sonin.mn
-Бүгд Найрамдах Турк улс байгуулагдсаны 100 жилийн ойд-
 
 
 
Евро Азийн эдийн засгийн 26 дугаар чуулганд Дэлхийн энх тайван, энэрлийн холбоо  /FOWPAL/ оролцлоо. Чуулганыг Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевийн мэндчилгээгээр эхлүүллээ. Тус чуулганд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр "Дэлхий дахинаа баримтлах шинэ журам-Дайн дажингүй, энх амгалан дэлхий ертөнц" нэртэй илтгэл тавьсныг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
 
Хатагтай, ноёд оо, эрхэм хүндэт нөхөд өө,
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Юуны өмнө Мармара сан болон сангийн тэргүүн доктор Аккан Сүвер танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, дээд хэмжээний уулзалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
 
Мөн Турк улсад болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Дэлхий нийт, тэр дундаа Монгол Улс энэхүү эмгэнэлт мэдээг цочирдон хүлээн авч тусламж үзүүлэх санал тавьсныг турк нөхөд минь найрсагаар хүлээн авсан билээ. Монголчууд бидний хувьд эрэн хайх, аврах багаа гамшгийн бүс рүү илгээх нь хүн ёсны үйлдэл бөгөөд манай эрэн хайх, аврах багийнхан мөрч нохдын хамт хүний амь аварсан тухай сонсоод баярлан бахархаж байлаа. 
Хэдий нөхөж баршгүй хүнд гарз хохирол учирсан ч Турк улс, Туркийн ард түмнийг зовлон бэрхшээл бүрийг даван туулж улам хүчирхэгжин, сөрж замнах хатан зориг, ид чадалтай ард түмэн, улс орон гэдгийг бид мэднэ. Та бүхэн энэ их зориг хатуужил, ид чадлаа түүхийн олон цаг үед илтгэн баталсан бөгөөд энэ удаад ч мөн адил нотлон харуулна гэж найдаж байна. Энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж буй Бүгд Найрамдах Турк улс дэлхий дахинд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг, нөлөө бүхий улс орнуудын нэг болж хөгжсөн нь ялангуяа өнгөрсөн жил тод томруун харагдсан билээ. 
 
Дэлхий дахинаа алдар суу нь түгсэн Турк удирдагчдын нэг Мустафа Кемал Ататурк тусгаар тогтносон Бүгд Найрамдах Турк улс байгуулах үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан юм. Алдар суугаа түүхэнд мөнхөлсөн хүмүүсийн ололт амжилт, түүхэн нөхцөл шалтгааныг эргэцүүлэн бодоход энгийн атал үл анзаарагдам зүйлс ажиглагдах нь бий. 
 
