sonin.mn
Нийт экспортын 25.4 хувийг зэс эзэлдэг
 
Монгол Улсын нийт экспортын 91 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Түүнчлэн манай улсын нийт экспортын 94 хувь нь БНХАУ-д ногдож байна. Энэ талаар AFG мэдээлэхдээ “Тухайлбал монгодчууд 2011 онд 575.900 тонн зэсийн баяжмал экспортолсны 97 хувь нь Хятад улсад ногдсон байна." хэмээжээ.
 
 
Өнгөрсөн гуравдугаар сард нийт экспортод эзлэх хувиар зэс, нүүрсний өмнө байсан бол харин дөрөвдүгээр сараас зэс нүүрсний хойно бичигдэх болжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар нийт экспортод нүүрс 25.9, зэс 25.4 хувийг эзлэх болов.
 
 
Дэлхийн зах зээлд зэсийн нийлүүлэлт нь эрэлтээсээ давж улмаар уг түүхий эдийн ханш өнгөрсөн дөрөвдүгээр сард сүүлийн найман сарынхаас доод түвшинд хүрчээ. Мөн Чили улс зэсийн үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлсэн нь үүнд нөлөөлсөн байна.
 
 
Харш өнгөрсөн тавдугаар сарын эхнээс зэсийн үнэ сэргэж эхэлсэн бөгөөд одоо нэг тонн нь 7256 ам.доллар болоод байна. Шинжээчдийн таамаглалаар Оюутолгойн зэсийн баяжмал дэлхийн зах зээл дээр худалдаалагдаж эхэлбэл уг түүхий эдийн үнэ бага зэрэг буух магадлалтай байна.
 
 
Хятадын үйлдвэрүүд зэсийн баяжмалын хомсдолд оржээ
 
Гэвч Индонезийн зэсийн уурхай өнгөрсөн тавдугаар сард үйл ажиллагаагаа зогсоосны улмаас Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүд хүнд байдалд оржээ. Тус улсын зэсийн баяжмалын нөөц хомсдсон тул өдөр тутмын үйл ажиллагаагаа алдахгүйн тулд Оюутолгойн уурхайд ихээхэн найдлага тавьж буй талаар "Ройтерс" агентлаг мэдээлсэн байна.
 
 
"Ji-anghi Copper" компанийнн мэдээллээр цэвэр зэсийн хэрэглээ, үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Хятадын зарим үйлдвэрийн үйл ажиллагаа хэдийнэ доголдоод эхэлжээ. Түүнчлэн жижиг үйлдвэрүүд бүр өнгөрсөн дөрөвдүгээр сараас хаалгаа барьжээ.
 
 
Байгаль орчны асуулын улмаас БНЭУ-ын "Strelite Industries" компани зэс хайлуулах үйлдвэрээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр хаасан байна. Олборлолтоороо дэлхийд хоёрдугаарт ордог Индонезийн Грасберг уурхай зэсээ дахин хэзээ олборлож эхлэх нь одоогоор тодорхойгүй байна.
 
 
Өнгөрсөн сард энэ уурхайд осол гарч 28 хүн эндсэн юм. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр зэсийн нийлүүлэлт ихэссэн ч энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Хятадын зэсийн хүдэр, баяжмалын импорт өнгөрсөн оны мөн үеэс 37 хувиар дээшилж, 3.06 сая тоннд хүрсэн байна.
 
 
Үүний 23 мянган тонныг Индонези улсаас авчээ. Үүнээс үзэхэд Хятад улсын эдийн засгийн өсөлт сааралттай байгаа ч зэсийн эрэлт их буйг харуулж байна. Энэ нь манай улсын хувьд тун таатай мэдээ юм. Тун удахгүй Оюутолгой зэсийн баяжмалаа экспортолж эхэлнэ.
 
 
Тус уурхай нь одоогоор жилдээ 450 мянган тонн зэс олборлох чадалтай. Оюутолгойн баяжмалыг худалдан авах үйлдвэрүүдийн удирдлага зэсийн баяжмалыг БНХАУ-руу зөөх тээвэр, ложистикийн асуудлыг хэдийнэ шийдсэн байна.
 
 
"Рио Тинто" компани Хятадын гурван компанид Оюутолгойн баяжмал нийлүүлэх гэрээ байгуулсан тухай тус улсын зэс хайлуулах компаниуд "Ройтерс"-т уламжилсан байна. Энэ талаар Оюутолгой компаниас мэдээлэхдээ "Монголтой хамгийн ойрын зах зээл учраас одоогоор Хятад руу экспортлохоор зэхсэн.
 
 
Гэхдээ үнийн хувьд ямар нэгэн хямдрал байхгүй, олон улсын зах зээлийн журмаар л нийлүүлнэ. Мөн цаашид борлуулалтын зах зээлээ өргөжүүлнэ. Борлуулалтын зуучлалын компанитай хамтарч ажиллах боломжтой." гэжээ.
 
 
Зэсийн үнэ тогтворгүй байна
 
Үүнээс үзэхэд Оюутолгойн баяжмалын борлуулалтанд ямар ч асуудал гарахгүй нь тодорхой байна. Харин дэлхийн зэсийн үнийн хувьд хэлэхэд хэцүү. Одоогийн байдлаар дэлхийн эдийн засгийн байдал суларч, олон улсын зах зээл дээр зэсийн нийлүүлэлт ихэссэн мэдээллүүд ирсээр байна.
 
 
Иймд энэ онд дэлхийн зэсийн үнэ дээд тал нь 7800, доод тал нь 7000 ам.долларын хооронд хэлбэлзэх болов уу хэмээн шинжээчид таамагласаар байна. Гэхдээ үүнд дэлхийн эдийн засаг тодруулбал Хятадын эдийн засгийн байдал ихээхэн нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй.
 
 
Мөн дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 3000 ам.доллар болтлоо унаж байсныг санах хэрэгтэй. Оюутолгойн цаашдын хөрөнгө оруулалтын хувьд Монгол Улсын хувьд айх асуудал үгүй? "Рио Тинто" сая дэлхийн санхүүгийн зах зээлээс 2.5 тэрбум ам.доллар босгов.
 
 
Дахиад энэ хэмжээний мөнгийг өгөхөд бэлэн гэдгээ Дэлхийн банк, санхүүгийн байгууллагууд саналаа илэрхийлсээр байна. Мөн "Рио Тинто" ч дэлхийн уул уурхайн том гигант гэдгээ ч харуулав. Тухайлбал "Рио Тинто" групп 2017 оны сүүлчээр Перу улсад "La Grania" төслөө хэрэгжүүлж, зэс олборлож эхлэхээр төлөвлөсөн байна.
 
 
Саяхан Австралийн Сидней хотод болсон "Paydirt Latin America Pownunder" чуулганы үеэр уг төслийг удирдаж буй Иан Вудс мэдэгдэхдээ, "Энэ төсөл дэлхийн хэмжээнд дээгүүр үнэлэгдэх боломжтой. Ирээдүйд зэсийн олборлолтоор олон улсад эхний аравт багтана" хэмээн танилцуулжээ.
 
 
"La Granja''-гийн олборлолт одоогоор эхлээгүй ч Перу улсад орших уг орд зэсийн нөөцөөр дэлхийд тэргүүлнэ хэмээн шинжээчид таамаглаж байна. "Рио Тинто" группийн гүйцэтгэсэн өрөмдлөгт үндэслэн "La Granja" ордын нөөцийг 2.8 тэрбум тонн хэмээн тогтоожээ.
 
 
Энэ ордын хүдэр нь 0.51 хувийн зэс, 0.11 хувийн цайрын агууламжтай аж. "Рио Тинто" одоогоор уг төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг урьдчилсан байдлаар хийж байгаа юм байна.
 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин