sonin.mn
Уг нь өдийд УИХ-ын сонгуулийн ажил эхэлж, элдэв төрлийн реклам, гэмт хэргийн илчлэлт өргөн хүрээнд явж, улс төрийн байлдаан ид явагддаг байв. Одоо бол таг чиг. Олон нийт ч улс төрийг бараг сонирхохоо болив. Харин ил харагдаж байгаа юм нь нүүрсний хулгайн шүүх, Хөгжлийн банкны нээлттэй хэлэлцүүлэг, ОТ-н далд уурхайн нээлт. Энийг ч гэсэн нийгэм онцгой их сонирхохгүй байна. Ингээд өнгөц харахад монголын улс төр зогссон мэт санагдана. Гэвч улс төр хэзээ ч зогсдоггүй бөлгөө. Харин манай улс төр маш эрчимтэй явагдаж байна. Гэхдээ их далд, нууц, мөн тун өвөрмөц байдлаар явагдаж байна. Энэ тухай товч өгүүлсү…
 
Хулгай дээрмийн анатоми
 
Манайхан нүүрсний болон Хөгжлийн банкны хулгай дээрмийг ярьж буй боловч эдгээр нь аварга том сүлжээний нэг л жижиг хэсэг гэдэг нь тов тодорхой байна. “Жижиг” гэж харьцангуй нэрлэж байгаа болохоос цар хүрээ, учруулсан хохирол нь хосгүй их. Цаашаа бусад салбарыг ухвал хулгай дээрмийн хэмжээ, цар хүрээг төсөөлөхөд ч хэцүү. Лав л манай албан ёсны ДНБ-ээс олон дахин буюу миний багцаа тооцоогоор 5-7 дахин давах хэмжээний хулгай дээрэм болж байна…
Энэхүү хулгай дээрэмд хил гааль, татвар, цагдаа зэрэг төрийн олон байгууллагууд шууд оролцжээ. Хамгийн шившигтэй нь монголын Тагнуул. Хамар дор нь олон зуун тэрбумын хулгай дээрэм 20 шахам жил хийж байхад “мэдээгүй” атлаа иргэний нийгмийн тэмцэгчдийг барьж хорьж байгаа нь зүгээр л шившиг, үлэмжийн их тэнэглэл юм.       
Хулгай дээрэм улс төрийн дээд түвшинд эхэлж, улмаар дунд, доод шатыг нилд нь хамарсан бүхэл бүтэн гэмт хэргийн сүлжээ болон томорсон байна. Хулгай дээрмийн гол үүр нь улс төрийн нам – МАН, АН хоёр, бүр тодруулбал МАН-ын дээд хэсэг болж байгаа нь тов тодорхой. Энд “намын гишүүн баян бол нам баян” гэсэн зарчим илт үйлчлэх болов.
 
 
Улс төрийн намын энэхүү гэмт сүлжээ зорилго чиглэлтэй, бүлэглэсэн, зохион байгуулалттай гэмт хэргийн шинжийг нэгэнт олж, олон арван жилийн турш аажмаар өсөн томорсоор эдүгээ нийгмийн сүйрэл рүү хөтлөх хэмжээнд нэгэнт хүрчээ.
 
 
Энэхүү гэмт хэргийн сүлжээ бохир улс төр цэцэглэн хөгжих шимтэй хөрс болж, монголын улс төрийг өөдлөхийн аргагүй тамирдуулах гол хүчин зүйл болон хувирчээ.
Гэмт хэргийн улмаас олсон асар их мөнгө хувь этгээдийн халаасанд орохоос гадна түүний нэлээд хэсэг улс төрийн намуудыг ил далд санхүүжүүлэх гол эх үүсвэр болж байна. Тэгэхлээр энэхүү хулгай дээрмийг мэдээгүй, дуулаагүй, сонсоогүй, их багаар оролцоогүй намын зүтгэлтэн – улс төрч хуруу дарам цөөн гэдэг нь бас л тов тодорхой. Энэ талаар дэлгэрэнгүй ярих цаг эрхбиш гарна гэж бодож байна.
Бараг 20 гаруй жил бүрэлдэн тогтсон хулгай дээрмийн энэ сүлжээ дотоод зөрчил, тэмцэл, бас олон түмний өөрийн ухамсар сэргэхийн хэрээр эвдрэлд орж, антисистемийн хувьд нуран унах тун ойрхон болов.
 