Тэд эн тэргүүнд бусдын төлөө, ард олныхоо төлөө  сэтгэл, оюун, амь амьдралаа бүрэн зориулах бөгөөд ийнхүү сэтгэл, оюун, амь амьдралаа бүрэн зориулах нь тэдний хувьд амьдралын утга учир, баяр жаргал нь болдог байж. Бусдын төлөө хийж буй үйлдэл бүрдээ баярлаж талархаж байгаа цагт энэ нь дарамт шахалт бус харин урам зориг, сэдэл тэмүүлэл болж дааж давшгүй мэт санагдан улмаар зовлон бэрхшээл бүр таныг хурцлан улам хүчтэй болгох аж. Мустафа Кемал Ататурк бусдын төлөө сэтгэл, оюун, амь амьдралаа бүрэн зориулж улам хүчирхэгжин, сөрж замнасан нөлөө бүхий хүн байжээ.
Хоёрдугаарт, бусдын сайн сайхны төлөө өөрийгөө зориулна гэдэг татгалзаж хойшлуулж болшгүй, ёсгүй төдийгүй цаг хугацаатай уралдах шаардлагатай үйл хэрэг юм. Ямар нэг шалтаг тоочин бултаж аливаа зүйлийг хойшлуулж няцах нь хүний хамгийн том алдаа, гэтэл хүний амьдрал асар богино, гэсэн ч зол завшаан, эрч хүчээр дүүрэн учир амьдрал гэдгийн, амьдрах гэдгийн сайн тал нь гэлтэй. Хүний амьдралын нэгэн чухал дүрэм бий. Өдөр бүр ямар нэг боломж, ямар нэг завшаан заавал тохиож байдаг. Гэтэл хийж гүйцэтгэх зүйлээ хойшлуулснаар өнөө боломж, завшааныг алдаж орхидог. Харин бүрэн ашиглаж чадвал төсөөлөхийн аргагүй гайхалтай үйлс бүтээх шидтэн болж хувирна. Тэгэхээр Мустафа Кемал Ататурк шидтэн байжээ. Сайхан цаг хүлээж хойшлуулалгүй эх орон, ард түмнийхээ төлөө илүү сайхан цаг, илүү сайхан амьдрал бий болгохын тулд сэтгэл, оюун, амь амьдралаа цаг тутам бүрэн дайчлан зориулж зүтгэж байсан нь түүний ид шидийг тайлбарлан таниулах хамгийн энгийн тайлбар юм.
Хүн бүрт эрч хүч бий. Гэтэл эрч хүчээ бүрэн дайчилдаг нэгнийг туйлын азтай гэх. Тэгэхээр бусдыг гэх чин сэтгэл, үйл хэрэг, бусдаас өөрийгөө үл ялгах ухамсар, хандлагыг дагаж аз ирдэг аж. Тэгэхээр, Туркийн ард түмний нэг гэдгээ чандлан ойлгосон, эх орон ард түмнийхээ төлөө оюун санаа, сэтгэл зүрхээ хатамжлан дайчилсан зоригт Мустафа Кемал Ататурк азтай нэгэн байжээ. Мустафа Кемал Ататурк Туркийн ард түмний бодит илэрхийлэл, төлөөлөл байсан бөгөөд одоо ч хэвээр байна. 
Түүний адил Туркийн ард түмэн бусдын төлөө, бие биеийнхээ төлөө сэтгэл зүтгэлээ дайчилсаар ирсэн, энэ нь тэдний хувьд амьдралын баяр жаргал нь болсон гэдгийг бид бэлхнээ харж байгаа билээ. 
 
Аливаа зүйлийг хойш тавилгүй, өдөр тутмын боломж завшаан бүрийг бүрэн ашиглаж чаддаг ард түмэн бол Туркийн ард түмэн юм.
Туркийн ард түмэн бол бодит үйл хэрэг бүтээдэг ард түмэн юм, тэд бол Бүгд Найрамдах улсаа байгуулсан шидтэн ард түмэн юм.
Итгэл төгс урагш тэмүүлэх цэцэн ухаан, бусдыг энэрэн тэтгэх өрөвч нинжин сэтгэлийг дагаж аз ирдэг учир Туркийн ард түмэн азтай, хийморьтой ард түмэн ажээ. 
Чухам ийм л учраас Туркийн ард түмнийг өнөөдрийн зовлон бэрхшээлийг даван туулж улам хүчирхэгжин босно гэдэгт дэлхийн олон сая хүний нэгэн адил гүн бат итгэж байна.
 
 
 
