sonin.mn
АНКАРА. /TASS/. ОХУ, Украин, Турк, НҮБ Украины боомтуудад гацаад байгаа үр тариаг гаргах асуудлыг ирэх долоо хоногт Истанбулд хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ тухай “Milliyet””” сонин Туркийн Ерөнхийлөгчийн тамгын газрын эх сурвалжаас эш татан мэдээлжээ. 
 
Эх сурвалжийн мэдээлснээр, уулзалтад Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар оролцож магадгүй байна. Хэрэв Истанбулын механизм эхэлбэл ойрын 6-8 сарын хугацаанд 35-40 сая тонн үр тариа Босфор, Дарданеллийн хоолойгоор дэлхийн зах зээлд гарах юм. Истанбулд ОХУ, Украин, Турк, НҮБ хоорондын механизм ажилласнаас хойш нэг сарын дотор хөлөг онгоцууд Украинаас үр тариа экспортолж эхэлнэ гэдгийг эх сурвалж мөн тэмдэглэсэн байна 
 
Туркийн Үндэсний батлан хамгаалах яамны төлөөлөгчид Украинаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох аюулгүй коридор байгуулах асуудлыг хэлэлцэхээр энэ долоо хоногт ОХУ-ыг зорих гэж байна гэж “A Haber” суваг мягмар гарагт мэдээлсэн байна. Түүнчлэн “TRT” телевизийн сувгаар мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт ОХУ, Украин, Турк улсууд Украины боомтуудаас үр тариа экспортлох асуудлаар Батлан хамгаалах яамдаараа дамжуулан яаралтай холбоо барих суваг байгуулжээ. 
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг