сонин mn
Ардчилсан Намын ээлжит бус 15 дугаар их хуралд АН-ын дарга С.Эрдэнэ үндсэн илтгэл тавилаа.
 
Уг илтгэлдээ тэрээр ардчиллын алдаанаас онцлон "Тэртээх 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар коммунист тогтолцоог бүхэлд нь халж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгмийг цогцлоон чөлөөт эдийн засгийг байгуулж, олон намын тогтолцоог бүрдүүлэх явцад олон сорилт бид бүхний өмнө тулгарсан. Түүний нэг нь далан жил дангаараа засагласан тухайн үеийн коммунист МАХН-ыг Үндсэн хуулиар хориглож, тараах асуудал туйлын чухал асуудлуудын нэг байсан.
 
Харамсалтай нь ардчиллын тухайн үеийн зүтгэлтнүүд санал нэгдэж чадалгүй 70 жил дангаар ноёрхсон коммунист  МАХН-ын үйл ажиллагааг нь хуулиар хориглолгүй зогсоож үлдсэн нь түүхэн том алдаа байсан гэдгийг өнөөдөр дурьдах ёстой.
 
Ингэж ардчилал, коммунизм хоёрыг  нэг хөнжилд оруулсан нь ардчиллын суурь алдаа болсон билээ. Үүнээс гадна эдийн засгийн эрх чөлөөгөө бүрэн баталгаажуулаагүй байхдаа өмч хувьчлалыг эхлүүлсэн нь орчин цагийн хөрөнгөлөг коммунистуудыг бий болгоход голлох үүрэг гүйцэтгэсэн түүхэн алдаа бас байсан... 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнгээр байгуулагдсан намууд өөр өөрийн гэсэн өнгө төрх, үзэл баримтлалтай байсан нь намууд нэгдэх үйл явцад тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлсэн. Өөрөөр хэлбэл улс төрийн гэрээний оролцогч талууд таван том фракцид хуваагдсан нь өөрийн намын эрх ашиг, сонирхлыг нэгдүгээрт тавьсан намуудын нэгдэл болон хувирсан гашуун боловч үнэн түүхийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Ингэснээр АН фракциудынхаа зөрчилд туйлдаж, хуваагдаж зөрчилдөх нь хирээс хэтэрсэн.." хэмээсэн нь анхаарал татахуйц байв.
 
О.Чулуут