Энэ завшааныг ашиглан Түрэгийн хаант улсын гурван хааны зөвлөх асан мэргэн Тоньюкукийн бичээсийг дурдмаар байна. Мэргэн сайдын бичээс бүхий, XIII зууныг дамжсан гэрэлт хөшөө нь Монгол Улсын нутаг дэвсгэрт Туул голын ай сав, Налайхын дүүргийн нутагт бий. Уг бичээст:
“Элтерэс хаан ба мэргэн Тоньюкук хөдөлсний  учир  Капаган  ба Түрэгийн улс мандаж өдгөөгийн энэ Билгэ хаан Түрэг улсын ба Огус улсын хаан суулаа” гэсэн байдаг.
Туркийн ард түмнийг хөдөлмөрч, бүтээлч ард түмэн гэдгийг хүн бүр мэднэ. Эв нэгдэлтэй, бие биеэ гэх халуун сэтгэлтэй Турк ард түмэн өнөөдрийн бэрхшээлийг даван туулж, өвөг дээдсийнхээ нэгэн адил цэцэглэн хөгжинө гэдэгт гүн бат итгэлтэй байгаагаа дахин давтан хэлье.
Монгол Улсын Туул голын ай сав нутагт зуун зуун дамжин гэрэлтэх хөшөөн дээр турк хэлээр бичсэн уг бичээс нь манай хоёр орны өвөг дээдэс хөрш зэргэлдээ оршин амьдарч байсан он цагийн дурсгал юм. Монголчууд “Хүний сайныг ханилан байж, Хүлгийн сайныг унан байж мэднэ” гэж ярьдаг. 
Манай хоёр орны түүх нарийн нягт холбоотой учир түүхийн энэ цаг үе нь зөвхөн Монгол Улсынх, харин тэр нь зөвхөн Түрэгийн хаант улсын үеийнх гэж зааглан ялгах нэн төвөгтэй. Тэгэхээр бид зэрэгцэн оршиж бие биеэ, түүх замналаа харилцан бүтээж иржээ.
 
 
 
 
Хүнд хэцүү энэ цаг үед бие биедээ туслах, хүндрэл бэрхшээлийг нь нимгэлэх зорилгоор анд нөхөд улам нэгдэн нягтаршиж хамтран ажиллах ёстой. Япон, Солонгос, Монгол, Туркийн ард түмнийг нэг соёлтой, төдийгүй соёлыг асар өргөн хүрээнд, нэн цогц утгаар ойлгодог гэж зарим эрдэмтэд үздэг. Энэ соёлын өлгий нь Алтайн уулс. Алтайн уулсыг хүрээлэн амьдарч байсан өвөг дээдэс минь Хөх Мөнх Тэнгэр (Тэнгэр)-ийг амьдрал ахуйг нь өргөж, хүндрэл бэрхшээлээс гэтэлгэн дэмнэдэг гэж итгэж сүсэглэдэг байж. 
 
Харин хувь заяаныхаа эзэн гэдгээ, эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг ухамсарлан таньсан өнөө цагийн бид, өөрөөр хэлбэл түүх, соёлын хувьд ойр хоёр орны ард түмэн хүнд хэцүү энэ цаг үед улам ойртож түншлэх, тулах тулгуур, түших багана болох хэрэгтэй.
Ийм учраас баялаг түүх, соёлоосоо улбаалан Япон, Солонгос, Монгол, Туркийн Алтайн Түншлэлийг санаачлан байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэхүү санаачлага нь хэрэгжих бүрэн боломжтой төдийгүй уг түншлэл нь дайн, цар тахал, хүнсний хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг болон техник технологийн тэгш бус байдалд нэрвэгдээд буй дэлхий дахинд энх амгалан, хөгжил дэвшил авчрах үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулна гэсэн хувийн итгэл үнэмшил нэн их байгаа билээ.
Хувийн ашиг сонирхлыг хангах туйлын явцуу зорилго, хандлагыг чухалчилснаар хямрал улам гүн гүнзгий болдог. Үнэн хэрэгтээ, цаг үе, ахуй амьдрал маань улам нарийн төвөгтэй болжээ. Улс орон, ард түмэн харилцан хамтрахын хэрээр энэ байдал улам л нэмэгдэж эрчимжинэ. 
 
Гэхдээ, ийнхүү нарийн төвөгтэй болж буй нь сайн талтай, учир нь энэ нь хүн бүрт өдөр бүр ямар нэг боломж, завшаан бий болж байна гэсэн үг. Та бид нарийн учир шижмээр уягдан холбогдсон энэ төвөгтэй дэлхий ертөнцөд хэрхэн оршин амьдрах талаар суралцах шаардлагатай болоод байна. Улам ээдрээтэй болоод байгаа энэ цаг үед оршин амьдрах хамгийн мэргэн арга нь бусдын эрх ашгийг хүндэтгэх, бусдыг анхаарч тэтгэх, бусдын төлөө үйл хэрэг хийх юм. Энэ цаг үеийн эн тэргүүний, туйлын чухал үнэт зүйл нь мөнгө бус харин хүн, хүний амьдрал байх ёстой.
 
Бид хүн гэх нэг төрөлтний хувьд Ковид, дайн, байгалийн гамшиг зэргээс шалтгаалан сая саяар тоологдох нэгнээ алдсан. Хүнээс шалтгаалах учир шалтгааны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо байгалийн гамшгийн үеэр нас барсан хүмүүсийн тооноос хэдэн арав дахин их. Сэтгэл зүрх, оюун бодол нэгтэй хүн төрөлхтөн бид олон сая эрдэнэт хүнийг үгүй хийх энэ байдлыг таслан зогсоох юу ч хийхгүй байж болохгүй.
Дэлхий дахинаа баримтлах дайн, дайн өдөөхийг хориглосон шинэ журам.
Бид дэлхий дахинаа баримтлах шинэ журам боловсруулах хэрэгтэй. Хүний амьдрал, хүний эрх, хүний авьяас, чадварыг тултал хөгжүүлэх суурь нөхцөл, хүний үүрэг, авьяас, чадварыг тултал хөгжүүлэхийн тулд харилцан анхаарал халамж тавих суурь нөхцөлийг чухалчлан үйл ажиллагааныхаа гол төв, зорилго болгох дэлхий дахинаа баримтлах шинэ журам.
Дэлхий дахинаа баримтлах шинэ журам нь нэг эсвэл олон туйлт бус, харин улс орон, хувь хүн бүрт төрөлх авьяас, чадвараа тултал хөгжүүлэх боломж, завшаан олгох Цогц журам байна. Авьяас, чадвараа ийнхүү хөгжүүлэх нь улс орон, ард түмэн энх амгалан байгаа цагт л бүрэн боломжтой.
Бидний Цогц Ертөнц гэж нэрлэж байгаа дэлхий дахинаа баримтлах шинэ журам нь нэг цаг мөчид гурван зүйлийг ухамсарлаж амьдрах тухай юм. Өнөөгийн улс орон, ард түмэн, улс төр, шашин гэх мэт нийгмийн бүхий л салбар хүрээний удирдагч, томоохон зүтгэлтнүүд нь тус бүрдээ өөр өөрийн цаг үед амьдарч зөрчилдөн тэмцэлдэж нэг нэгнээ давж гарах гэж улайрах аж. 
 
Өнгөрснөөсөө суралцаж, одоо цаг үедээ бусдад санаа тавьж, ирээдүй хойч үеийнхээ өмнө үүрэг хүлээсэн гэдгээ ухамсарлах хэрэгтэй гэдгийг бүгд мэддэг. Цогц Ертөнцийн хүн бүр алдаанаасаа суралцах, бусдыг энэрэх, хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх гэсэн гурван зүйлийг нэгэн зэрэг ухамсарлаж амьдрах аргыг суралцах хэрэгтэй. 
Одоо болж буй, ер дайн тулаан бүр ямар ч утгагүй, дайнд ялагч гэж үгүй, харин гагцхүү энх амгалан цагт л хүн бүр ялан дийлэгч болж чадна гэдгийг ойлгох цаг болжээ. Дайн бол энгийн болхи, гутамшигт арга бол энх амгалан харин цул цогц, туйлын бахдам сайхан шийдэл аж.
Дэлхий ертөнцөө хүмүүний амьдралаас өөр үнэт зүйл үгүй, хүн бүр нь боломж, завшаан эдлэх цул цогц, бахдам сайхан мандал орчин болгох цаг ирлээ.
Энх амгалан тогтох боломжийг нээцгээе.
 
Турк улс, Истанбул хот
2023 оны гуравдугаар сарын 14
 
Намбарын Энхбаяр