ВАШИНГТОН. /AP/. Флорида муж улсын захирагч Рон Десантис АНУ-ын 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгаанд өрсөлдөнө гэдгээ лхагва гарагт мэдэгдээд, “Агуу Америкийг эргүүлэн авчрах үйл хэргийг” удирдан манлайлахаа амлав.
“Бидэнд удирдан манлайлах зориг, ялах хүч хэрэгтэй. Рон Десантис миний бие агуу Америкийг эргүүлэн авчрах үйл хэргийг удирдан манлайлахаар ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөнө” гэж Р.Десантис “Twitter” хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгийнхээ үеэр мэдэгджээ.
Тэрбээр лхагва гаргийн өглөө Нэгдсэн улсын сонгуулийн комисст нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлсэн байна.
Р.Десантис нь ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө хэдэн сарын өмнө албан ёсоор зарласан АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын холбоотон байсан бөгөөд Бүгд найрамдах намын сунгаанд хамгийн том өрсөлдөгчид нь тооцогдож байна. Санал асуулгуудын дүнгээс үзэхэд, Д.Трамп БНН-ын бусад төлөөлөгчдөө тэргүүлсэн хэвээр байна.
Өдгөө 44 настай Р.Десантис Йелийн их сургуульд түүхийн чиглэлээр суралцаж, Харвардын хуулийн сургуулийг дүүргэжээ. Тэнгисийн цэргийн офицер байсан Р.Десантис анх 2012 онд Конгресст сонгогдсон байна. Тэрбээр 2018 онд Флорида муж улсын захирагчаар сонгогдож, 2022 онд улиран сонгогдсон билээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(1)
Дэмжиж байна. Агуу америкийг байгуулахыг хүсч байгаа бол эхлээд холбооны нөөцийн сан нэртэй доллар хэвлэдэг хувийн компанийг татан буулгаж америк улсын засгийн газар доллар хэвлэдэг болговол америкийн засгийн газар мөнгөө захиран зарцуулах эрхтэй болж америк болон олон улсад инфляци нэмэгдэхгүй. Америкийн өрийн тааз нэмэгдэхгүй. Америкийн эдийн засаг хүчирхэгжинэ. Америк иргэдийн амьжиргаа дээшилнэ. Америк улсын засгийн газар болон цагаачлалын алба, хүний эрхийн байгууллага хар тамхи мансууруулах бодис хууль бус дүрвэгсэдтэй тэмц. Хууль бус дүрвэгсдийн эсрэг хилийн хатуу хориг тавь. Галт зэвсэгийн худалдааг хоригло.