сонин mn
12-р сарын 6-нд МАН-ын Бага хурлын II хурал болно. Уг хурлын товыг гаргасан МАН-ын Удирдах Зөвлөлийн хуралдаанаар бага хурлаар хэлэлцэх асуудалд МАН-ын даргын өнгөрсөн нэг жилийн хугацааны улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын намын үйл ажиллагааны тайлан илтгэл, Хяналтын ерөнхий хорооны мэдээлэл, УИХ-ын дарга Г.Занданшатарын 2023 онд хэрэгжүүлэх эрх зүйн шинэтгэл тус тус багтсан юм. Гэвч бусад асуудал гэх ангиллаар МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргыг чөлөөлөх, томилох асуудал орж ирж магадгүй байгаа аж.
 
МАН дахь хөшигний арын хамгийн нөлөө бүхий тоглогч гэгдэж байсан Д.Амарбаясгалан өнгөрсөн намар Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга болсноор зарим улс төрчдөд төрөөд байсан эргэлзээ арилж, ямартай ч Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар өрсөлдөгч биш хамтрагчид хэвээр байх нь гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм.
 
Ер нь бол Д.Амарбаясгаланг Засгийн Газарт ажиллуулах нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарт аль алинд нь ашигтай, хэрэгтэй байв.Учир нь Ерөнхий Нарийн Бичгийн Дарга нэртэй боловч нидэр дээрээ МАН-ыг үндсэнд нь удирдаж байсан түүний нөлөө цаашид улам ихсэх нь тэдэнд таатай бус байсан юм.
 
Гэвч Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ийн дарга болсны дараа цаашид хэрхэх вэ? гэдэг дээр У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын сонирхол арай өөр байгаа тухай эх сурвалжууд өгүүлж байна.
 
У.Хүрэлсүхийн багийнхны хувьд ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойшхи МАН-ын 30 шахам жил эвдэгдээгүй дүрмийн дагуу намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга ямар нэгэн албан тушаал хавсран ажиллах нь зохисгүй, иймээс Д.Амарбаясгаланг чөлөөлж, генсекийг шинээр томилох ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Тэр бүү хэл ЕТГ-ын дарга Я.Содбаатар, МАН-ын Намын Байгуулалтын Газрын дарга Б.Пүрэвдагва нарын нэрс ч шинэ генсект яригдаж буй.
 
Харин Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд нэгэнт МАН-ын 20-р их хурлаар томилогдсон намын удирдлага УИХ-ын 2024 оны сонгуульд намаа удирдаж оролцох ёстой гэдэг байр сууринд хатуу байгаа аж. Учир нь хэрэв МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга солигдвол намын удирдах аппарат тэр чигээрээ солигдох магадлалтай гэнэ. Иймээс шаардлагатай дүрмийн өөрчлөлтийг зохих хугацаанд нь хийгээд, намын удирдлагад ажлаа хэвийн явуулахад бололцоог олгох нь зөв гэж үзэж буй бөгөөд тус намын жирийн гишүүдийн дийлэнхи нь ч мөн ийм бодолтой байгаа юм байна. Ингэхээр чухамдаа Ерөнхий Нарийн Бичгийн Даргын томилгоо хэрхэн шийдэгдэх эсэх явдал У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын хэн нь МАН-д илүү нөлөөтэй байгааг харуулах бололтой.
 
Э.Мягмар