КИЕВ. /DW/. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг пүрэв гарагт Киевт гэнэтийн айлчлал хийж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзжээ.
Уулзалтын үеэр Украины удирдагч хэлэхдээ, өвлийн улирал ирж байгаа үед Украины эрчим хүчний дэд бүтцийг хамгаалахын тулд тус улсын агаарын довтолгооноос хамгаалах хүчнийг бэхжүүлэхэд туслахыг НАТО-д уриалав. Хариуд нь НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга түнш орнуудаас үзүүлэх ийм төрлийн тусламжийг нэмэгдүүлэхийн тулд хүчин чармайлт гаргахаа амлалаа.
Украины Ерөнхийлөгч хэлэлцээний дараа Й.Столтенбергтэй хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ "Манай улсын эрчим хүчний дэд бүтэц, иргэдийн амь насыг хамгаалахын тулд энэ өвлийг бид хамтдаа даван туулах ёстой" гэж цохон тэмдэглэсэн байна.
Украин улс НАТО-д элсэх нь цаг хугацааны асуудал
Умард Атлантын эвслийн тэргүүн хариуд нь Украин улс “НАТО-д элсэх нь хэзээ хэзээнээс илүү ойртсон” гэж мэдэгджээ. Вильнюст болсон дээд хэмжээний уулзалтын дараа эвслийн бүх гишүүн улс Украиныг НАТО-д элсүүлнэ гэдэгтэй санал нэг байсныг гэдгийг Столтенберг дурдав.
Ташрамд дурдахад, эвсэлд шинээр элсэхийн тулд заавал дамжих үе шат буюу НАТО-гийн гишүүнчлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хүчингүй болгосон нь эвсэлд элсэх үйл явцыг нэг шатаар багасгажээ. "Хоёрдугаарт, бид НАТО-гийн номлол, зэвсэг техникийг бүрэн нэвтрүүлж, ирээдүйн холбоотнуудтай Украины Зэвсэгт хүчний үйл ажиллагааг бүрэн нийцүүлэх хөтөлбөрийг зөвшилцсөн.
Энэ бол жил бүр хэдэн зуун сая еврогийн үнэ бүхий томоохон багц тусламжийн нэг хэсэг юм. Гуравдугаарт, бид улс төрийн харилцаагаа урьд өмнө байгаагүй түвшинд бэхжүүлж, хамтдаа шийдвэр гаргахын тулд Украин-НАТО-гийн Зөвлөлийг байгуулсан" гэж Й.Столтенберг хэлжээ. Ерөнхийлөгч Зеленский хариу мэдэгдэхдээ "манай улс НАТО-д гишүүнээр элсэх нь цаг хугацааны асуудал бөгөөд бид энэ цагийг ойртуулахын тулд бүхнийг хийж байна" гэлээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Украйн устаад алга болчихгүй байж байвал НАТОд элсүүлнэ гэх маягийн юм ярьжээ.........
укр нацистууд натод элсэж дэлхийн дайн гаргаснаас украйныг нацистуудаас цэвэрлэх нь хамаагүй зөв бөгөөд аюулгүй шийдэл. Орос маш зөв чиг шугам барьж байгаа юм байна.
НАТО одоо Украиныг бүх талаар дэмжиж л байгаагаас хойш өөх ч биш, булчихай ч биш дүлэгнэж, баахан зэвсэг, хүч хөрөнгө үрж оростой байлдаж байснаас нэг мөр элсүүлчихвэл Орос түрэмгий дайнаа зогсоох биз ээ. Энэ дайнд Укриан ялах нь чухал бөгөөд ингэсэн тохиолдолд Орос, Хятад мэтийн хаяа хавиргаа хадрагсдад сүрхий хориг болох юм даа.