвлөлтөөс авах тусламжийн тухайд зөвхөн зэр зэвсэг ба мэргэжилтнээр хязгаарлаж харин улаан армийн ангиудыг Монголд оруулахаас татгалзах байр суурь баримталж байхад Г.Дэмид дайн байлдааны түгшүүртэй цаг үе нэгэнт тулгарсан тул Зөвлөлтийн цэргийн ангиудыг Монголд оруулахаас өөр замгүй гэсэн саналтай байв.
 
Тийм учраас саналаа нэгтгэж уг асуудлыг дахин хэлэлцэхээр Монголын төлөөлөгчдийг гэдрэг буцаасан байна. Энэ үеэс Гэндэнгийн байр суурь болон тагнуулын мэдээнд тулгуурлан зөвлөлтийн удирдлага түүнийг зөвлөлтийн эсрэг үзэл бодолтой бөгөөд эх орныхоо эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэсэн дүгнэлт хийжээ.
 
Үүнээс үүдэн Монголын нам, төрийн эрх баригчдын дотор санал зөрөлдөөн гарч Гэндэнд үл итгэх, хардаж сэрдэх явдал хүчээ авчээ. 1936 оны хоёрдугаар сарын долоонд Чойбалсан, Дэмид, Лувсаншарав нар Элдэв-Очирт бичсэн захидалдаа: "Гэндэн, Намсрай нар Москва хотод явж ирсэнээсээ хойш дүрс маягаа өөрчилж өөр бодлого явуулах төлөв үзэгдэнэ.
 
Гэндэн нь Төв хорооны тэргүүлэгчид ба сайд нарын дотор өөрийн бодлого нь нэгэнт илэрсэн болох тул тэдний дунд явуулга хийхээ зогсоож, харин өөрийн бодлогоо илрээгүй бусад ажилчны дотор буюу ардын дотор элдэв явуулга хийх шинжтэй байна. Намсрайн байдал нь тун ч тогтворгүй, хачин байдалд ороод байна.
 
Бид нараас бодож, болгоомжлох зүйлүүд нь, хамгаалахыг (Дотоодыг хамгаалах газар) ашиглаж нууц ажлыг явуулах буюу түүгээр улсын дотор эсэргүү бослогыг гаргаж, түүгээр далимдуулан өөрсдийн бодлогыг зөв болгохыг оролдох буюу суудал дээрээ хэвээр суухыг хичээж түүнийг биелүүлэхийн тулд бусдыг идэж уух болзошгүй хэмээн бид нар бодож байна.
 
Учир иймд бид нараас даруй авах зохион байгуулалтын арга хэмжээний тухай төлөвлөн бодож буй зүйлүүд нь: Дотоодыг хамгаалах газрын нэрийг өөрчилж, Дотоод яам болгох...
 
Хамгаалахыг шинэ удирдлагатай болгох, үүнд шинэ даргад хоёр нэр гарч буй бөгөөд нэгд Эрүүлийг хамгаалах яамны сайд нөхөр Өлзийбат, хоёрт Улс төрийн газрын дарга Дашчирав ийм хоёр хүний тухай санал гарч буй" гэж дурджээ.
 
 
Ерөнхий сайд Маршалтай муудсаны учир
 
1936 оны хоёрдугаар сард болсон МАХН-ьш Төв Хорооны II бүгд хурал “Тус улсын гадаад, дотоод байдал ба цаашид гүйцэтгэх улс төрийн зорилгын тухай" асуудал хэлэлцжээ.
 
Тус хурал дээр Намын Төв хороонд Гэндэнгийн гаргасан өргөдөлд дурдсан тайлбаруудын зүйл зүйлээр нь няцаасан Чойбалсангийн хурц дэлгэрэнгүй шүүмжлэл нь хуралдагсадын анхаарлыг ихэд татжээ.
 
Энэ хурал дээр Чойбалсан Гэндэнгийн улс төрийн үйл ажиллагааг тодорхойлохдоо Японы эзэрхэг түрэмгийн нарыг эсэргүүцэх ба улс орны батлан хамгаалах хүчийг зузаатгахаас зайлсхийж,
 
ЗХУ-ыг шууд эсэргүүцсэн үг өгүүлэл тараасан, "Баяжихтүн" хэмээх лоозонг дахин гаргаж дунд, ядуу аж ахуйтныг баян чинээлэг аж ахуйтанд мөлжүүлэх бололцоог нэмэгдүүлэхийг хичээсэн, Дотоодыг хамгаалах газрыг өөрийн тусын тулд ашиглаж хууль ёсыг завхаруулсан, том алдаа гаргасан, эрх мэдэлдээ толгой нь эргэн нөхдийн санал зөвлөгөөннйг хүлээж авахгүй болж нам ба намын олон түмнээс тасарсан гэж шүүмжлээд "Шинэ эргэлтийн бодлого"-ын мөн чанарыг эс ойлгож, тус улсын хөгжлийн шатыг буруугаар төсөөлж, өөрийн ард түмэн ба өөрийн улс орондоо хайргүй болсон хүн" гэж дүгнэсэн байна.
 
Чойбалсангийн энэхүү шүүмлэл нь Гэндэнгийн өөрийг нь "Лхүмбийн" хэрэгт орооцолдуулахыг оролдсоны хариуг авах гэсэн хувийн тооцоо байсан нь илэрхий. Нөгөөтэйгүүр Гэндэнг Ерөнхий сайдын тушаалаас зайлуулах гэсэн бодлого, ЗХУ-ын удирдлагын зүгээс хийсэн явуулга зэрэгтэй холбоотой юм.
 
Дээрх бүгд хурлын дараа Гэндэн, Чойбалсан хоёрын урьдын тааруу байсан харилцаа улам муудсан байна. Чойбалсангийн эхнэр Б.Гүндэгмаа нэгэн дуртгалдаа"... Гэндэн нэг өдөр согтуугаар манай гэрт ирээд Чойбалсанд агсамнан хэлсэн нь: "Би Ерөнхий сайд, чи миний орлогч. Чи бид хоёр хэн нь хэнээ ялахыг үзнэ дээ гайгүй.
 
Нэг бол би чамайг ялж хөл доороо гишгэнэ, эсвэл чи намайг ялна биз. Чи бид хоёрын хэн маань хэнийхээ гарт үхэх бол үзнэ дээ" гэж хэлээд манай гэрийн шаазан савыг эвдэж, хагачих зэргээр аашилж билээ" хэмээжээ.
 
 
Гэндэн: Монголд ард олны дотор лам нар нам засгаас илүү нөлөөтэй 
 
1934 оны сүүлчээр Гэндэнг ЗХУ-д очиж Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах аман хэлэлцээрт гарын үсэг зурах үеийг тохиолдуулан И.Сталин түүнийг хүлээн авч уулзсан юм.
 
Уулзалтанд Гэндэнгээс гадна Мэнд, Дашчирэв нарын хамт Мал, тариалангийн яамны сайд Чойбалсан, Зөвлөлтийн талаас И.Сталинаас гадна В.Молотов, К.Ворошилов, А.Жданов зэрэг ЗХУ-ын дээд удирлага оролцжээ.
 
Ярилцлага дээр Гэндэн И.Сталинд тавьж зөвлөгөө өгөх гурван асуудал байгаа гээд "хамгийн нэгдүгээрт лам нарын тухай асуулт бөгөөд энэ нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нам ба засагт үндсэн аюул болж холбогдох зүйл болой. Юун хэмээвээс лам нар нь нам ба засаг лугаа илэрхийгээр тэмцэж байдаг болой" Монголд ард олны дотор лам нар нам засгаас илүү нөлөөтэй, засаг захиргааны талаар лам нар нь бид нарт захирагдахгүй.
 
Гадаадын тагнуулын хэргээр зарим том, толгой лам нарыг баривчилсан боловч шийтгэлгүй өнгөрөөсөн гэх мэтээр ярьжээ. Ийнхүү лам нарыг нам, засгийн дийлдэшгүй аюултай дайсан мэтээр таниулсан нь Монголын нийгэм, улс төрийн байдал нэн хүнд байдалд орсон мэт сэтгэгдлийг ЗХУ-ын удирдлагуудад төрүүлсэн байна. Нөгөөтэйгүүр Монголын төр лам нартайгаа тэмцэж чадахгүй тун арчаагүй байдалд орсоноо харуулжээ.
 
 
“Тойрон бүслэх арга"
 
Тийм ч учраас И.Сталин хэлэхдээ: “Таны ярьснаас үзэхэд танай тэнд улсын дотор улс бий болоод байна уу даа. Үүнд нэг нь Гэндэнгийн засаг, нөгөө нь лам нарын засаг. Үүний дээр лам нарын засаг нь илүү хүчтэй амуй. Ер нь аливаа байлдаанд хэрэв дайсан этгээдийг шууд халз дайран авч болохгүй ахул түүнийг тойрон бүсэлж авах журам яриа байна.
 
Үүнд юуны урьд сургууль, багш нарыг олшруулан залуучуудыг нөлөөндөө оруулах, улсын зардлаар худгийг олноор байгуулж, чингэснээр лам нар биш, харин улсаас ардын аж ахуйн чухал хэрэгцээг хангаж байгааг харуулах, улс төрийн хэрэг өдүүлсэн том лам нарын хэргийг заавал нийтийн өмнө тасалж олон түмэнд тэдний урвагч нүүр царайг харуулах, мал ба хүний их, бага эмч нарийг бэлтгэж эмнэлэгийг лам нараас салган авах, нийтийн соёл боловсролын түвшинг дээшлүүлэх, албан татварыг том ба ядуу лам нарт ялгавартай ногдуулах, нам ба хувьсгалт залуучуудын ажлыг сайжруулах, ардын хувьсгалт цэргийн соён гэгээрүүлэх үүргийг өндөржүүлэх зэрэг арга хэмжээ нь "тойрон бүслэх арга"-д багтана гэж И.Сталин тайлбарлажээ.
 
 
Ш.Батцогт
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин