сонин mn
Оршил
 
Өнөөдөр Хятад улс дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж, тун удахгүй эдийн засгийн хувьд өрсөлдөгчөө ардаа орхиж, манлайлах нь тодорхой болов. Ийм дүгнэлтийг тус улсын ядуурлаас ангижирсан хүн амын тоо, насжилт, эрүүл мэнд болон боловсролын түвшин, шинжлэх ухаан технологийн хөгжил зэрэг дэлхийн эдийн засгийн хөгжлийг хэмжих гол гол үзүүлэлтүүдээс харж болно. Тэр дундаа сүүлийн арваад жил Хятад улсын хөгжил чанарын хувьд ихээхэн дээшилж сайжирсныг ард түмнийх нь амьдралын түвшин дээшилж, салбар бүрт нь шинжлэх ухаан технологийн шинэ санаа санаачлага, инноваци нэвтэрч байгаагаас харж болно.
 
Эдүгээ Ковид-19 цар тахлын тархалт намжихгүй сунжирч, дайн дажнаас болж дэлхийн эдийн засгийн сэргэлтийн тэнцвэр алдагдаж НҮБ-ийн 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүндрэл учраад буй.
 
Дэлхийн хөгжлийн тогтворгүй байдлаас болж яг одоо дэлхий дээр 100 сая гаруй ядуу иргэд шинээр нэмэгдэж, ойролцоогоор 800 сая хүн өлсгөлөнд унаж, хүнсний аюулгүй байдал, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг ард иргэдийн амьжиргаатай холбоотой салбар урьд урьдаас илүү их бэрхшээлтэй тулгараад байгаа [1] -г эрдэмтэн судлаачид тэмдэглэсээр байна.
Тэгвэл Хятад улсын дарга Ши Жиньпин өнгөрсөн онд буюу 2021 оны 9 дүгээр сард 21–ны өдөр НҮБ-ийн Ассамблейн 76 дахь удаагийн чуулган дээр өөрийн орны хөгжлийн туршлага, хүрсэн амжилтаас дэлхийн бусад улс орнуудтай хуваалцах, хувь нэмрээ оруулах үүднээс “Дэлхийн хөгжлийн санаачлага”-ыг дэвшүүлэв. Энэ санаачлагын хүрээнд Хятад улс дэлхийн улс орнуудыг хамтын ажиллагаа, түншийн харилцаагаа бэхжүүлж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хугацаанд нь, үр дүнтэй хэрэгжүүлэхийг уриалсан юм.
 
Харин энэ оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Нью-Йорк хотын НҮБ-ийн төв байранд “Дэлхийн хөгжлийн санаачлагын андлалын хэсэг /全球发展倡议之友小组/”албан ёсоор байгуулагдаж, 60 гаруй улс орон нэгдсэн дотор Монгол улс ч багтсан. 
 
Нэг. Дэлхийн хөгжлийн тухай санаачлага, зорилго
 
 
 
2015 онд НҮБ-ийн Ассамблейн 70-р чуулганаар гишүүн орнууд хамтдаа хэлэлцэж,2030 он хүртэл нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилсан тогтвортой хөгжилд хүрэх 17 зорилт бүхий хөтөлбөрийг баталсан байдаг. 
 
 
НҮБ Тогтвортой хөгжлийн хөтөлбөр
 
 
Тэгвэл Хятад улсаас дэвшүүлсэн “Дэлхийн хөгжлийн санаачлага” нь тус хөтөлбөртэй бодлогын хувьд олон талаараа уялдаж, зорилго чиглэл давхцаж байгаа гэдгийг санаачлагч Хятад улсын зүгээс онцолсон билээ.
 
“Дэлхийн хөгжлийн санаачлага” нь юуны өмнө улс орнуудын хөгжлийн өмнө тулгараад буй эн тэргүүний асуудал (туйлын ядуурал, хүнсний аюулгүй байдал, вакцины хүртээмж, уур амьсгалын өөрчлөлт) болон хэрэгцээ шаардлагад үндэслэн дэлхийн улс орнуудтай хамтын ажиллагаа, уялдаа холбоог нэмэгдүүлж, цаашлаад эв нэгдэлтэй, эрх тэгш, тэнцвэртэй, уужуу хүртээмжтэй дэлхийн хөгжлийн түншлэлийн харилцааг бий болгох, ингэснээр НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгахын тулд хүч нэмэх [2] гэсэн үндсэн зорилготой юм.
 