Эвдрэл хийгээд эвдэгч
 
Энэхүү хулгай дээрмийн антисистемийн эвдрэл, ан цав аль эртнээс тодорхой болж, улс төрийн элдэв тэмцэл, гэмт хэргийн илчлэлтээр илэрч байв. Гэтэл антисистем эвдрэх нь бүү хэл, харин ч улам бүр өргөн хүрээг хамарч, өргөжин тэлсээр байв. Яагаад гэвэл ард түмний шударга ёсны тэмцэл, нийгмийн идэвхи бараг байхгүй байв. Ингээд антисистем өргөжин тэлсээр аливаа гэмт сүлжээний зүй тогтлын дагуу дотоод тэмцэл, зөрчилдөө идэгдэн нурж эвдрэх цаг үе нь 2020-иод оны эхэн буюу яг одоо болж байна. Өөрөөр хэлбэл хулгай дээрмийн гэмт сүлжээ нууц хаахын аргагүй хэтэрхий томорч, энэ талаар монголын иргэн болгон мэддэг болж, төр засгийн нэр хүнд шалдаа буусны улмаас нуралт эхлэв. Энэ бол шалтгаан юм. Хэдийгээр шалтгаан болон бүлэг шалтгаан бүрэлдсэн байлаа ч шалтаг байхгүй бол үйл явц болдоггүй. Манай тохиолдолд антисистем нуран унах үйл явц өөрөө аяндаа болохгүй. Одоо шалтаг хэрэгтэй. Энэ нь Л.Оюун-Эрдэнийн ЗГ болов.
 
Л.Оюун-Эрдэнэ гарч ирсэн болон түүний “сайн муу” үйлийг дурдах нь хэт нуршуу бөгөөд илүүц. Тэрээр эхлээд “ажил хийх” гэсэн боловч болж өгсөнгүй. Яагаад гэвэл монголын төр засаг үйлдсэн хулгай дээрмээсээ болж, ямар ч шинэлэг ажил хийх чадваргүй болтлоо бууран доройтжээ.
 
 
Ямар ч гэсэн Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн нүүрсний хулгайн шүүх, Хөгжлийн банкны асуудал, 5 Ш-ийг авч үзэх нь илүү барьцтай. Бусад салбарын хулгай дээрэм гэх толгой эргэм их хэрэг байгааг энэ удаа дурдаад л өнгөрье…
 
 
Л.Оюун-Эрдэнийн эхлэлийг ард түмний дийлэнхи олонхи дэмжиж байгаад эргэлзэх зүйлгүй. Энэ нь Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцэгчид байхгүй болсон гэсэн хэрэг огт биш…
 
Ингээд Л.Оюун-Эрдэнийг “дэмжиж байгааг” эерэг, сөргөөр нь ялган үзэх ёстой. Нүүрсний хулгайн шүүх, Хөгжлийн банкны асуудал, 5 Ш-ийг “шал буруу” гэж эсэргүүцэж байгаа хүн бараг ганц ч байхгүй. Харин шаардлага тавигсад маш олон буй. Жи: Бүх гэмтнийг үтэр түргэн шийтгэж, заримыг нь олны өмнө буудаж алах буюу дүүжил, шоронд илгээ. Мөн одоо шүүхийн өмнө зогсож байгаа төдийгүй, хажуудаа байгаа “олон том” хулгайч дээрэмчдээ шийтгэ. Эдгээр шаардлага гэнэн мэт харагдавч үнэний ямар нэг хувь байгаа юм.
 
Гэвч Л.Оюун-Эрдэнэд ийм боломж байхгүй. Жишээ авъя: Бохирдсон голын ус яаж цэвэршдэг вэ ?! Лав л шууд, гэнэт цэвэршинэ гэж байхгүй. Эхлээд цэвэр ус бага зэрэг орно. Ингээд цэвэр ус байнга бага багаар аажмаар нэмэгдсээр, цэвэр усны хэмжээ, урсац, талбай ихэсч, бохир усных багасах ба хэсэг хугацааны дараа гол бүрэн цэвэршинэ. Энд цэвэр усыг байнга, зогсолтгүй нэмэх ёстой гэсэн ганцхан нөхцөл бий. Байгалийн энэ жишээг нийгэмд ч дүйцүүлэн хэрэглэж болно.
Өөрөөр хэлбэл хулгай дээрэмтэй тэмцэх ажил хэрэв зогсчихгүй бол нэлээд олон жил (3 буюу түүнээс дээш) үргэлжилнэ. Харин энэ замд саад бэрхшээл олон гарна.
 
“Бохир голыг” цэвэрлэх гэж “цэвэр ус” оруулж байгаа хүнийг буруушааж болохгүй. Л.Оюун-Эрдэнийн үйлдэл бол зөв дэмжүүштэй эхлэл. Үүний эсрэгээр бол хулгай дээрмийн улиг болсон антисистемээ хэвээр үлдээнэ гэсэн хэрэг болно.
 
Л.Оюун-Эрдэнийн сэдлийг олон янзаар тайлбарлаж болно: 1.Цэвэр үзэл санаа, итгэл үнэмшил, 2. Цаашид хуучнаараа байх бүх боломж шавхагдсан, 3. Ажил хийхийн тулд учирч буй саад бэрхшээлийг арилгах, 4. ЗГ-ийг унагах гэсэн байнгын хуйвалдааныг зогсоож, дайснаа бут цохих, 5. Нэр хүндээ алдаж улиг болсон хууччуудыг зайлуулж, эдийн засгийн болон мөнгөний эрх мэдлийг булаан авах г.м. олон сэдэл байх боломжтой. Энд боломжит сэдлүүдийг эерэгээс нь сөрөг рүү жагсаан бичсэнээ онцлон дурдаж байна. Чингэхдээ нэг буюу хэд хэдэн сэдэл нэгэн зэрэг үйлчилдэг жамтай. Чухам ямар ямар сэдэл голлож байгааг би одоохондоо мэдэхгүй, гэвч цаг хугацаа удахгүй харуулна биз…
 
Харин сэдэл ямар байхаас үл шалтгаалан Л.Оюун-Эрдэнийн эхлүүлж буй хулгай дээрмийн эсрэг тэмцэл нь өөрөө эр зориг, бараг гавъяа гэж нэрлэж болохоор үйлс юм. Учир нь өмнө нь ийм зоримог үйл манайд огт болж байгаагүй. Хулгай дээрэм, авилгын эсрэг тэмцлийг эхлүүлсэн хүн нь Л.Оюун-Эрдэнэ мөнөөсөө мөн. Харин дуусгах хүн нь Л.Оюун-Эрдэнэ ч байж болно, эсвэл өөр хэн нэгэн ч байж болно. Цаашид хэрхэх нь Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагаанаас хамаарна. Замдаа зогсох, замаасаа гарахыг алийг тэр гэхэв ?!
 
Бусад нь хаачсан ?
 
Одоо улс төрийн тавцан дээр хэдхэн хүн харагдаж байна. У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан тав. Үзээд өгье гэсэн “олигтой юм” ярьж байгаа улс төрч алга. Сонгуулийн өмнө хэдэн зуугаараа элдэв улс төр ярьж баарцаглаж, багширч байдаг улс төрчид алга болжээ. Тэд хаачсан вэ ? Лав л ор мөргүй алга болно гэж байхгүй. Эсвэл тэд ажлаа нууцаар хийж байна, эсвэл УИХ-д нэр дэвших эсэхээ мэдэхгүй байна, эсвэл МАН дотор хүчний дахин бүлэглэлт болж байна. Ямар ч гэсэн МАН-ын сүлжээ бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа нь тов тодорхой.
 
МАН бол сүлжээ юм. Улс төрийн гэхээсээ эрх мэдэл, мөнгөөр ажилладаг эдийн засгийн гэмт сүлжээ юм. Азгүй хэдэн баагий хэрэгт холбогдсон болохоос сүлжээ огт эвдрээгүй, дээд удирдлагаас “сонгож өгсөн” хэний ч төлөө бүрэн хүчин чадлаараа ажиллахад хэзээд бэлэн.
 
Харин МАН-ын дээд удирдлага УИХ-д хэн хэнийг сонгож авах вэ ? гэдэг нь тун сонин. Нэр нүүрээ барьж, улиг болсон хууччуулаа арай шинэ, шинэлэг хүмүүсээр солих үйл явц хүссэн хүсээгүй болно.
Харин хэн хэн шигшигдэж үлдэх вэ гэдэг нь цэвэр улс төрийн өрсөлдөөний асуудал юм. Цаана чинь өрсөлдөөн тэмцэл ид явагдаж байгаа бөгөөд “маш нууц” байх нь мэдээж хэрэг. Монголын улс төр “зогссоны” шалтгаан ердөө л энэ…
 
 
Монголчууд төрийг, тодруулбал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар болон 76 гишүүн, мөн ЗГ-ыг хардаг. ЗГ-аа ч гүйцэд харахгүй, ердөө л Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрыг л “хардаг”.
 
 
Үнэндээ бол төр засгийг улс төрийн нам, тухайлбал, МАН, АН хоёр бүрдүүлдэг. Ингэхлээр төрийг болон түүний боловсон хүчнийг бүрдүүлж байдаг намуудыг, яг үнэндээ бол МАН-ыг бид заавал авч үзэх ёстой.
Хэрэв нам сайн ажиллавал сайн сайхны эх булаг, хэрэв нам муу ажиллавал муу муухайн үүр ичээ болно. Одоо бол МАН зүгээр нэг муу муухай биш, харин бүх бузар булайгийн үүр ичээ болж харагдаж байна. Яагаад ? Яагаад гэвэл хүмүүс байгаа юмыг л хардаг, бас том жижиг олон зүйлийн томыг нь эхэлж хардаг. Одоо бол төрийн эрх мэдэлд МАН гав ганцаараа байгаа, бас хамгийн том нь МАН. Тэгэхлээр МАН-аас “өөр юм” харах боломжгүй. Гэвч МАН-ын тухай хэн ч ярихгүй байна. МАН-ыг ярьж байгаа хүн ганц ч байхгүй гэж дүгнэсэн ч хэтрүүлэг болохгүй.
 
МАН доторхи иргэний дайн
 
Ноднин би “МАН дахь “иргэний дайны” эхлэл” гэсэн өгүүлэл биччихсэн чинь манай “яруу алдарт” Тагнуулын Газар намайг ирж байцааж билээ. Дурдсан өгүүлэлд би “иргэний дайн” гэдгийг хашилтад бичсэн бол одоо хашилтаа авч байна. Одоо МАН-д иргэний дайн ид болж байна.
Өнгөц харахад эхлээд УИХ-д олонхи болох цорын ганц зорилготой мэт. Гэвч энэ нь тийм ч амар хялбар биш. Учир нь сонгуулийн хамаг гол өрсөлдөөн нам хооронд биш, харин МАН дотор явагддаг. Тодруулбал, МАН том лидер бүр өөрийн хүнийг шахах тэмцэл өрнөдөг. Гэхдээ аль нэг лидер 100% бүх хүнээ шахах боломжгүй. Ингээд намаас УИХ-д нэр дэвшигчид ямар нэг харьцаатай “хольц” болон бүрэлдэх ба аль нэг лидерийн фракци зонхилох байр суурь эзэлдэг жамтай. Өмнө нь энэ асуудлыг МАН-ын лидерүүдийн “зөвшилцлөөр” шийддэг “ёс заншилтай” байв. Харин одоо бол байдал өөр.
 
МАН-ын хууччуул нэр хүндээ алдсанаас гадна ертөнцийн жамаар хөгширсөн. Мөн цүнх баригчдаас өөр залгамж үеэ бэлтгээгүй. Цүнх баригчдыг бат найдвартай залгамж халаа гэж үзэх ямар ч боломжгүй. Харин МАН-ын залуу үе олонд танигдаагүй, улс төрийн нэр хүнд олж авч амжаагүй. Өөрөөр хэлбэл МАН-д үе солигдолт болж байна. Энэ үед тодорхойгүй, эргэлзээтэй явдлууд олон гарахаас гадна өрсөлдөөн тэмцэл ямар ч замбараагүй, эмх цэгцгүй болдог.
 
 
Нэг талд нь Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй шинэлэг хүчин, нөгөө талд нь тэр чигээрээ хуучинсаг хүчин хуваагдан тэмцэлдэж байна гэж харвал тун их эндүүрэл. Нарийн яривал Л.Оюун-Эрдэнийн эгнээнд хув хуучин баагийнууд цөөнгүй байгаа, бас хууччуулын эгнээнд шинэчүүд олон байна. Энэ хачин хольц, бантан дундаас тэмцэл өрсөлдөөний мөн чанарыг олж харах нэн түвэгтэй.
 
 
МАН-ын гадна байгаа бид байтугай, дотор нь байгаа баагийнууд яахаа мэдэхээ байж, толгой нь эргэж гүйцээд байна. МАН-ын баагийнуудад учирдаг хамгийн хэцүү зовлон бол “хэнийг дагах вэ ?” гэдэг асуулт юм. Одоо хэнийгээ дагах вэ ?! “Онолын” хувьд аль хүчтэй “том даргыг” дагах ёстой. Гэтэл намын хууччуул нэр хүндээ алдсан ч гэсэн системт сүлжээ бүхэлдээ эвдрээгүй, бас тэд хөрөнгө асар их хөрөнгө мөнгөтэй, одоохондоо чимээгүй байгаа болохоос хүчтэй хэвээрээ. Харин Л.Оюун-Эрдэнэ буюу шинэчүүл төрийн эрх мэдэлтэй, бас ч гэж муугүй мөнгөтэй, мөн ид хүчээ ид авч байгаа. Хүч ойролцоогоор тэнцүү. Лам дээр очих уу ?! Хамгийн гол нь сайн үнэртэж, салхины чигийг мэдрэх ёстой. Гэвч мэдлэг, мэдээлэлгүй бол мянга үнэртэж, мэдрээд ямар ч нэмэргүй…Одоохондоо салхины чиг Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэж, зарим баагий тийшээ нүүж байна. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ өчүүхэн төдий алдаа гаргахад л энэ нүүдэл тасарч, эсрэг чиглэлд нүүж эхэлнэ. Ямар наашаа цаашаа нүүж үзээгүй биш ?!
 
Зовлон
 
Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгай дээрмээс үзэхэд холбогдсон хүмүүсийн дийлэнхи нь МАН-ын гишүүн буюу МАН-тай холбоотой нь ямар ч эргэлзээгүй. Энэ ч ойлгомжтой. МАН бол бүх хулгай дээрмийн гол үүр уурхай. Одоохондоо Л.Оюун-Эрдэнэ хулгай дээрэм, авилгатай тэмцэх тухай ярьж, харин гол буруутан МАН-ын системийн тухай огт ярихгүй байгаа. Яагаад ? Л.Оюун-Эрдэнэ тийм тэнэг хүн үү ? Үгүй л дээ.
Одоо Л.Оюун-Эрдэнэ ганц л илүү буюу буруу алхам хийвэл намаа сүйтгэхээс гадна намын санжүүжилтийн сувгийг таслах заагт тулж ирээд байна. Яг парламентийн сонгуулийн өмнө хууль бус, илт гэмт хэргийн шинжтэй хэдий ч нам болон түүний сүлжээг эвдэж, намынхаа санхүүжилтийг тасалдаг усан тэнэг намын дарга гэж хорвоод байхгүй. Нөгөө талаасаа МАН-ыг хуучин буюу хулгайч дээрэмчин хэвээр нь хадгалж үлдэх нь түүнээс ч илүү тэнэглэл болно. Энийг зовлон гэхгүй бол өөр юуг зовлон гэхийм ?!  
 
