сонин mn
Элэг нэгт Монгол ахан дүүс ээ, 
Манай орны Ардчиллыг дэмжигч мянга мянган иргэд ээ.
 
Та бүхэндээ Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан бахархалт өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 
     Одоогоос 98 жилийн тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Улсын анхдугаар их хурал” хуралдан, анхны “Үндсэн хуулиа” баталж байсан билээ. Энэ хуулиар угсаа залгамжилдаг Хаант засгаас Бүгд найрамдах засаглал буюу ард иргэд нь төр засгаа сонгуулийн зарчмаар эмхлэн байгуулдаг цоо шинэ тогтолцоонд шилжих түүхэн шийдвэрийг гаргасан юм.
 
     Хэдийгээр гадаад дотоод нөхцөл байдлаас шалтгаалан хүний эрх, эрх чөлөөг боомилсон, зарим талаар гажуудсан засаглалын хэлбэр тогтсон боловч 1990 онд өрнөсөн ардчилсан хувьсгалын ачаар шинэ Үндсэн хууль батлагдаж өнөөгийн манай улсын тусгаар тогтнолын нэгэн чухал баталгаа болж байгаа парламентат ёс төгөлдөржин хөгжиж байна.  
 
     Өнөөдөр улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал амаргүй ээдрээтэй байна. Хүндрэлийг даван туулах гол шийдлийг гаргах ёстой, та бидний саналаар бүрэлддэг УИХ-ыг сонгон байгуулахад онцгой ач холбогдол өгч иргэд сонгогч бүр туйлын ухамсартай хандах шаардлага жилээс жилд улам бүр бидэнд тавигдаад байна!
     Манай иргэд олон түмэн аливаа бэрхшээл саадыг даван туулж чаддаг, үүссэн асуудлыг саруул ухаан, мэргэн оюунаар зөв оновчтой шийддэг цог золбоо зол заяатай, Монголчууд билээ.
Бидний энэ онцгой чанар, хүч чадал нь Монголоо гэсэн зүрх сэтгэлд маань оршин байдаг. 
Тиймээс гагцхүү ухаарлыг эрхэмлэж, талцал хуваагдал, эмх замбараагүй байдал, явцуу зорилготой аливаа үйлдэлд авталгүй, улс орныхоо эрхэм дээд эрх ашгийг эн тэргүүнээ дээдлэн хүндэтгэхийг баярын энэ өдөр нийт иргэддээ хандан уриалж байна.
Ардчилсан нам ард түмэнтэйгээ ямагт хамт байж, өөдрөг гэгээн ирээдүй, нийгмийн хөгжил дэвшилд хүрэх явдлыг хүндэт үүргээ хэмээн гүнээ ухамсарлаж, өмнөө тавьсан ариун зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно.
 
Төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан байх болтугай.
 
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга