sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай ням гарагт Нью-Йорк хотод уулзах үеэрээ Туркт айлчлахыг уриад, тус улсад “Tesla”-гийн долоо дахь үйлдвэрийг улсдаа байгуулах хүсэлт тавьжээ. 
 
 
Манхэттен дүүрэгт байрлах Тюркеви төвд болсон уулзалтын үеэр Ерөнхийлөгч Р.Эрдоган Туркийн технологийн дэвшил, “Цахим Турк” хөтөлбөр, хиймэл оюун ухааны үндэсний стратегийн талаар “Tesla”, “SpaceX” компанийн үүсгэн байгуулагч И.Маскт танилцуулсныг Туркийн Харилцаа холбооны газар мэдээллээ.
 
 
Туркэд үйлдвэрлэсэн “Togg” цахилгаан машин Туркийн зам дээр зорчиж эхэлснээр “Tesla” компани Туркийн зах зээлд нэвтэрснийг Р.Эрдоган дурсаад, тус улсад долоо дахь үйлдвэрээ байгуулахыг И.Маскт хандан уриалжээ.  Мөн Туркийн сансрын хөтөлбөрийн хүрээнд “SpaceX”-тэй хамтран ажиллах боломжтой гэдгийг дурдаад, И.Маскийг Измир хотноо болох “Teknofest” арга хэмжээнд урьсан байна.
 
 
И.Маск хариуд нь Туркийн олон ханган нийлүүлэгч компани “Tesla”-тай хэдийнээ хамтран ажиллаж байгаа бөгөөд дараагийн үйлдвэрийг байгуулах газруудын жагсаалтын эхэнд Турк улс багтаж байгаа гэдгийг хэлжээ.
 
 
Туркийн Ерөнхийлөгчийн зүгээс “SpaceX”-ийн “Starlink” хиймэл дагуулын үйлчилгээ болон хиймэл оюун ухааны чиглэлээр хамтран ажиллах санал тавьсны хариуд И.Маск “Starlink” хиймэл дагуулын үйлчилгээг Туркт нэвтрүүлэхийн тулд шаардлагатай лицензийг авахаар Туркийн талтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Уулзалтын үеэр Р.Эрдоган мөн Турк улс “Bayraktar TB2” нисгэгчгүй нисэх онгоц үйлдвэрлэсэн амжилтыг дурдсан бол И.Маск хариуд нь уг дроныг дэлхий даяараа сонирхож байгааг мэднэ гэдгээ хэлжээ.
 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ"  агентлаг