2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Хятадын Хоёр Чуулганы хэвлэл мэдээллийн хуралдаанаар дэлхийн хөгжлийн санаачлагыг хэрэгжүүлэхдээ улс орнуудтай Нэгд, чухал салбаруудаа уялдуулна; Хоёрт, хэрэгцээ шаардлагаа уялдуулна; Гуравт, хамтран ажиллах механизмаа уялдуулна; Дөрөвт, салбар бүрийн түншлэлийг уялдуулан ажиллана [3] гэдгээ мэдэгдсэн.
 
Тус санаачлагын санхүүжилтийн гол механизм болох “Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны тусламжийн сан”-г саяхан “Дэлхийн хөгжил ба Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны сан” болгон өргөтгөж, 3 тэрбум ам.долларын үндсэн хөрөнгийг 1 тэрбум доллараар нэмэгдүүлжээ [4].
 
Хоёр. “Дэлхийн хөгжлийн санаачлага”-ын хүрээнд хэрэгжүүлэх бодит арга хэмжээ
 
Энэ оны 6 дугаар сард Хятад улсын дарга Ши Жиньпин “Дэлхийн хөгжлийн дээд хэмжээний яриа хэлэлцээ /High-level Dialogue on Global Development/” [5] дээр, Хятадын тал дэвшүүлсэн санаачлагын хүрээнд “Дэлхийн улс орнуудын удирдлагуудтай хөгжлийн хөтөлбөрийг хамтдаа хэлэлцэж, түүнийгээ олон улсын хөтөлбөрүүдийн төвд онцгойлон тусгаж, эв нэгдэлтэй, эрх тэгш, тэнцвэртэй, уужуу хүртээмжтэй хөгжлийн түншлэлийн харилцааг бий болгож, 2030 оны хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгахын тулд нэгэн хүчтэй хөдөлгөгч хүчийг нэмнэ” гэдгээ илэрхийлсэн. Мөн ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих, мэдээлэл харилцааны технологийн үйлдвэрлэлийн хөгжлийг ахиулах зэрэг нийт 32 бодит арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ зарлав.
 
 
Хятад улсын дарга Ши Жиньпин 2022 оны 6 дугаар сарын 24-нд 
“Дэлхийн хөгжлийн дээд хэмжээний яриа хэлэлцээ”-г 
цахимаар удирдаж байгаа нь
 
Харин өнгөрсөн сард буюу 9 дүгээр сарын 22-ны өдөр Ван И сайд “Дэлхийн хөгжлийн санаачлагын андлалын хэсэг”-ийн сайд нарын түвшний хуралдаан дээр “Хятад улс тус санаачлагыг дэвшүүлэгч орон, мөн дэлхийн хамгийн том хөгжиж буй улс болохын хувьд НҮБ-ын хөгжлийн байгууллагуудтай стратеги уялдаагаа бэхжүүлж, “Андлалын хэсгийн гишүүн орнуудтай 2030 оны хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлэхийн төлөө даарах 7 том үйл ажиллагааг явуулах хүсэлтэй” гэдгээ мэдэгдэв.
 
Нэг, Дэлхийн хөгжлийн санаачлагын сангаас ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдал, аж үйлдвэржилтийн салбарт эхлүүлэх эхний 50 төслийн жагсаалтыг гаргах;
 
Хоёр, “Хүнсний үйлдвэрлэлд чиглэсэн үйл ажиллагаа”-г ахиулж, хөдөө аж ахуйн салбарыг цахимжуулах, ургамал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тогтвортой хөрс шороо болон усны нөөцийн удирдлага зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх;
 
Гурав, “Дэлхийн цэвэр эрчим хүчний хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг” ахиулж, цэвэр эрчим хүчний шинэчлэлийг урагшлуулах, тогтвортой эрчим хүчний аюулгүй байдлыг бий болгох;
 
Дөрөв, “Ухаалаг боомт, ухаалаг хил, ухаалгаар харилцан холбогдох” салбарын хамтын ажиллагаагаа урагшлуулж, боомтын ухаалаг сүлжээний бүтээн байгуулалтыг бэхжүүлж, цахим эрин үеийн нийлүүлэлтийн хэлхээ холбоосыг нэмэгдүүлэх;
 
Тав, Дэлхийн “цахим боловсролын холбоо”-г байгуулж, олон улсын цахим боловсролын хамтын ажиллагаа бэхжүүлж, цахимжуулах үйл хэргээр дамжуулан боловсролын хөгжлийг ахиулж, боловсролыг хүртээмжтэй болгох;
 
Зургаа, “Хуванцарыг хулсаар орлуулах олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулж, хуванцараас үүсэх бохирдлыг үр дүнтэй арилгаж, үр хойчдоо цэвэр, үзэсгэлэнтэй бөмбөрцөг хотхоныг өвлүүлэн өгөх;
 
Долоо, Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард Хятад улсаас хөөргөсөн “Тогтвортой хөгжлийн шинжлэх ухааны хиймэл дагуул 1”-гийн дата-г дэлхий нийтэд нээлттэй түгээж, улс орнуудын тогтвортой хөгжлийн судалгаа болон бодлогод тус дэм болох [6] зэрэг болно.
 
 
Тогтвортой хөгжлийн Шинжлэх ухааны хиймэл дагуул 1 (SDGSAT-1 )
 
Дүгнэлт
 
Өнөөдөр бидний амьдарч буй дэлхий ертөнцөд ковидын цар тахал, дайн дажин, уур амьсгалын өөрчлөлт зэргээс үүдэлтэй тогтворгүй нөхцөл байдал үүсч, ингэснээр НҮБ-ийн 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шинэ хүндрэл бэрхшээлүүдийг дагуулаад байна. Энэ цаг мөчид Хятад улс “Дэлхийн хөгжлийн санаачлага” –ыг дэвшүүлж, дэлхийн улс орнуудыг хамтдаа хэлэлцэж, хөгжлийн түншлэлийн харилцаагаа нэмэгдүүлэн, уялдаа холбоотой ажиллаж, хөгжлийн асуудлыг хамтын оролцоотой шийдвэрлэх уриалга гаргасан.
 
Хөгжил бол өнөөгийн улс орнуудын өмнө тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэх гол түлхүүр. Тиймээс ч Хятад улс дэвшүүлсэн санаачлагынхаа хүрээнд өөрийн орны хөгжлийн туршлагаас хуваалцаж, улс орнуудтай ядуурал, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, байгаль экологийн тэнцвэрт байдал, эко ногоон хөгжил зэрэг салбаруудад бусад улс орнуудтай уялдаатай ажиллаж, хөгжлийн асуудлыг хамтдаа шийдвэрлэх бодит алхам болгож дээр дурдсан 32 бодит арга хэмжээ, 7 чиглэлт ажил хийхээр мэдэгдээд байна. Мэдээж эдгээр үйл ажиллагаа нь НҮБ-ийн 2030 оны хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлэх, үр дүнд хүрэхэд нэн тустай байх нь эргэлзээгүй юм.
 
 
 
Ашигласан материал
 
[1] 全球发展倡议:助力发展中国家解决发展难题的中国方案http://www.yingyushijie.com/exam/detail/id/9533/category/60.html
 
[2] 王毅主持“全球发展倡议之友小组”部长级会议http://www.cidca.gov.cn/2022-09/22/c_1211686582.htm
 
[3] 王毅谈全球发展倡议:可持续发展才是好发展,大家一起发展才是真发展http://nz.china-embassy.gov.cn/zxgx/202203/t20220308_10649633.htm
 
[4] “全球发展倡议之友小组”部长级会议新闻声明 https://www.fmprc.gov.cn/wjbzhd/202209/t20220921_10769134.shtml
 
[5] 全球发展高层对话会主席声明(全文)http://www.gov.cn/xinwen/2022-06/25/content_5697703.htm
 
[6] [2]-тай адил. 
 
 
Хятад судлаач, ХИС-ийн багш, Боловсролын ухааны доктор Т.Чулуун-Эрдэнэ