Ийм зовлонт нөхцөлд голдуу ямар нэг хэмжээнд зөвшилцөлд хүрдэг жамтай. Бараг л зөвшилцөлд хүрчихсэн байх. Гэвч энэ нь асуудлыг шийдсэн гэсэн хэрэг огт биш, зүгээр л түр хойшлуулсан хэрэг… 
Ямар ч гэсэн хулгай дээрэм, авилгатай тэмцэх асуудал УИХ-ын сонгуулийн дараа шийдэгдэнэ. Шийдэгдэнэ ч гэж дээ, эсвэл үргэлжилнэ, эсвэл зогсоно. Эдгээр шийдлийн сайн муу, зөв буруугийн тухай одоо ярих боломжгүй. Хулгай дээрэмтэй тэмцэх ажлыг зөв хийвэл үргэлжилнэ, буруу хийвэл зогсоно.
 
Одоо Л.Оюун-Эрдэнэ: нэг. УИХ-д олонхи болох, хоёр. УБ хотын МАН-ыг “эзлэх” гэсэн 2 том зорилттой тулгараад байна. Энэ хоёр нөхцлийг хангахгүйгээр МАН амжилт олох боломжгүй. Үүний эхнийхийг монголчууд сайн мэднэ, харин удаахыг нь бараг мэдэхгүй. Улаанбаатар бол МАН-ын амжилтын тэн хагас нь юм.
 
 
Өөр бас нэг “том зовлон” МАН-д бий болсон. Энэ нь УИХ-д нэр дэвшихийг горьдогсод 76 килогийн шуудайд багтахгүй болсонд оршино. Энэ тохиолдолд шуудайны хэмжээг томсгох буюу УИХ-ын гишүүдийн тоог олон болгох ганц л зам үлдэнэ. Уг нь өөр олон арга байгаа ч эрх баригчид сонсохыг ч хүсэхгүй. Энэ нь Үндсэн Хуулийг дахин хүчиндэнэ гэсэн хэрэг…
 
 
Л.Оюун-Эрдэнийн сайн тал нь улиг болсон хулгай дээрмийн системт сүлжээг эвдэх үйлсийг тун зоримог эхлүүлсэн. Үүнийг би бүрэн дэмжиж байгаа. Чингэхдээ амжилт олоосой, замдаа битгий зогсоосой гэж залбирч байна. Энэ үйлс зогсох, буруу замаар орох магадлал нэлээд өндөр байгаа учраас зориуд сануулж байна…
Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн эхэлсэн үйлс бол төрийн ажил юм. Харин одоо бол намын ажил явагдаж байна. Төрийн ажил, намын ажил холбоотой ч өөр өөр асуудлууд…
 
Харин Л.Оюун-Эрдэнийн сул тал нь пиар маягийн ажлуудыг угсрах аргаар тактикийн хувьд муугүй залгаж чадаж байгаа атлаа стратегийг огт анхаарахгүй, эсвэл мэдэхгүй байна. Ер нь бол стратеги байхгүй ажил ямагт бүтэмж муутай байдаг.
 
“Стратегийн алдааг тактикийн амжилтаар нөхөх боломжгүй” гэж суут Карл Филипп Клаузевич хэлсэн нь буй…
 
МАН-д “салхи оруулж”, ямар нэг шинэчлэл хийгээгүй тохиолдолд Монголд “ямар ч сайхан” шинэчлэл үр дүнд хүрэхгүй. Одоохондоо монголчууд бид намыг шинэчлэх үйлдэл байтугай, үг яриа ч олж сонсоогүй байна…
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
2023 оны 3 дугаар сарын 20.
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?